Төгөлдөр ганцаараа үлдээд том гэгч нь санаа алдаад, эмнэлэгийн зэврүү даасан үүдний хүлээлгийн өрөөний жижиг сандал дээр суун хоцорлоо. Уянгаа яаж байгаа бол доо, сахиур оруулах уу гэж нээрээ асуугаагүй юм байна гэж бодсоор гараа хармааруугаа явуултал гарынх нь үзүүрт цаас дайралдахад шүүрэн гаргаж ирэв. Нээрээ түрүүхэн Уянгаагийн гартаа атгачихсан байсан бяцхан дугтуй унахаар нь авч хармаандаа хийсэнээ таг мартсан байжээ. Төгөлдөрт хэмээн хаягласан бяцхан дугтуйг зүрх түгшин задлав. Дотор нь хагасхан хуудас төдий захиа бичсэн танил бичиг харагдахад шунан уншлаа.
Сайн уу Төгөлдөрөө чи миний бичсэн захиаг уншихад би энэ дэлхийд үгүй болсон байх. Тиймээс санаа зоволгүй эцсийн үгээ хэлье дээ. Төгөлдөрөө хайрт минь дээ, чи миний зүрхний орон зайг бүрэн эзэлжээ. Чамгүй амьдрал хичнээн амтгүй, хичнээн шаналгаантай байна вэ. Сэтгэл зүрхэндээ дахин өөр нэгийг би бодож чадахгүй. Гадаа цэлмэг нартай ч, сэтгэл зүрх минь өнгө ялгахаа больж, байнгын бүрхэг харанхуй явах боллоо. Энэ насандаа чамаасаа өөр хүнд даанч дурлаж чадахгүй ээ. Ийм шаналгаат амьдралаар насан туршдаа амьдарсанд орвол бушуухан нөгөө ертөнцөд очиж өөрийгөө егүүтгэсэн нүгэл байдаг бол эртхэн наманчилж байя даа. Тэртээ тэргүй сэтгэл минь үхчихсэн болохоор би ч удахгүй үхэх байсан биз. Чи минь, ганцхан чи минь л сайн сайхан амьдраасай. Чамдаа өөрийнхөө амь наснаас илүү хайртай зөвхөн чиний Уянгаа. .
Төгөлдөрийн нүдэнд нулимс бүрхэн ирж өөрийн эрхгүй хумсаа алгандаа шигдтэл зангидлаа. Би чинь юу хийж орхио вэ, нүд маань дэндүү харалган байж тэнэг шийдвэр гаргаж орхисоноос зөвхөн өөрийг нь л хайрласан буруутай Уянгаа нь үхэж ч болох байна. Чамайгаа надад ийм хайртайг чинь өнөөг хүртэл ойлгоогүй явсан би өөрөө буруутай. Чи минь даанч яав даа, хэлээд байхад нь ойлгохгүй гөжүүдлээд явсан өөрийгөө би одоо яаж уучлах билээ. Уянгаа минь чи амьд байх ёстой, заавал амь гарах ёстой.
Тас харанхуйгаас тодрон тодорсоор өдрийн гэрэл сүүмийн харагдах бүдэгхэн гэрэлтэй өрөөнд Уянга ухаан орлоо. Ээжээ… Гэдэс ходоодоор нь тэсэхийн аргагүй аймшигтай өвдөнө. Ийш тийшээ эвхэртэл хөрвөөмөөр байсан ч гарт нь залгасан дуслын тариа саад болж байлаа. Дотор нь аймшигтай муухайрч огиж бөөлжмөөр байсан ч тэнхэл нь хүрсэнгүй ээ, ээжээ ямар аймшигтай өвдөж байна аа. Харамсалтай нь түүний сэхээний эрчимт эмчилгээний өрөөнд өөрөөс нь өөр хэн ч байсангүй ээ. Эмчээ сувилагчаа туслаарай. Уянгаа хүчтэй өвдөлтөөсөө болж өөрийн эрхгүй уйллаа. Туслаарай, ямар нэгэн өмчин намдаах эм өгөөч дээ. Тэнгэр бурхан минь ийм аймшигтай өвддөг гэж хэрвээ тэр мэдсэн бол хэзээ ч ийм алхам хийхгүй байсан нь үнэн билээ.
