Бичлэгийн тоо 497

Ингээд ар гэрийн гачигдлаар гэсэн шалтгаанаар Хандаа сургуулиа орхилоо. Хаашаа ч харсан ээж нь харагдаад. Унтаж байсан орноос нь, өмсөж байсан дээлнээс нь, зүүж байсан алчуурнаас нь ээж нь үнэртээд болох биш. Нэг өдөр ээжийнхээ юмыг янзлан суутал нэг жижигхэн боодолтой зүйл дэрнийх нь доод талын гудсан доороос гарч ирсэнийг задлан үзтэл Хандаагийн багадаа дуртай байсан модтой чихэрийг нандигнан боосон байлаа. Бодвол ээж нь түүнд хадгалж байсан бололтой. Хамгийн сүүлд өвлийн амралтаар ирээд ээжтэйгээ унтаж байхдаа хэлж байснаа санаж тэр өдөржингөө юухан чиг хийсэн уйлсаар өнжив.
Мал төллөөд тэр хоёрт гуниж суух зав өгсөнгүй. Ээжийнхээ амийг авч одсон тэр цөмөрхий пүнзийг тэр чигт нь орхимоор байсан ч аргагүй төл багтахгүй болох үед аавдаа хэлж байж янзлуулав. Должингийн эрсэдсэн сургаар отроос ирсэн Дарьзав эргэж явсангүй. Учир нь Данигай хүн хүч муу, туслах хүн хэрэгтэй гэж дарга даамалд учирлан түүнийг айл өвөлжиж байгаа учир Дарьзавыг авч үлдэн түүний оронд өөр хүн явуулах санал тавихад уй гашуу зэрэгцсэн энэ үед олон юм ярилгүй зөвшөөрөв. Дарьзавын яах гэж энд үлдэснийг түүнээс өөр хүн мэдэхгүй. Гэхдээ түүний тус дэм энэ хотонд хэрэгтэй байсан уу гэвэл үнэхээр хэрэгтэй байсан. Юм л бол айл хэсэж хар ус гударчих санаатай байдаг Дарьзав энэ хавраас эхлэн юу болов гэмээр хүн шиг болж айл хүний сэтгэлээр Данигай Хандаа хоёрт туслана. Нурж эвдэрсэн байтугай зүгээр байгаа хашаа саравчийг ч бэхэлж байгаа харагдана. Энэ ч бас нэг талаасаа зөв юм. Зүгээр гэж бодож байсан пүнз нураад л талийгачийг аваад явчихсан учир ер буруу зүйл биш нь хэнд ч ойлгомжтой.
Өдөр хоног өнгөрөх тусам Хандаагийн гэдэс томрохыг хамгийн түрүүнд Дарьзавын эх Норжоо хөгшин анзаарснаар хүүдээ нэг орой
- Энэ Хандаа охин хөл хүндтэй л болов уу даа гэхэд Дарьзав
- За юу гэж. Арай үгүй байлгүй
- Харсаар байтал гэдэс улам л томорч байна зайлуул. Зуны эхэн сараас хэтрэхгүй дэгээ. Хонь хурга гэж гүйсээр энэ муу охин бүр тамирдах нь дээ. Эцэг нь мэдэж байдаг юм болов уу. Хэлэх юмсан. Эрчүүд та нар ч дээ хэлэхээс нааш сэхээрч анзаарахгүй дэгээ. Их тамирдвал ч хэцүү шүү. Ээ дээ хоёр яс сална гэдэг ч тийм амар эд биш дээ гэлээ
"Нээрээ бэлхүүсээрээ жаахан бүдүүвтэр харагдаад байдаг юм. Жирэмсэн юм байж л дээ. Хэнийхээ хүүхдийг тээж явдаг юм бол. Хаваржин урд хойно нь гарсаны хэрэг гарсангүй дээ” гэж бодохоор Дарьзавын хамаг л хүсэл нь унтарчих шиг болон шалхайна.
