Бичлэгийн тоо 10

Кёнсан аймаг

Уншсан 2960 vote 0 2010.01.19 13:45:38

Кёнсан аймаг
Кёнсан аймаг нь өмнөд хойд хэсэгт хуваагддаг бөгөөд хойд Кёнсан аймаг нь Канвон аймаг, хойд Чүнчон аймаг, хойд Жолла аймаг, өмнөд Кёнсан аймагтай залгаа орших ба зүүн талаараа далайгаар хүрээлэгдсэн. Өмнөд Кёнсан аймаг нь зүүн болон өмнөд талаараа далайгаар, хойд хэсгээрээ хойд Кёнсан аймаг, баруун талааараа Жири уултай залгагддаг. Зүүн өмнөд хуурай газраар Нагдун гол урсаж бий болгосон үр шимтэй хөрстэй өргөн тал цэлийх бөгөөд эртнээс энэ газар хүмүүс амьдарсаар иржээ. Хойд Кёнсан аймагт солонгосын соёлыг дэлхийд таниулж байдаг аялал жуулчлалын нэртэй бүс Шиллагийн нийслэл Кёнжү оршдог. Шиллагийн соёл урлагийн өндөр төвшинд бие даан хөгжсөн, олон талын үнэ цэнийг агуулдаг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байна. Хамгийн анхны хувийн сургууль болох Сусүсовон хойд Кёнсан аймагт байдаг ба энд Хятадад Кунзийн ном суралцаад ирсэн Твэге Ихваны эрдмийг үргэлжлүүлсээр байна. Андунаас эхлэн Кёнсан аймгийн хойд хэсэгт Жусоны үеийн эрдэмтдийн соёлын уламжлал хамгийн хүчтэй хадгалагдсан газар бөгөөд Пуханд Солонгосын орчин үеийн үйлдвэрлэлийн гол хэсгийг эзэлдэг дэлхийн хүчирхэг төмөрлөгийн үйлдвэр “Пуханы төмөрлөгийн үйлдвэр” байдаг. Өмнөд Кёнсан аймгийн соёлын эх булаг нь Каяа улсын соёл бөгөөд Каяа улс төмрөөр баялаг энэ газар дээр Кугүрё, Пэгжэ, Шиллагийн адил эртний улс байгуулж хөгжүүлсэн 500аад жилийн түүхтэй улс билээ. Баруун өмнөд хэсэгт орших Жинжү хот нь хойд Кёнсан аймгийн Андуны хамт Кёнсан аймгийн Кунзийн соёлын уламжлалт нутаг. Кунзийн эрдэм номонд суралцсан Наммён Жушиг Жири уул болон энэ нутгаар голдуу эрдэм номын үйл ажиллагаагаа өрнүүлсэн бөгөөд түүний бий болгосон “баатарлаг, ариун шударга байх” үзэл нь Японы Имжинвэран дайны үед эх орноо хамгаалахын тулд өөрсдөө сайн дураар цэрэгт элсэх хүсэл эрмэлзлэлийг бий болгосон билээ. Өмнөд Кёнсан аймаг нь уул ус тэгш газар тул энд тэндгүй түүхийн улбаатай нэртэй газар их байх ба аялал жуулчлалын гол газруудыг нэрлэвэл Халлё далайн цэцэрлэгт хүрээлэн, Жири уулын цэцэрлэгт хүрээлэн, Каяа уулны цэцэрлэгт хүрээлэн, бурхны олон судар хадгалагдаж байгаа Хабчоны Хэин хийд, Янсаны Тунду хийд зэрэг удаан жилийн түүхтэй хийд ч бий.
