Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн 79 сая хүн хэрэглэдэг Японы JCB картыг Монголын арилжааны бүх банкны салбар болон ATM, ПОС терминалууд гүйлгээнд ашиглах нөхцөл бүрджээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкны картын систем, Монголбанкны банк хоорондын сүлжээгээр дамжуулах агаад эл түншлэлийн гэрээнд Монголбанк, Худалдаа хөгжлийн банк, Японы “JCB International” компани өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан байна.
Энэ нь манай улсад зорчиж буй JCB-ийн карт эзэмшигчдэд төлбөрийн хялбар нөхцөл бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн ойрын хугацаанд уг төлбөрийн хэрэгслийг Монголын арилжааны банкууд ч олгодог болох зарчимд шилжихээр талууд зөвшилцжээ.
JCB картын сүлжээ зөвхөн Японы зах зээлд төдийгүй олон улсад тархаж, өдгөө 190 гаруй орны 23 сая гаруй үйлчилгээний байгууллага хүлээн авдаг аж. Түүнчлэн энэхүү үйлчилгээний байгууллагуудаар жилд 160 гаруй тэрбум ам.долларын гүйлгээ хийдэг юм байна.