Уянгаа аяархан дуугаар ёолон уйлсаар л. Судсан дахь тариагаа сугалж аваад коридорлуу гарч тусламж хүсмээр байсан ч хамаг бие нь ер бусын их суларсанаас болоод хөлөө ч зөөх тэнхэл алга байв. Ходоодыг нь лаагаар доороос нь хайрч байгаа мэт аймшигтай хорсон өвдөж, түмпэн дүүрэн бөөлжис уулгасан мэт дотор нь тэсэхийн аргагүй дэндүү муухайрах бөгөөд, тэглээ гээд ширхэг шүлс ч хоолойгоор нь эс гарах нь дэндүү зовиурыг авчирна. Ээжээ охиндоо туслаарай охин нь үхлээ. Бурхан минь эмчийг оруулж өгч энэхүү аймшигт тарчлаанаас минь бага ч атугай салгаж өгөөч дээ. Би сөхрөн гуйя…
Өөрийгөө зүхэн, өвчний шаналалаас болж Уянгаагийн нулимс тасралтгүй урссаар байлаа. Амь нас эрүүл мэндийн хажууд хайр дурлал юу юм бэ, амьдралын хамгийн сайн сайхан нь ердөө л амьд явах юм байна шүү дээ. Би дэндүү тэнэг хэрэг хийжээ. Одоо амьд явж эрүүл энх байж өвдөх зовох зүйлгүй байхыг л дэндүү их хүсч байна. Өвчингүй бол жаргал гэдэг үгийг хэзээ ч ойлгож байгаагүй сэн. Амьдралын жинхэнэ үнэн л тэнд байж. Төгөлдөр хэнтэйгээ байна, түүнд одоо хамаагүй ээ, өөрийг нь бодохгүй байгаа хэн нэгний төлөө амь насаа эрүүл мэндээ зориулахаас илүү тэнэг хэрэг гэж байх уу даа. Тэглээ гээд түүнийг хайрлана гэж үү. Үгүй одоо хайрлуулахыг ч хүсэхгүй байна. Сэтгэл нь нэгэнт хөрсөн Төгөлдөр тэр чигтээ цаашаа яваг, харин одоо зөвхөн нэгхэн ширхэг өвчин намдаах эмийг хамгийн их хүсэж байна. Бурхан минь би ийм их гэсгээл хүртэхээр нүгэлтэй байсан гэж үү. Эмчээ туслаарай…
Бараг цагийн дараа жижүүрийн эмчийг орж ирэхэд Уянгаагийн нүд нь уйлсанаас болж бүлцийн хавдаад, нүүр нь өвчиндөө шаналсаар цонхийн цайрч улам ч тамиргүй болсон байлаа. Эмч түүнийг тайвшруулан, судсаар өвчин намдаах тариа хийгээд дуусах дөхөж байсан дуслыг салган авч өөр нэгэн шингэн солин залгалаа. Доор ах чинь бас найз залуу чинь биеийг чинь байн байн асуугаад л суугаад хонож байна. Найз залуу чинь сахиур болоё гээд байна, хүсвэл оруулаад сахиулж болно. Чиний бие сул болохоор ариун цэврийн өрөөрүү орох энэ тэрд толгой чинь эргээд унаж магад хэмээлээ. Эмчээ зүгээрээ ямар нэгэн сахиур авахгүй ээ. Тариа хийлгээд сайхан өвчин намдлаа. Би жаахан ч гэсэн унтаж амрая даа…
Жижүүр эмч хүлээлгийн өрөөнд хүрч ирлээ. Уянгаа ухаан орсоон. Сая өвчин намдаах тариа хийчихлээ, ухаан орохоороо эхний нэг хоногтоо өөртөө нилээд зовиуртай байдаг юм. Ходоод нь сайн эмчилгээ хийсэн болохоор гайгүй байна. Хоёр хоногоос гаргана. Та нар гэртээ харьж амарч болно гээд дээшээ өгсөн явлаа. Одоо л нэг санаа амарч уртаар амьсгаа авахтайгаа болов. Жавхаа найз нь их баярлалаа, чи харьж амар даа. Найз нь Уянгааг эндээ хүлээгээд хононоо хэмээгээд Төгөлдөр Жавхааг харихыг ятгана. Би ч баймаар л байна, гэхдээ нэгэнт гайгүй болж байгаа юм чинь өглөө ажилдаа явахаасаа өмнө цай аваад ирье гэлээ. Тэг тэг би маргааш ажлаасаа чөлөө аваад сахинаа гээд Төгөлдөр санаа алдан өгүүлэв. Төгөлдөр ухаарсанд Жавхаа одоо л баяртай байлаа, за би явлаа, та дахиад дэмий юм битгий хөөцөлдөөрэй гээд нухацтай хараад гарч одлоо..