[Кёнжү ]
Кёнжү нь 1000аад жил Шилла улсын нийслэл байсан тул Шиллагийн мянгаад жилийн түүхийг шингээсэн, Солонгосын төлөөлөх аялал жуулчлалын газрын нэг юм. Буддын хийд, Соггүрамаас эхлээд Кёнжү бүхэлдээ ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэгдээд байна. Хотын дунд гүвээ мэт хэд хэдэн эртний булш байх ба одон орныг ажигладаг байсан цамхаг ч бий. Түүнчлэн Шиллачуудын моод, романтик сэтгэл шингэсэн Анабжи хэмээх цөөрөм ч хотын төвд оршино. Тоолж баршгүй олон үлгэр домог, түүхийг шингээсэн соёлын өвүүд байдаг тул Кёнжүд очно гэдэг мянган жилийн түүхийг туулаад гарах хэмжээний цагийн аялал хийх боломж гэж хэлж ч болно. Кёнжүд хамгийн түрүүнд үзэх ёстой зүйлийн нэг бол Кёнжүгийн төв музей билээ. Олон төрлийн үзэсгэлэнгийн танхимтайн дээр гадаа талбайд ч эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргасан байх ба үзмэрийн тоо 10 мянга давна. Кёнжүгийн эртний төрхийг тэр хэвээр нь багасгаж хийсэн хотын моделийг үзэж болох ба Шиллагийн хамгийн том хийд байсан Хванюун хийдийн загварыг ч энд хийжээ. Түүнчлэн Шиллагийн хаадын нойрссон булшнаас гарсан алтаар хийсэн эд өлгийн зүйлс ч үзэсгэлэнд тавиастай. Шиллагийн нутгийг бүхэлд нь бурхны газар нутаг хэмээн тооцож ирсэн Шиллачуудын үлдээсэн буддын шашинтай холбоотой олдворууд ч бас тавиастай. Музейн гадна талд дорно дахинд хамгийн уянгалаг дуу гаргадаг хэмээдэг Сон Дон Дэ хааны хонх ч бий. Буддын хийд нь Шиллачуудын бурхны орны талаархи хүсэл эрмэлзэл нь шингэсэн мөнхийн бүтээл билээ. Хийдийг бат бэх тулж байдаг чулуун суурин дээр гарч зогсвол бурхны ертөнцид очно гэлцдэг. Энэ хийд нь 3 хэсгээс тогтоно. Соггамунигийн ертөнц болох Тэүн хийд, Биружана бурхны ертөнц болох Биру хийд, диваажингийн ертөнцийг билэгдэх диваажингийн хийд зэрэг болно. Тэүн хийдийн өмнө хэсэгт 2 өөр хэлбэрийн цамхаг, Соггамуниг билэгдэх Согга цамхаг ба Табу бурхныг билэгдэх Табу цамхаг оршино. Согга цамхагаас дэлхийн хамгийн анхны модон бараар хэвлэсэн Мүгүжонгвандэдарани судар олджээ. Соггүрам нь Шиллагийн чулуун урлалын бүтээлийн гол цөм бөгөөд урлалын гоо сайхны туйл, төгс шинжийг илэрхийлэх ба дэлхийн соёлын өвийн нэг билээ. Кёнжүгийнхэн “Нам ууланд авирч үзэлгүйгээр Кёнжүг үзсэн гэж бүү хэл” хэмээн ярьцгаадаг. Шиллачууд мянган жилийн турш энэ газар буддын ертөнцийг бий болгожээ. Мөнгөөр хомс, эрх мэдлээр дутмаг Шиллагийн харц ардууд Нам ууланд гарч хадан дунд унтаж байсан бурхан буддаг сэрээжээ. Буддын ертөнц энэ улсад бий болохыг хүсэн мөрөөдөж, Кёнжүгийн Нам уул болон хадыг бүхэлд нь буддын ертөнц болгожээ. 130 гаруй газар хийдийн ул мөр, 60гаруй чулуун бурхан, 40гаруй цамхаг, түүнчлэн хэлбэр дүрсийг нь таньж мэдэхийн аргагүй олдворууд өнөөг хүртэл хадгалагдсаар иржээ. “Гурван улсын түүх шастир”т бичсэнээс үзвэл од мэт тоо томшгүй олон хийд, ар араасаа дугаарлан нисэх галуу мэт олон цамхаг байсан гэжээ. Нам уул бүхэлдээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна.
