АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас өрсөлдөхөөр намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп өчигдөр “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Хэрвээ би төрийн тэргүүн болбол Хойд Солонгос улсын цөмийн хөтөлбөрийг зогсооход бүхий л бололцоогоо ашиглах болно. Мөн тус улсын удирдагч Ким Чен Унтай найзууд болохыг хичээх болно. Энэ бүхэн бүтвэл би Хойд Солонгост төрийн айлчлал хийхээс гадна Ким Чен Уныг эх орондоо урих болно” гэж хэлжээ.
Сэтгүүлч нэр дэвшигчээс Ким Чен Уны тухай асуухад тэрбээр “Би энэ залуугаар бахархаж байна. Залуу хүн гэхэд гайхалтай ухаантай” гэж хариулсан аж.
Уг ярилцлагын дараа зарим нэр дэвшигч “Трамп үлгэр ярихаа боль” гэсэн байна. Хилари Клинтон “Иймэрхүү утгагүй ярианд ард түмэн итгэхээ больсон” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг