Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чэжү аралд энэ сарын 4-6-нд болсон 12 дахь удаагийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртлээ. Уг тэмцээнд манайхаас 100 км-ийн улсын хошой аварга, дээд амжилтын эзэн Б.Доржпалам, спортын мастер Г.Хишигсайхан нар оролцсон юм.
Манай тамирчин Б.Доржпалам эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медаль хүртсэн бол 100 км-ийн тэмцээнд оролцсон анхны монгол эмэгтэй гүйгч Г.Хишигсайхан мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ нь Монголын хэт холын марафоны спортын түүхэнд тодоор бичигдэн үлдэх амжилт юм. Тэмцээний үеэр Монголын багийн ахлагч, Хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, цанын спортын мастер Г.Гансүх нар Ази тивийн бүсийн хуралд оролцсон байна. Тус тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн манай баг тамирчид уржигдар орой эх орондоо хүрэлцэн иржээ.
Чэжү
хотод тивийн АШТ зохиогдох байсан ч тодорхой шалтгааны улмаас Олон улсын
холбоо хориг тавьсан байна. Гэвч зохион байгуулагчид медаль, диплом,
тэмцээний товхимлоо Азийн АШТ болон Олон улсын тэмцээн гэсэн нэртэйгээр
гаргажээ.