Бичлэгийн тоо 3,329

Цэцэг, навч, шавьж, ан амьтан, бид, ер амьд бүхэн хэзээ нэгэн цагт үхнэ. Буцаж ирэхгүйгээр тэнгэр рүү хөөрөх бөмбөлөг адил хийсэн одно. Нэг нь төрөхөд нөгөө нь үхдэг нь байгалийн хууль. Гэвч яг хэзээ явахаа бид мэдэхгүй. Гэтэл бидний дунд өвчин нь эдгэхгүй болсон, үхнэ гэдгээ мэдэж, түүнийгээ хоног тоолон хүлээн шаналан буй хүмүүс бий. Ийм хүмүүст зөвхөн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ л хэрэгтэй. Энэ нь амьдралынх нь сүүлчийн мөчид өвчтөнийг бие болоод сэтгэл санааны зовлон шаналалгүй байлгахад оршдог. Cесили Сондерс гэгч англи эмэгтэй 1950-иад онд анх хөнгөвчлөх тусламж үйлчилгээг бий болгожээ. Монгол Улс хөнгөвчлөх тусламж үйлчилгээгээр дэлхийд 35 дугаарт жагсдаг бөгөөд үүнд ЭМШУИС-ийн Ерөнхий мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, Монголын хөнгөвчлөх эмчилгээ нийгэмлэгийн тэргүүн Д.Одонтуяагийн оруулсан хувь нэмэр их. Сингапурт нээлтээ хийсэн “After Cicely” баримтат киноны нээлтэд оролцоод ирсэн түүнтэй ярилцлаа.

-“After Cicely” кинонд Таны тухай гардаг гэсэн. Киноны талаар сонирхуулаач?

-Кинонд надаас гадна Тайвань, Вьетнам, Сингапур, Бангладешийн дөрвөн эмэгтэйн тухай гардаг. Бидний хөнгөвчлөх тусламж үйлчилгээний төлөө хийж байгаа хөдөлмөрийг үнэлэн энэ киног бүтээсэн юм билээ. “After Cicely” гэдэг нь Сесилигийн дараах таван эмэгтэй гэсэн утгатай. Бангладеш улсын иргэн Сальма Чоудхури гэхэд хүүгээ хорт хавдраар алдсан.Үүний дараа хавдартай хүүхдүүдэд зориулан гэрээ тохижуулж хоспис (хөнгөвчлөх тусламж үйлчилгээний байгууллага) нээсэн байсан. Бид таван өөр хэлтэй, өөр шашинтай ч өвчтөний зовлон шаналалыг хөнгөвчлөх нэг л зорилготой. Би киноны нээлтэд оролцохын зэрэгцээ BBC телевизэд Монголын хөнгөвч лөх тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар ярилцлага өгсөн.

-Таныг хүүхдийн эмч гэж сонссон. Яагаад энэ чиглэлээр ажиллах болов?

-Би оюутан байхдаа аавыгаа алдсан. Ленинградад сурч байсан надад энэ тухай хэлээгүй. Төгсөж ирээд л мэдсэн. Аавыгаа үнсэж, асарч, үнсүүлж, сүүлчийн удаа харж ч чадаагүй явуулсан болохоор их харамсдаг. Тиймээс хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Монголд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний байгууллага, бодлого, сургалтын хөтөлбөргүй, шаардлагатай эмч байгаагүй. Би 2000 онд Европын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн хуралд оролцож ирээд хоёр эмчтэй хамт хүнд өвчтөнүүдийн гэрээр явлаа. Ганц өдөр явахад л хөнгөвчлөх тусламж үйлчилгээ ямар их хэрэгтэй нь харагдсан. Үүнийг эхлүүлэхэд хэцүү байсан. Эрүүл мэндийн яамныхан “Эрүүл хүмүүст зориулсан хангалттай мөнгө байхгүй байхад удахгүй үхэх хүнд мөнгө зарцуулж яах юм” гэнэ. Гэтэл хүн амьд байгаа л бол хөнгөвчлөх тусламж үйлчилгээг авах эрхтэй. Нэг ёсондоо тэр эрх нь хөсөрдөөд байсан юм.

-Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хүмүүс тэр бүр мэддэггүй байх аа?

-Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ бол анагаах ухааны эх үндэс. Нэг ёсондоо өвчтөний бие, сэтгэлийн шаналгаа, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхэд тусалдаг гэж ойлгож болно. Эмч болгон хөнгөвчлөх тусламж үйлчилгээний талаар мэддэг байх ёстой. Зөвхөн зовиур, шаналгаа, өвдөлтийг л намдаах биш сэтгэлийн шаналгаа, нийгмийн бэрхшээлүүдийг хуваал цах нь чухал. Монголд нийт хав дартай өвчтөний 80 хувь нь хожуу шатандаа оношлогддог. Энэ хүмүүст илааршуулах биш хөнгөвчлөх эмчилгээ л хэрэгтэй. Тайваньд таксины жолооч нарын 50 хувь нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээг мэддэг. Гэтэл манайд таксины жолооч байтугай эмч нар нь ч энэ талаар мэдлэг муутай. Миний заадаг хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хичээл эмчийг хүн чанартай, өрөвч болгодог. Манай анагаахын сургуулийн нэг ч багш үүнийг зааж чадахгүй. Социализмын үед эмч уйлж болохгүй гэдэг байсан. Би бол уйлж байгаа оюутанд хүний зовлонг хуваалцлаа гэж дүнг нь нэмдэг. Бид үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг. Дандаа зовлон, шаналал, үхэл харна. Хүмүүс биднийг байнга үхэл харсаар дасчихдаг гэж боддог. Тийм биш ээ, бид харах бүртээ шаналдаг. Гэсэн ч би хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эхлүүлсэн учраас хэзээ ч энэ ажлаа орхихгүй. Энэ салбарт сэтгэлтэй эмч л ажиллана. Зарим нь хөөрхий “Ажиллаж чадахгүй нь” гээд уйлаад ирнэ. Аргадаад л явуулдаг.

-Манайд энэ чиглэлийн эмч хэр зэрэг бэлтгэгдэж байна вэ?

-Би 2004 оноос хойш хөнгөвчлөх эмчилгээний 240 нарийн эмч мэргэжилтнийг бэлтгэсэн. Нийгэмлэгээ 2000 онд байгуулж, сургалт зохион байгуулан энэ хугацаанд 70 ном, сурах бичиг гаргалаа. Эрүүл мэндийн сайд 2003 онд хөнгөвчлөх эмчилгээг нарийн мэргэжил болгосон. Гэтэл шинэ сайд төрөлжсөн нарийн мэргэжил болгочихсон чинь хэн ч сурч чадахгүй болоод байна. Учир нь зөвхөн хавдрын, өрхийн эмчийн мэргэжил эзэмшсэний дараа хөнгөвчлөхийн эмч болно гэдэг нь энэ салбарын хөгжлийг зогсоож, хүний сурах эрхийг боогдуулж байгаа юм. Ялангуяа хүүхдийн, сүрьеэгийн, уламжлалтын, түргэний эмч нарыг хөнгөвчлөх эмчилгээний сургалтад хамруулах шаардлагатай.

-Хөнгөвчлөх эмчилгээг хөгжүүлэхэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2005 онд аймаг, дүүргийн эмнэлэгт хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай өвчтөнийг орон нутагт нь хэвтүүлэн эмчлэх тав хүртэлх орны зөвшөөрөл олгосон. Гэвч санхүүжилт нь батлагдаагүй. Хөдөө орон нутгийн өвчтөний хөнгөвчлөх эмчилгээ авах эрх зөрчигдсөөр байна. Хуулийн цоорхой найман жил үргэлжиллээ. Уг нь тэрбум хүрэхгүй төгрөг л хэрэгтэй. УИХ-д сонгогдсон гишүүд аймагтаа хэдэн төгрөг өгөхөд л болох юм. Монгол Улсад хөнгөвчлөх эмчилгээний 150, Улаанбаатарт 50 орны хэрэгцээ байгаа ч ХСҮТ-ийн 16 ортой Хөнгөвчлөх эмчилгээний тасаг л төрөөс санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг. Иж бүрэн, хавдрын ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг хөнгөвчлөх тусламж үйлчилгээний үндэсний төвийг (хэвтүүлэн эмчлэх, амбулатори, гэрээр үйлчлэх ба утсаар 24 цагийн зөвлөгөө өгөх) байгуулж, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх хэрэгтэй. Мөн хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээний тасгийг ЭХЭМҮТ-д, бүх эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөний хөнгөвчлөх эмчилгээний тасгийг ХӨСҮТ-д байгуулах шаардлагатай байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7121374/30a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청