Таван жилийн өмнө дампуурлаа зарлаж байсан Грек улс Европын холбоо болон Олон улсын валютын сангаас хатуу нөхцөлтэйгөөр их хэмжээний зээл авсан билээ. Грекийн нийт өрийн хэмжээ 320 тэрбум еврод хүрсэн бөгөөд энэ нь тус улсын ДНБ-ий 177 хувьтай тэнцэж байгаа аж.
Хамгийн сүүлийн байдлаар Грек улс зургаадугаар сарын 30-н буюу маргааш гэхэд ОУВС-д 1.6 тэрбум еврогийн өрөө эргүүлэн төлөхөөр болжээ. Хэрэв зургаадугаар сарын 30-н гэхэд хэлэлцээр хийгдэхгүй бол Грек өрийн дампуурал буюу дефолтын эрсдэлтэй тулгарна.
Харин Грекийн эрх баригчид депозитоос хөрөнгө татагдсаны улмаас долоо хоногийн хугацаагаар банкнуудыг хаажээ.Энэхүү үйл явдлын дараа өчигдөр 20.00 цагт бэлэн мөнгөний машинд байршсан мөнгөө эргүүлэн татсан байна. Түүнчлэн банкууд тодорхойгүй шалтгаанаар үүдээ барьснаас үүдэж хадгаламжиндаа санаа зовсон хэдэн мянган иргэд банкны үүдэнд дугаарлаж, дансан дахь мөнгөө авахыг хүсчээ. Бямба гарагт шилжих шөнө Афины төвд бэлэн мөнгөний машинуудын ойролцоо дугаарлалт үүссэн байна. Мөн зарим мөнгөний машины мөнгө нь дуусч байсан гэнэ. Ийнхүү сандралд орсон иргэд бэлэн мөнгөний машины нөөцийг шавхаж, Грекийн Альфа банк Бямба гарагт бүхий л цахим гүйлгээгээ хаажээ.
Грекийн банкууд ирэх сарын 7-н хүртэл үүдээ барьж, санхүүгийн эргэн төлөх чадварыг ахиулах хэд хэдэн алхмыг хийж, бэлэн мөнгөний нөөцийг цэгцлэх юм байна. Банкууд үүдээ барьсны дараа Афины хөрөнгийн биржүүд ч ажиллаагүй байна. Энэ талаар Алексис Ципрас “Грек улс зээлдэгч орнуудад төлөх мөнгөө босгох, дотоодын эдийн засгийн цочир хямралыг түр тогтоон барих үүднээс банк санхүүгийн салбарт түр зогсолт хийж байна” хэмээн мэдэгджээ.
Г.Бэхи