Бичлэгийн тоо 497

ЧОНО-2

Уншсан 11030 vote 0 2011.08.10 23:43:36


2. Өрнөл.


... Зүүрмэглэн хэвтэж ахуйд энэ бүхэн ухаан санаанд нь бууж байвч сонор чих, үнэрч хамар нь эргэн тойрноо тасралтгүй мэдэрч байв. Холгүйхэн олз байгааг анирдаж, навтасхийн тэр зүгт хараачилваас өдөржин хайж яваад ололгүй хэвтэж байсан олз нь болох бага хэмжээний сүрэг бэлчин наашилж байлаа.

Гэвч залуу чоно энэ сүргээс өнчин ишиг ч шүүрэхгүйгээ зөнгөөрөө мэдрээд салхины дор гарч аажуухан холдлоо. Өөрийн ойлгохгүй нэгэн амьдралыг гуниглан ширтэх болсоор тэр удаж байгаа билээ. Энэ сүргийг нэгэн шингэн дуут, гэм хоргүй, хүн гээч амьтан үргэлж шахуу дагах бөгөөд сүрэг тогтуун идээшлэх үед уянгалаг сайхан аяар гунигтай ч юм шиг авиаг уул ойгоор дамжин цуурайттал эгшиглүүлэн суудаг авай. Тэгж байхад нь залуу чонын хамгийн үзэн яддаг, хурдан хөлтийг унасан, муухай үнэртэй, бүдүүн дуут давхин ирдэг бөгөөд тэдний хооронд яавч сайхан зүйл болдоггүй. Шингэн дуутын гомдол, үл дийлэх хорсол аажмаар гиншин дуугарах авиа болон дуусч бүдүүн дуут цатгалан боохой мэт таашаалтай дуугаран, өмхий утаа савсуулан сууж байгаад хурдан хөлтөөрөө давхиулан оддог бүлгээ.

Энэ удаад ээлжит үзэгдэл болох нь тодорхой, хурдан хөлтийн газар бөмбөрдөх дуу гарав. Залуу чоно үүнийг сонсмогцоо гэнэт уур хорсол нь дээд цэгтээ тулж юу болохыг харахаар хамаг биеэ нумлан хөвчлөөд үсрэхэд бэлэн биеэ хураалаа. Чухам юуны тулд ингэтлээ улангасанаа чоно өөрөө ч мэдсэнгүй. Шингэн дуут байдал бишдэж буйг мэдээд өөрийн унаа руу дөхсөн боловч хожимджээ. Бүдүүн дуут өмхий үнэр ханхлуулан, шингэн дуутыг шууд шүүрэн авч ноцож ноолж эхлэх үед чонын хилэн дээд цэгтээ хүрч холгүй харагдах бүдүүн дуутын хурдан хөлт рүү хэд харайн дүүлэн очиж хоолойд нь хурц шүдээ шигтгэн угзрав. Ам руу нь бүлээн, шингэн, амтат цус сад тавин орохуйд улам улангасан зуултаа лавшруулан химлэж байлаа. Үүнийг бүдүүн хийгээд шингэн дуутууд ухаарч сэхэхээс өмнө чоно хэдийнэ хэргээ бүтээн ой руу чавхдан оров.

Маргааш нь “Согтуу Балсан Гэндэнгийн бага охиныг хонины бэлчээрт эдэлдгийн балгаа амсаж гэгээн цагаан өдөр хурдан хээрийгээ чононд хүүлүүлчихээд эмээлээ үүрэн гэртээ иржээ” гэсэн хүүхнүүдийн хорон яриа доод голоор нэг зэлнээс зэл дамжин гэрлийн хурдаар тарж Балсангийн эхнэр уур бухимдлаа барьж үл дийлэн хоёр хүүхдээ аван аавындаа очжээ. Балсан л ганцаараа болсон явдалд өөрийгөө бус мориных нь багалзуурыг нүдэн дээр нь тас химлээд ажиг ч үгүй ой руу давхиж орсон боохойг буруутган аль муухайгаар зүхэж өөрийн найз хэдэн харчуудаа цуглуулан боохойн анд гарахаар зэхэж эхлэв. Үүнийг залуу чоно ч, гичий чоно ч мэдсэнгүй.

Тэд бэлтгэлээ базаан тандаж байгаад чонын үүр ноохойн байгаа газрыг багцаалан олжээ. Гичий чоно, залуу чоно хоёр нэгэн өглөө хоёр тийш анд гарах болоход залуу чоныг анх үнэрлэн долоож байсан цовоо эр бэлтрэг дагажээ. Эх чоно хориглох гээд дийлсэнгүй. Тэднийг шогшин одсоны хойно хэдэн харчууд үүр ноохойд нь ирж үлдсэн гурван бэлтрэгийг суйлан ид бахаа хангаад одоцгоожээ. Үдшийн бүрийгээр залуу чоно бэлтрэгээ дагуулан үүр хонгилдоо ойртох үест эмэгчин чонын голоо таслуулах мэт гаслантан улих дуу сонстов. Тэр эрчээрээ чавхдан хүрвээс нүхнийхээ амсарт тэнгэр лүү улин харууслын дуу хадаах эм чоно үзэгдлээ. Эхэндээ юу болсныг ухаараагүй ч эхийгээ тойрон бужигнах бэлтрэгнүүд харагдахгүйн дээр хурдан хөлтийн эзний өмхий үнэр боохойн соргог хамарт мэдрэгдмэгц юу болсныг зөнгөөрөө ойлгон үг дуугүй навтасхийн хэвтэхэд бэлтрэг түүнийг дуурайн эхийгээ харан хэвтлээ.

