Бичлэгийн тоо 3,329
Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе!



Монголчууд уулзах, учран золгох газраа “Сүхбаатарын талбай” гэж товлодог болоод 70 орчим жилийг үдэж. Бас улсынхаа нийслэлийг үзэх гэсэн иргэд, Монгол нутагтай танилцах гэсэн аялагчдын анхны хөтөлбөр, гадаадын төрийн тэргүүний айлчлалууд Сүхбаатарын талбайгаас л эхэлдэг бичигдээгүй жишигтэй. Монгол Улс тусгаар тогтносныг дэлхий дахинд зарлан тунхагласан ардын хувьсгалын баярт мэдээ, Соёлын довтолгоон, Атрын аян, Нэгдэлжих хөдөлгөөн, Оюутан залуучуудын их наадмууд, баярын жагсаал, анхны сансрын нисэгч, олимп дэлхийн аваргуудаа хүлээн авах ёслол, ардчилсан өөрчлөлтийн өлсгөлөн, эсэргүүцлийн цуглаан, хуримын зураг, Ерөнхийлөгчийн тангараг, мартагдашгүй дурсамжууд Сүхбаатарын талбайтай л холбоотой байж ирэв. Хамгийн чухал нь Сүхбаатарын талбай Монгол орны тусгаар тогтнолын билэг тэмдэг болж бүтэн жаран илүүтэйгээр бүх монголчуудад ч, бүх дэлхийд ч ойлгогдож ирэв.

Гэтэл 2013 оны долоодугаар сарын 15-ны өдөр ард түмнийг улсынхаа наадмыг тэмдэглэн амарч байхад Нийслэлийн ИТХ хуралдаж Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчлөх хууль бус шийдвэр гаргасан юм. Асуудлыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхдээ хурлын журам, дэгийн дагуу бусад материалын адил тарааж өгөөгүй байдаг. Харин Нийслэлийн ИТХ хуралдаж байхад дундуур нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчлөх тухай асуудлыг шууд оруулж ирсэн гэгддэг. Энэ тухай хурлын тэмдэглэлд НИТХ-ын дарга Д.Баттулга “Манай хурлаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Харамсалтай нь нэг асуудал шинээр орж ирлээ. Энэ асуудлыг хурлын дэгийн дагуу тооцоо судалгаатай хандах ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Шаардлагын дагуу энэ асуудлыг авч хэлэлцье” хэмээн бичигдсэн байдаг аж. Ямар шаардлага вэ? Хэн шаардсан бэ? Наадам тэмдэглээд улаанбаатарчууд асуудлыг анхаарахгүй, ард түмэн хөдөө, гадаа явж таарсан. Ийм сиймхийгээр хотын дарга Э.Бат-Үүл шаардлагаа хэрэгжүүлсэн байдаг. Ингээд ард түмнийг амарч байх хойгуур тогтоол, шийдвэр дээр Сүхбаатарын талбай Чингисийн талбай болж хувирсан. Харин Монголын ард түмний зүрх сэтгэлд, Нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийн санаа бодолд Сүхбаатарын талбай хэвээрээ байж өнөөдрийг хүрэв.

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх эрх Нийслэлийн ИТХ-д бий юу?

Сүхбаатарын талбай байгуулах шийдвэрийг нийслэл биш 1946 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Сайд нарын зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх эрх Нийслэлийн ИТХ болон Засаг дарга Э.Бат-Үүлд байхгүй. Засгийн газарт л бий. Мөн УИХ-аас баталсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.8-д “Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх” гэж заасан байдаг. УИХ-аас баталсан хуулийн нэршлийг Нийслэлийн ИТХ өөрчлөх эрх бас байхгүй. УИХ өөрөө л баталсан хуулиа өөрчилж болно. Тэгэхээр Сүхбаатарын талбай нэр бол Засгийн газрын тогтоол, УИХ-аас баталсан хуулиар баталгаажсан нэршил. Ийм зүйлийг өөрчлөх, солих эрх Нийслэлийн ИТХ-д байхгүй.

Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлээд юу хожсон бэ?

Юу ч хожоогүй. Төрийн байгууллагууд асар их зардал гаргасан. Сүхбаатарын талбай тойрсон бүхий л байгууллага хаяг, албан тоотын бланк, шошгоо өөрчилсөн. Түүнд зориулсан мөнгө хэдэн зуун саяар хэмжигдэнэ гээд тооцвол талийж өгнө. Энэ бол бага хохирол. Хамгийн том хохирол бол асар их талцал хуваагдлыг бий болголоо. Үндэснийхээ үнэт зүйлийг үгүй хийлээ. Ард түмэн Чингис хаан, Д.Сүхбаатар хоёрыг харьцуулж талцаж маргадаг боллоо. Жишихийн аргагүй энэ хоёр бахархлыг ямар зорилгоор харьцуулж, талцуулж нэгнийх нь алдрыг нөгөөгөөс нь илүү гэж сурталчлан, нэгнийх нь нэрэмжит талбайг нөгөөгийнх нь нэрээр нэрлэж түмэн олныг хөдөлгөөнд оруулах ямар шалтгаан байсан бэ? Үр дүнд нь монголчууд Чингис, Сүхбаатар хоёроо өмгөөлөн маргадаг болов. Хэзээ бид ингэж маргадаг байлаа? Хэн ийм байдлыг бий болгосон бэ? Түүнд ямар ашиг сонирхол байна вэ? Сүхбаатарын талбайгаа Чингисийн талбай, өр зээлээ Чингис бонд гэж нэрлээд Монгол Улс хөгжлийн манлайд хүрсэн үү?

