Бичлэгийн тоо 497

ЧОНО-3

Уншсан 13260 vote 0 2011.08.10 23:46:56


3. Учиг.

Намар оройн хур бороо элбэгшсэн үе. Их ян тайгын дээд бие хад асгатай өндөрлөгт нэгэн өлөгчин чоно бараантан нүүгэлтэх хур борооны үүлсийг цоо төөнөх мэт нүд үл цавчлан ширтэж, уянгалуулан уриа хадаахад ой моддын навч мөчир бүр энэ сүрт дуунаас айн ширвээтэх мэт чичигнэн цуурай хадааж алсын алсад дамжуулан түгээвэй. Алс дайдаас хэд хэдэн зүгээс ганц нэг чонын хариу уриа сонстохуй нь хил хязгаар нутгаа сүрэг чоно эргэн тойрон эзэмшихээр буйн дохио болой. Хүнд бараан үүлсийн сиймхий чөлөөгөөр хавирган сарны дээхэн тодоос тод гялалзах үдшийн гялаан хэмээх ганц одыг өлөгчин чоно хурц хараагаа тогтоон ажаад уй гунигаа шавхаж дахин уртаар уриа хадаахад ойн амьтас ясанд хадаж үс босох мэт энэ дуунаас цөм дайжин хулжих мэт нам гүм болж зөвхөн алслан одох цуурай л тэнгэрийн хаяа хүртэл бүдгэрсээр дуулдахгүй болов.

Энэ биеийнх нь нэг хэсэг болон хэцүү өвлийг хамтдаа туулж, хамгийн аймшигт мөчид ч зүрх зоригоороо дайснаа сөхрөөн ялан дийлж явсан залуу чоноо, өөрийн бүлээн хэвлийд өсөн бойжиж үүр шөнийн заагаар гийнан гасалж амь болон тасарсан дөрвөн бэлтрэгээ нүднийхээ өмнө алдсандаа өшөө хорсол нь туйлдаа хүрч, үүр ноохойг нь онгичсон, үр ханийг нь хөнөөсөн болгоныг өдөр алгасалгүй даган шөнө амраалгүй хотонд нь дайрч, барьж идэхээсээ сэглэн хаяж бах таваа хангаад шөнийн харанхуйд уусах мэт алга болдог байлаа. Ингэхдээ залуу чонын хэзээ ч халддаггүй байсан шингэн дуутын хотыг ямагт тойрч гарсаар байв.

Гол усны хөгшид өтгөс энэ бүгдийг тунгаан ярилцаад бушуухан чонын ороо орж гичий чоныг дахин бэлтрэгтэй болохыг хүлээх, эсвэл дав даруй олноор нийлэн гичий чоно тэргүүтэй энэ хавийн бүх чоныг бүрэн устгах гэсэн яриа өрнүүлэв. Нэгэн анчин өвгөний “Ижилдэн дассан ханиа алдсан гичий чоно дахин хэзээ ч нийлдэггүй, ганцаар насыг бардаг” гэж хэлснийг тунгаан хурдан морь, буу саадгаа бэлдэн анхны цаснаар чонын өргөн авд мордохоор ярилцан тарсныг тайгын чоно хэрхэн мэдэх билээ.

Эргэх цагийн жамаар цас унасан анхны өглөө хэдэн залуус мөр хөөж, хаагуур гүйдэл идэвхтэй байгааг тандахаар ой руу явцгаав. Тэд хэд хэдэн чонын мөр сайн ажсанаас биш харин аль нь гичий чонынх вэ гэдгийг ялган таньж чадалгүй буцав. Ойгоор мөр хөөж явсан морьтнуудыг гичий чоно алсаас харан байдлыг тандан дагасаар хаа хүрснийг нь мэдээд нэлээд сахьсан боловч онц сэжигтэй байдал ажиглагдаагүй ч байнга хоноглодог байршлаа солин ойн гүн рүү улам шурган оджээ.

