Цусны донорын тоог нэмэгдүүлэх, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй, найдвартай цусаар эмнэлгийн байгууллагыг хангах нь Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үүрэг юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний ердийн хэрэгцээг хангахад өдөрт 150 донор тогтмол цусаа хандивлах шаардлагатай байдаг аж. Иймд тус төвөөс “Таны цус амьдрал бэлэглэнэ” донорын өдөрлөгийг энэ долоо хоногийн турш зохион байгуулж буй.
Энэ хүрээнд Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мустафа Сарныч, Туркийн олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагын удирдлага, ажилтнуудын төлөөлөл Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай өчигдөр танилцаж, цусаа хандивлалаа. Турктэй хамтран ажиллаж байгаа манай улсын зарим байгууллага долоо хоногийн турш цус бэлэглэх үйл ажиллагаанд оролцох юм байна. Монгол улсад цус сэлбэлт, судлалын албыг хөгжүүлэхээр хамтран ажиллах саналыг 2007 онд ТИКА байгууллага тавьснаар төсөл хөтөлбөр боловсруулж, цусны аюулгүй байдлыг хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхээр 2009 онд цус цуглуулах хэсгийг тус төвд нээн, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэчлэхэд хэрэгтэй тоног төхөөрөмжийг хандивласан аж.
ТИКА-гийн Монгол дахь хөтөлбөрийн зо хицуулагч, доктор Экрэм Калан “Турк улс танай улсын цусны салбарыг хөгжүүлэхэд бага ч болов хөрөнгө оруулалт хийж байгаадаа баяртай байна. Бид цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулна” гэв.