Бичлэгийн тоо 497
Photobucket
Эргэн дурсахуйд элээх хорвоогийн хүмүүн заяат алдарт бөхийнхөө тухай үг урлаж, үсэг хэлхэж сууна. Халхын сайхан эр Юндэн шиг ард түмнийхээ сэтгэлд мөнхөд хоногшсон Булган аймгийн Сайхан сумын (хуучнаар Түшээт хан аймаг Дайчин Чин Ван Ханддоржийн хошуу) уугуул, Монгол үндэсний бөхийн даян аварга С.Цэрэн агсны тухай дурсамж ярилцлагаа толилуулья.

Анх аваргыг би хаана харлаа. Аа тийм 1974 онд МПСОрдонд бөхийн дугуйланд суралцаж байхдаа  Улсын наадмын хүүхдийн барилдааныг явуулахад засуул хийсэн юм байна. Тэгэхэд С.Цэрэн аварга маань аварга Ч.Бээжингээр тав давж шөвгөрч өнөд баясгалант чимэг авч байсан. Өтгөн хар хөмсөгтэй, сартгар уужим хамартай, гараа  дэвээ сайхантай монгол бөхийн сонгодог төрх бүхий хүн байлаа. Манай ахмад бөхчүүд ярьдаг, ээ дээ манай С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ч.Лундаа, Д.Галдандагва, Д.Загдаа, аварга Д.Дамдин нар ч мөн гудиггүй  сайхан эрчүүд шүү. Үнэхээр л сайхан бөхчүүд. Бас ихэнх нь Булганы бөхчүүд байгаа биз гэж. Сүүлд 1987 оны Цагаан сарын барилдааны өмнөхөн алдарт засуул Ш.Лүгдэв гуай бид хоёрт аварга өөрөө ингэж хуучилж билээ.
-Би чинь халхын алдарт хоёр аваргын хүй цөглөсөн нутагт төрснөөрөө бахархдаг юмаа. Би 1937 оны туулай жилд төрсөн хүн. Хавар цагт Агуйтын голын зүүн талд сүндэрлэх Агуйт уулын баруун урд үзүүр Хадаг толгойн хаваржаанд мэндэлсэн. Бараг л 30-аад жил барилдлаа. Миний аав Сэрээтэр дархан гэж хүн байсан. Би дөрөв дэх хүү нь. Тэрний буян ч юмуу зодог шуудаг урлах гарын дүй гайгүй шүү. Одоо чинь гар хөдөлсөн хүн хоосон хонохгүй дэг ээ. Хурга ишиг даган хөлд орж адуу малтай ноцолдож бяд суусан гэх үү дээ. Манай Сайхан нутаг бөх  элбэгтэй. Том сайхан бөхчүүдийг халхайж хэлхийн суух, алхах, гишгэхийг  харах дуртай, тэдний яриа хөөрөө ч амттай. Өвгөчүүл биднийг  хөөргөдөхдөө том болно гээд л хооронд нь барилдуулна. Нутгийн сайхан ах  нар хүнийг төлөвшүүлж эр хүн болгодог юм билээ. Гэрт бөх хүн ороод ирвэл өвдгийг нь түшээд суучихна. Бүхнийг мартана, ах, эгчдээ загнуулна. 12 настайдаа сумандаа Майн баяраар “Улаан гуталт” Б.Жанчивдорж гуайн аманд  гарч байлаа. Октябрийн баяраар нэг нутаг усны уран барилдаантай “хар хошуу” Чимид гэдэг бөхийг хаяж бөх болох гараагаа эхэлсэн юмдаг. Дараа нь 16 настайдаа зэргэлдээх Баян-Агт суманд түрүүллээ. Олигтой бөх байгаагүй юм аа. Тэр үед  унага тумбарайдаж бяраа үзүүлдэг байсан бол бөх болсоор тумбарай мэхийг гаргууд хийдэг болсон. Ид залуудаа бөхийг ширвэж, шилж амлаж явлаа. Амаа  буруу авч дээгүүр барилдах жилээ өвдөг шороодож явсан ч удаа бий. 1970 онд Бээжинг түрүүлдэг жил би их сайн байсан. Тэр жилийн наадмаар  Г.