-Сайн байцгаана уу? гэж бишүүрхэнгүй мэндлээд сандал захдуулан суусанд Туяа түүнд зай тавьж Хандаагийн цаана гарч суугаад
-Дарга маань ямар хурдан ирэв ээ. Алив наашаа суугаач дээ. Бид хоёр тантай нэг сайхан наргия гэж бодоод. Энэ миний сэдсэн санаа биш шүү. Хандаа л... гээд Баянаа дарга руу учиртай ирмэж тас тасхийн инээд алдав. Тэгсэнд Баянаа нүд нь сэргэж баярлаж байгаа нь ч жигтэйхэн илт Хандаа руу харж
-Аа тийм үү гэж даруухан дуугарав.
Хандаагийн дургүйлхсэн янзгүй байгаад нь бүр ч урамшиж ширээн дээрх хоосорсон хундагыг хараад
-Алив зөөгчөө, энэ ширээг амттанаар дүүргээч. Аль чанартайгаар нь шүү гэж нүнжигтэй дуугарав. Нүд ирмэхийн зуур цэлгэр том ширээнээ архи дарс, амттан жимс алаглаж уур амьсгал дорхноо бүрдээд ирэв. Бие биенээсээ нэрэлхэж суусан тэд гурван хундага татсанаасаа хойш овоо дуу шуу оров. Хоёр бүсгүйг хөгжөөх гэж Баянаа хошин марзан яриа дэлгэнэ. Хандаад ч энэ нь таалагдаж байгаа нь илт инээд алдан суулаа. Нэг мэдэх нь ээ шөнийн арван хоёр цаг болжээ. Багагүй халсан Баянаа Хандаа руу аажим аажимхан дөхөж суун ямар нэгэн юм хэлэх гээд учраа олохгүй баахан будилж байснаа духныхаа хөлсийг ханцуйгаараа шударч
-Хандаа минь, чи ч мэднэ байлгүй. Би чамайг олон жил сэтгэлдээ хайрлаж явлаа. Ингэж нэг сэтгэлээ нээх өдөр ирдэг юм байна шүү гэхэд нь даруухнаар инээмсэглэн хариу хэлсэнгүй. Баянаа жаахан эмээж
-Миний буруу л даа. Намайг уучлаарай. Гэхдээ л сэтгэл гэгчийг зоргоороо хорьж болдоггүй юм байна гэж ихэд шаналсан аятай тоочсонд
-Таны буруу гэж юу байх вэ дээ. Хүмүүс бие биендээ татагддаг л биз дээ гэж Хандаагийн хэлсэн нь Баянаад том итгэл найдвар төрүүллээ. Хэдийгээр дотроосоо халж сэтгэл санаа уужирсан ч ард үлдсэн охин руугаа яарч тэгсхийгээд бяцхан найраа өндөрлөв. Туяа тэдэнд садаа бололгүй түрүүлээд явлаа. Баянаа жолоочоо дуудаж ирэхийг нь хүлээнгээ Хандаагаас нүд салгахгүй ширтэн зогсов. Төдөлгүй тэдний унаа өмнө нь ирж зогсоход Баянаа машины хаалга нээн Хандааг урьж суулган, өөрөө хажууд нь сууж
-За жолооч минь, яваад байгаарай. Энэ сайхан бүсгүйг гэрт нь аюулгүй хүргэж өгөх ёстой шүү гэж хэлсэнд жолооч залуу тэдэн рүү эргэж хараад
-Мэдлээ даргаа гэснээ Хандаа руу ихэд сонжсон нүдээр харж
-Танай гэр хаана вэ? гэж эелдэгээр асуув. Харц тулсан энэ мөчид Хандаа яагаад ч юм байдгаараа сандарч, дотроос нь хэлэхийн аргагүй халуу төөнөн, огшуулаад ирэв. Ардын дуунд гардаг шиг ёстой л “Төрсөн атлаа зурсан юм шиг” төрх ажээ. Өтгөн хар хөмсөг, тослог бор царай, том биш атлаа дулаахан нүд, зузаавтар зөөлөн уруул, үл ялиг ширвээтсэн сахал гээд л түүний бүх юм Хандааг ховстчих шиг болов. Яг л жаахан охин шиг ичингүйрч, харцаа буруулан
