Төрийн шагналт дуучин Д.Болд 10 дахь бие даасан цомгоо “Үүлэн домог” гэж нэрлэжээ. Энэ тухай болон сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдийнхээ талаар тэрбээр хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлыг хэрхэн шинэлэг, уран бүтээлч уур амьсгалтай хийж болдгийг харуулсан энэ арга хэмжээ бараг тоглолтын дайтай болсноороо содон байж, хэвшмэл байдлыг халж чадсан.
Төрийн шагналт дуучин залуу “Миний талаар хүмүүс сайн, муу янз бүрээр л ярьж байгаа. Бусдын уран бүтээл хулгай хийсэн гэдэг яриа ч сүүлийн үед дуулдах болсон. Юу гэж ярих нь хамаа алга. Хамгийн гол нь би энэ дуу хэрхэн бүтсэнийг та бүхэнд биетээр үзүүлж, тайлбарлана” хэмээгээд “Үүлэн домог” дууны аялгууг хөгжмийн зэмсэг тус бүр дээр нэгбүрчлэн тайлбарлаж, дангаар нь сонсгосон.
Энэ бол монгол поп урсгалын дуу учраас үндэсний уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн хөг аялгуу эгшиглэх нь гарцаагүй. Тиймээс хамгийн эхэнд бөөгийн хэнгэрэг хэрхэн дуугарч буйг бодитоор дэлдэн үзүүлж, түүнийг түрэн дараагийн зэмсгүүд яаж уусан дуугарч, дуучинтайгаа нэгдсэнийг харуулсан нь хулгай хийгээгүй гэдгээ батлав.
Шинэ цомгийн нэр болсон дууны аяыг тэрбээр өөрөө бичсэн бөгөөд http://www.facebook. com/BOLDcamerton хуудсаараа дамжуулан албан ёсоор цацлаа. Энэ удаагийн цомог өмнөхүүдээсээ илүү онцлогтой, олон дуу багтааснаараа давуу гэсэн. Үүний нэг нь рэппер Рокит Бэйтэй хамтран бүтээсэн поп аялгуу, хип хоп хэмнэлтэй дуу юм.
Мөн Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын “Намрын тухай бодол” шүлэгт тэрбээр ая хийж, дуу болгосноо энэ цо могтоо багтаажээ. Тэрбээр нэрт яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах сангийнх наас албан ёсны зөвшөөрөл авч, шүлгийг нь ашигласан юм байна. Д.Болд энэ дууг “Камертон” хамтлагийн анд Эбадаа зориулжээ. “Эба энэ талаар одоогоор мэдээгүй яваа. Миний найз саяхан Улсын тэргүүний тариаланч болсонд бид баяртай байгаа. Энэ бол түүний амжилт. Дууныхаа клипний зургийг түүний тариалангийн талбайд очиж авсан” гээд тэрбээр цомог бүтээхэд оролцсон уран бүтээлчдэд талархлаа илэрхийлэв.
Монгол поп урсгалаар Монголын рок попыг олон улсад таниулахаар зорьж буй тэрбээр энэ уран бүтээлийнхээ нэрд тохирсон хэв маяг, имиж бүрдүүлсэн гэрэл зургаа мөн танилцуулсан юм. Орчин үеийн хэв маягтай хувцасласан дуучин залуугийн бүсэнд монгол эрчүүдийн эртнээс хэрэглэж ирсэн хэт хутга зэрэг бүрэн хэрэгсэл харагдана. Энэ бүхнээр үндэснийхээ өв соёлыг харуулахаар зорьсон тэрбээр “Монгол попыг зөвхөн дуу гэж ойлгож болохгүй. Энэ бол монгол бахархлын нэгдэл, монгол түмнийг бусад үндэстнээс ялгаж байгаа соёл, зан заншлын цогц юм. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байхгүй. Үүнтэй адил монгол поп өвөг дээдсийн бурхан ухааныг мөнхөд магтан дуулж, уран бүтээлээрээ сурталчлах арга” гэсэн. Энэ мэт олон шинэлэг, содон зүйл багтаасан “Үүлэн домог”, “Намрын тухай бодол”, “Монгол түмэн”, “Ижилгүй ганцхан амраг” зэрэг долоон дуутай эл цомгийг “Apple” компанийн “iTunes store” цахим хуудаснаа байршуулж, ухаалаг гар утсанд зориулсан аппликэйшн бүтээсэн нь Монголын рок попын түүхэнд шинэлэг зүйл боллоо.
Тус хуудаснаа байршуулсан монгол поп дуунууд болон бусад уран бүтээлчийн дуу, хөгжмүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс сонсож байгаа учраас хандалт олон байгааг дуулгасан тэрбээр ““iTunes”-т байршуулсан дуунууд минь шилдэг арвын жагсаалтад багтсан байна лээ.
Монголчууд монгол уран бүтээлчдээ дэмжиж, энэ хуудаснаа хандаж, дуу,
хөгжим татаж авах тусам бид дэлхийд танигдах боломжтой” гэв. Дашрамд
дуулгахад, Монголын уран бүтээлчдээс Төрийн хошой шагналт, хөгжмийн
зохиолч Н.Жанцанноровын бүтээлүүдийг “iTunes”-ээр худалдаж байсан билээ.
Ж.ЭРДЭНЭ