[Андун]
Хавэ тосгон нь Жусоны үеийн Солонгосын уламжлалт тосгоны төрхийг хэвээр нь хадгалсан бөгөөд үндэстний чухал материалын 122т бүртгэгджээ. Одоо ч тэр тосгонд хүмүүс эртний уламжлалаа хадгалж амьдарсаар байна. Гол төлөөлөх уламжлалт байшин болох Янжиндан, Чүнхюудан, Бүгчундэг, Жүилжэ, Хадунгутэг зэрэг нь энгийн ардын сүрлэн байшингийн хамт сүрлэг харагдана. Бичиг ном сурч байсан Угёнжонса, Бинёнжонса, Кёнамжон зэрэг өргөөнүүд, сургалт явуулдаг байсан сургуультай ойролцоо Бёнсан Совон, Хвачон содан хүртэл хэвээрээ хадгалагдсаар байна. Хавэ тосгоноос Рюү Жун Хе, их Кунзийн сургаалч Рюү Үн Рюун(1539-1601), Имжинвэраны үед баатарлаг гавьяа байгуулсан ордны Ёныжон тушаалтай Рюү Сон Рюун(1542-1607) зэрэг олон алдар цуутай хүмүүс төрөн гарсан билээ. Тиймээс ч Хавэ тосгон нь Ённам нутгийг төлөөлөх язгууртны тосгон хэмээн үздэг. Уг тосгоны байгалийн байдал нь үндэсний тоглоом наадгайгаар наадахад тосгоны хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлэхүйц билээ. Тоо томшгүй соёлын өвийг хадгалж ирсэн Хавэ тосгоны тоглоом наадгай дунд энгийн ардын бөө бөөлөх багт тоглоом, язгууртан дээдсийн галын наадам зэргээс ихэс дээдэс, энгийн ардын соёл харилцан холбогдож оршиж байжээ гэдгийг мэдэрч болно. Ялангуяа бөө бөөлөх багт бүжиг байнга болж байдаг. Хавэ тосгонд Английн Элизабет хатан зочилж, төрсөн өдрөө тэмдэглэсэн түүхэн үйл явдал болсоноороо алдартай. Жусоны үеийн хувийн сургууль байсан Совоны дотроос Андунд байгаа Тусансовон нь хамгийн том сургууль бөгөөд тухайн үед Кунзийн номд суралцаад ирсэн Твэге И Хван(1501~1570) шавь нараа зааж сургахын тулд уг сургуулийг анх бариулжээ. И Хван тушаал хэргэмээсээ буусныхаа дараа ч төрсөн нутаг Андундаа ирж, ном эрдэм заах ажилд шамдсан билээ. Түүнийг нас барсны дараа шавь нар нь дурсан хүндэтгэж, өргөө барьсан нь томорсоор одоогийн энэ хэмжээнд хүргэсэн байна. Энд И Хван багшийн ном зохиол хэрэглэж байсан эд өлгийн зүйлс тавиастай байдаг.
[Бүсог хийд ]
Хойд Кёнсан аймгийн хамгийн хойд захын нутаг Ёнжүд орших Бүсог хийд нь Шиллагийн Мүнмү(676) хааны үед Исан ламын бариулсан хийд билээ. Солонгосын уламжлалт барилгын уран хийцийг илтгэсэн хэмээн үнэлэгддэг. Бүсог хийд нь Исан лам болон Хятадад суралцаж байхдаа танилцсан Сонмюу нарын тухай домог шингэсэн хийд бөгөөд ялангуяа гол хийд Мүрянсүжон нь уламжлалт барилгын ур хийцийг илэрхийлсэн барилга тул энэ чиглэлээр сурах гэсэн хүмүүс их ирж сонирхдог. Мүрянсүжоны өмнө зогсоод доошоо харахад тасралтгүй үргэлжлэх уул нурууд сэтгэл татна. Уулын бэлд чулуу давхарлаж суурь босгон түүн дээр байшин барьжээ. Жинко мод, алимны модны замаар дээшээ алхвал Илжүмүн хэмээх хаалга таарах ба үүнийг өнгөрвөл Сачонванмүн-Жуннү- Анянмүн- Мүрянсүжон дээр дараалан очно. Энэ явц нь буддын шашинд ярьдаг диваажингийн оронд очих зам бөгөөд Мүрянсүжонд диваажингийн оронг удирдан залдаг гэх Амита бурхан бий. Мүрянсүжоны хойно Исан ламд хайртай байсан Сонмюуд зориулж барьсан өргөө байх ба зүүн талд нь хадан цохио бий. Мүрянсүжоны арын уулын жимээр өгсвөл Жусадан байдаг ба Исан ламын хөрөг байдаг. Ялангуяа Жусаданы хананы зураг нь модон дээр зурсан зурган дундаас хамгийн олон он жилийг элээсэн бөгөөд одоо олдворын үзэсгэлэнд хадгалаастай байна.