Дамдиндоржийгоо  амлаад авсан чинь мань хүн уурлаж чамайг хараана, ерөөнө гээд ухаан санаа үймүүлж байгаад намайг хаячихлаа. Би л  унхиагүйдээ унахгүй юу, тэрнээс биш “хулгар”-ын хараана гэж хаашаа харсан юм байхав, Хөвсгөл гэхээс цаашгүй золиг. Одоо манай “өмсдөг” шиг хийморь цогтой гардаг бөх алгаа. Унасан хаясан ч цаанаа нэг урамтай даа. Намайг их ойн одтой аварга л гэдэг, одтой өдөр гэхээс одтой бөх гэж үгүй болов уу. Монгол бөхийн барилдаан бидний үед үнэхээр шударга байлаа. Шударга зан нь ч бөхийн барилдаан дээр харагдаж, тэр ч бүү хэл начин төрдөггүй  наадам ч байсан юм шүү. Улс хувьсгалын 40 жилээр миний хувьд тавын даваанаас хойш их зориг орсон. Өмнөөс өрөөд зогсож байгаа бөх цээжинд багтаад, бушуухан шиг л атгаад өмийлгээд тавьчих юмсан гэж бодогдоод. Залуугийн өвчин шүү дээ. 50 жилээр бол нас ухаан тэгширсэн үе байлаа. Ер нь ч сайн барилдъя гэж бодсон, сайн ч бэлтгэл хийсэн. Дөрөвт үлдээд Ж.Хайдавт залрах дөхсөн, Лүүгээ та байгаагүй бол өнгөрсөн шүү. Хайдав ч сайн бөх шүү дээ. Баянааг бол хаяна гэж цээжинд багтаагүй, хэрэг дээрээ өөрөө  л буруутсан. Илүү юм огтхон ч байхгүй. Баянаатай барилдана гэж өөрийгөө ирлэж бэлтгэдэггүй байсны харгай. Аварга хүн чинь ганц хоёр олигтой бөхтэй барилдана уу гэхээс тааруухан бөхчүүд бол тооцоонд нь байдаггүй  юм. Манай хоёр Мөнх өөрсдийгөө бүрэн дайчилж чадсан хүмүүс. Лундаа, Галдандагва, Цэрэндаш гурвыг би заан арслан болох л улс гэж бодож явдаг байлаа, даанч сэтгэлд хүрсэнгүй ээ.
Бөх хүн өөрийгөө дутуу үнэлэх эсвэл хэтрүүлж үнэлснээс амжилт гаргадаггүй тал бий. Мөнхбат, Баянмөнх, Эрдэнэ-Очир, Дэмүүл, Санжаа эд  чинь тэгш сайхан биетэй амьтад. Хоёр Мөнх алсын бодолтой холч улс, Дамдин чинь гайхалтай бяртай, чулуу л гэсэн үг.
Манай бөхийн мэх чинь асар олон боловч нэг л мэхээр мөнхөрдөг. Та нар бод л доо. “Өмсдөг” Дамдиндорж, “дүүгүүр” Гомбосүрэн, Сэрээнэн, Болдбаатар, “тавхай” Баасансүрэн, гээд л, намайг тумбрай ч гэдэг юмуу ер нь нэрлэнэ шүү. Бөх  хүнд удам заавал нөлөөлдөг, ээжийн минь талд “түнтэн” Нямаа гэж бөх байсан гэнэ лээ. Одоогоор эмч, тэр үедээ сайн маарамба байж, даншгийн арслан бөх. Залуу бөхчүүддээ ах бөх, аварга хүний хувьд зөвлөхөд архи  дарснаас хол, ахмадын үгийг алдалгүй дагаж мөрдөж явбал өлзийтэй сайн шүү. Бөх хүн чинь төрийн наадмын ариун дагшин баатар нь байдаг. Манай монголчууд шиг бөхдөө тийм их хайртай ард түмэн дэлхийд олонгүй байхаа. Иймэрхүү сайхан бичил ярилцлагыг тэр үед “Хөдөлмөр” сонинд өгсөн ч гаргаагүй юмдаг, одоо эрийн сайхан аваргынхаа тухай үр хүүхэд, хүчит олон бөхчүүд, найз нөхөд нь юу гэж дурсаж явдгийг сонирхуулъя.

