Бичлэгийн тоо 3,329
Сүхбаатарын талбайд -18 градус хүйтэн байна. Гэсэн ч гадуур хувцсаа тайлж, цагаан маск зүүсэн хүүхдүүд өчигдөр 12.00 цагт агаарын бохирдлын эсрэг тэмцэхээ илэрхийлж, төв талбайд бүжиглэлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрээс хэтэрч эхийнхээ хэвлийд байгаа ургаас эхлээд энэ хотод амьдарч байгаа хүн бүр их бага хэмжээгээр хордож байна. Агаарын бохирдлыг бууруулах олон ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг ч нүдэнд харагдах үр дүн алга. Дулааны улиралд монголчууд утааг түр мартдаг ч налгар намрын төгсгөлөөс л гашуун утаа цээж хорсгож эхлэх нь гачлантай. Энэ хотод амьдарч байгаа дөрвөн настай бяцхан охин хүртэл агаарын бохирдолд сэтгэл зовнин ах, эгч нартайгаа нэгдэн төв талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан нь саяхан. Тухайн үед 1000 хүүхэд нэгдэж “Хүүхдүүд эрхээ хамгаалж байна” уриатайгаар флэшмоб хийсэн юм.

Харин өнөөдөр “UB dance” сургуулийн сурагчид санаачлан үе тэнгийн 100 найзаа уриалан төв талбайд агаарын бохирдлыг эсэргүүцэн флэшмоб хийсэн нь энэ. Олноороо цуглаж ямар нэгэн үйлдэл зэрэг хийхийг флэшмоб гэдэг. Үзэл бодлоо илэрхийлэх нэг арга болсон энэ үйл ажиллагааг Монголд сурталчилгаа хэлбэрээр ашиглах нь элбэг. Тухайлбал, “Мобиком” корпораци залууст зориулсан “Be” брэндээ флэшмобоор сурталчилж байсан. Харин “UB Dance” сургуулийнхан өнгөрсөн оны хоёрдугаар сарын 19-нд 100, тавдугаар сарын 31-нд 1000 хүүхдийг нэгтгэж агаар болон хөрсний бохирдлын эсрэг хөдөлгөөнөөрөө нэгдэж байсан юм.

“Агаарын бохирдол буурч, бодитой үр дүн гарах хүртэл бид энэ үйл ажиллагааг зохион байгуулсаар байх болно” хэмээн тус сургуулийн захирал Б.Уранжаргал ярьсан бол “Хүслийн өргөө” сургуулийн долдугаар ангийн сурагч Е.Сүхбат “Хотын утаа биднийг хордуулж байна. Манай гэр нэгдүгээр хороололд байдаг. Өглөө босоход ямар их утаатай байдаг гэж санана. Тиймээс би энэ үйл ажиллагаанд нэгдсэн” гэлээ. Сайн дураараа нэгдсэн 100 хүүхэд төв талбайд зургаан минутын турш масктай бүжиглэж төсгөлд нь ч гараа чагтлан үзүүлж, агаарын бохирдлыг бууруулах дорвитой арга хэмжээ авахыг томчуудад санууллаа.

ФЛЭШМОБ ГЭЖ ЮУ ВЭ

Орчин үеийн залуусыг байлдан дагуулах болсон флэшмобийг урлагийн шинэ төрөл мөн эсэх талаар судлаачид маргадаг. Анх 2003 онд “Harper’s Magazine” сэтгүүлийн эрхлэгч Бил Уасик Манхэттэн хотын нэгэн дэлгүүрт флэшмоб хийхийг оролдож байжээ. Түүний үйл ажиллагааны талаар хэн нэг нь дэлгүүрийн удирдлагад урьдчилан мэдэгдсэнээр амжилттай болж чадаагүй гэдэг.

Харин дараа нь мөн оны долдугаар сард тэрбээр “Macy’s” их дэлгүүрт 100 гаруй хүн цуглуулан 15 секунд алгаа ташиж байжээ. Түүнээс хойш флэшмоб дэлгэрч жуулчин шиг хувцасласан олон хүн ээлж дараалан дэлгүүрийн том танхимд орж ирээд ямар нэгэн үйлдлийг зэрэг хийх болжээ.

2004 оны долдугаар сард “flash mob” гэдэг үгийг “Oxford”-ын англи хэлний толь бичигт оруулж “ер бусын, утга учиргүй үзүүлбэр” гэж тайлбарласан байна. Метроны буудал дээр 4000 хүн цуглаж чимээгүй диско хийсэн, дэлхийн даяар нэгэн өдөр нэг цагт өдөн дэрээр байлдсан гээд сонирхолтой флэшмобууд болсныг www.youtube. com сайтаас үзэж болно. Монголчууд ч гэсэн “дэлхийн хит”-ээс хоцорсонгүй. “Өргөө” кино театрын өмнө хосууд уянгын дууны аянд бүжиглэж, “Халуун элгэн нутаг” дуунд зориулсан хөшөөний дэргэд хэсэг залуу цуглан энэ дууг зэрэг дуулж, Төмөр замын төв вокзал дээр Майкл Жексоны фэнүүд “Thriller”-ийн клипийг дуурайж бүжиглэсэн. Үзэл бодлоо илэрхийлэх сонирхолтой хэлбэр төдийгүй олны анхаарлыг нэгэн зүгт хандуулах хүчтэй зэвсэг болсон флэшмобууд цаашдаа улам олон болох биз ээ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7001673/ec8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청