-Манайх эндээс холгүй ээ гэсээр гэрийнхээ хаягийг хэллээ. Сандарсандаа өвдөг нь чичирхийлсэн Хандаа замын турш Баянаатай юу ч ярьсангүй. Хэлсэн үгнийх нь хариуд толгой дохих төдийнхнөөр хариулахад жолооч залуу түүнийг өмнөх толиндоо байн байн харж явлаа. Хандаагийн гэрийн үүдэнд ирж зогсоход Баянаа ихэд хорогдонгуй санаа алдаж
-Ингээд ирчихлээ дээ. Маргааш ажил дээрээ уулзацгаая гэхэд нь Хандаа
-Хүргэж өгсөнд баярлалаа даргаа гэж хөндий хэлээд машинаас буун гэртээ оров. Машины дуу холдон холдсоор сураг тасрахад Хандаа жаахан тайвширч охиноо сэрээхгүйг хичээн сэмхэн алхсаар, орон дээрээ очиж суулаа. Тэгтлээ их сандарсандаа өөрийгөө гайхаж хэсэг бодол болсоноо хамаг шалтгааныг архинд чихээд сэтгэл амар унтав. Маргааш нь өглөө эртлэн ажилдаа очиход Туяа түүнийг их л баяр хөөртэй угтан
-Чи ч өчигдөр тэс өөр хүн болсон байсан шүү. Аль эрт ингэх байсан юм. Одоо Пунцагийг орхино биз дээ гэхэд нь Хандаа нэлээд бодолхийлж
-Үгүй яахав. Баянаа даргад хэтэрхий их найдвар төрүүлчихвий л гэж бодож байна. Би түүнийг зүгээр л ашиглаж байгаагаас хэтрэхгүй гэлээ. Түүний толгойд нөгөөх жолооч залуугийн сэтгэл татам дүр төрх бодогдсон хэвээр л байгаа нь сэтгэлийг нь зовооно. Тэгтэл ажлын өрөөний утас дуугарч түүний бодлыг сарниав. Харилцуураа авсанд
-Өглөөний мэнд. Сайхан амарсан уу? гэх Баянаа даргын боловсон дуу сонстлоо. Хандаа түүний дууг сонсоод эгээтэй л толгойтой үс нь босчихсонгүй. Баянаа даргын эелдэгхэн дуу хоолой түүнд харин ч ой гутмаар сонсогдов. Гэлээ гээд яах ч билээ. Урд орой нь нэгэнт нүүр өгч, багагүй ханд хаячихаад одоо өөдөөс нь ямар уцаарлалтай нь биш. Өөрийгөө хүчлэн дууныхаа өнгийг зөөллөж
-Сайхан амарсан. Та ч гэсэн сайхан амарсан биз дээ гэсэнд утасны цаанаас Баянаа ихэд сэтгэл ханамжтай инээж
-Сайхан амарлаа хө. Би одоо ажлынхаа цайны газарт сууж байна. Чи завтай бол буугаад ирээч. Хамт сууж цай ууя гэлээ. Хандаагийн толгойд тэрхэн зуур олон юм бодогдож амжив. Урьд нь бараг үг ч сольдоггүй байсан хоёр өөд өөдөөсөө хараад цай уусан шигээ инээж хөхөрч суувал хамт ажилладаг хүмүүс юу гэж ярих бол гэхээс ар нуруугаар нь хүйт оргилоо. Сандарсандаа
-Үгүй үгүй гэж яаран хариулсанаа өөрийнхөө хэлсэн үгэнд санаа зовж тэр даруй
-Юу л даа. Өнөөдөр яаралтай тайлан гаргах ёстой. Хоёулаа дараа л хамт тухтай цай ууя гэлээ. Тэгсэнд Баянаа жаахан гонсгор
-Аа тийм үү. Тэгвэл дараа болъё доо гэж хэллээ. Хандаа утсаа тавиад урт амьсгаа авав. Түүнийг Баянаатай утсаар ярихыг ажиглан чимээгүйхэн жуумалзаж суусан Туяа
-Анхандаа би ч гэсэн чам шиг л сандарч, гэм хийсэн аятай гэгэлздэг байлаа. Тэгэхэд чи намайг юу гэж зэмлэж буруутгадаг байсан билээ. Юм гэж ээлжтэй байх юм даа гэж Хандааг эвтэйхэн ёжлов.
-За боль доо. Гайхуулахаар юм хийсэн биш гэж Хандаа ичиж нэрэлхэхийн хооронд хэлээд урдахь дэвтэрээ шагайн төв царайлавч гэм хийсэн аятай хулмалзана.
-Чи тэгээд яах гэж байна. Ер нь тэр Пунцагийг зөнд нь орхиод Баянаатай суувал яасан юм. Чамайг ёстой тосонд умбуулж, торгонд хөлбөрүүлнэ дээ гэж Туяаг хэлэхэд Хандаа энэ үгийг ихэд хүндээр тусгаж авав бололтой Туяа руу сүрхий харж
-Надад тийм бодол байхгүй ээ. Амьдралынхаа бүхэл бүтэн хориод жилийг хэдхэн өдрийн дотор үгүй хийж чадахгүй. Би Пунцагт хайртай. Бие сэтгэл минь тэр хүний нэг хэсэг болсон гээд уртаар санаа алдан цонх руу гунигтай ширтсэнээ сулхан дуугаар
-Би Пунцагийг эргээд ирвэл уучилна. Өдий хүртэл зүтгэснийг минь ойлгож үнэлэх цаг ирнэ гэдэгт итгэж байна гэлээ. Туяа түүнээс ахин юм асууж зүрхэлсэнгүй. Хандаагийн сэтгэл яг л нялх хүүхдийн зулай мэт эмзэгхэн буй нь харваас илт ажээ. Ажлын нэг өдөр эхлэдэгээрээ эхэлж басхүү дуусдагаараа дуусав. Өдөржин толгой өндийлгүй бичиг цаастай зууралдсан Хандаа ядарсанаа сая л мэдэрч цүнхээ үүрэн ажлынхаа үүдээр гартал яг өмнө нь Баянаа даргын машин зогсоно. Тэгтэл хажуунаас нь
-Сайн байна уу? гэж хэн нэг нь тун боловсон мэндлэв. Хандаа бага зэрэг цочин хажуу тийш харсанд өнөөх жолооч залуу өөдөөс нь инээмсэглэн зогсож байв. Аль болох намба алдахгүйг хичээж
-Сайн, сайн байна уу? гэсэнд
-Ингэхэд та бид хоёр танилцаагүй юм байна шүү дээ. Намайг Жавхаа гэдэг. Харин таныг хэн гэдэг вэ гээд гараа сунгав. Түүний зоримог, эрс шулуухан зан Хандаад таалагдаж гараас нь атгаад
-Хандаа гэдэг гэж хэлээд инээмсэглэв. Ямар том, бас ямар халуун зөөлөн гар вэ гэж дотроо бодлоо. Эр нөхрөөсөө өөр эр хүний гарыг бараг л атгаж үзээгүй болоод ч тэр үү гайхмаар сонин мэдрэмж төрнө.
-Таныг хүргэж өгөх үүрэг авсан юм л даа. Тэгээд гарч ирэхийг чинь хүлээж байлаа. Дарга өөрөө яаралтай уулзалт гараад явчихсан гэж Жавхааг хэлэхэд нь
-Өө тийм үү? Зүгээр дээ. Би автобусаар харьчихна гэж хариулсан ч угтаа бол энэ сайхан завшааныг алдмааргүй л байв.
-Юу гэж дээ. Би даргад зэмлүүлнэ ш дээ. Эсвэл та надаас эмээгээд байгаа юм уу?
-Үгүй ээ. За за. Тэгвэл хүргээд өг дөө гээд машин руу чиглэн алхлаа. Жавхаа хаалга нээж Хандааг суулгаад өөрөө жолооны ард суун ажлын үүднээс хөдлөв. Урдахь замруугаа ширтэн таг дуугүй, хүүхэд шиг томоотой явах Хандааг байн байн ажиглаж байснаа
-Та бүр биеэ хураачихаж. Яг л чононд бариулах гэж байгаа юм шиг гээд Жавхаа дооглонгуй инээв. Хандаа ичсэндээ нүүр нь бага зэрэг улайсан ч юу ч болоогүй юм шиг царайлахыг хичээн
-Тэгж харагдаж байна уу? Чи ч доогтой залуу юм аа гэж хариуллаа.