Аваргын охин Цэндсүрэн
Би дээрээсээ найм дахь, доороосоо гурав дахь хүүхэд нь, эрэгтэй нь дөрөв юм. 12 настайгаасаа аавыгаа дагаж зодог оёдог болсон, ер нь манайхан цөм л зодог шуудаг, малгай оёно. Миний аав нэртэй төртэй олон бөхийн малгай, зодог, шуудгийг захиалгаар оёсон. Хамгийн сүүлд Бат-Эрдэнэ аварга, Оргилболд хоёрынхыг оёсон байх. Бидний багад та нар одоо л оёж сурахгүй юм бол хэзээ оёж сурах юм гэж хэлдэг, их ч холын ухаантай хүн байж. Аав модоор сийлбэр хийнэ. Жолооч, ачигч гээд янз янзын ажил хийсэн байх. Найз нөхөд олонтой, хэн хэн гэж хэлж барахгүй, гараад явахаараа нэг алхаад л найз нь. Хоол унд хийх,  дээл хувцас оёх, хар бор ажил ер юу ч бол юуг хийнэ. Их үнэнч, чанартай хийнэ дээ, хашаа хороогоо сайхан цэвэрлэнэ. Өглөө эрт босоод 6-7 цагт оёдлоо дуусчихаад хүн босохоос өмнө очиж уулзана гээд яваад өгнө. Охид бидэнд хүртэл платье оёчихно. Хүүхдүүдээ загнаж зодно гэж ер үгүй, учрыг гаргаж хэлнэ. “Сэр сэр салхи” гээд л дуулах дуртай. “Цэргийн нөхрөө хөө  Цэрэнтэйгээ хоёулаа хө” гээд дуулаад өгөөч гээд л гуйна. Их өрөвчхөн, зөөлөн сэтгэлтэй, уйламхай, хүүхэд биднээсээ нууж уйлна, намайг аргадах гээд очихоор зүгээр зүгээр цаашаа гэдэгсэн. Миний аав ёстой л ардын дууны Юндэн шиг хүн байсан даа.

Улсын заан Т.Зундуй
Аварга бид хоёр нэг үеийнх, чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчид. Үй зайгүй нөхөрлөж, “армийн таван халуун” гэгдэж явлаа. “Армийн таван халуун” гэдэг нь Цэрэн, Бээжин, Эрдэнэ-Очир, Санжаа бид тавыг хэлдэг байсан юм, биднээс ч бөхчүүд бэргэдэг, таарахаас халширдаг байсан үе. Тэр үед одоогийнх шиг сайхан залуу шалгаруулах тэмцээн зохиогддог байсан бол манай хүн лав хэд хэд түрүүлэх байх шүү. Бидэн дунд зогсож байгаа нь арай цэвэрхэн, үзэмжтэй. Мориор бол юу гэмээр ч юм дээ. Зодог шуудаг, малгайгаа өмсөөд засуул дээрээ гараад зогсож байгааг нь харахад уяан дээр нэг сайхан эмээл хазаартай дэлийг нь зассан сайхан морь, тэнзэн ташуурыг нь шондож уясантай дүйцүүлмээр санагддаг юмаа, тэр л гэсэн үг дээ. Ядарсан хүнд их тусч, хаана л явна  монгол дээлээ голдуу өмсөнө, өнгө нь ч гэсэн ногоон, үгүй бол хөх байх жишээтэй. Цэнхэр тэнгэр, хөрст ногоон дэлхийдээ хайртай хүн байж дээ. Би  найзынхаа хийж өгсөн сайхан зодог шуудгийг өмсөж улсдаа шөвгөрч л явлаа. Ханилж явахад ханилгаатай, эрийн жудагтай хүн дээ.
 
Дархан аварга Д.Дамдин
Цэрэн бид хоёр бөхөөр ч “нөгөө юмаараа” ч их найзална. Талийгаач, улсын начин Галдандагва бид гурав Дамбадаржаагийн дэлгүүрээс нэг удаа авдар архи аваад зайдуу гараад уучихаад шилийг нь буцаагаад өгсөн. Цэрэн худалдагч охиныг нь таньдаг тулдаа л шилтэй нь авахгүй юу, тэрнээс биш танихгүй хүн авдар битгий хэл, нэг шилийг ч өгөхгүй шүү дээ. Цэрэн “гурван ах нь энүүхэн энд жалганд гялс хийчихээд ирье” гэсэн гэнэ лээ. Хүн их танина, цуг явахад надаас илүү шүү, би бүр зовдог юм. Хүнийг хуурч мэхлэх гэж үгүй. Цэрэнд ч тэд итгэдэг байсан байх. Нэг удаа хуучин циркийн өмнө IV дэлгүүрээс нилээд том үхрийн хөлдүү хаа гуя хоёрыг брезентээр ороогоод үүрчихсэн огт түүртсэн шинжгүй, хажуудаа нэг өвгөн дагуулчихсан хойшоо явж байна. Би тааралдаад асуулаа “Чиний бяр чинь ихдээд тээшээ машинаар биш, явганаар зөөдөг болоо юу” гэхэд “Үгүй хөө нутгийн өвгөн таараад гэрт хүргээд өг гэсэн юмаа”. Их зайтай гурван  буудал газар шүү дээ. Тийм л тусч хүн байсан юм. Одооны манай залуучууд, бөхчүүд ч гэсэн ингээд хонины мах ч дөхүүлж өгөх болов уу даа, хувцас биеэ хайрлаад.