Хэд хоногийн дараа ойд их дуу чимээ, галт тургигчийн нүргээн хадан чоно гангинан гаслах, улин шаагих дуу нэг хэсэгтээ тасарсангүйд өлөгчин чоно зөнгөөрөө муу юм болж буйг тааварлан хэвтшээсээ огт хөдөлсөнгүй өдрийг бараад шөнө дөлөөр ой руу буув. Түүний таамаг зөн зөв байсныг гэрчилж газар сайгүй ижил сүргийнх нь цус нөж асгарсан байхыг олж шиншин цээжний гүнд уй гашуугийн намуухан гийнээн хадаасан боловч гадагш гаргасангүй, түрүүнээс анаж байсан хот айлын зүг сэм дөхлөө.

Чухам тэнд нэг суудлаар арав гаруй боохой намнасны баяр хөөр болж өмхий үнэрт шингэн уусан харчуудын бүдүүн дуу хадаж байлаа. Гэрт буй хүмүүсээс нэгэн өвгөн чимээ багатай буйг гэрийн эзэн анзаарч “Баавай, та юунд дуугаа хураачив. Чонын сүнс эргээд байна уу” гээд хахаж цацан инээж аяга дүүрэн нэрмэл мэлтэлзүүлэн барихад,

-Хүүхдүүд, дүү нар минь. Бид олон чоно унагасан нь бахтай ч хамгийн аюултай саарал гичийг олж ч харж чадсангүй дээ. Тэр бол хүнээс илүү ухаантай, айхтар өш хонзонтой амьтан байгаа юм. Та бүхэн минь дахин ой самнана байгаа. Түүнийг намнаагүй байхад бид тайван нойртой хонох тухай бодох ч эрт л байна даа гэв. Гэрийн эзэн,

-За, Баавай минь тэрийг чинь бид уулыг тал, талыг там болтол нь хөөж байгаад намнанаа. Та бүү санаа зовогтий. Олзны хишиг хүрт, хүрт хэмээн мар мар хийн инээж суув. Чухам энэ агшинд гадаа хотны ноход гаслан гангинаж хуцалдан, хоттой хонь үхэр үргэн пижигнэх, авгай хүүхнүүд хашгиралдах дуунаар хөлчүү эрс учраа олохгүй нэг хэсэг таг болсноо Баавай өвгөний “Гараач, та нар. Яачив, хамаг мал хиарууллаа. Нөгөө мундаг анчид яав” хэмээн үглэх дуунаар сэхээ авч буугаа шүүрэн ухасхийцгээн хаалга үүдээр шахцалдан гарсан боловч хожимджээ. Тэднийг чухам хаана юу болоод байгааг сэхээрэхээс нь өмнө гичий чоно хэргээ бүтээгээд алга болсон байлаа.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4968224/472/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
477 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17105
476 "eleglel"chapi(sonsoh) pitty1 2008-07-09 16676
475 "ergelzee" hurlee(sonsoh) pitty1 2008-07-09 16375
474 ТИТЭМ ҮГ-Чин сэтгэлээсээ талархаж суръя finepix 2009-05-01 15843
473 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
472 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
471 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
470 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
469 Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
468 TOGLOOM [1] ~~~*oGoGo*~~~ 2008-07-13 14978
467 Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2] mgldevochka 2009-07-17 14576
466 Нөхөн үржихүйн багш(oguullegiig sonsoh) [1] pitty1 2008-07-09 14208
465 Харь нутгийн бvсгvй pitty1 2008-07-09 13738
464 Болзоо pitty1 2008-06-30 13669
463 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13555
462 Могой pitty1 2008-06-30 13414
461 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13322
460 Сөөхий pitty1 2008-06-30 13286
» ЧОНО-3 natural88 2011-08-10 13260
458 burmiin amttai burmaa [3] huld 2009-04-15 13119
배너신청
자생병원

배너신청