-Уучлаарай. Яагаад ч юм та надад нэг л дотно санагдаад хамаагүй юм ярьчихлаа
-Зүгээр. Тэдний яриа ийн өндөрлөв. Хэсэг хугацаанд чимээгүй, дор дороо бодолд автан явсаар. Ядаж байхад замын бөглөрөө таарч сийрэхийг нь хүлээн зогсоход хүрэв. Яасхийж яриа өдөх вэ гэж хэсэг бодсон Жавхаа
-Манай дарга танд их сайн юм билээ. Дандаа л ярьдаг юм. Бид хоёр ч дарга цэрэг гэхээсээ илүү найзууд шиг л байдаг юм ш дээ. Даргын жолоочоор ажиллаад бараг нэг жил болох гэж байна. Дандаа л таныг ярьдаг гэлээ. Хариуд нь Хандаа эелдэгээр инээмсэглэнэ. Төдөлгүй замын түгжрэл ч арилж Хандаагийн гэрийн гадна ирлээ.
-Хүргэж өгсөнд баярлалаа гээд машинаас нь буухдаа ахиад л сэтгэл нь хоосрон суудал дээрээ ямар нэгэн юм орхиод буучихсан мэт санагдана. Гэртээ ороод өөрийгөө толинд харлаа. Нэг л өөр хүн болчихсон юм шиг. Зүрхээ хүчтэй цохилж байгааг, сэтгэлээ яг л хаврын салхи шиг хуйсгануур байгааг мэдрэх тэр л мөчид Хандаагийн толгойд
-Дурлачихжээ гэх нэг л үг, нэг л дуу сонстоод явчихав. Тэгсэнээ учиргүй сандарч
-Бурхан минь, ийм юм гэж байх уу даа. Би чинь айлын эхнэр шүү дээ хэмээн амандаа бувтнав. Өөрийгөө үнэнч, сайн эхнэр, юунд ч нугарч хугарахгүй ноён нуруутай эмэгтэй гэдэгтээ бардам итгэлтэй байсан тэрээр өөртөө урам хугарч, ой гутах шиг. Энэ явдлаас хойш хэд хоног өнгөрлөө. Сураг сонсох нь ээ Пунцаг өнөө бүсгүйтэйгээ хамт хажуу өрөөнд нь амьдарч байгаа аж. Энэ хэдэн өдрийн турш хүний урманд нэг ч удаа ирээд царайгаа харуулчихаагүйд нь гоморховч өөрөө ч бас зүгээргүй, Баянаа даргын халамжинд хэд хэдэн удаа романтик болзоонд явсан болохоор нөхрийгөө зуун хувь буруутгаж бас боломгүй ажээ. Баянааг түр зуур гарсан хойгуур Хандаа ийн бодож суув.
-Чи зүгээр үү? гэх асуултанд сая бодол нь сарниж
-Аан, зүгээр зүгээр гэсэнд Баянаа ширээн дээрээс хундагатай дарс авч багаханыг шимэн тамшаалаад
-Хоёулаа ямар учир мэдэхгүй жаахан хүүхдүүд биш. Би чамаас ний нуугүй асуув. Пунцаг та хоёр асуудлаа шийдсэн үү гэж асуулаа. Хандаа юу гэж хариулахаа мэдэхгүй хэсэг сууснаа түүн рүү эгцлэн харж
-Бид хоёрын асуудал шийдэгдэх эсэх нь танд хамаагүй юм биш үү. Хэрвээ таалагдахгүй бол та надтай уулзахгүй байж болно шүү дээ. Би танд ямар нэгэн амлалт өгөөгүй л юмсан гэж хариулав. Эрчүүдийн даврамтгай зан гэж аймаар юм. Пунцагийг ч гэсэн би ийм аргаар дарж болох байж шүү. Даанч хэтэрхий хүлцэнгүй зангаасаа болж түүнийг яг л эзэн хаан мэт, бурхан мэт дээдэлснийхээ хариуд сэтгэлийн шаналанд унасан гэж бодохоор өмнөх ширээн дээрх хундагатай дарсыг Баянаа даргын нүүр рүү цацчихаад гармаар санагдав. Гэвч Хандаа далдхан хүсэлдээ хүлэгдэж тэвчин суулаа. Учир нь Баянаа даргаас харьцаагаа бүр мөсөн тасалчихвал сэтгэл зүрхний нь гүнд халуун дулаан, элчийг мэдрүүлэгч өнөөх сайхан эрийг дахиж харахгүй болчихно. Тэгж өнчирсөн зүрхийг нь зогоох цорын ганц шалтаг шалтгааныг үгүй хийчихвэл өөрөө бүр ч илүү дордоно гэхээс айж байлаа. Хандаагийн эрс шулуун үг Баянаа даргыг тэр дор нь буулгаж орхив.
