Бичлэгийн тоо 3,329
“Навчаа гэдэг хүнийг нэг үгээр тодор хойлбол Навчаа болно”. Өөрийгөө тодорхойлохдоо ийм энгийн хариулт өгч чадах хүн олны танил эрхмүүдийн дунд хэр олон байгаа бол, бүү мэд. Гэхдээ жүжигчин Б.Навчаатай уулзахдаа би түүнээс огт өөр зүйл хүлээж байв. Дэлгэцний цаанаас загнадаг, амьдралын тухай зөвлөдөг тийм л хоёр талтай хүн гэж бодож явсан юм. Гэтэл тэр санаснаас ч хурц, тод хэрнээ дотогшоо алсарсан хүн байв. Саравчтай малгай, хөнгөн пүүз, үзмэн ягаан өнгийн бэлтгэлийн хувцастай жүжигчин эгчтэй ярилцаж байхдаа би дандаа л инээв. Учир нь тэр үнэхээр хөгжилтэй, элэгсэг хүн байлаа. Энэ сарын 5-нд нээлтээ хийх “Лардьма” киноны талаар ярилцах гэж түүнтэй уулзаад, өөрийнх нь тухай бас сонирхож амжлаа.

-Та олон уран бүтээл дээр ажилласан хэдий ч энэ удаад арай л өөр санагдаад байна.

-Анх удаа минийх гэж өмчилж байгаа бүтээл шүү дээ.

-“Хэцүү анги”, “Рашаантын 18” кино таны бүтээл биз дээ. Яагаад анх удаа гэж?

-Тухайн үед ичимхий зан гаргаад, мэдлэг маруухан байсан учраас ч тэр үү, би олон ч уран бүтээлээ алдсан. Хүний бүтээлийг хүмүүс ичихгүйгээр өмчилдөг л юм байна лээ. Энэ тухай үзэгчид мэднэ дээ.

  -За тэгвэл шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач.  

-Уран бүтээл бол ажил. Хүмүүс ажил хийгээд талхаа олж иддэг шиг л энгийн. Урьд нь хийж байсан уран бүтээл, тоглож байсан кинонууд маань миний талхны хэмжээ байлаа. Гэхдээ хувиа борлуулахаас илүү том зорилго хүний амьдралд гарч ирдэг. Амьдрал бүхэн утга учиртай. Миний амьдрал ч бас нэгэн сайн сайхан зүйлд зориулагдсан байх. Дан ганцаараа Навчаа уран бүтээл хийнэ гэж хэзээ ч байхгүй. Сүүлийн үеийн кинонууд эрээвэр хураавар л байна. Гэхдээ энэ хэв маягийг эвдэхийг хүссэн.

-Таны бүтээсэн дүрүүд сэтгэлд минь их тод үлдсэн л дээ. Гэхдээ бүх кинонд та нэг төрлийн дүр л бүтээх юм.

-Бусад найруулагч намайг уудлахыг хичээж байгаагүй. Миний дотоод сэтгэл рүү өнгийж, дүр оноохоосоо илүүтэй амарчилдаг байлаа. Дандаа “Навчаа л энэ дүрд тохирно, энэ дүрийг Навчаад өгчихье” гэдэг дээ. Түүнээс биш миний дотор нуугдаж байгаа зүйлсийг сэрээж, дүрээ илүү тод болгохыг хичээдэггүй. Миний бүтээсэн дүрүүд бол найруулагчийн л хүсэл шүү дээ. Ер нь найруулагч жүжигчнээс юу шаардаж, жүжигчинтэйгээ хэрхэн ажиллаж байгааг уран бүтээл бэлхнээ үзүүлдэг юм. Одоо бол хүмүүс “Навчаа ийм дүр шүү” гэж харж байна. Ийм болтол нь нуршсан байна. Урлагийн хүн өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Уг нь би өөрийгөө мэдрэмжтэй гэж боддог.

-“Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзээд, таны дотор огт өөр, бидний танихгүй хүн байгаа юм шиг санагдсан шүү.