Охиныхоо бие давхарыг Дарьзаваас сонссон Данигай хэд хоног дуугүй явсанаа сая л ухаан орсон мэт цай чанаж зогсоо охиноо хараад
- Миний охин давхар биетэй болжээ дээ гэж нилээн болгоомжтой хэллээ. Нэг л өдөр ийм үг сонсоно доо гэж бодож байсан Хандаа
- Тиймээ ааваа гээд дуу нь цаашлан, доош харан бяцхан бор гараараа оролдон байснаа чимээгүйхэн шуухитнан уйлах сонсогдов. Хөөрхий охин үүнийгээ мэдсэн цагаасаа энэ өдрийг хүртэл нууж, хэзээ нэгэн цагт мэдэгдэн газар доор ортлоо загнуулна гэж айж бэмбэгнэн зургаа долоон сарыг өнгөрөөхдөө түүний жижигхэн бор зүрх яасан их шаналаа бол. Дээрээс нь эхийгээ алдсан энэ амьтан биендээ ахадсан зовлонг, өөртөө баймгүй тэвчээрээр даван туулах гэж яваа охин үр.
Эцэг хүн гэдэг хатуу ширүүн юм шиг хэрнээ яг цагаа тулаад ирэхээр үр хүүхдийнхээ ийм асуудалд эмэгтэй хүнээс ч уяхан байдаг байж мэднэ. Ялангуяа Данигайн хувьд эхнэр нь бурхан болчихсон, төрсөн ганц охин нь тул аядуу байхаас аргагүй.
Жаал бодлогоширон сууснаа аав нь
- За яахав дээ миний охин. Хүүхэд гаргана гэдэг чинь бүсгүй хүний тавилан юм шүү дээ. Хүнд хүн илүүдэдгүй юм миний хүү. Миний охин нэг мундаг хүү гаргаж аавыгаа өвөө болгох нь л дээ. Одоо уйлаад яахав алив нааш ир гэж хошуугаа цорвойлгоход аавыгаа ийм сайхан ууч сэтгэлээр хандах юм чинээ санаагүй явсан Хандаа аавруугаа дөхөхдөө бүр жаахан хүүхэд шиг хоёр гараараа нүдээ даран эхэр татан уйлах нь түүний сэтгэлдээ хэр их тарчилсаны гэрч. Охиноо жаал тайвшируулаад
- Миний охин энэ хүүхэд чухам хэн гэдэг хүний хүүхэд юм бол? гэхэд Хандаа яг энэ мөчийг маш олон удаа бодсон байсан ч аавыгаа ийм сайхан байсны хариуд эгээтэй л хэлчихсэнгүй. Сугарын хүүхэд гэж нэгэнт л хэлж болохгүй юм чинь сураг ажиг гаргаж чадахгүй л хүний хүүхэд гэхгүй бол болохгүй.
- Намар манай сургууль дээр хотоос урлагийн бригадынхан ирж үдэшлэг зохиосон юмаа. Тэгээд л . . . гээд өвөлжин бодож олсоноо хэллээ. Аав нь ч явцгүй боллоо гэдгийг мэдэв бололтой цааш нь нэг их юм асуусангүй. Эцэг охин хоёрын яриа үүгээр өндөрлөв. Аавдаа худлаа хэлсэндээ Хандаа охин гэмшсээр . . .
