Бичлэгийн тоо 3,329

 “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчид энэ сарын 20-нд дахин хуралдах сурагтай. Монголын Засгийн газрын төлөөлөл болон хөрөнгө оруулагч тал тодорхой шийдэлд хүрч чадаагүйгээс өнгөрсөн сард энэ хурал хоёр удаа завсарлаж, өдгөө гурав дахиа хуралдах гэж байна. Ийнхүү олон удаа эргэж буцсан Хувь нийлүүлэгчдийн хуралдааны цоожтой хаалганы цаана юу өрнөж байгааг таах аргагүй. Энэ талаар Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талын аль аль нь өдий хүртэл ам ангайгаагүй билээ. Хаалганы гадна үлдэгсэд гагцхүү хэн хэнд нь ашигтай шийдэл гараасай хэмээн хүлээн сууна. Ийнхүү ахин дахин цугларч, удаан хугацаанд хэлэлцэж байгаа нь асуудлыг шийдэх хамгийн оновчтой гарцыг эрэлхийлж буйн шинж гэж найдъя. Монгол Улсын жолоог гартаа атгасан Засгийн газрууд сүүлийн 10 жилд тоймтой юу хийсэн бэ? Монголчуудыг гурил, төмс, хүнсний ногоогоо гаднаас царайчлахааргүй болгосон “Атрын III аян”-ыг нэрлэж болох байх. Өөр нэг нь “Оюутолгой”-н гэрээ. Үүнээс өөрийг одоохондоо лав олж харахгүй л байна. Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ тэлж, улсын төсөв л гэхэд урьд өмнө байгаагүй үлэмж хэмжээнд хүрч, Засгийн газар битгий хэл жирийн иргэд хүртэл тэрбумаар, их наядаар хөгжил дэвшлээ хэмждэг, олох ашгаа ярьдаг болсон нь энэ төслийн нөлөө мөн. “Оюутолгой”-н уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монголын эдийн засгийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлнэ гэсэн тооцоо бий.

Олон улсын эдийн засагч, шинжээчид баялгаасаа Монголын хүртэх ашиг, орлого, эдийн засгийн өсөлтийг биднээс урьтан тооцоолж сууна. “Citibank”-ны тооцоогоор 2015 он гэхэд Монголын нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх аж. 2030 онд энэ тоо бүр 60 мянган ам.долларт дөхөх тооцоог эдийн засагчид гаргажээ. Дэлхийд эдийн засгаараа дээгүүр эрэмбэлэгдэх орнууд ийм түвшинд хүрэх гэж 200 гаруй жилийг зарцуулсан байхад монголчууд баялгийн үүцээ дэлхийд задалсныхаа ачаар тэр замыг товчилж, эдийн засгийн гайхамшиг гэгчийг дэлхий дахинд үзүүлэх гэнэ. Энэ бүгд оюу эрдэнэтэй толгойтой байсны, “Оюутолгой”-н үүцийг нээж, эдийн засгийн эргэлтэд оруулсны ач тус болж үлдэх нь тодорхой. Гэхдээ анх байгуулсан гэрээ зөрчигдсөн шалтгааныг “Rio Tinto”- гоос нэхсэн монголчууд барьцаа улам лавшруулж, гэрээгээ бүр цуцалчихаж магадгүй уур амьсгал бүрдээд байгааг гадаадын зарим цахим хуудсанд тэмдэглэжээ. Хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж болно. Огт хөдөлшгүй гэрээ ч биш. Цуцалж болох бүх эрх, нөхцөлийг нь гэрээнд тусгачихсан. Нээсэн юмаа хаачихад амархан. Энэ бол Монголын Засгийн газрын бүрэн эрх. Гэхдээ нэгэнт хөдөлчихсөн, өдий төдий хөрөнгө зарж бүтээн байгуулалт хийсэн, барианыхаа зүг хурдалж буй “Оюутолгой” хэмээх галт тэргийг замынх нь дундаас буцаачихвал монголчуудад ч, хөрөнгө оруулагчдад ч ашиггүй. “Хэрвээ хувь нийлүүлэгчид маргаанаа шийдэж чадахгүй бол Монголын бизнест сүйрэл нүүрлэнэ” хэмээн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Монголын эдийн засгийн форумын үеэр өгүүлж байсан.

