Б.Сэр-Од: Монголынхоо нэрийг мандуулахын тулд гадаадад бэлтгэл хийдэг
Уншсан 11937 vote 0 2013.03.07 15:44:59Хонконгод болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн салхийг энэ төрөлд монголчуудаасаа анхлан хагалсан гавьяат тамирчин Б.Сэр-Од эх орондоо ирээд удаагүй байна. Бээжинд бэлтгэл хийж эхэлснээс хойш Осакагийн марафонд манлайлж улмаар “Хонконг-2013”-т амжилтаа дархалсан түүнийг өчигдөр “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд хүлээн авч баяр хүргэн, хамтран ажиллах гэрээгээ сунгасан юм. Тамирчин хүнд санхүүгийн бэрхшээл багагүй тохиолддог. Харин тус компани 2007 оноос гавьяатад дэмжлэг үзүүлсээр өнөөг хүрсэн байна. Энэ үеэр Б.СэрОдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг Азийн аварга болсонд монголчууд баяртай байгаа. Гэхдээ таны амжилтыг харахад ихэвчлэн гадаадад бэлтгэл хийсний хүчинд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн юм шиг санагддаг. Бээжинд үргэлжлүүлэн бэлтгэл хийх үү?
-Тийм ээ. Лондоны олимпийн дараа ихэнхдээ Бээжинд байж, бэлтгэлээ хийсэн юм. Үүний хүчинд Японд болсон Олон улсын тэмцээнд түрүүлж, Азийн аварга боллоо. Марафон гүйлтийн тэмцээнүүд гадаа болдог. Тиймээс дэлхийн хэмжээний хүчтэй өрсөлдөгч байхын тулд бэлтгэлээ 400 м-ийн тойрог бүхий тартан замтай газар хийх шаардлагатай. Уг нь Монголдоо бэлтгэл хийхийг хүсдэг ч зориулалтын зам талбай алга. Эх орныхоо нэрийг гаргахын төлөө гадаадад бэлтгэл хийхээс өөр аргагүй.
-Хамгийн ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?
-Ирэх сарын дундуур нэг том тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй. Урилга нь хараахан ирээгүй байгаа учраас нэрийг нь хэлэхэд эрт байна. Үүгээр Москвагийн ДАШТ-ий өнгөө шинжих бодолтой.
-Та жилд дунджаар Олон улсын хэдэн тэмцээнд өрсөлддөг вэ?
-Марафон гүйлтээр доод тал нь дөрөв, дээд тал нь зургаан тэмцээнд оролцдог. Афины олимпоос хойш Монголын ард түмэн марафон гүйлтийг дэмжиж, сонирхдог болсон. Тэдний сэтгэлийн дэм намайг амжилт гаргахад нөлөөлдөг. Миний хувьд “Бодь” групптэй Бээжингийн олимпийн өмнө гэрээ байгуулснаас хойш Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн топ марафонуудад амжилттай оролцсон. ДАШТ-д 20 дугаар байр эзэлж билээ. Ирэх даваа гаригт Бээжин рүү нисэхийн өмнө гэрээгээ сунгасандаа баяртай байна.