Ганц бараан морьтой хүн хаваржааны баруун хойд толгой дээр гарч ийш тийш дуран тавин сууна. Энэ хүн бол Дарьзав. Өөрийгөө нилээн сүйхээтэй, юмны наад цаадахыг олчихдог сүрхий нэгэн гэж боддог ч цаад үйлс нь нэг л буруу яваад байгаа нэгэн. Дарьзав ойр хавийнхаа уул толгодыг дурандан байснаа хотруугаа дурангаа гүйлгэлээ. Өөрийнх нь гэрээс хүн орж гарах юм алга. Харин Данигайн гэрээс одоо мэдэгдэхүйц том гэдэстэй болсон Хандаа орж гарч юухан хээхэн хийж явна. Уг нь Дарьзав Хандааг сургууль соёл гэхгүй эндээ үлдэхээр нь хүн хар хүрээгүй цэцэг цэрвүү шиг хүүхэнтэй болох санаа өвөрлөн отортоо ч явалгүй арга саам хэрэглэн үлдсэнсэн. Юм санаснаар болоод байтал өнөөх нь бүр жирэмсэн болчихсон байдаг. Уг нь Хандаатай холбогдчихвол Дурдан Данигайн хөрөнгө хүссэн хүсээгүй өөрөө урсаад ороод ирнэ. Хэрвээ тэгвэл би үйлээ үзээд л ганц нэг юм илүү гардаг гээд отор туувар гээд яваад байх шаардлага ерөөс үгүй болно гэсэн үг. Гэтэл охин нь жирэмсэн. Тэр жаахан таагүй. Гэхдээ өдий болтол орооцолдож явсан хүүхнүүд нь дандаа л нөхөртэй эсвэл салж хагацсан, жил дараалсан хүүхэдтэй эсвэл бүүр хэн хүний дэвсгэр болчихсон юмнууд л байсан. Тэр болгонд би нэг их цэрвээд байл уу. Үгүй. Харин ч Хандаа тэдний хажууд залуухан, царайлаг, ажилтай, аав нь бас юмтай. Өөр булаацалдаад байх ах дүүс байхгүй. Ганц хүүхэд яахав дээ. Ямар л гай болов гэж. Харин ч хонь маланд гүйж байхад ээждээ ханьтай биз. Залуу хүүхэн хүүхдээ гаргаад л тэнхэрчихвэл живхийгээд л ирнэ. Харин ч бүр аатай болж мэдэх юм гэж бодсоноо уруулаа шилэмдэв. Эр хүн зорьсондоо. Одоо би ухаан зарж амьдрах насан дээрээ байна. Энэ голынхон намайг ногоон Дарьзав гээд нэг л ёозгүй байдаг юм. Дурдангийн хөрөнгийг гартаа хийчихсэн байхад та нар надтай дуртай дургүй л налигнацгааж таарна. Харин яаж Хандаа охиноо өөрийн болгож өвөртөө хийж авна даа. Нас жаахан зөрөөд цэрвээд байх юм. Нэг л өөрийн болгочихсон байхад Дурдан дургүйлхээд хаа холдов гэж. Харин ч эцэггүй хүүхэд гаргаж байгаа охиныг нь тоож байхад.
- Хамгийн гол нь Хандаа . . . Хандаа . . . гэж амандаа үглэн алс хэтийг бодон тамхилна.
Тэрнээс хойш Хандааг жирэмсэн гээд Дарьзав жийрхсэнгүй. Харин ч бүр урдуур хойгуур нь гүйж мал ахуйд нь туслана. Ээжийгээ гүйлгэж хаа нэг шөл хийлгэж өгүүлнэ. Хөдөөний ажил барагдах биш бүхий л ажилд Дарьзав ёстой нэг зай завсаргүй гүйх болов. Бие хаа зовиуртай үед ингэж сэтгэл гарган гүйх Дарьзавыг тэгтлээ нэг их ойшоохгүй ч гэсэн яах аргагүй туслаад байгаа хүнийг хажиглаад байж чадахгүй байлаа.
Ер нь ямар ч хүнийг зовлон тойроод ирэхийн цагт уярдаг бололтой. Хандаагийн хувьд түүнд тохиолдсон болгон ихэдсэн үү л болохоос багадаагүй зовлон. Хайрт ээж нь хорвоогоос халилаа. Өөрөө залуу насны аагаар хайрын амтанд мансуурч ганц алхам хийсэн нь алдаа болон хувирч, хүүхэд насыг нь бараг алгасуулан эх хүний хувь заяанд хөтлөн оруулах гэж байдаг. Хайрлаж дурласан хүн нь алдаж эндэн холын хол явчихсан. Тэр нь зүгээр ч нэг газар биш хүн бүхний сэтгэл жихүүцүүлсэн хүйтэн нэртэй газар. Дээр нь хайрт хүн нь өөрийгөө март гэсэн аястай ганц захидалаас өөр сураг ажиг байхгүй. Ядаад ийм үед яасан ийсэн гээд асууж сурсан бол хүний сэтгэл гэдэг юуханд ч гэсэн уяран хайлдаг нэгэн бодлын хариугүй эд. Даана ч тийм юм Хандаад өдий болтол алга. Тэгээд ч мал төллөх үе таарч хаврын хүйтэнд энгэрээ усан шалханаг болтол нойтон төл тэвэрч үүр шөнөөр хотон дотор эргэнэ гэдэг давхар биетэй өдий насны жаахан амьтанд байтугай нас бие гүйцсэн хүнд ч айхавтар хүнд ачаа. Муу эцэг нь ч гэсэн өдөржин хонь дагаж, шөнөдөө бас л хүч сэлбэн нойр хоолыг умартан зүтгэнэ.
