Бичлэгийн тоо 3,329

Нар ээж, салхигүй тогтуун, үүлгүй цэлмэг хөх тэнгэрт янз бүрийн өнгө, хэлбэртэй онгоц хөөрнө. Тэр нь холоос харсан хүнд нүд эрээлжлэм өнгө алагласан дүрс болж харагдах нь соньхон. Налайх дүүргийн Дархан ноён худаг гэх газар “Монголын цом-2010” олон улсын тэмцээн болж буй нь энэ юм.

Уржигдар нээлтээ хийж, өчигдөр тэмцээн нь эхэлсэн. Манай сурвалжлах хэсгийг очиход тэмцээн ид өрнөж байлаа. Монголын агаарын спортын холбоо, Монголын нисэх загварын нийгэмлэг, “Шонхор” клуб хамтран тус тэмцээнийг зохион байгуулж байна.

Долоон төрөлд өрсөлдөж, энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх “Монголын цом 2010”-ын талаар Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Амарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хэд дэх жилдээ зохион байгуулж байна. Тэмцээний онцлог нь юу вэ?

-Монголд чөлөөт нислэгийн олон улсын тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээн маш онцлогтой. Учир нь Монголын агаарын спортын холбоо Дэлхийн агаарын спортын холбооны идэвхтэн гишүүнээр энэ онд батлагдлаа. Өмнө нь ажиглагч гишүүн байсан. Тиймээс энэхүү тэмцээн Дэлхийн агаарын спортын холбооны албан ёсны арга хэмжээний хуваарьт тусгагдсан. Тус холбоонд 110 гаруй улс байдаг юм билээ.

-Гадаадын орнуудаас тамирчид ирж оролцож байгаа гэсэн. Ямар ямар улсаас хэчнээн тамирчин ирэв?

-БНАСАУ, Япон, ОХУ зэрэг улсаас ирсэн. Тэмцээнд 60 орчим тамирчин долоон төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас 40 орчим тамирчин оролцож байгаа. Мөн дэлхийн аварга Япон улсын тамирчин Канегава Шигэрү хүүхэд залуучуудад хоёр өдрийн сургалт явуулна.

-Өрсөлдөгчид хэр байна вэ. Манайхан бэлтгэлээ хэр базаасан бол?

-Дэлхийн аварга болсон Японы тамирчнаас эхлээд тухайн улс бүртээ нэртэй сайчууд нь оролцож байна. Өнөөдрийн байдлаар гурван төрөлд дүнгээ гаргалаа. Манайх өнгөрсөн жилээс багаараа олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Ттухайлбал, Хорватад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 42 орноос манайх 18 дугаар байрт орсон.

-Манай тамирчид бэлтгэл сургуулилалтаа хаана хийдэг вэ?

-Улаанбаатар орчимд олон улсын чөлөөт нислэгийн шаардлага хангасан ганцхан талбай байдаг. Тэр нь Налайх дүүргийн “Дархан ноён худаг” дахь нислэгийн талбай юм.

-Онгоцоо яаж хийдэг вэ. Материалыг нь хаанаас авдаг юм бол?

-Олон улсын холбооноос баталсан стандарт бий. үүний дагуу хийдэг. Сансрын технологийн хиймэл дагуулд ашигладаг композийн материалыг бат бөх байлгахын тулд хэрэглэнэ. Хөнгөн байлгах үүднээс ганцхан Бразилд ургадаг бальза модоор онгоцны эд ангийг хийдэг. Энэ спортын бас нэг онцлог нь насны хязгаар харгалздаггүй. Онгоцны хэмжээнээс хамаараад ангилал тогтоодог гэв.

Тус тэмцээнд оролцож байгаа тамирчдын хамгийн бага нь ОХУ-ын Чита мужаас ирсэн долоон настай Васильченко Глеб аж. Тэрбээр олон улсын тэмцээнд анх удаа оролцож байгаа юм байна. Түүний сэтгэгдлийг сонсоход “Монголын яг тэр нь гоё гэж онцлох зүйл надад байгаагүй, бүгдээрээ таалагдлаа. Энэ спортоор хичээллээд дөрвөн жил болж байгаа. Өнгөрсөн жилээс тэмцээнд оролцож эхэлсэн. Монголд хоёр төрөлд оролцохоор хоёр онгоцтой ирлээ” гэв.

Харин хамгийн ахмад нь 75 настай Японы тамирчин Яасуо Ёошиока. Тэрбээр “Би Монголд гурав дахь удаагаа ирж байна. Манай улсад энэ спортоор ахмадууд түлхүү хичээллэдэг байхад танайх харин ч эсрэгээрээ байх юм. Чөлөөт нислэгийн F1H ангилалд гуравдугаар байрт шалгарлаа. Сэтгэгдэл өндөр байна” гэв. Онгоц агаарт гурван минут хөөрөх бөгөөд нэг секунд нэг оноогоор тооцогддог юм байна. Энэ сарын 14-нд өндөрлөх байсан дээрх тэмцээн цаг агаарын байдлаас шалтгаалж 13-нд дуусахаар болсон гэсэн.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3506767/a34/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청