Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчлэгдсэн чансаа дөрөвдүгээр сарын 1-нд гарлаа. Уг чансаагаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Малайзад болсон Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Монголын тамирчин Мөнхбаатарын Нямжаргал олон улсын их мастер (GMIF) цолны болзлыг хангасан байна.
Ийнхүү Монголын даамын түүхэнд анхны эмэгтэй гроссмейстер (грандмастер) төрлөө. Нийслэлийн I сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг, “Ялгуусан” ХХК-ийн тамирчин тэрбээр долоон настайгаасаа зуун буудалт даамын спортоор хичээллэж өсвөр, залуучуудын УАШТ-ээс зургаан алт, 2010 оны Ичүний ОУТ-ээс мөнгө, “Азийн хүүхдүүд 2012” наадмаас хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл, Азийн АШТээс гурван алт, нэг хүрэл медаль хүртэж байжээ.
Түүнчлэн шинэ чансаагаар Азийн аваргын залуучуудын ангилалд түрүүлсэн Отгонбаярын Энхбат дэлхийн даамын холбооны мастер (MF) цол хүртсэн байна.