Нэгдлийн төллөх суурь хонь гэдэг тийм амар хоол биш ээ. Энэ үед Дарьзав харин ч хаа очиж аавтай нь ганц нэг ээлжилж, хашаа саравч, өвс уснаас авхуулаад чадах болгон дээрээ тусалж байлаа. Хөгшин эх нь хааяа орж ирж цай буцалгаад тавьчихсан байх энэ тэр бол үнэхээр том тус. Энэ бүхний хариуд хялалзаад цэвхэлзээд байж яаж болохов.
Хандаагийн хөдөлгөөн удааширч, юу юуханд ч түүртэх болсон нь тун дөхөж байгаа бололтой. Тэрээр нэг өдөр хотныхоо аман дээр гэдсээ урагш нь цондойлгон, хоёр гараараа нуруугаа түшин хонио гилж яваа Дарьзавыг харж зогсохдоо "Энэ хүн өвөлжин хаваржин аав бид хоёрт тусаллаа. Муу ээж минь амьд сэрүүндээ энэ хүнд жигтэйхэн дургүй байж билээ. Ер нь ч энэ нутгийнхан ам сайтай биш. Согтуу толгойлсон ногоон Дарьзав холионы үүр олигтой хүн биш гээд л . . . Гэтэл одоогор надад муу хийсэн юм алга. Харин ч тус дэмтэй байсаар хонь маань ч хургалж дуусах дөхлөө. Энэ хүн уг нь нэгдлийн адуутай л баймаар. Нээрээ яагаад тэрэндээ явдаггүй юм бол. Жирэмсэн гэдсээ чирсэн намайг хараад байна гэж баймгүй л юмдаа. Анх харахад хүйтэвтэр л хүн байсан. Одоо ч өдөр болгон бие биенээ харсаар тэр зэрэг нь ч анзаарагдахаа больж дээ” гэж боджээ зогстол Дарьзав буцаж ирээд
- Орохгүй яагаа вэ? Наад хашаа хороогий чинь би янзламз. Ээж аяга цай буцалгаж суугаа байх. Орж цай уу гэсээр хотонд орж ирэв. Хандаа ирсэнээсээ хойш сая л түүнийг харж байгаа юм шиг дуугайхан харж зогсоно.
Өөвгөр сөөвгөр шар сахалтай, хичнээн шингэн шар царайтай ч хаврын хавсраганд нилээн түлэгдсэн бололтой. Дотор цамцных нь зах нь хир даг болчихсон, дээл нь сугаараа ханзарчихаж. "Нээрээ нүд нь нилээн ногоовтор юм гээч. Ямар сонин юм бэ ийм нүд байдаг. Өөрөөс нь олон ах ч гэсэн залуу хүний эрч хүч байнаа бас” гэж бодон гөлөрч зогссон Хандаагийн өмнө ирсэн Дарьзав инээмсэглэн үсийг нь хойш нь илсэнээ
- Юугаа бодоод зогсчихсон бэ? Хүүе гэж цочоох аяс үзүүлэхэд гэнэт ухаан орсон мэт Хандаа инээмсэглэв. Тэд үнэхээр хэн хэн нь ядарчээ. Ажилд нухлуулан алийг гэх завгүй явсан улс бие биенийгээ ингэж ажиж харах нь их л сонин ажээ. Хандаа гэнэт
- Аан за тэгье ээ тэгье гэснээ
- Ингэхэд та юу гэсэн бэ? гэлээ
- Орж цайгаа уу би үүнийг чинь янзламз гэж байна гэхэд
- Аан за за. Баярлалаа. Би гайгүй дээ гэлээ. Энэ ирсэнээсээ хойш Дарьзавд сэтгэлээсээ хэлсэн бараг анхны үг байх. Урд бол өөрийн мэдрэлгүй л ярианд нь тохируулан хариулсан төдий болох агаад нэг их баярлалаа энэ тэр гэснээ санахгүй. Үнэндээ бол хагацал зовлон, сургууль соёл, Сугарын тухай бодол гээд Дарьзавт орон зай байгаагүй юм. Гэтэл жаахан ч гэсэн орон зай гарсаныг мэдсэн мэт Дарьзав хот хороог идэвхийлэн цэвэрлэнэ.
