Төгөлдөр чимээгүйхэн алхалж Уянгаагийн орны ирмэг суугаад, Уянгааг эгцлэн ширтэж гарыг нь зөөлөн атгалаа. Чи минь яаж байгаа нь энэ вэ. Уянгаагийн царайг хараад Төгөлдөр үнэхээр цочирдлоо. Өвчин шаналалаасаа болоод хэдэн цагаар уйлж шаналж арайхийн тариагаар унтсан Уянгаагийн нүүр нь цэлхийж, тэгсэн мөртлөө эрүүл бус зэвхий цагаан харагдах бөгөөд нүд нь дэндүү уйлсанаас бүлцийн хавдаад хоёр том хавдар болсон мэт аймшигтай харагдлаа.
Арай ч дээ Уянгааг ийм байхыг нь хэзээ ч харж байгаагүй Төгөлдөрийн сэтгэл гүн хямарлаа, Уянгаа яаж зовсон нь нүүрэн дээр нь илт байна шүү дээ. Уянгаа намайг уучлаач…
Уянгаа толгойгоо өргөсөнгүй нүдээ дээшлүүлж, Төгөлдөрийг эгцлэн ширтлээ. Түүний нүд нь ямар ч гал цоггүй, урьдын гялалзаж байдаг Уянга биш болжээ. Уучлал гуйх хэрэггүй ээ, ийм тэнэг алхам хийсэндээ би өөрөө буруутай. Амьд үлдсэн минь их аз бас надад том сургамж боллоо. Одоо би зүгээр л тайван амармаар байна, намайг ганцааранг минь орхиоч. Тэгээд ч чи ажилдаа явах ёстой надаас болж бас ажлаа таслах гэж үү, эмч намайг маргааш гаргана гэсэн би өнөөдөр ажлаасаа чөлөө авчихна. Надад санаа зовох хэрэггүй ээ. Би одоо аюулгүй байгаа, намайг амраагаач хэмээн Уянга аяархан хэллээ, тэр үнэхээр их ядарч байлаа. Бушуухан энэ дуслын дараа нам унтахсан л гэж юу юунаас илүү хүсч байжээ.
Чамайг ийм байдалд оруулсан хүн нь би шүү дээ. Яаж сэтгэл тайван ажлаа хийгээд яваад өгөх болж байна, би ч бас өнөөдөр чөлөө авч чамайг харж өнжинө. Хөөсөн ч би явахгүй эмнэлгийн үүдэнд хүлээсээр байна гээд Төгөлдөр Уянгаагийн гарын тавьж өрөөнөөс нь гарав. Маргааш эмнэлгээс гарна бараг зүгээр гэж бодоод, одоо л нэг сэтгэл нь цэлмэж баргар царай нь үл ялиг гэгээ орж эхэллээ.
Соёлоо өглөө нь тэсч ядан есөн цаг өнгөрөөгөөд Туякаруу утасдлаа. Чи Төөгөөг ажилдаа ирж үү гээд шалгаад өгөөч. За баярлалаа, яагаачгүй ээ зүгээр л асуусан юм, за дараа ярья. Утас тасарч Соёлоо дахиад л сэтгэл нь хоосроод ирлээ. Төгөлдөр ажлаасаа чөлөө аваад ирээгүй байв. Ингээд тэр хүн өөрийнхөө замаар буцаад яваад өгчихлөө дөө. Юунд дэмий хүнд сэтгэлээ өгч дасав даа. Урьдын адил ганцаараа гиюүрээд л явж байх минь яалаа. Одоо утсаа салгалгүй хичнээн ч нээлттэй байлаа гээд Төгөлдөр дахиж ярихгүй биздээ. Соёлоо ороо налан газар суугаад өөрийн эрхгүй уйлж гарлаа. Яасан сонин орчлон хорвоо вэ, хэсэг нь яагаад аз жаргалтай хэсэг нь яагаад ийм сэтгэлийн шаналгаатай байх ёстой юм бол оо. Би хайрлаж дурлаж, хэн нэгнийг хүлээж түүгээрээ халамжлуулж сайхан амьдрахыг юутай их хүснэ вэ. Хүсэх тусам амьдрал надаас улам зугтаалгаж, олдсон бүхнийг нь ээдрээд хутгаад хаяж байна. Зориуд хэн нэгэнд дурлуулахгүй заавал хос хоёрын дундуур орж хайр сэтгэлтэй бол гэж цаанаасаа зовоож чадаж байгаа юм шиг. Одоо дахиад Төгөлдөрийг харахгүй хөтлөлцөж явахгүй, Төгөлдөр нь өөр бүсгүйг халамжлаад сууж байгааг бодохгүй гэсэн ч бодогдож гол өөд нь том хар зүйл тээглэж цээжийг нь хөндүүрлээд эхэлжээ.
