Эмгэн нүдээ нээж, хэдийгээр өрөөнд харанхуй байсан ч өглөө болсныг мэдэгдэн нива цэцэрлэгт шулганах шувуудын жиргээг сонсон хэвтэнэ.
“Монголын эрдэнийг монгол хүн яахаа өөрөө мэднэ” энэ бол Төгс тайжийн гэргийн үг, бас түүний эцсийн шийдвэр байлаа. Эмгэн гараа сунган хажуугийн хананд байрлуулсан бяцхан товчийг даран бэрээ дуудлаа. Удалгүй түүний бэр, хүүгийнх нь үнэнч хань, ачийнх нь эх, түүнээс хойш энэ гэрийн тулгуур болон үлдэх хүн нь орж ирэхэд ёслолын кимоногоо өмсөхөд туслахыг гуйлаа. Олон давхар кимоно бүс нугалаас зангилаа... яг нэг бүтэн цагийн дараа ёслолын кимоногоо өмсөж дуусаад ёслолын танхим руу бэрээрээ хөтлүүлэн явж оров.
Бэрийгээ цайны ширээ бэлдэхийг хүсээд үнэнч туслах өвгөнийг дуудаж, ач хүү болон Хантайг урьж ирүүлэх даалгавар өглөө. Одоо түүнд эргэлзэх зүйл үлдээгүй ажээ. Өдийг хүртэл түүний таньдаг, түүний таньсан монгол хүн бол ганцхан Хантай хэмээх энэ хөвүүн.
Бүгд цугларахад бүрэн ёслолын дагуу цайгаа ууж дуусгаад Хантайд өмнөө ирж суухыг хүслээ. Эмгэний дуу хоолой, бие сэтгэл нь цэгцэрч ёслол төгөлдөр өгүүлэн эхэлвэй.
-Чи Төгс вангийн гуч биш боловч Хархулангийн удам. Нутгийнхаа эрдэнийг нутагтаа буцаах нь монгол хүний үүрэг. Утсан чинээ улаан амь гэж монголчууд ярьдаг. Энийг чи хоол болгож чадахгүй нь мэдээж гэвч үүний шидийг гаргаж чадах өөр хүмүүс монголд бий нь лавтай. Тэдний гарт бөгжийг хүргэх нь чиний амьнаас илүү чухал зүйл гэдгийг ойлго. Уг нь би чамайг сургуулиа төгсгөөд олонд танигдсан эрдэмтэн болж өөрийгөө төдийгүй бөгжийг хамгаалах чадалтай болтол чинь хүлээх санаатай байсан юм. Гэвч ойрноос дээдсийн сүнс намайг дуудах болов. Миний нас дуусчээ. Одоо ганц чамд л найдна. Чамд Хархулангийн эрдэм чадал үгүй ч Хархулангийн зориг сэтгэл уламжлагдан ирсэн байх ёстой. Бөгжийг наймаачдын гарт алдаж хэрхэвч болохгүй. Тэд Тайваньчуудад зуучилж байгаа юм. Манжийн Чин гүрний эрдэнэсийн санг хулгайлан авснаар Тайвань хүчирхэг баян болсон юм. Монголчууд та нар дэлхийгээр нэг тарсан эзэнт гүрнийхээ эрдэнэсийн санг буцаан цуглуулж чадваас урьдын хүчирхэг монгол дахин сэргэн мандах болно. Энэ ариун үйлсэд чи өөрийн үүргээ гүйцэтгэх ёстой. Манай гэр бүл монголын буяны өчүүхэн хэсгээр хэдэн үеийнхээ хүнсийг базаасан. Би өрөө төлж чаддагүй юмаа гэхэд амласнаа биелүүлэхийг хичээсээр өдий хүрэв. хэмээн нэгэн амьсгаагаар өгүүлээд нүдээ анин урт амьсгал аваад хэсэг чимээгүй болов.
Тэгээд дахин нүдээ нээж өгүүлрүүн.
-Чиний зохиомол түүхийг анх сонсоод Төгс тайжийн гуч биш гэдгийг чинь мэдсэн боловч чиний харцнаас Төгс тайжийн зоригийг олж харсан юм. Бүтэн 2 жилийн турш чиний ажлыг дэмжин ажиглахдаа мохошгүй сэтгэлээр эх орныхоо түүхийн тасарсан хуудсуудыг эвлүүлэхээр зүтгэж буйг чинь ойлгож чамд итгэхээр шийдсээн. Хувь заяа намайг монголтой холбож манай гэр бүлийг тэтгэсэн. Хувь заяа чамайг над руу илгээсэн байх учиртай. Одоо чи өөрийн хувь заяаныхаа эзэн болох цаг чинь иржээ. Хичээгтүн. Өвөг дээдэс чинь бүгд эх нутгийнхаа төлөө амиа өгснийг санагтун.