“Оюутолгой” компанид бараа, үйлчилгээ нийлүүлдэг компаниуд Мон голын эдийн засагт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Олон өрх гэр тэндээс аж амьдралаа өөд татаж байгаа. 2012 оны байдлаар тус компанид манай үндэсний 1131 компани бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлжээ. 2010-2012 онд “Оюутолгой” төсөлд Монголын бизнесмэнүүд 1.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдсан байна. Тухайлбал, Монголын бизнесийн зөвлөл 244 гишүүн байгууллагатай. Тэдгээрийн 80 хувь нь “Оюутолгой” компанитай ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх гэрээтэй. “Оюутолгой”-г тойрсон эргэлт, буцалтаас үүдэж, тэдгээр компани үйл ажиллагааны хохирол аль хэдийнэ амсаад эхэлчихсэнийг Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Баянжаргал онцолжээ. Хэрвээ хэлэлцээр бүтэлгүйтвэл тэдний ард буй 12000 иргэний хувь заяа хааш эргэх нь хэнд ч тодорхой асуудал. “Оюутолгой”-гоо тэгээд хэрхэх вэ? “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг дээ. Болохыг нь дэмжээд, болохгүйг нь засаад цаашаа явах нь хамгийн зөв хувилбар мөн биз ээ. Хөрөнгө оруулагч талд таатай орчин бүрдэхгүй бол “Оюутолгой”-гоос хөрөнгөө татаж, техник хэрэгслээ ачаалаад Монголоос гарчихна. Өнгөрсөн онд Австралид есөн тэрбум ам.долларын татвар төлж, тус улсын хамгийн том татвар төлөгчөөр шалгарсан “Rio Tinto” дэлхийн улс орнуудад нийт 11.6 тэрбум ам.долларын татвар төлсөн юм байна. Канадад нэг тэрбум, АНУ-д 376 сая, Чилид 331 сая ам.долларын татвар төлсөн нь “Rio Tinto”-г хэр хэмжээний цараатай компани гэдгийг гэрчлэх буй за. Харин тэд Монголд 280 сая ам.долларыг татвар хэлбэрээр улсын төсөвт оруулсан нь Монголдоо тавдугаарт эрэмбэлэгдэх үзүүлэлт аж.

Ер нь “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсанаас хойш 2012 оны есдүгээр сарын байдлаар нийт 803 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийг татварт төлжээ. Жилдээ 56 сая тонн хүдэр баяжуулах чадалтай, энэ эрчээрээ ажиллавал алсдаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээр дэлхийд эхний 15-д багтах үйлдвэрийг “Оюутолгой” компани шинэ оны өмнөхөн нээсэн. Гуравхан сарын дараа “Оюутолгой” дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх учиртай. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийн хоорондох үл ойлголцол төлөвлөсөн хугацааг хойшлуулж болохыг “Rio Tinto”-гийн удирдлагууд өнгөрсөн сарын 15-нд мэдэгдсэн. Монголын түүхэнд алтан үсгээр тэмдэглэхүйц энэ үйл явдал хойшилбол гэрээнд заасны дагуу 2019 оноос баялгийнхаа шимийг жинхэнэ утгаар нь хүртэх монголчуудын ирээдүй ч бас холдоно гэсэн үг. Нөгөө талаар “Оюутолгой” олон зүйлд жишиг болох учиртай. Бүр тодруулбал, Монгол Улс, гадаадын хөрөнгө оруулагчдын харилцаа, хамтын ажиллагааг заах, тодорхойлох “луужин” нь энэ гэрээ болж таарна. Хэлэхэд цээрлэмээр ч, хэрэвзээ “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчингүй болгочихвол цаашид гаднынхан Монгол Улстай урт хугацааны түншлэлийн гэрээ хийх эсэх нь тун эргэлзээтэй болж таарна.

Бидэнд Оюутолгойгоос дутахгүй баялагтай орд газар цөөнгүй бий. “Мордохын хазгай” гэгчээр гараан дээрээ тараа таниулчихвал юу болохыг тааж ядах юмгүй. Эрдэс баялгийн асар их нөөц, өргөн уудам газар нутаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ихээхэн боломж, газарзүйн байршил, эдийн засгийн хурдацтай өсөлт зэрэг хүчин зүйлс гадаадын хөрөнгө оруулагчдыг “далладаг” ч Монголын тогтворгүй улс төр, байнга өөрчлөгддөг хууль, “хувьсамтгай” эрх баригчид, олон нийтийн хэтэрхий “эх оронч” шинж чанар, дуртай нь тулгадаг элдэв шаардлага зэргээс болж хөрөнгө оруулагчид Монголоос жийрхэхийг хэн байг гэхэв. Тиймээс “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныг буруутгах, ТУЗ-ийн гишүүдийг өөрийн талын хүнээр солих, өмнөх Засгийн газрын бодлогыг шүүмжлэх улс төрийн “зэвсэг”, улс төрийн нам, хүчнүүдийн бие биенээ авлах хэрэгсэл биш Монгол Улсыг хөгжилд хөтлөх төслийнх нь үүднээс харж асуудлыг шийдээсэй билээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7129172/fb2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청