Маргааш өглөө есөн цаг өнгөрөөд Уянгаа эмнэлгээс гарав. Эмч нь гарахаас нь өмнө Уянгаатай уулзаж сэтгэл заслийн эмчилгээ хийлээ. Тэртээ тэргүй Уянгаа бие мах бодиороо мэдэрсэн, дахиад хэзээ ч ийм тэнэг мөртлөө аймшигтай зүйл хийхгүй. Үр хүүхэдтэй болох юм бол түүндээ хичнээн хэцүү бөгөөд тэнэг зүйл гэдгийг нь ойлгуулах болно. Уянгаа нэг сар сахих хоолны дэглэмийн жагсаалтаа барьсаар эмчийн өрөөнөөс гарлаа. Үүдэнд хүлээж байгаа Төгөлдөрийн хамт тэдний гэрлүү нь явлаа, манайд өнжөөд нэг хоног дахиад амарчих гэрийнхэн чинь санаа зовохгүй тэгээд ч би хоёр хоногийн чөлөө авсан гээд ятгаад байсан Төгөлдөрийн үгэнд ороод, өрөөнд нь сайхан амраад авах нь зөв санагдлаа, тэгээд ч одоо тэдний хооронд үүссэн асуудлаа тухтай гэгч нь цэгцлэх цаг нь иржээ.
Төгөлдөрийн өрөөнд ороод орон дээр нь тухтай гэгч нь сунан хэвтлээ. Хагас сайн өдрийн өглөө Төгөлдөрөөс түрүүлж сэрчихээд л, түүнийгээ сэрээчээ гээд л ноолоод хэвтэж байдаг тэр цаг мөч юутай сайхан жаргалтай байгаа вэ. Тэгээд гэнэт орны толгой дээрх шүүгээний дээд талыг татлаа. Тээр өөрийнх нь дуртай хоёр шоколадыг аль хэдийнэ аваад тавьчихсан байна, Уянгаагийн зүрх баярлан түг түг цохилно. Ямар ч байсан сэтгэлийнх нь гүнд хуучны хайрын үлдэгдэл байгаа л юм байна. Гэхдээ нэг ч хэрүүл уруул хийгээгүй, бие биенийхээ итгэлийг алдаж байгаагүй бид хоёр салж нийлж байгааг бодоход хайр сэтгэл, гэр бүл гэдэг үнэхээр цаг тутам анзаарч, арчилж байхгүй л бол хэзээ ч үгүй гэж бодож байсан зүйл хаяанд ирээд л сууж байдаг юм шив дээ. Төгөлдөрийн галын өрөөнд шингэн цай чанаж, зутан шөл хийх гэж тогоо шанага тачигнуулан чимээ гаргахыг сонсоод л ингээд хэвтэж байх ямар ч жаргалтай юм бэ дээ хэмээх бодол Уянгаагийн толгойд зурсхийн орлоо. За одоо больё доо, дэмий юм бодож эхлэх нь. Үнэндээ уйлахаараа айлгадаг хүүхэд шиг л нэг удаа Төгөлдөрийг тогтоолоо шүү дээ. Ингэж хамтын амьдралаа эхлэх гэж үү. Үгүй ээ түүнийг сул чөлөөтэй орхих хэрэгтэй, хэдийгээр одоо ч дотроо хайртай хэвээрээ ингээд энэ чигтээ аваад үлдэхийг туйлын их хүсч байгаа ч эрүүл саруул ухаанаар болчимгүй зүрхээ дийлэх хэрэгтэй.
Төгөлдөрийг орхиё, тэр Соёлоо доо очно уу өөр тийшээ явна уу дураараа л болог. Бараг тэр Соёлоодоо очих биз дээ. Гэхдээ намайг гээд буцаад ирвэл би баяр хөөр дүүрэн хүлээж авна. Яах нь Төгөлдөрийн өөрийнх нь сэтгэл мэдсэн хэрэг болжээ. Намайг айлгаагүй бол энэ энд ингэж бөнжигнөх нь байтугай, тэнд сүй тавих гээд явж байсан залуу шүү дээ. Одоо тогтоосон ч маргааш дахиад алдах нь тодорхой л юм байна. Хайр сэтгэлийн үнэхээр хүчээр барьж тогтооно гэдэг хамгийн тэнэг хэрэг байх юм даа. Хэрвээ би одоо салж чадвал харин сайн дураараа буцаад хүрээд ирнэ, хэрвээ энэ чигтээ байна гэвэл хэдхэн хоног, хэдэн сарын дараа үзэн ядаж бүр мөсөн салах нь гарцаагүй ээ.
