Домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн хүнлэг, энэрэнгүй сэтгэл бүгдийг бишрүүллээ. Өчигдөр тэр гудамжинд Түргэн тусламжийн машин хүлээн бээрч зогссон эмч, өвчтөн хоёрт тус болжээ.
Ахимаг насны хүн Endsleigh гудамжинд хальтирч унахад эмч Кэтрин Мэйнард тусалсан бөгөөд Түргэн тусламжийн машин иртэл гадаа хүлээж байв. Кэтрин энэ талаар "Бид нилээд удаан хүлээсэн. Би өвчтөнөө дулаацуулах гэж оролдож байхад дэргэдүүр Дэвид Бекхэмтэй адилхан хүн өнгөрөв. Тэр бидэнд хандан "Сайн уу" гээд машиндаа суулаа. Тэгээд би өвчтөндөө "Дөнгөж сая бидэнтэй Дэвид Бекхэм мэндлэх шиг боллоо шүү" гэж хэлсэн. Гэтэл 10 минутын дараа тэр эргэж ирээд надад аяга халуун кофе, харин өвчтөнд маань халуун цай авч ирдэг байгаа. Гадаа аймаар хүйтэн байсан шүү. Түүний эргэж ирэхийг, бас хоёр гартаа юм барьсан байхыг хараад би ёстой нүдэндээ ч итгээгүй. Бид хоёулаа ихэд урамшин, сэтгэл өег болж их баярласан, маш сайхан байлаа" гэж бичээд доорх зургийг нийтэлжээ.
Түргэн тусламжийнхан ч мөн Бекхэмд талархлаа илэрхийлсэн байна. "Баярлалаа, Дэвид Бекхэм. Ахлах эмч Кэтрин ба түүний өвчтөнийг аяга халуун цай, кофегоор дайлсанд талархаж байна" хэмээн "The London Ambulance Service"-ийн албан ёсны Twitter хуудсанд бичжээ.
Дээрх үйл явдлын дараа Их Британий Үндэсний эрүүлийг хамгаалах газар уриалга гаргалаа. "Дэвид Бекхэмийн үлгэр дуурайллаар гадаа гудамжинд даарч бээрэн буй Түргэн тусламжийн эмч нар болон өвчтөнүүдийг халуун ундаар дайлан, зургаа интернэтийн сүлжээнд #buyitlikebeckham (#бекхэм шиг худалдан ав) гэсэн хэштэгтэй нийтлээрэй" хэмээн тус байгууллага өөрийн Твиттер хуудаснаа бичжээ.
Дэвид өмнө нь ч үл таних хүмүүст тусалж байсан жишээ бий. Өнгөрсөн жил л гэхэд Дэвид Бекхэм 100 мянган доллараа амьжиргааны түвшин доогуур нэгэн гэр бүлд бэлэглэсэн талаар манай сайт цаг тухайд нь хүргэсэн билээ.
Дэвид Бекхэм ба эмч Кэтрин Мэйнард.