Эрчим хүчний салбартаа ОХУ-д толгой цохидог “ЕвроСибЭнерго” Монголын “Жаст” групптэй хам тарч ажиллах болсныг ПРАЙМ-ТАСС мэдээлэв. “ЕвроСибЭнерго” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, “En+ Group”-ийн эрчим хүчний удирдлагын захирал Александр Сергеев болон “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү нар холбогдох санамж бичгийг үйлджээ. Монголын эрчим хүчний сүлжээг сайжруулах чиглэлд хамтран хөрөнгө оруулалт хийх, манай нутаг дэвсгэрт нүүрс олборлох, ОХУ-аас Монголоор дамжуулан Хятадад эрчим хүч нийлүүлэх зэрэг чиглэлд хамтарч ажиллах тухай дээрх бичиг баримтад тусгагдсан аж. Түүнчлэн Тавантолгой болон бусад нүүрсний ордод тулгуурлан дулааны цахилгаан станц барих хувилбарыг хоёр тал судалж үзэхээр тохиролцжээ.
Тавантолгойг ашиглах тендерт Оросын “En+ Group”, “Ренова” болон “Оросын төмөр зам”- ын хамтарсан консорциум өрсөлдөж байгааг сануулах нь зүйтэй болов уу. Тавантолгойг түшиглэн цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлох “En+ Group”-ийн саналыг өнгөрсөн долдугаар сард болсон ОросМонголын Засгийн газар хоорондын хуралдааны үеэр дэмжсэнийг ПРАЙМ-ТАСС онцолжээ. “Монголд дэлхийн хэмжээний төслүүд хэрэгжиж эхэлж байгаагаас тус улсын эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэхээр байна.
Энэ салбар дахь хамтын ажиллагаа хоёр орны харилцааг мэдэгдэхүйц сайжруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Александр Сергеев тэмдэглэсэн байна. Олег Дерипаскагийн “En+ Group” группт харьяалагддаг “ЕвроСибЭнерго” 14 цахилгаан станц, 1.2 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий ордыг эзэмшдэг аж. Өнгөрсөн онд тус компани 82 тэрбум кВТ цаг эрчим хүч үйлдвэрлэж, Оросын нийт хэрэглээний 8.7 хувийг хангажээ.