Удалгүй Төгөлдөр нэг гартаа цай, нөгөө гартаа зутан шөл барьсаар жижиг ширээн дээр тавьлаа. Соёлоо нэг сайхан цай уучих. Өөрийн эрхгүй хэлснийхээ дараа Төгөлдөрийн царай зэвхий даан цайрлаа. Яанаа… Уянгаагаас бараг л айлаа. Уул нь Соёлоогийн тухай ер бодоогүй л юм сан, яагаад ингээд дуугарчихваа тэнэг чинь. Уянгаа энийг сонсоод яасан ч үгүй, түрүүчийнх нь бодол нь улам л батлагдав. Зүгээрээ нүүр царайгаа хувиргах хэрэггүй хэмээн мушийн инээмсэглээд, ширээнд ойртон сууж тоосон ч шинжгүй цай шөлийг нь идэж гарлаа. Бараг хоёр хоног хоол ундгүй тариагаар амьдарсан хүнд жигтэйхэн сайхан байх чинь. Яасан сайхан шөл болоо вэ, баярлалаа Төөгөө гэж Уянга чин сэтгэлээсээ хэллээ. Одоо л нэг сайхан болж тэнхэрэх тийшээ болж эхлэв. Хоолоо идчихээд Уянга дахиад л орон дээр гаран зурагт асаан хэвтэнэ. Түрүүхэн хэлсэн үгэндээ бантсан Төгөлдөр аяга тавагхан хураан нааш цааш хурдан хурдан алхална. Төгөлдөрөө наашаа энд суучих хоёулаа нэг сайхан ярилцая, оройхондоо найз нь гэртээ харина.
Төгөлдөр Уянгаагийн саналыг эхлээд эрс эсэргүүцлээ. Үгүй ээ Уянга одоо би чамаас салахгүй ээ. Тэгвэл чи Соёлоогоо яах юм ганцхан чамдаа хайртай гээд хойноос нь гүйн барин байж өөртөө дасгачихаад, би Уянгаатай сайндлаа гэх үү. Тэр хоёр удтал ярилцлаа. Тэр хоёр ер нь сүүлийн нэг жилд ингэж чинь зав гаргаж илэн далагүй ярилцаж байгаагүй санагдана. Магадгүй энэ нь ч алдаа болсон байж магадгүй. Ярилцаж дуусахад хэн хэнийх нь сэтгэл онгойгоод ирэх шиг боллоо. Одоо л нэг нь буруутан, хэн нэг нь өртөн мэт сэтгэгдэл төрөхөө больжээ…
Оройхондоо Уянгааг Төгөлдөр гэрт нь хүргэж өгөхийг хүссэн боловч эрс эсэргүүцээд байхлаар нь гэртээ үлдлээ. Гэртээ ганцаараа хийх ч юмгүй байлаа. Соёлоо, одоо чи минь юу хийж байгаа бол доо. Надаас болж бас л үзээгүйгээ үзээд зовж байгаа байхдаа, би ч шийдтэй байж чаддаггүй өөдгүй эр хүн юм. Юутай ч Уянгаагийн бие сайжирсан гэх хэлж сэтгэлийг нь амраая даа хэмээн залгалаа. Утасны цаанаас чихэнд хоногшсон танил дуу гарахад Төгөлдөр өөрийн эрхгүй баярлалаа, Сайн уу Соёлоо найз нь байна. Уянгаа бие нь зүгээр болсоон, маргаашнаас ажилдаа явна гэнэ санаа зоволтгүй гэлээ. Соёлоогийн сэтгэл тайвшин санаа алдав. Ашгүй дээ ямар сайн юм бэ, чи надад ажлынх нь газрын хаягийг хэлээд өгөөч. Чи яах нь вэ хэмээн гайхан асуухад нь би уучлал гуйх гэсэн юм хэмээн хариуллаа. Ээ Соёлоо минь юу болохыг хэлбэл чи бараг үнэмшихгүй байх. Уянгаа чамаас уучлал гуйж байна лээ гэж хэлэхэд Соёлоо бараг алмайран зогслоо. Үгүй байлгүй дээ, юу гэж өчнөөн муухай зан гаргасан надаас юу боллоо гэж уучлал гуйх билээ. Үнэхээр уучлал гуйсан бол би бүүр ажил дээр нь очиж чин сэтгэлээсээ уучлал гуйх ёстой. Үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй юм даа хэмээн дотроо бодов. Чи хаана байгаа юм хэмээн Төгөлдөрийг асуухад Соёлоо хотод хэмээн хариулахад, тэгвэл би одоо очлоо, тэгээд чамд бүгдийг ярья хэмээн Төгөлдөр өөрийн эрхгүй хэлээд утсаа таслан гэрээсээ гүйн гарлаа.