[Сусүсовон ]
Энэ совон нь Жусоны үед(1542) Пүнги сумын дарга байсан Жү Сэ Бүн Курёгийн сүүл үед Кунзийн номонд суралцсан Анхяны нутагт түүнд зориулсан өргөө бариулж, сурагчдад эрдэм номонд суралцах газар бэлдэж өгөх болсоноос үүдэн бариулсан бөгөөд манай улсын хамгийн анхны Совон буюу хувийн сургууль юм. Дотор нь хичээлийн танхим, дотуур байр болох Дун, Сожэ, Хаггүжэ байрууд, номын сан, Анхяны дурсгалд зориулж барьсан өргөө зэрэг бий ба Хвэхонёнжон, Тэсонжисонмүнсонванжонжуаду зэрэг чухал судар, янз бүрийн материалууд бий. Сусүсовоны эсрэг талд байсан эрдмийн тосгонг сүүлийн үед сэргээн эртний хэлбэрээр нь барьж байгаа тул хамтад нь үзэж сонирхвол сайн. Хойд Кёнсан аймгийн Ёнжүд оршино.
[Хэин хийд ]
Хэин хийд нь дэлхийн том өв их хөлгөн судруудыг хадгалж байгаа билээ. Улаан шөр өнгөнд хувирсан навчууд уулын хавцал даган урсдаг хэмээн ярьдаг Хуннюү тосгоны уулын бэл даган өгсвөл Шиллагийн Эжан хааны үед баригдсан Хэин хийд бий. Энд Жусоны эхэн үед баригдсан Жангёнгагаас эхлээд том жижиг тавиад барилгатай. Жангёнгагт их хөлгөн судруудыг хадгалж байгаа бөгөөд хадгалсанаас хойш 750 жилийн хугацаанд модон бараар хэвлэсэн уг судар огт муудаагүй тул энэ барилгыг олон талаас нь судалж байгаа билээ. Жангёнгаг нь 4 талаараа барилгатай, Каяа уулын баруун өмнөд зүгт байрлах тул салхи сайн нэвтэрдэг, хамгийн тохиромжтой газар билээ. Барилгыг гадна талаас нь харахад модон хуучин зоорь мэт барилга харагдавч өөр өөр хэмжээний цонхны салхивчинд уг гайхамшгийн нууц оршдог ажээ. Түүнчлэн дотор талын шороон шал нь чийгийг зохицуулах үнс, нунтаг шохой, давс, элс зэргийг ээлж дараалан дээр дээрээс нь асгажээ. 1995онд ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэгдэн, хамгаалагдаж байна.
[Кожэ / Тунён ]
Тунён, Кожэг Халлё далайн цэцэрлэгт хүрээлэн болгосон бөгөөд аялал жуулчлалын алдартай газрын нэг. Энд Имжинвэрантай холбоотой дурсгалт газрууд олон бий. Тунён нь Солонгосын Наполио гэж хэлэгдэхүйц үзэсгэлэнт боомт хот билээ. Мирыг, Хансан арлаас эхлээд 40гаруй арал далайн дунд дүнхийнэ. Имжинвэраны үед И Сүн Шин жанжин Японы далайн цэргүүдтэй байлдаж ялалт байгуулсан дурсгалт газрууд олон үлджээ. Энд далайн цэргийг удирдаж байсан бааз баригдаж, Жусоны далайн цэргийн өлгий нутаг болсон газар билээ. Кожэ арал нь Тунёнтой гүүрээр холбогдсон тул зам тээвэр сайн хөгжсөн. 60аад арлаас тогтох ба хөх цэнхэр далай, далайн дунд хөвөх мэт арлууд хоршиж далайн аялал жуулчлалын гол цэг болж байна. Ялангуяа Хэгым мөрөн, Вэ арал зэргийг жилд олон мянган жуулчид ирж сонирхдог.
[Тунду хийд ]
Ёнчуг уулын дунд орших Тунду хийд нь мянган жилийн түүхтэй бөгөөд Соггамуни бурхны ясыг хадгалж байдаг, манай улсын 3 гол хийдийн нэг билээ. Тан улс руу очсон Жажан лам Соггамунигийн ясыг авчирч, 646онд энэ хийдийг бариулсан түүхтэй бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл 1300аад жилийн турш нэг ч удаа зулын гэрэл бөхсөнгүй. Тэүн их хийддээ бурхан байрлуулаагүй, зөвхөн бурхны идээ будаа тавьсан ба харин оронд нь Тэүн их хийдийн Кымган шатанд бурхан буддагийн ясыг залсан нь энэ хийдийн нэг онцлог билээ. Тунду хийд нь манай улсын хийд дундаас буддын соёлын хамгийн олон өв(43 төрөл)ийг хадгалж байгаа газар бөгөөд 1999оны 4сарын 15нд шинээр барьсан Тунду хийдийн Сонбу музей нь буддын соёлын дурсгалт зүйлээр хамгийн их, улсад цорын ганц буддын соёлын өвөөр дагнасан музей билээ.