-Их сайхан дүр. “Хоёр ертөнцийн буудал” бол ёстой тасархай жүжиг. Юун тэр “Ромео Жульетта хоёр”, юун “Гамлет”. Найруулагч маань “Цэвэрлэгчийн дүрд Навчааг тоглуулна, Навчаагаас л ийм дүр гарна” гэж намайг авсан юм билээ. Би ч итгэлийг нь алдаагүй. Дүрийн сонголт бол жүжигчнийг таних, уудлахад чухал. Одооны жүжигчид нэгэн хэвийн дүр бүтээгээд байгаа нь сайн найруулагч төрөхгүй байгаагийнх. Манайд олон найруулагч бэлтгэгдэж гарч байна. Тэд өөрсдийгөө найруулагч гэж боддог байх. Гэхдээ хийж буй зүйл нь авьяасыг нь таниулаад байдаг юм. Удахгүй нээлтээ хийх “Лардьма” кинондоо би яг өөрийнхөө хүссэн дүрийг бүтээсэн. Найруулагч нар надад өнөөх л нэгэн хэвийн дүр өгөөд байгаа учраас би өөрөө кино бүтээж байна.

-Тэгвэл таныхаар найруулагч хүн ямар байх хэрэгтэй вэ?

-Амьдралын туршлагатай, өөрөө маш сайн жүжигчин байх хэрэгтэй. Уран бүтээлчийн зовлон, жаргалыг бүрэн мэдэрсэн байхгүй бол хэцүү. Өөрөө жүжиглэж чадахгүй байж, хүмүүсийг тэгж жүжиглэ гэж хэлэхэд бэрх биз дээ.

-Та зохиолч Д.Төрмөнх, найруулагч Ж.Сэнгэдорж нартай хамтран ажиллаж байгаа юм билээ. Бас л их сонин сонголт.

-Ж.Сэнгэдорж гэдэг хүнээс найруулагч, уран бүтээлч хүний үнэр үнэртдэг шүү. Хамгийн гол нь Сэнгэдорж жүжигчдийг хурцалж, уудалж, сайн ажиллуулж чаддаг юм. Ер нь жүжигчний тоглолтоос найруулагчийн хөдөлмөр харагддаг. Одоо бол уран бүтээлчид ажлаа хөнгөвчлөхийг урьтал болгодог болсон. Жишээ татахад, манай кино урлагт дүр ховорджээ. Галзуу Бумаа, Итгэлт баян гэдэг шиг, тийм сэтгэлд хоногшсон дүр алга. Кинонд хэтэрхий өнгөц хандаж байгаагийн хамгийн тод жишээ энэ. Харин би “Лардьма” кинондоо дүр бий болгохын тулд уран бүтээлч сэтгэлгээгээр ажиллаж чадах хүмүүсийг хайсан. Эхний сонголт маань Сэнгэдорж. Тэр надад зохиолч Д.Төрмөнхийг санал болгосон.

-Гол дүрийн жүжигчнээр яагаад топ модель Д.Пүрэвсүрэнг сонгосон юм бэ?

-Цахим ертөнцөөр аялж байхад Пүүжээгийн кинонд тоглосон талаар янз бүрээр л бичсэн байх юм. Хүн хүний л бодол. Би түрүүнд хэлсэн. Жүжигчнийг найруулагч, киноны баг л тоглуулдаг юм. Түүнээс биш жүжигчин өөрөө өөрийгөө тоглуулахгүй. Энэ кинонд Пүрэвсүрэн дүрээ хэрхэн бүтээснийг хараад би үнэхээр бахархсан. Пүрэвсүрэн бол маш сайхан эмэгтэй. Би түүнийг эртнээс таних учраас мөн чанарыг нь мэднэ. Түүнээс биш хэнд ямар санагддаг гэдэг комментоор дүгнэдэггүй. Ер нь хүмүүс нэгэндээ янз бүрийн өнгө будаг аваачиж наах дуртай. Ямар өнгөтэй хүн гэдгийг нь мэдэхгүй хэрнээ өөрийнхөө дуртай өнгийг түрхээд байдаг. Зарим нь бүр тэр хүн үнэндээ ямар өнгөтэйг ч сонирхдоггүй. Бусдын төсөөлөл, яриагаар л дүгнэдэг.

-Цахим ертөнцөөр аялж, өөрийнхөө тухай уншдаг л байх. Танд хүмүүс будаг нялж байна уу. Та ер нь ямар өнгийн хүн юм бэ?

