Зүүн хойд Азийн эдийн засгийн 19 дэх чуулга уулзалт өчигдөр Төрийн ордонд эхэллээ.
Жил бүр болдог энэ арга хэмжээний долоо дахь нь 1997 онд манайд болж байсан санагдана.
Уг арга хэмжээг өөрийндөө зохион байгуулж буй орон эдийн засгийн хөгжлийн ямар ирээдүй, боломж байгаагаа ирсэн зочдод танилцуулах боломж илүүтэй олддог юм. Тийм болохоор манай төр, засгийн холбогдох байгууллага, бизнесийн хүрээнийхэн энэ боломжийг өчигдөр, өнөөдөр ашиглах учиртай.
Бид эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц... гээд өөрсдөө санаа тавьдаг, найдлага хүлээлгэдэг, гадныханд танилцуулдаг хэдэн гол салбартай. Энэ удаад ч эднийхээ талаар л ярьж байна. 19 дэх уулзалтыг эх орондоо зохион байгуулах саналыг бидний зүгээс тавьсан нь ч ийм учиртай.
Чуулга уулзалтад ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Америкийн төлөөлөгчид, бизнес, санхүүгийн хүрээнийхнээс бүрдсэн 100 гаруй хүн ирж оролцож байна.
Чуулга уулзалт өнөөдөр орой өндөрлөж, эцэст нь зөвлөмж гаргах юм.