[Жири уул ]
Жири уул нь өмнөд Кёнсан аймгийн Хамян сум, Санчон сум, Хадун сум, хойд Жолла аймгийн Намвон хот, Күре сум зэрэг 3 аймагтай залгаа орших ба Кымган, Халла уулын дараагаар орох том уул юм. Пэгдү уулнаас эхлэлтэй, урд зүг Сомжин голд хүртэл сунаж тогтсон нь энэхүү Жири уул билээ. Жири уулны хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 1915метр өндөр, өмнөд Солонгост 2дахь өндөр оргил Чонван оргил юм. Гүн хавцалтай, хавцал бүрд хийдтэй бөгөөд баруун талаараа Хваом хийд, Чонын хийд, өмнөд хэсэгт Санге хийд, хойд хэсэгт нь Бобге хийд, Шилсан хийд, уулын тэг дунд Чилбүл хийд зэрэг оршино. 1967оны 12сарын 29ны өдөр манай улсын цэцэрлэгт хүрээлэнгийн 1дугаарт бүртгэгдсэн ба Кёнжү, Керун хийд, Халлё далайн цэцэрлэгт хүрээлэн, Сунни уул, Сораг уул, Халла уул, Нэжан уул, Каяа уулны цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй харьцуулахад хамгийн том нь юм.
[Хвагешимни камилия цэцэг болон Сомжин мөрөн ]
Солонгосын байгалийг мэдье гэвэл Сомжин мөрөнг үз хэмээдэг. 4сард Өмнөд Кёнсан аймгийн Хадун сумын Санге хийдийн үүд орчим камилия цэцгэнд умбадаг. Манай улсад хамгийн анх цай ургуулж байсан Санге хийд рүү орох “10ли камилия цэцгэн зам”нь цэцгэн аялалаар хамгийн нэртэй газар. Цэцэг дэлгэрдэг болохоор сайхан юм биш, ойр орчны байгалийн байдалтайгаа хосолж хэлэхийн аргагүй үзэсгэлэнтэй байдгаас тэр. Түүнчлэн энд хүмүүсийн өөрсдийн хийсэн Жири уулны анхилуун үнэрт ургамлаар хийсэн хоолыг амталж болох бөгөөд загасны хүэ, хавчны шөл мэтийн нутгийн өвөрмөц хоолыг идэх зэргээр цэцгийн баяран дундаас хаврын үнэрийг мэдэрч болно. Сомжин мөрөн нь Солонгосчуудын очиж үзэхийг хүсдэг газрын нэг, тэдний зүрх сэтгэлд хамтдаа байдаг газрын нэг билээ. Ялангуяа Күре сумын Тужи багийн Падуригээс Хадун боомт хүртэл 28километр орчим хэсэг нь манай улсад хамгийн сайхан байгальтай цэцгэн зам, голын даган залуу хосуудын машинаар зугаалах маршрут билээ. Сомжин мөрний дагуух энэ зам нь жилийн дөрвөн улирлын турш үзэсгэлэнтэй хэвээр. Хавар болохоор өнгө алаглам Мэхуа цэцэг, камилия цэцэг, лийрний цэцгээр замын өнгө засагдаж, зун нь улаан цэцгээ дэлгэх хонин хором цэцэг замын хажуугаар нэлийнэ. Голын салхинд найгах шагшуурга ч намрын өнгийг санагдуулна. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674946/d01/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
10 Чэжү арал Levi`s 2010-01-19 5678
» Кёнсан аймаг Levi`s 2010-01-19 2960
8 Жолла аймаг Levi`s 2010-01-19 2597
7 Чүнчон аймаг Levi`s 2010-01-19 2665
6 Канвон аймаг Levi`s 2010-01-19 2541
5 Кёнги аймаг Levi`s 2010-01-19 3486
4 Сөүл Levi`s 2010-01-19 7016
3 Солонгост буудаллах Levi`s 2010-01-19 4098
2 Солонгосын нийтийн унаа Levi`s 2010-01-19 4840
1 Солонгос Levi`s 2010-01-19 4304
배너신청
자생병원

배너신청