Бөх сонирхогч Г.Амар
1962 оны эцсээр юмдаг манай чөлөөт бөхийн анхны шигшээ багийн тамирчид Софи хот руу бэлтгэл хийхээр явах болоход бөхийн хорхойтнуудаас гадна олон хүн галт тэрэгний буудлаас үдэн  гаргаж өгч билээ. Энэ үед ихэвчлэн европ хувцас өмссөн, тэднийгээ биеийн сайхан хувцасны зохисныг шагшицгааж байлаа. Ялангуяа С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар маань европ хувцсыг дүүргээд мөн ч сайхан харагддагсан. Тэр дундаа С.Цэрэн бүр ч онцгой. Энэ үед “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ хоёулаа” дууг түүнд зориулж зохиож байсан юм гэнэ лээ.

Шигтгээ
Үүнийг бичигч би 1987 оны сар шинийн барилдаанд нэгийн даваанд Говь-Алтай аймгийн харьяат улсын заан У.Пүрэвийг, хоёрын даваанд Булган аймгийн харьяат даян аварга С.Цэрэн нарыг өвдөг шороодуулан давж начин болсон юм шиг хөөрцөглөж явлаа. Тэгээд гуравт улсын арслан М.Мөнгөнд өвдөг шороодоод хоёр давсан байгаа авахаар очтол мөнгөний баримтан дээр С.Цэрэн гэсэн гарын үсэг байлаа. Би гайхаад эргээд хартал аварга аймгийн арслан Сэрээнэн гуайтай хамт зогсчихсон “Ах нь шимтгэлээ авлаа” гээд тэгш цагаан шүдээ яралзуулан инээж зогссон сон. Тэр зунаа наймдугаар сард төмөр замчдын баярыг Төв цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэхэд мөн л хоёрын даваанд аваргатай таарч хөлд нь орж хаях санаатай будилж яваад алдарт тумбарай мэхэнд нь аль муугаа үзэж уналаа. Бяртай хүнд дарагдаад шүдний бүх паалан унасан байсан юм. Илүү юм илүү л байдаг юм гэдгийг тэгэхэд мэдэрсэн, харьж явсан үе нь шүү дээ. Ид үед нь салхинд нь  унах байлгүй. Дараа жилийн наадмаар аваргаас би 25 төгрөгөөр сайхан жанжин малгай авч өмсөж байлаа.

Дархан аварга Х.Баянмөнх
Манай үеийн бөхчүүдийг Цэрэнгүйгээр төсөөлөхөд бэрх. Бид олон жил нөхөрлөж, үерхэж, барилдаж явсан сайхан андууд. 1990 оны эхээр халхын сайхан эр Юндэнг шалгаруулах анхны уралдаан болж эхний гурван байрыг манай бөхчүүд эзэлж байлаа. Хэрвээ 60-аад оны үед ийм тэмцээн зохиосон бол манай С.Цэрэн, У.Мижиддорж, Г.Баттогтох нар эхний гурван байрт орж, Цэрэн лав түрүүлэх байсан. Манай алдарт зохиолч Ч.Лодойдамба гуай амьд сэрүүндээ “Тунгалаг тамир” киноныхоо цахиур Төмөрийн дүрд Цэрэнг маань тоглуулах санал тавьсан юм гэнэ лээ, аварга маасайтал инээж байгаад тоогоогүй юм гэдэг. Одооны сайхан бөхчүүд дотор Цэрэн шиг минь нүдэнд тусах хүн харагдахгүй л байгаа юм даа.

Аймгийн арслан М.Пүрэвсүрэн
1969 онд цэрэгт анх  ирээд хотод заалны барилдаан үзэж байгаад аваргыг анх харсан, ёстой  сүрдмээр. Нэг л сайхан ширээ ат байдаг даа, түүнтэй төстэй. Гараа дэвээ гэж үлгэрийн шувуу л гэсэн үг. “Алдар” нийгэмлэгт ирээд заал танхимын барилдаанд зодоглох болсон хойноо аваргатай барилдах завшаан хэд хэдэн удаа таарсан боловч хаяснаасаа унасан нь их. Сүүлд албан ажлаар Эрдэнэт хотод ирэхэд нь хуучлан ярьж суухдаа “Та тэр бөхийг хаяж байсан уу” гэхээр л хаяж байснаа биш унаж байснаа яриад л гарна даа. Дэндүү гэхэд дэндүү нь ихэдсэн сайхан хүн байлаа.
 