- Та чинь нэгдлийн адуутай байгаагүй билүү?
- Өө тэр яахав оторт яваа. Миний оронд Солгой Нацаг очсон. Ер нь ч тэгээд олон жил отор, туувар гэсээр бие ч гүйцэхгүй шинжтэй гэхэд
- Аргагүй дээ. Энэ жилээс суурин мал авбал яасын?
- Харин тийм, бодоод л байна. Ээж маань ч нас өндөр боллоо. Хажууд нь байж байхгүй бол . . . гээд яриа нь удааширхад Хандаа ээжийгээ санав бололтой ихэд санаа алдав. Дарьзав энэ завшааныг ашиглан мөрөөр нь тэвэрч
- За за ор ор. Бүр даарчихлаа. Наад биеэ жаахан бодож байхгүй бол одоо ч ер нь дөхөж байгаа байх шүү гэснээ
- Аав чинь ч гэсэн харшиж гүйцэж байгаа байх. Би маргааш нэг ээлжинд нь явдаг юм билүү гэснээ дахиад л
- За ор ор гээд цааш эргэв. "Энэ хүн ингэж байхад би нэг удаа тус боллуу. Ядаад ганц цамцыг нь үрээд өглүү, нэг онгорхойг нь цойлдож өгөөгүй би ч мөн хүн юмдаа” гэж санасаар Хандааг гэртээ ороход Норжоо эмгэн
- Ишш! бүр осгоцорлоо. Наад дээлээ хөнгөл, цай уу гээд Хандаагийн гэдсийг харж
- Одоо охин минь анзаарагтай байхгүй бол тун дөхсөн харагдана шүү. Залуу байхад яаж байгаагаа ч мэдэхгүй явсаар тулгачихдаг гэмтэй. Ээ дээ мэдээтэй л байгаарай гээд
- За за би гэрээдээ очихгүй бол бас гал алдаж мэднэ гээд маажигнан гарлаа. Норжоо хөгшин энэ хоёр гэрийг эзэнтэй, эзэнгүй үед гал алдуулчихгүй гэж хэрэндээ бас ажилтай яваа хүн.
Ер яагаад байгаа нь мэдэгдэхгүй олон таван үггүй Хандаа өнөөдөр арай өөр байдлаар ихэд нааштай ярилцах шиг санагдан, бас ч гэж өөрийнх нь зүтгэл хоосонгүй болж магадгүй шинжтэй болоод ирэхэд Дарьзав хэрэндээ урамшина. Төдөлгүй Дарьзав гэрт орж ирэн
- Ий титгий! гэж энэ нар чинь ёлтойгоод гайгүй л байх шиг хэрнээ жиндүүлж байна шүү гэхэд
- Тэгнээ тэгнэ. Та цай уу гэж хийж өгөөд
- Та наад дээлээ надад нэг өгчихвөл би нэг умайлгаад өгөхсөн. Хэдэн цамцаа ч гэсэн аваад ирвэл маргаашнаас би аавын жаал жуул юм угаах санаатай. Тэгвэл цуг базаад тавьчихъя.
- Аан за тэгье ээ, тэгье гэснээ жаахан санаа зовов бололтой
- Би ч ганц бие, дээр нь жаахан арчаа муухан л амьтандаа. Ээж маань нүд нь юм үзэхээ байсан ч гэсэн хааяа нэг онгорхой цоорхойг умайлгаад л байдаг юм гэлээ. Дарьзавын дотор нэг юм улам бүр тодроод байх шиг санагдана.
