Бичлэгийн тоо 497
Аль хэдийн ажил таржээ. Түрүүнээс хойш хичнээн ч их залгаад Соёлоо гар утсаа авсангүйд Төгөлдөр жаахан гайхлаа. Ажилтай гэж мэссэж ирэх нь ирсэн, гэхдээ л орой хоёулаа паркаар зугаалж, маргааш хамт зуслан явья гэж тохирсон доо. Гэнэт мэссэж ирлээ, хартал ашгүй Соёлоогоос байж Төгөлдөрийг баярлууллаа.
“Уучлаарай Төгөлдөрөө би зусланруугаа явж байна, чамтай цуг зугаалж чадахгүй нь. Бас хүсэхгүй байна. Бид хоёрын зам нийлэхгүй юм байна, ингээд салъя даа. Дахиж залгаад хэрэггүй “ гэж Соёлоо бичсэн байх ажээ. Төгөлдөрийн нүд нь өөрийн эрхгүй бүрэлзэж сандал дээрээ суун туслаа. Тэр дор нь эргээд залгасан боловч Соёлоо аль хэдийн утсаа салгачихсан байх нь тэр. Төгөлдөр нь дотор нь бачимдан яах учраа ололгүй гөлийн суулаа. Өчигдөрхөн хоёулаа хичнээн сайхан байлаа даа, орой зугаална, маргааш хамтдаа зуслан явж амрая гэж тохирчихоод хичнээн сайхан байлаа. Ажил дээрээ нэг л аз жаргалтай хүн инээд алдаад суугаад байсан чинь. Би түүнийгээ гомдоох, ийм хатуу үг дуулах юу хийсэн хүн бэ. Ерөөсөө шууд хойноос нь зуслан явья. Шаргаморьт зуслангийн бүх байшингаас асууж байгаад ч хамаагүй Соёлоогоо олж уулзая хэмээн гэнэт шийдэн ажлаасаа гарлаа. Ажлын хаалгаар дөнгөж гартал өөдөөс нь зэвхий царайтай, уйлсанаас нь болж нүд нь улайсан Уянгааг хараад өөрийн эрхгүй сандран тосон очив. Яасан бэ Уянгаа хэмээн асууж амжаагүй байхад Уянгаа Төгөлдөрийн цээжинд наалдан эхэр татан уйлах нь тэр.
Урд нь хэзээ ч ийм гомдолтой уйлж байгаагүй, тэр байтугай юунаас болж хэдэн удаа уйлсаныг нь Төгөлдөр бараг тоолж мэдэх билээ. Уянгаагийн нулимс Төгөлдөрийн цамцыг нэвтэлж цээжийг нь халуу оргиулан төөнөнө. Төгөлдөр одоо л Уянгааг ямар хэцүү байгааг бүрэн ойлгох шиг боллоо. Ямар ч буруугүй Уянгааг элдэв тайлбаргүйгээр зүгээр л орхичисон нь дэндүү муухай харгис хэрэг болжээ. Хичнээн ч удаан хоёр биеэ гэж үерхсэн билээ дээ. Гэхдээ бидний үерхэлд дассан сэтгэл байснаас хайр байгаагүйг Уянгаад ойлгуулах, бас түүний өмнө буруутайгаа хэлж түүнийг тайвшруулахыг хүслээ. Уянгаа тайвширдаа, одоо нүүр нь муухай боллоо, хоёулаа манайд очиж сайн ярилцая гээд гараас хөтлөн гэрлүүгээ харьлаа. Юутай ч гэсэн огт буруугүй Уянгаагаа ингэтлээ зовоож уйлуулсандаа Төгөлдөрийн сэтгэл одоо шимширч, юу ч болоогүй мэт дан ганц өөрийн жаргалыг хөөгөөд явсандаа санаа нь ихээр зовж эхлэв. Соёлоо маань удахгүй уур нь гарч утсаа асаах биз, хэрвээ утсаа асаахгүй бол өглөө эртлэн зуслан явж Соёлоогоо хайж олж уулзая хэмээн шийдэв. Харин одоо Уянгааг тайвшруулж буруугаа хүлээнэ. Бас өөрийгөө хэдий буруутай ч гэлээ жинхэнэ сэтгэл зүрхээрээ хүнд дурласан болохоор хичнээн ч өөрийгөө хүчлээд Уянгааг хайрлаж чадахгүй гэдгээ тайван сууж ярилцаж ойлгуулахыг хүсчээ. Хуучин янзаараа Төгөлдөрийн гарт нь наалдаад явж байгаадаа Уянга сэтгэл ихэд хангалуун байлаа.
Одоо гэрт нь очоод Төгөлдөрт Соёлоотой уулзсан гэдгээ харин яаж эвтэйхэн хэлэх вэ, Соёлоо хэлсэндээ хүрэх юм бол би Төгөлдөрийн аргыг эвтэйхэн олчихно, хамгийн гол нь энэ хоёрыг дахин уулзуулахгүй байлгах арга олох хэрэгтэй байна гэж Уянгаа элдвийг эрэгцүүлэн бодож явлаа. Удалгүй тэр хоёр Төгөлдөрийн гэрт нь ирлээ, гэрийнхэн нь Уянгаа Уянгаа ирлээ хэмээн баярлалдан өгүүлэх боловч үсээ жаахан урагш унжуулсан Уянгаагийн нүүрийг нь олж харсангүй. Уянгаа цовоо дуугаар мэндлээд бушуухан Төгөлдөрийн өрөөг зүглэлээ, муудалцсан тухайгаа гэрийнхэнд нь мэдүүлэх нь Уянгаагийн төлөвлөгөө биш.