Дэмий юм гэсэн нь Төгөлдөрт тэр даруй Соёлоог санагдууллаа. Соёлоо аягүй бол санаа зовоод хэл дуулгаасай гээд хүлээж суугаа байх, миний буруугаас л болсон болохоор Соёлоод юуны буруу байна хэмээн бодоод утсаа гарган залгалаа. Соёлоо хэдийгээр шөнө дунд болсон ч гэлээ унтаж чадахгүй гэртээ суусаар л ажээ. Зурагт нь асаатай, ямар нэгэн суваг гарч ээлжлэн солигдоно. Соёлоо зурагт үзэхдээ бус, байж суух газраа олж ядахдаа л өөрийн эрхгүй удирдлагаа дараалан дарсаар сууж байв. Сэтгэлээ арай гайгүй болох байх гэж түрүүнээс хойш шоколад идсээр байтал бараг бялуурахаа шахжээ. Уянгаа үхчихвэл яанаа, намайг уулзахгүй гэж амлачихаад гээд гомдон гомдсоор мөнх бусыг үзсэн бол яанаа. Хайр дурлалдаа амь насаа зориулж байгааг нь харвал Төгөлдөрт үнэхээр хайртай юм байна, тэгвэл би харин ийм их хайртай хоёр хүний дундуур орсон буруутан нь мөнөөс мөн юм байна. Уянгаа амьд гараасай, бушуухан эрүүл саруул болоосой. Тэгвэл сагс дүүрэн сарнай аваачиж өгөөд буруугаа хүлээж уучлалт гуйх сан. Адилхан эмэгтэй хүн байж би яасан хатуу сэтгэлтэй хүн бэ хэмээн өөрийгөө зүхэж сэтгэлээ шаналгаан байлаа. Гэнэт гар утасны дуунаар цочин огло үсрэн бослоо. Гайхмаар нь Төгөлдөр залгаж байх нь тэр. Байна уу Уянгаа яасан бэ Төөгөө. Ашгүй дээ бурхан минь. Гайгүй өнгөрсөнд баярлалаа. Төгөлдөр өөр олон юм ярьсангүй утсаа таслаж орхив. Тийм дээ бүтэн хүний аминд хүрэх шахсан бид хоёр одоо хоорондоо юугаа ч ярих билээ дээ. Азаар Уянгаа эсэн мэнд байна, түүнээс удахгүй уучлалт гуйгаад энэ бүхэн төгсгөл болно…
Төгөлдөр хатуу сандал дээр тухгүй ч гэлээ залуу хүний нойроор нам унтсан байлаа. Ээлжийн сувилагч мөрөн дээр нь зөөлөн хүрэхэд гэнэт сэрлээ. Хүү минь Уянгад өглөөний эмчилгээг нь хийсээн, чи халаад авч ороод уулзаж болно шүү дээ. Бие нь өчигдрөөс нилээн дээрдсэн хэмээн өгүүллээ. Төгөлдөр босч цагаа хартал өглөөний зургаан цаг дөнгөж өнгөрч байв. Үрчийж нухлагдаж орхисон хувцас хунараа засаад, зүрх нь анхны болзоонд очих гэж байгаа мэт түг түг цохилсоор хаалганы дэргэд очлоо. Уянгаа намайг яаж хүлээж авах бол би чинь түүнийг алах шахсан хүн шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирж дотор нь муухайрах шахлаа. Уянгаа ухаантай намайг уучилж чадна хэмээн өөрийгөө зоригжуулаад, хаалганы бариулыг зөөлөн эргүүлж дотогш орлоо.