-Миний тухай тэгж олон юм бичиж, ярьдаггүй юм шиг байна лээ. Би ч хүний анхаарал татаж, атаархал хөдөлгөдөг хүн биш. Зарим нэг нь бүтээсэн дүрүү дээр минь дүгнээд, “нахал” энэ тэр гэдэг юм. Тэр яах вэ, өнгөцхөн бодолтой хүмүүс бидний дунд олон юм чинь, тоохгүй.

-Та ер нь юугаар гангарах дуртай вэ. Одоо надтай ярилцаад сууж байгаа тань хэтэрхий гэмээр энгийн юм аа.

-Өө, би гоё хувцсаар гангалъя гэж боддоггүй. Үнэтэй юм авна гэдэг чинь айдастай болохын шинж. Хүмүүс баяжих тусмаа эд хөрөнгөндөө хоргоддог. Ер нь хүмүүс өнөөдөртөө гэдэс цатгалан, өрнүүн хүсэл мөрөөдөл, араас нь явах зорилготой байх хэрэгтэй. Түүнээс биш хулгайгаар олсон хэдэн төгрөгөө хэзээ алдах бол, хэзээ баригдах бол гэж айж амьдрах нь утгагүй санагддаг.

-Таны харж байгаа хамгийн ойрхон ирээдүй?

-Хамгийн ойрхон ирээдүй гэвэл “Лардьма” киноны нээлт. Бидний уран бүтээлийг олон хүн үзнэ. Эмэгтэйчүүд баярлана, зарим нь уйлна. Ямар ч байсан энэ кино үнэхээр их амжилт дагуулна. Учир нь маш том сэдвийг хөндсөн. Одоо л дуугарахгүй бол энэ нийгэм ялзарлаа. Улстөрчид хуулиа эргэж хараасай, эмэгтэйчүүдийн сэтгэл рүү өнгийгөөсэй гэж хүсэж байна. Гэхдээ энэ ганцхан манайд байгаа сэдэв биш л дээ. Улс орон бүрт байдаг, маш том асуудал. Гэхдээ нөхцөл байдлыг дээрдүүлэх нь чухал шүү дээ.

-Та их хүчтэй дуу хоолойтой эмэгтэй шиг санагддаг.

-Уг нь бол би чимээгүй байж байгаад ямар нэг зүйл хийхийг илүүд үздэг. Хав дарсан зүйл үзэгчдэд хүрэх нь олон. Түүнээс биш, мундгийг тоглох хэрэг надад байхгүй л дээ. Уран бүтээл бол өөр. Миний тоглосон кинонууд бас л өөр. Урлагийнхан бид чинь өвчилсөн сэтгэхүйг анагаах тариур шүү дээ. Нийгмийг эмчлэх үүрэгтэй, хүн судлалын хүмүүс. Түүнээс биш уран бүтээлчид хэтэрхий их нэр хүнд, мөнгө хөөцөлдөөд явдаггүй. Яах вэ, амьдрахын тулд мөнгө төгрөг сонирхдог л байх. Гэхдээ уран бүтээлч бүрийн дотор жинхэнэ, урт настай уран бүтээл хийх юмсан гэсэн хүслийн дөл дүрэлзэж явдаг.

-Та өөрийгөө ганцхан үгэнд багтаан тодорхойлж чадах уу?

-Ёстой тэгж бодож үзээгүй юм байна. Навчаа л гэх байх даа.

-Та ер нь хэдэн үгэнд багтах хүн бэ?

-Дөрөв, тав ч юм уу. Би тийм ч онцгой биш болохоор гарын таван хуруундаа л багтах байх.

-Та онцгой хүн биш гэж үү?

-Биш ээ, надаас онцгой хүмүүс олон байгаа. Би зарим хүмүүсийн дэргэд онцгой байж магадгүй ээ.

-“Би эмэгтэй хүн” киноноос таныг харахад их сонирхолтой санагдсан. Бодит амьдрал дээрх Навчаа үдэшлэгт явахдаа ямар хувцас сонгодог бол гээд л...