-Юу л даа. Би та хоёрын дундуур орох гээгүй юм шүү гэснээ их л сандрангуй хөлсөө арчаад
-Би жаахан түргэдчихлээ. Чи ойлгоорой хө. Би чамайг дахиж яаруулахгүй ээ. Тэвчээд хүлээнэ гэлээ. Хандааг өчүүхэн төдий л уурлахад яаж сандарч, учраа олохгүй тэвдэж байгаа нь нэг бодлын инээдтэй ч юм шиг. Нөгөө талаар өөрийг нь ийн хүндэлж хайрлаж байгаа эр хүн байна гэж бодохоор сэтгэл өег, өөрөөрөө бахархамаар ажээ. Баянаагийн харалдаа чанх ард, үүдний дэргэдэх суудалд суугаа Жавхаа тэдний зүг байн байн харна. Хандаа тэрхэн зуур Жавхаагийн тухай Баянаагаас асуумаар санагдаад ер болдоггүй. Тэгээд уцаартай байдлаа тэр дор нь өөрчилж
-За тэр яахав дээ. Эрчүүд бүгд л түрэмгий байдаг хойно. Ингэхэд та яагаад машинаа өөрөө барьдаггүй юм бэ гэж асуулаа. Шууд л Жавхаагийн талаар асуувал сэжиг авчихна гэж бодсон нь ч онож Баянаа ямар ч ажиггүй
-Аан, тэр үү. Чи намайг дооглохгүй биз гэж асуув.
-Үгүй ээ. Яалаа гэж. Тэгээд ярь л даа.
-Би жолооны ард суухаас айгаад байдаг юм. Хэдэн жилийн өмнө нэг хүн шүргэснээсээ хойш жолоо барьж чадахаа байсан. Тэгээд л жолоочтой болсон юм. Манай Жавхаа миний жолооч гэхээсээ илүү найз болчихсон доо. Их сайн залуу байгаа юм.
-Өө, тийм үү? Танд таалагдсаныг бодвол их сайн залуу байх нь дээ гэж яриа өдөв.
-Жавхаатай би жилийн өмнө танилцсан юм. Яахав дээ, эр хүний замын хүзүү урт гэдэг дээ. Залуу хүн амьдралдаа алдаж онохын алийг тэр гэхэв. Надад үнэн учраа хэлэхээр нь ажилд авсан хэрэг. Хүн сайтай залуу байгаа юм гэлээ. Хандаа дахин лавшруулж асуулгүй тэгсхийгээд яриа өндөрлөв. Оройн болзооны дараа Хандаа охиндоо хоол хийж өгөх зуураа Жавхаагийн тухай бодсоор. Холдож болмооргүй, халдаж очмооргүй гэгээхэн хүсэлдээ хөтлөгдөж түүнийг зөвхөн сэтгэл дотроо нууцхан хайрлана. Тэгтэл хажуунаас нь
-Ээжээ, би өнөөдөр аавын ажил дээр очсон. Та хоёр муудалцчихсан юм уу? гэж охин нь асуулаа. Ингэж асууна гэж бодоогүй Хандаа юу гэж хэлэхээ мэдэхгүй самгардаж
-Юу гэж дээ миний охин. Аав чинь тэгж хэлээ юу?