Төгөлдөр гэртээ байдаг Уянгаагийн аяга хэмээн нэрлэдэг бариултай шилэн аяганд халуун цай хийж Уянгаад өгөөд, өрөөнийхөө үүдийг сайтар хаагаад орон дээрээ сууж Уянгаагийн өөдөөс харав. Уянгаа босч Төгөлдөрийн орны дээл талд зэрэгцэн суугаад орны дээдэх бяцхан шүүгээний дээд шургуулгыг татан онгойлголоо. Уянгаа Төгөлдөрийн сэтгэлийн хамгийн эмзэг газрыг олж хөндсөн нь тэр байлаа. Төгөлдөр орныхоо тэндэх шүүгээний дээд талын шургуулгад Уянгаагын дуртай хоёр шоколодыг заавал авч тавьдаг сан. Бүр хэрэг болгон байн байн шалгаж байж гэрт нь ирэхээс нь өмнө хоёуланг нь авч тавьдаг. Тэгээд Уянгаа ирэх бүрдээ хамгийн түрүүнд орных нь шүүгээг уудалж хоёр шоколадаа хараад, инээд хөөр болон баярлаж иддэг болсоор олон жил өнгөрсөн билээ. Уянгааг орныхоо шүүгээг уудалж байх зуур энэ бүхнийг Төгөлдөр хоромхон зуур эргэн санаад сэтгэл нь шимширлээ. Тэр дороо Уянгаа өөрийнхөө дуртай шоколадаа гартаа атгаад яаралгүй задлан хэсгийг нь Төгөлдөрийн аманд хийлээ.
Төгөлдөрийн зүрх нь түг түг цохилно. Түүний бодсончлон тийм ч амархан салая гээд хэлчихэж чадахгүй нь дээ. Харахгүй байхдаа зүрхтэй байлаа, одоо харин хажууд нь байхад би өөр хүнд хайртай гээд ам дүүрэн хэлчихэд ямар хэцүүг ойлгож эхэллээ. Уянгааг тэрээр хайртай бүсгүй, ирээдүйн ханиа гэж өөрийнхөөрөө хайрлаж байсан нь хэдхэн шахуу хоногийг өмнө биш гэжүү. Аман дотор нь хайлмагтах шоколадны танил амт, гуниг дүүрэн харцаар өөд хараад суух Уянгаагын сүрчигний дотно үнэр Төгөлдөрийн сэтгэлийг туйлын ихээр шаналгана. Яасан ч гэсэн би Соёлоодоо хайртайгаа хэлэх хэрэгтэй. Хичнээн их хэцүү байсан ч хэлэх л хэрэгтэй. Учир нь Соёлоо түүнд хайртай болохоор өөрийгөө хүчээр бариад Уянгаатай үлдчихвэл Соёлоогийнх нь зүрх нь хичнээн их өвдөх бол. Ямартай ч Соёлоогоо зовоохгүй юм сан. Хайр сэтгэл нэг ирэхдээ ийм их шаналал зовлон дагуулан ирнэ гэж Төгөлдөр урд нь төсөөлж ч байсангүй . . .
Уянгаа Төгөлдөрийн хүзүүгээр гараа оруулан эвтэйхэн тэвэрч мөрөнд нь толгойгоо түшин наалдлаа. Төгөлдөр түүний гарыг салгах юм уу, өөрөө холдоод суух ямар ч тэнхэл байсангүй ээ. Төөгөө минь чи намайг эхлээд сайн сонс, дараа өөрөө яриарай би өнөөдөр Соёлоотой уулзсаан.
. . . Тиймээ Төгөлдөр босон харайх шахсан ч Уянгаагийн үгийг дуустал сонсож бүхнийг сайтар ойлголоо, одоо Соёлоо утсаа салгасан шалтгааныг мэдэж авлаа. Тэрээр яах ч учраа олсонгүй. Зүрх нь хоёр хэсэг хуваагдсан юм шиг л санагдана. Өөрийг нь зөөлхөн гараараа тэврэн байж учирлан ярьсан Уянгааг буруутгаж чадсангүй, хэдийгээр хэцүү боловч буруу зүйл хийсэн гэж буруутгаж чадсангүй ээ. Харин ч түүнийг өөрийг нь алдахгүйн тулд өчнөөн зоригтой алхамуудыг хийснийг сонсоод, өөрт нь хайртай сэтгэл нь яг л өөр шиг нь шаналж байгааг сайн ойлгожээ. Тиймээс Уянгаа ч гэсэн буруугүй юм даа.
Түүний яриаг сонсоод Соёлоотой уулзсан гэх төдийд л үсрэн босч уурлах болов уу гэж бодож суусан Уянгаа жаахан гайхасхийлээ. Төгөлдөр уурлах нь бүү хэл, царай нь цонхийн улам бүр урвайн дуугүй болж байггааг ажиглаад Уянгаа сайны тэмдэг хэмээн бодчихов. Тэгээд хүзүүгээр нь тэврэсэн гараа алгуурхан суллан авч, орны урд өөдөөс нь харж газарт тулан суугаад уруулыг нь зөөлөн үнсэхээр тэмүүллээ.