Долоон жилийн өмнө дэлхийн зулай Эверестэд хүрэхэд хэдхэн метр дутуу байхад эрүүл мэндийн шалтгаанаар замаа харамсалтайгаар орхиж байсан ОУХМ Д.Эрдэнэтогтох Өмнөд Америкийн ноён оргил, далайн түвшнээс 6960 метрийн өндөрт орших Аконкагуад хөл тавьж, Монголын эмэгтэй тамирчдын спортын замналд нэгэн шинэ хуудас нээлээ.
Африк тивийн ноён оргил Килиманжаро, Европын тэргүүн сарьдаг Эльбруст хөл тавьснаас гадна 8000 м-ээс дээш гарсан манай анхны эмэгтэй уулчнаар тэмдэглэгдсэн тэрбээр дэлхийн долоон оргилын нэгийг ийн амжилттай эзэлсэн бөгөөд өчигдөр эх орондоо ирсэн юм. Багийн бүрэлдэхүүнд түүнээс гадна Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа, ОУХМ Ч.Тэрбиш, спортын мастер Л.Наран, М.Гантулга нар багтсан байна. Д.Эрдэнэтогтохтой энэ удаагийн авиралтын талаар товч ярилцлаа.
-Өмнөд Америкийн ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болсонд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Авиралт бүхэн өвөрмөц онцлогтой байдаг. Энэ удаагийнх тэсвэр тэвчээр, зориг самбаа их шаардсаныг хэлэх хэрэгтэй. Аконкагуа их алхалттай, далайн түвшнээс дээш 700 метрээс авиралтаа эхлүүлсэн бид бараг 7000 метрийн өндөрт гарсан гээд бод доо. Нам дор газраа цаг агаар тогтуун байвч дээшлэх тусам салхины хүч нэмэгдэж байлаа.
-Уг оргилд авирахаар хэзээнээс төлөвлөсөн юм бэ?
-Уулчид нэг оргилд гарчихаад дараагийнхаа уулыг төсөөлдөг. Сүүлийн хоёр сарын хугацаанд бэлтгэлээ шаргуу базаасан.
-Дэлхийн дээвэр Эверестэд гардгийн даваан дээр хараанд тань өөрчлөлт орж, замаа орхисныг мэднэ. Уулчид Эверестэд хүрэхэд хоёр сарыг зарцуулдаг бол та энэ удаа 15-18 хонож байж Аконкагуад гарсан. Эверестийг чухам хэзээ дахин зорих вэ?
-Энэ талаар төлөвлөсөн зүйл алга. Ямартай ч Эверестэд авирсныг гэрчлэх сертификат надад байдаг учраас ойрын хугацаанд тийшээ явах бодол үгүй.
-Та энэ удаа яг хэдэн метрээс авиралтаа ганцаараа үргэлжлүүлсэн бэ?
-Багаараа авирах зорилт тавьж, тавуулаа явсан. Гэвч 6500 м-ээс дээш газарчинтайгаа хамт авиралтаа үргэлжлүүлсэн дээ.
-Оргилд гарах үеэр цаг агаар ямар хуу байсныг сонирхъё.
-Аргентинд одоо 40 градус хүртэл дулаан байгаа. Дээрх уулын бэлд маш халуун мөртлөө өгсөх тусам хүйтэрч, хүчтэй салхи шууран, оргилд гарах үеэр цасан шуурга нүдсэн. Гэвч энэ нь тус оргилд хүрэх хамгийн тохиромжтой үе байсан гэж бидний үзсэн нь буруудаагүй.
mmmmmm