-Үгүй л дээ. Тэгээд аав яагаад гэртээ ирэхгүй байгаа юм бэ гэсэнд Хандаа том болсон охиноосоо нууж худлаа хэлэхийг хүссэнгүй. Хажуу дахь сандал дээр суугаад уртаар санаа алдаж
-Тэргэл ээ, миний охин ухаантай болохоор аав ээж хоёрыгоо ойлгохыг хичээгээрэй. Цаашдаа аавыгаа ирнэ гэж тэгтлээ их хүлээх хэрэггүй байх гэлээ. Энэ үгийг хэлэх гэж Хандаа хамаг тэнхээгээ барчихав. Охиных нь гайхсан нүд өөдөөс нь цоо ширтсэн хэвээр
-Та хоёр салж байгаа юм уу гэж итгэж ядсан янзтай асуулаа. Хандаа дэмий л ширээний бүтээлэг хуруугаараа оролдон харцаа буруулаад толгой дохисноо
-Үгүй ээ, миний охин. Аав нь эргэж ирнэ. Яалаа гэж салах вэ дээ. Бид хоёр зүгээр л жаахан тар тур хийсэн юм. Чи мэднэ дээ аавынхаа зөрүүд гэдгийг. Уур нь гарахаараа хүрээд ирнээ гэж инээмсэглэн хэлсэнд Тэргэл охин эргэлзсэн хэвээр зогсов. Энэ хэдхэн хоромд юу болоод өнгөрсөнийг Хандаа өөрөө ч ойлгосонгүй. Эрт орой хэзээ нэг өдөр охиноо ингээд асууна гэдгийг мэдэж байсан атлаа сэтгэлийг нь зовоохооргүй эвтэйхэн хариу хэлье гээд эртнээс бодож байх минь яав даа. Би ч ёстой тэнэг хүн юм. Түр зуурын шохоорхол төдийхөн зүйлд автаж, хажуу дахь охиноо мартаж орхидог хэмээн бодлоо. Үнэхээр ч энэ хэдэн өдөрт Пунцагаас болж шаналсаныг хэлэх үү, Жавхааг бодож дэрвэснийг хэлэх үү үргэлж эмх цэгцтэй буурь суурьтай байдаг түүний сэтгэл санаа ёстой л хөл толгойгоо алджээ. Охинтойгоо зэрэгцээд хайр дурлал хөөж явах нь дөч хүрсэн бүсгүй хүний хийх ажил биш гэдгийг Хандаа өөртөө ухааруулах гэж оролдов. Маргааш нь тэрээр яг л урьдын Хандаа төрхөндөө эргэн орсон юм шиг л нойрноос сэрлээ. Санаа бодол нь цэгцэрч, Жавхаа, Пунцаг хоёрын аль алийг нь ч бодох сонирхолгүй байв. Цүнхээ үүрэн ажилдаа гарлаа. Гудамжаар зөрөлдөх хүмүүс, машин тэрэгний дуу чимээ түүнд нэг л сайхан санагдана. Ямар ч салхигүй, тогтуун агаад тув тунгалаг өглөө ажил руугаа яаралгүй алхах үнэхээр сайхан ажээ. Сонин юм шүү. Пунцагийн тухай бодож, сэтгэл дүүрэн гомдлол шаналалтай явахад энэ бүхэн нүдний өмнө тэр чигээрээ хар бараан харагдаж, харин Жавхаагийн тухай бодохоор хорвоо тэр чигээрээ цэцэг навч, дуу шүлгээр цогцолсон диваажин мэт санагддаг атлаа аль алийг нь ч бодохгүй үед ийм амар амгалан санагдах нь юуных юм бол. Ийн бодож явсаар ажлынхаа өрөөнд орж ирлээ. Үдийн цайны цаг хүртэл Хандаа сэтгэл зовох юмгүй, нэг л тайван амгалан байтал утас дуугарав. Дугаарыг нь харсанд Пунцаг залгаж байв. Өнөөх тайван амгалан тэр дороо л сарниж ямар хэргээр залгаж байгаа юм бол гэхээс өөрийн эрхгүй түгшлээ. Пунцаг хэрийн юмнаас болж залгадаггүй, заавал нэг чухал асуудал гарсан тохиолдолд л залгадаг болохоор бүр ч их айдас төрнө. Албан ёсоор гэрлэлтээ цуцлуулъя гэж байгаа юм болов уу гэж бодсоноо эсвэл эргээд гэртээ ирэхээр шийдсэн юм болов уу гэж тэрхэн зуур баахан самгардав. Тэгээд урт амьсгаа авч жаахан тайвшраад утсаа авлаа.
