Бичлэгийн тоо 3,329
 Олон Улсын Олимпийн Хорооноос олимпийн наадамд медаль хүртсэн тамирчдад олгодог "LAPEL PIN" буюу олимпийн медальтныг илэрхийлэх энгэрийн тэмдэгийг “Лондон-2012” олимпийн наадмын медальтнуудад гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр МҮОХ-ны байранд боллоо. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар олимпийн сүлд дууны аялгуун дор тамирчдад энгэрийн тэмдгийг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггегийн гарын үсэг бүхий батламжийн хамт гардуулан өглөө. “Лондон 2012” зуны олимпийн ХХХ наадамд Монголын баг түүхэн амжилт гаргаж, таван медаль авсан билээ.

Жүдогийн 73 кг-ийн жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 63 кг-ийн жинд С.Батцэцэг, боксын 64 кг-ийн жинд У.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль, боксын 52 кг-ийн жинд Н.Төгсцогт, жүдогийн -100 кг-ийн жинд Н.Түвшинбаяр нар мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан. С.Ням-Очир, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нар гадаад орон болон хөдөө орон нутагт явж байгаа тул шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож чадсангүй.

Ёслолын ажиллагаанд оролцсон гавьяат тамирчин Н.Түвшинбаяр “Олимпийн медальтны энгэрийн тэмдгээ авсандаа их баяртай байна. Олимпод амжилтанд хүрэхэд тусалж дэмжсэн бүх хүн, ялангуяа шигшээ багийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна” гэж ярилаа. Сэтгүүлчид түүнийг шигшээ багийн дасгалжуулагч болсон талаар асууж, дахин барилдахгүй юм биш биз хэмээн сонирхлоо. Н.Түвшинбаяр “Одоо шигшээ багтаа дасгалжуулагч хийж байна. Олимпийн үеэр авсан гэмтэл эдгэж байгаа. Би мэдээж дахиад барилдана. Монголынхоо нэрийг дахин гаргана гэж бодож байгаа” гэж хариулсан.

Харин гавьяат тамирчин С.Батцэцэг “Тусалж дэмжиж байсан бүх хүн, багш дасгалжуулагч, багийн хамт олон, Монголын ард түмэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Удахгүй “Mongolian open” олон улсын тэмцээн Улаанбаатар хотод болох гэж байна. Бэлтгэлдээ гарсан байгаа. Түрүүлэхийн төлөө зүтгэх болно” гэв. Уг энгэрийн тэмдгийг олимпийн медальт бүх тамирчинд олгодог бөгөөд олимпийн наадмын медалийг орлох бүрэн батламжтай. Тэмдэг тус бүр нь өөрийн сериал дугаартай, давтагдашгүй, алт, мөнгө, хүрэл гурван төрөлтэй.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7250773/436/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청