Улсын ахмад арслан Г.Цоодол
1960 онд баяр наадмын тавын даваанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, цэргийн залуу бөх Сэрээтэрийн Цэрэнг Баянхонгорын Б.Лхагваа гэгч барилдааны сурцтай ирэмгий сайхан бөхөөр дөрөв давахыг хараад цэргийн энэ хүүхдэд унавал  уная, хаявал тэр биз гэж амлаад хүч хүрээгүй. Надаар начин цолны босго  алхаад цаашид хүчтэй заан Л.Сосорбарамаар зургаа давж улам нэмэх  чимэгтэй начин цолд хүрч, дараа жил нь улсын нэртэй сайчуулыг хаян түрүүлж Монгол улсын аварга цол хүртсэн дээ. Ийм сайхан бөхийг улсын цолд хүргэсэндээ баярлаж явдаг юм. Даанч богинохон насалсан даа.

Энэчлэн аваргын тухай дурсамж олон. Түдэв хуурчийн морин хуур яруухнаар эгшиглэн, Магсархурцын Дугаржав эрдүү хоолойгоор дуулан, төрийн түмэн эхийн төвөргөөн сонсогдон, нарийн шингэн гийнгоо уянгалж хурдан азарганууд дэл сүүлээрээ сүр хүчээ гайхуулан салхи татуулан гарч, нэгийн  давааны бөх тавьж, аварга, арслан, заан, начингууд дэвэн дэвсээр асрын өмнө ирж шавахуй монгол газрын гайхамшиг монгол хүмүүний цог заль төгөлдөр жаргалан билээ. Эрийн гурван наадам ингэж эхэлдэг. Даян аварга Цэрэн маань төр улсынхаа их баяр наадамд ийнхүү түмний эхийн аялгуу,  хурдан хөлгийн төвөргөөн дунд алтан соёмбот далбааныхаа намираас доор 32 жил дэвэн дэлж, уран сайхан барилдаанаараа олны хайр татаж хишгийг  нь хүртсэн ажгуу. Хүү Намжилсүрэн нь нэгэн үе улсынхаа наадамд эртэй  зоригтой П.Сүхбат гарьдаар дөрөв давж бяр хүчит Ц.Цэрэнпунцаг гарьдад  өвдөг шороодож байж билээ. Аав хүү хоёр бурхны орноос Булганы  хүчтэнүүдээ харж хайрлаж буй нь лавтай.
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/456909/5d0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
477 Moroodliin egch (oguulleg) 2-r heseg 2424mgl 2012-04-10 17105
476 "eleglel"chapi(sonsoh) pitty1 2008-07-09 16676
475 "ergelzee" hurlee(sonsoh) pitty1 2008-07-09 16375
474 ТИТЭМ ҮГ-Чин сэтгэлээсээ талархаж суръя finepix 2009-05-01 15843
473 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
472 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
471 Лимбийн эгшиг /Өгүүллэг/ [1] pitty1 2008-06-30 15343
470 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
» Агуйт уулын аварга бөх даян аварга С.Цэрэн pitty1 2008-06-30 15198
468 TOGLOOM [1] ~~~*oGoGo*~~~ 2008-07-13 14978
467 Цээжинд нь чоно гөлгөлсөн хүчит арслан [2] mgldevochka 2009-07-17 14576
466 Нөхөн үржихүйн багш(oguullegiig sonsoh) [1] pitty1 2008-07-09 14208
465 Харь нутгийн бvсгvй pitty1 2008-07-09 13738
464 Болзоо pitty1 2008-06-30 13669
463 Насанд хvрэгчдэд: ”Нууц” хаягийн эзэн /эротик єгvvллэг/ DANTES 2009-06-26 13555
462 Могой pitty1 2008-06-30 13414
461 Адуу манаж эр хүн болсон нь [1] mgldevochka 2009-06-21 13322
460 Сөөхий pitty1 2008-06-30 13286
459 ЧОНО-3 natural88 2011-08-10 13260
458 burmiin amttai burmaa [3] huld 2009-04-15 13119
배너신청
자생병원

배너신청