Үүр цайхын өмнөх гил хар тэнгэрийг ширтэн хэвтсэн залуу боохой гэнэт өндийж гичийг хамраараа нудран хэвтшээс нь босгох гэж оролдов. Эхэндээ дурамжхан байсан гичий ямар нэгэн зүйл болох гэж буйг ойлгон бэлтрэгээ ч мөн нудран сэрээлээ. Залуу чоно манлайлан уулын бэл рүү шуурхай шулуухан цогьж эхлэв. Тэд зам хазайлгүй, элдэвт сатааралгүй залуу чонын араас мөр даран давхисаар нэгэн амны адаг руу өнгийж, удалгүй айл, мал сүргийн үнэр авахад ганц хоточ нохойн хуцах дуулдана. Энэ хот айл нь залуу чонын мэдэх хурдан хөлтийн эзнийх байлаа. Залуу чоно хотны нэг талаас нь, нөгөө талаас нь гичий чоно бэлтрэгтэйгээ дайрна гэдгээ нүдний харц, хөдөлгөөнөөр ойлголцжээ. Бүх юм нүд ирмэхийн зуурт эхэлж аянга цахилгаан мэт харван дайрахуйяа хотны ганц эсэргүүцэж ч амжилгүй залуу чонын улангассан дайралтанд хоолойгоо тас хазуулан нам уналаа. Сүрэг рүү хоёр боохойн дайрч буй нь идэш эрснийх биш, хорлон сүйтгэж, хорсол өшөөгөө тайлах, бах таваа хангах гэсэн мэт байв. Тэд аль болох олон хонь сэглэн унагаж байлаа. Гадаах хонь малын дуу чимээнээр сэрсэн хот айлынхан хаана юу болоод байгаа ухаарч амжихаас өмнө хоттой хонины бараг тал нь хагас амьтай тийчилж байв. Хамгийн түрүүнд өмхий үнэрт сэхээ орон өөртөө ойр байсан бэлтрэг рүү буугаа шагайн хараалах тэр агшныг залуу чоно хараад сум мэт дүүлэн гараас нь зууж авахад муухай дуугаар орилов. Тэрээр ойчихдоо гохоо дарж амжсанаас бэлтрэг суманд оногдон навтасхийн унах нь үзэгдэв. Залуу чоно буу барьсан өөр нэг хүн гичий чоныг онилж байхад нь түүн рүү дайрваас өмнөөс нь гал манасхийв. Чоно орчноо мэдрэхгүй болж хөсөр унажээ. Энэ зуурт гичий чоно сэхээ аван өөрт нь аюул учирсныг мэдээд харанхуйд уусах мэт алга болжээ.

Хэдэн өдрийн турш доод голынхон согтуу Балсангийн хотод болсон аймшигт явдлын талаар шаагилдав. “Одоо энэ хавийн сайхан нутгийг чоно эргээд амраахгүй дээ. Хормойн донгоос болж хүний өөрийн олон мал, амьтныг нутгаас нь дайжууллаа” хэмээн сумын эмнэлэгт галзуу байдалтай орилон буй Балсанг нэг өрөвдөн, нэг зүхэн орсон гарсан бүгд шуугьж байлаа.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4968221/9d4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
357 AMYDAR Маралгоо 2009-06-11 11056
356 모텔청소구해여 [1] betin 2012-06-22 11050
355 Хархулангийн бөгж, "Эмгэн" 1932 2010-08-02 11049
354 Хархулангийн бөгж,6-р бүлэг,"Тэд",1 1932 2010-08-17 11049
353 http://www.mglclub.com/5836008 hjjjkhljkh;jkhlkjh 2012-03-22 11048
352 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
» ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
350 Гомбо хэмээх Лувсанжамбаа аваргад тохиолдсон хөгтэй явдлуудаас [1] mgldevochka 2009-12-03 11027
349 Хархулангийн бөгж,"Монгол"4 1932 2010-08-17 11025
348 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
347 Гунигт нэгэн хайрын түүх [1] DANTES 2009-06-08 11005
346 Нартай бороон дундуур солонго барих гээд гүйдгийн... mgldevochka 2009-06-17 10987
345 Америк, Энэтхэг, Монгол гурван улс тєрч нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж [1] 1932 2009-08-17 10969
344 Миний тарьсан цэцэг chups 2009-03-25 10952
343 МОНГОЛ ХАЙР-2 [1] ITGE-ИТГЭ 2009-04-27 10949
342 М.Задорнов " Өдрийн тэмдэглэл" шог өгүүллэг mgldevochka 2009-06-17 10946
341 Хувь заяаны хэлхээ-8 сайхаан сайхан /Өгүүллэг/ 1932 2010-07-27 10944
340 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
339 Аз жаргал solongol 2011-06-10 10925
338 Хархулангийн бөгж,"Монгол",3 1932 2010-08-17 10924
배너신청
자생병원

배너신청