-Би тарган гээд хар өнгө сонгодоггүй. Манайхан л нэг өмссөн юмаа дахиж өмсөхгүй гэдэг муухай зантай. Тийм болохоор янз бүрийн өнгийн даашинз сонгодог. Ер нь хүн хүндэтгэлтэй зүйлд хүндэтгэлтэй л хандах хэрэгтэй. Би л нэг ийм хүн гээд жийнсэн өмдтэй яваад байж болохгүй. Хувцаслалтад анхаардаггүй гэж ярьдаг хүмүүсээс би өөр. Гэхдээ бас ойр зуур дэлгүүр хоршоо ороход таарсан хүмүүс намайг юу гэж боддог юм бүү мэд. Манайх чинь “Бөмбөгөр”-ийн дэргэд. Тэгэхээр би хүнсээ цуглуулахдаа гоёж гангалж амжихгүй.

-Өөрөөсөө уйдаж байсан үе бий юү?

-Хошин дүрд тоглохоороо их уйддаг. Нэг юмаа давтаад л... Бас уйтгартай үе бий шүү дээ.

-Театр, кино урлаг хоёрын аль нь илүү таалагддаг вэ?

-Хоёулаа л гоё. Театрын тайз амьд мэдрэмж өгдөг юм. Үзэгчид чив чимээгүй суугаад, бидний үгийг сонсоно. Надтай хамт уйлна, бархирна. Зарим нь тэсэлгүй гараад явна. Хөлөө дэвсэлнэ. Үзэгчдийн эмоцийг мэдрэх яасан сайхан гээч... Харин киноны дэлгэц бол аль ч улсад гаргаж болох том дэлгэц юм уу даа. Кинонд юмыг хэтрүүлж болдоггүй юм. Энгийн байх тусмаа хүмүүст хүрнэ.

-Таныг “Анна Каренина” зохиолыг унших дуртай гэж сонссон. Ер нь таны уншсан номуудад тийм атаархмаар дүр байв уу?

-“Анна Каренина” л гайхамшигтай ном. Нөхөр нь яасан тэвчээртэй юм бэ гэж бодож байлаа. “Дорд үзэгдэгсэд” байна. Би дэлхийн сонгодгуудыг л түүж уншдаг. Дэлхий нийтэд энэ бол сонгодог бүтээл гээд зарлачихсан зохиол. Түүнээс биш хоолны жор, зөвлөгөө гэсэн аахар шаахар ном уншихгүй. Цаг зав ч хайран. Орос зохиолууд гоё шүү. Чехов, Горькийн өгүүллэгүүд гоё. Үнэхээр бичиж чаддаг хүмүүс байна ш дээ. “Айдас хүйдэс” гэдэг номыг уншаад бүр дагжин чичирч байлаа. Амьдралын давхарга гэж аймаар. Бид нэг, хоёр давхарт амьдарч байхад баячууд хэдэн зуун давхарт амьдардаг. Гэтэл биднээс бүүр доор, траншейнаас доош ертөнц байна. Бид хэзээ ч тулж очиж, мэдэрч чадахгүй тийм амьдралын тухай уншихад бас их юм бодно шүү. “Бойлис” гэж өгүүллэг байна. Эмэгтэй хүнд хэн ч хайртай гэж хэлэхгүй байна гэдэг маш хэцүү. Одоогийн охид, хөвгүүд сайн зохиолуудыг уншаасай гэж би хүсдэг. Тэд бас ном уншиж байна аа. Сүүлд “Бүрэнхий” зузаан цувралыг дүү нар уншиж байсан. Би ч бас дагаад уншаад амжсан.

-Олон жилийн турш шалгагдаж, тунаж үлдсэн баталгаатай сайхан гэсэн номыг л уншдаг байх нь ээ?

-Найдвартай, шалгагдсан юм уншина шүү дээ.

“Бямбын ярилцлага”-ын зочныхоо талаар шинэ мэдээ хайж фэйсбүүк хуудаст нь орвол “Ажил ихтэй байгаа тул нохой шиг гүйж явна” гэж бичсэн байв. Үүнийг уншаад эрхгүй инээд алдлаа. Хэн түүн шиг зоригтойгоор ийм энгийн байж чадах бол гэдэг ганцхан бодол минь түүнийг улам их сонирхоход хүргэж байна шүү. “Лардьма” киноны нээлтийг тэсэн ядан хүлээж байна. Навчаа гэдэг хүнийг дотогшоо өнгийх өөр нэгэн боломжийг...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7243131/3f3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
배너신청
자생병원

배너신청