АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг, Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн энэ сарын хурлаар хэлэлцүүлэв. Хэлэлцүүлгээр дээрх эмийг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 13 дугаар тушаалд нийцэж Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэлээ. ХАРВОНИ эмийг нь эмчийн хяналтад гепатит С вирусийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай юм. Үүнийг зөвхөн эмчийн бичсэн жорын дагуу ууж хэрэглэх бөгөөд бусад вирусийн эсрэг эмтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй ажээ.
М.ЭНХ