Ер нь хүн дотроо бугшин байгаа бодлоо хүнд уудлан ярих нь нэг хэсэгтээ дотор уужирч сэтгэл цэлмэдэг. Түүнээ дагаад бас ч гэж баяр хөөр булиглах нь хөгшин залуу гэлтгүй хүний зан. Тэр өдөр Хандаагийн битүү сэтгэл жаахан ч гэсэн онгойж, орой аавыгаа ирэхэд нь сайхан цай чанаад, үүцний махнаасаа оруулан битүү хоол хийж. Дарьзав Норжоо гуай хоёрыг ч оруулав. Хаврын цагт ийм хоол гэдэг чухам эм л гэсэн үг. Хандаа чухам юу болсон юм мэдэхгүй одоо нэгэнт өөрийн мэдлийн болсон авдрын хөндийгөөс литрийн цагаан савтай монгол архи гаргаж ирэв. Бодвол ээж нь л цааш нь далд хийсэн бололтой. Түүнийгээ халааж хоёр эрийн дунд тавиад
- Мал маань ч бараг төллөж барлаа. Өнөө шөнөдөө гайгүй биз. Та хоёр наадахаа хүртчихээд унтана биз гээд аавынхаа баярлаж байгааг харж "Ээжээсээ хойш аавыгаа ч анзаарч харсангүй дээ. Царай нь хөхрөөд их л ядарч байгаа байхдаа” хэмээн бодож сууснаа
- Би ерөөсөө хэвтлээ. Өдөр жаахан ядарсан бололтой гэхэд аав нь
- Тэгдээ охин минь гэснээ
- Энэ муу охин ч бүр сунаж гүйцлээ гээд нэрмэлээ аягалж
- Норжоо гуай та нэг . . .
- Өө юүхэв юүхэв. Би энэ гурван буузаа л аялуулах минь. Та хоёр наадахаа хүртчихээд хэвтэх байлгүй. Ээж нь ч ингэсгээд хариад хэвтэж байя гэж Дарьзавт хэлэв. Дарьзав
- Хаа очиж төлийн хорогдол гайгүй шүү тэ гэхэд
- Эрвийх дэрвийхээрээ хөдөлсний хүчинд ч гайгүй ээ. Чи ч их дэм боллоо гэх тэр хоёрын яриаг сонсож хэвтсэн Хандаагийн хэвлий дэх хүүхэд аажуухан доош жийж байгаа нь мэрэгдэхэд эх хүний хязгааргүй их хайр ингэж л илэрдэг болов уу гэмээр мишээлийг царайндаа тодруулж халуун гараараа гэдсэн дээрээ тавин хэвтэж байснаа ядарсандаа болоод нам унтлаа.
Нэг мэдсэн чинь өглөө болчихож, аав нь гараад явчихсан. Норжоо хөгшин галыг нь ухаж сууна.
- Хүүе би яасан их унтаа вэ гээд босох гэтэл бие нь улам их хүндэрчээ. Гэсэн ч хүчээ шавхан бослоо. Түүнийг ажиж суусан Норжоо
- Хүүхээ чи зүгээр биз?
- Гайгүй л шиг байна. Гэхдээ хамаг бие санаан зоргоор хөдлөхгүй юм. Хөшөөд л . .
- Ер нь их л дөхөж дээ. Дарьзавыг давхиулах уу?
- Арай болоогүй байлгүй дээ гэхэд
- Ишш! чи юугаа мэдэхэв дээ. Алив нааш ир гэж гаднаас нь дарж үзсэнээ
- Ээ мэдэхгүй эртхэн эмнэлэг бараадсан нь дээр байхаа гэж хаширлана
- Тийм болчихсон байна гэж үү? Надад юм мэдэгдэхгүй л байна даа
- Чи мэдэхгүй байгаа юмаа. Анхны төрөлт тэгээд байдаг талтай. Аягүй бол оройноос өвдөж эхэлж мэднэ гээд гадуур юм хийж явсан Данигайд
- Энэ охин ер нь тулчихсан харагдаад байна. Чи авч сумын эмнэлэг бараадуулсан дээр байхаа. Өнөөдөр Дарьзав хэлсэндээ хүрч хонинд явж Данигай гэр зуур байж таараад Норжоо хөгшиний үгэнд орж охиноо аван сум явсан нь онолоо.