Сүхбаатарын талбайн нэрийг сэргээхийн тулд юу хийв? Юу хийцгээх вэ?

Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх талаар багагүй хөөцөлдөв. 2013 оны наймдугаар сарын 12-ний өдөр НИТХ-ын дарга Д.Баттулгыг гаргасан хууль бус шийдвэрээ цуцлахыг шаардсан ч биелүүлсэнгүй. НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Талбайн нэрийг өөрчлөн нэрлэх тухай” Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 79 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаад хүсэлтийг хүлээн авсангүй. Дахин хандаад сураг байдаггүй. Бас их жанжин Д.Сүхбаатарын ач, гуч нар нь өвөг эцгийнхээ нэр төрийг сэргээж, нэрэмжит талбайн нэршлийг сэргээхээр шүүхэд хандав. Бас л хариу байдаггүй. Тэгэхээр Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх тэмцлийн арга барил буруу болж байгааг үйл явдлууд харууллаа. Өөр сонголтын зам, тэмцлийн арга хэлбэрийг хайх ёстойг өнгөрсөн жил хагасын үйл явдал нотлов. Тиймээс:
• Сүхбаатарын талбай Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг гэж ойлгодог Монголчуудыг
• Сүхбаатарын талбайг хамгаалах нь түүхээ, түүхэн хүмүүсээ хүндэтгэн дээдлэх утга агуулгатай гэж ойлгодог Улаанбаатарчуудыг
• Сүхбаатарын талбайн нэрээ сэргээх ёстой гэж үздэг нийслэлчүүдийг
• Чингисийн талбай гэсэн нэрэнд дасахгүй байгаа иргэдийг
• Сүхбаатарын талбай гэсэн уугуул нэрээ санагалзаж байгаа хүмүүсийг
• Сүхбаатарын талбай гэж ярьдаг бүх хүнийг
• Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон хууль зөрчиж өөрчилсөн Э.Бат-Үүлийн шийдвэрийг эсэргүүцэгчдийг
• Сүхбаатарын хөшөөг удахгүй нүүлгэнэ гэж ярьж яваа улстөрчдийн үйлдлийг дэмжихгүй иргэдийг фэйсбүүкийн "Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе" групп, твиттерийн unurbayarg хаягаар нэгдэн санал бодлоо илэрхийлэн зохион байгуулалтын хэлбэрт орохыг уриалж байна.

Хотын дарга Э.Бат-Үүл сүүлийн үед дандаа "Ард түмнээсээ асууя", "Улаанбаатарчуудын хүсэлтээр асуудлыг шийдвэрлэж байгаа", "Төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж ирлээ" хэмээн ярих болсон. Тэгвэл асуудлыг Э.Бат-Үүл баатрын арга барилаар ард түмнээсээ асууж, Улаанбаатарчуудын санал хүсэлтийн дагуу шийдвэрлэе.

Энэ хөдөлгөөн, группт нэгдэхээр “Нэгэнт өгчихсөн нэрийг одоо дахиж өөрчлөөд яадагийн, хийх юмаа олж яадсан юмнууд, тийм л эх оронч юм бол өөр бүтээлч юм хийгээч, хямралтай байхад өөр хийх юм олдохгүй байна уу" гэж тавлан асуух хүмүүс таарна. Тэдэнд бас өгөх хариулт байна. Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх нь улс орны тусгаар тогтнолын суурь, утга учир болсон үнэт зүйлийг устгах гэж байгаа хүмүүсийн шийдлүүдийг буруу гэдгийг нотлон харуулах гэсэн юм. Бид ийм буруу үйлдлийг тэсээд тэвчээд дуугүй байгаад байвал улс орны минь үнэт зүйл болсон эх орны бахархалууд бага багаар бүдгэрсээр л байх болно. Түүхийг бүтээсэн түүхэн хүмүүсээ гутаах ажиллагаа явуулж нэр төр олж болдог гэсэн ойлголт ч зарим нэгэнд сууна.

Ардчилсан хувьсгал хийсэн гэж ярьдаг ах нар маань ардын хувьсгалыг үгүйсгэх зорилгоор Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн. Өнгөрсөн түүхэндээ ингэж хандвал "Ардчилсан хувьсгал болоогүй", "Ардчиллыг ардчилагчид гэж цээжээ дэлддэг хүмүүс хийгээгүй" гэж ярьж гарч ирэх хойч үеийнхэн бий болно. Үе үеэрээ ингэж түүхэндээ, түүхэн хүмүүстэй хүндэтгэлгүй ханддагаа больцгооё. Үүний төлөө бидэнтэй нэгдэхийг хүсч байна.
Нийтлэлч: Г.Өнөрбаяр
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8467029/0be/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
9 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
8 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
7 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
6 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
5 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
4 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
» Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
2 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
1 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
배너신청
자생병원

배너신청