И.Сечиний мэдээлснээр энэ жил Хятад улсад нийлүүлэх нефтийг нэмэгдүүлэх бөгөөд жилд 31 сая тонн буюу оргил хэмжээнд хүргэх аж. Оросын тал нийлүүлэлтээ нэмэгдүүлэхтэй зэрэгцэн тээвэрлэлтийг хэрхэх вэ гэдэг асуудлыг хэд хэдэн хувилбараар судалж буй. Үүнд Дорнод Сибирь-Номхон далайн чиглэлийн дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Казахстанаар дамжуулах шинэ чиглэл бий болгох хувилбарыг судалж байгаа аж. Тэгвэл энэхүү тулгамдсан асуудлаар “Транснефть” компани өөр хувилбар буюу төмөр замаар, Монголоор дамжуулах санал дэвшүүлсэн байна. 2007 он хүртэл ОХУ-ын Наушкийн хилийн боомтоор, Монголын нутгаар дамжуулан жил бүр 5.0 сая тонн нефтийг Хятадын баруун хэсэг рүү тээвэрлэж байсан аж. Тухайн үед энэ чиглэл ачаалал багатай байсан учраас Монгол Улс тээвэрлэлтийн хөнгөлөлт үзүүлж байжээ.
Оросын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Владимир Фейгин “Транснефть”-ийн эл хувилбар дэмжлэг авахгүй болов уу. Учир нь Хятадын тал транзит тээврээс аль болох татгалздаг. Монгол болон Казахстан ялгаагүй транзит тал. Гэхдээ Казахстан, Хятадын хувьд дэд бүтцийн хөгжлөөр илүү давуу талтай. Монголыг сонговол олон хүндрэл гарна гэж шинжээчид нар таамаглаж байгаа” хэмээн ярьжээ. “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин болохоор дамжуулах хоолой байхад төмөр замаар нийлүүлэх нь ямар ч ашиггүй гэсэн байр суурьтай байгаа аж. Гэхдээ энэ асуудлыг Оросын Засгийн газар эцэслэн шийдвэрлэх юм.