Замын явдалаас болсон уу, угаас дөхчихсөн байсан уу Хандаа эмнэлэгт очоод бараг нэг хонолгүй төрлөө.
Өдий наслахдаа юу эсийг үзэхэв дээ хашир эмгэний зөв байж таарав. Уг нь залуудаа Норжоо эмгэн чинь яарсан сандарсан үед хүүхэд ганц нэгийг боож авч л байсан юм. Тиймдээ ч мэдсэн байж мэдэх. Сүүлдээ хууль дүрэм хатуураад, өөрөө ч баахан зүрх үхээд байх болсон юм. Данигай охиноо энх тунх төрсөнд санаа нь амарч, суманд айлаар ганц унтаад гэрээдээ явав. Дарьзав түүнтэй зөрөн ирж хоол унд, цай шөл гээд ёстой авгай нь төрчихсөн юм аятай давхиж байв.
- Ногоон Дарьзав чинь Данигайн охинтой суучихсан гэнэ
- Тэдний охин чинь арай болоогүй шиг билээ
- Тэр ч бүү хэл хүүхэд нь гараад цаад ногоон чинь сумаар нэг давхиад байгаа сурагтай
- Хэдий завандаа Дарьзавын хүүхэд гарав гэж
- Аа мэдэхгүй тэр охин эцэггүй хүүхэд гаргаа болов уу даа
- Дарьзав цаагуураа бодолтой доо. Зүгээр ч нэг эцэггүй хүүхдийн эцэг болох гээд гүйгээд байхгүй л байх
- Бие өвдлөө гээд оторт явагүй сурагтай гэсэн яриа сумаар нэг хаврын шороон шуургатай холилдон тархана.

Үргэлжлэл бий . . .



profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3453290/942/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
357 Хувь заяаны хэлхээ-13 сайхаан сайхан байлаа /Өгүүллэг/ 1932 2010-07-29 10510
» Хувь заяаны хэлхээ-12 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-29 9726
355 Хувь заяаны хэлхээ-11 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-29 10804
354 Хувь заяаны хэлхээ-10 сайхаан сайхан /өгүүллэг/ 1932 2010-07-29 10384
353 Хувь заяаны хэлхээ-9 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10872
352 Хувь заяаны хэлхээ-8 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10944
351 Хувь заяаны хэлхээ-7 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10664
350 Хувь заяаны хэлхээ-6 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-26 10299
349 Хувь заяаны хэлхээ-5 сайхаан сайхан /өгүүллэг/ 1932 2010-07-26 10650
348 Хувь заяаны хэлхээ-4 сайхаан сайхан /өгүүллэг/ 1932 2010-07-25 10352
347 Хүрлээ-2(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг) 1932 2010-07-25 9086
346 Хүрлээ-1(Гадаадаас монголдоо ирсэн хүмүүсийн байдалыг харуулсан сайн бичсэн өгүүллэг) 1932 2010-07-25 9697
345 Хувь заяаны хэлхээ-3 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-25 9802
344 Хувь заяаны хэлхээ-2 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-25 10181
343 Хувь заяаны хэлхээ-1 /сайхан өгүүллэг/ 1932 2010-07-25 11863
342 Хоолны ширээ- Гадаадаас ирж байгаа хүүхдүүдээ харан сэтгэл нь өмрөх аав /заавал уншаарай өгүүллэг/ 1932 2010-07-25 9977
341 Өчигдөр Wishwed 2010-05-25 10780
340 Хайр BK BD 2010-05-13 11215
339 Ээж минь BK BD 2010-05-13 11317
338 Монгол уран зохиол яруу найраг file mnglnom 2010-04-30 13012
배너신청
자생병원

배너신청