-Байна уу? гэж албархуу дуугарсанд
-Байна, чи гараад ирээч. Би танай ажлын гадна байна гэлээ
-Би ажилтай байна. Уулзах зав алга даа гэсэнд утасны цаанаас
-Удахгүй ээ. Таван минут л болно. Чамд хэлэх чухал юм байна гэв. Хандаа бүр ч илүү түгшиж эхлэв
-За за. Би одоо гарлаа гээд утсаа тасаллаа. Яг л гэрлэлтээ цуцлуулах талаар ярих гэж ирсэн бололтой. Юу гэж хэлэх билээ гэж хэсэг бодлоо. Хандааг ажлын үүдээр гарч ирэхэд дэргэдэх сандал дээр сууж байсан Пунцаг босч өөдөөс нь дөхөж ирээд
-Надад хашаа байшингийн гэрчилгээ хэрэгтэй байна. Хэрэглэчихээд чамд буцаагаад өгье гэж шуудхан хэллээ. Хандаа юу ч ойлгосонгүй. Бүр балмагдаж орхилоо
-Үгүй чи чинь бүр юу болоо вэ? Мэндийн зөрөө ч үгүй юугаа яриад байгаа юм гэж гайхаж ядан асуухад Пунцаг түүнээс харцаа буруулж
-Сайн уу? гэж мэндлэх нь ч хаашаа юм бэ дээ. Чамайг тавласан юм шиг гэлээ.
-Нээрэн ч тийм дээ гээд Хандаа санаа алдаж
-Тэгээд юун хашаа байшин ярьчихав. Би юу ч ойлгосонгүй гэсэнд
-Жаахан мөнгөний хэрэг гараад зээл авах гэсэн юм аа. Эмнэлэгтээ шинэ аппарат авах гэж байгаа юм гэв. Түүний царайнаас худлаа хэлж байгаа нь илт анзаарагдана. Бодвол өнөө годгоносон охиндоо л зориулах гэж байгаа биз гэж бодохоос уур нь хүрч тэсэлгүй чанга дуугаар
-Хүний үнэргүй амьтан юмдаа чи. Хаяад явсан чинь багадаад охин бид хоёрыг гудамжинд гаргах гээ юу гэж зандрахад Пунцаг
-Чимээгүй бай л даа. Амьтан хүн сонсчихлоо гэж санаа зовсон янзтай ийш тийш харав. Тэгсэнээ Пунцаг эхнэрийнхээ гараас хөтлөн хүчээр чирч гулдрах нь халаг явсаар хүний хөлөөс холдож компаний ар талд байдаг грашний үүдэнд ирж зогсоод
-Би чамд үнэн учраа л хэллээ шүү дээ. Юундаа тэнэг хүн шиг хашигчаад байгаа юм бэ? Хэн та хоёрыг гудамжинд гаргах гээв. Түр хугацаанд барьцаанд тавих л гэсэн юм гэлээ. Огтхон ч ичиж нэрэлхэх нь битгий хэл өөрийнхөөрөө зүтгэж байгаа Пунцагийн өмнөөс хэлэх үг даанч олдсонгүй. Хий дэмий толгой сэгсрэн юу юугүй асгарах шахан мэлтэлзэх нулимсаа арай ядан барьж
-Чамд өчүүхэн ч атугай хүний үнэр алгаа. Даанч дээ гэсэнд Пунцаг санаа алдан газар ширтэж
-Чи намайг гайхаад хэрэггүй ээ. Би ийм л хүн. Чамтай анх суухдаа ч ийм л байсан. Хандаа минь, хоёулаа хэл ам, хэрүүл шуугиангүй мөр мөрөө хөөе гэлээ. Асгарталаа уйлмаар байсан ч Хандаа хөмхий зуун тэсч
-За яахав. Хэрхэхийг цаг хугацаа харуулна биз дээ. Харин чи дахиж миний нүдэнд бүү үзэгдээрэй. Чамаас болж сэтгэл минь урагдаж гүйцлээ хэмээгээд эргэн алхтал Пунцаг араас нь
-Хөөе, тэгээд хашаа байшингийнхаа гэрчилгээг яах вэ? гэж орилов. Хандаа түүн рүү эргэж хараад
-Тэрнийгээ маргааш аваарай. Би ажил руу чинь хүнээр явуулчихъя гэж хэлээд толгой гудайлгүй, нуруу цэх алхсаар түүнээс холдов.