Үүрийн хөхөлбөр туяа цонхны цаанаас тусахуйд Сарнай сая л нэг нойрноос сэрлээ. Толгой нь аймшигтай өвдөж дэрнээсээ өндийх ч тэнхэлгүй болсон бөгөөд дотор нь хачин болж ам хатан өөрийн эрхгүй ойр хавиар хүйтэн ус нүдээрээ эрж хайтал орны хөлд Буянаа хоёр гараараа толгойгоо тулан суугаагаараа зүйрмэглэж харагдав. Сарнай арай ядан өндийж Буянаагийн мөрөнд гараа хүргэн зөөлхөнөөр -Та хэвтэхгүй яагаа вэ? гэсэнд Буянаа цочиж, толгойгоо өргөөд
-Өө, чи сэрчихэв үү? гэж намуухан хэлсэнээ гэнэт царайгаа барайлган, хөмсөгөө зангидаж
-Чи ч бүр ичиж зовохоо байгаа шив дээ. Намайг доромжлоод бах чинь ханаж байна уу? гэсэнд Сарнай нүдээ эргэлдүүлэн
-Үгүй, яасан бэ? Би Заяагийн шинэ байрны баярт очоод жаахан уугаа л биз. Тэр чинь миний ганц найз. Юунд нь уурласан юм бэ? гэж тоомжиргүй хариулахад Буянаа улам их уурсаж
-Үгүй ерөө. Чи тэгж уудаг юм уу? За яахав. Би чиний ууж идэхийг хорьдоггүй ч миний эзгүйд хаа хамаагүй эрийг тэвэрчихээд ичих ч үгүй намайг доромжилж байх чинь тэгээд зөв юм уу гэж хэлэхэд Сарнай урд шөнө чухам юу болсоныг санах гэж тэрхэндээ оролдож суутал Буянаа аягатай ус түүний гарт бариулаад
-Сарнай минь, чамтай би одоо юу ч ярих билээ. Чи ер нь энэ хөнгөн явдлаа засаж байж л надтай уулзаарай гэж хэлээд үгийн зөрөөгүй гарч одов. Энэ үед Заяа шинэхэн амраг Мягмарынхаа өвөрт хэвтэнэ. Заяа уртаар санаа алдаж, гэм буруутайгаа сая л мэдэрсэн аятай
-Сарнай маань яасан бол гэж өөрөөсөө асуух төдийхөн шивнэсэнд Мягмар хүйтнээр инээн
-Яав л гэж дээ хонгор минь. Залуу хүмүүсийн явдлыг Буянаа ойлгож уучилна байлгүй хэмээхэд Заяа гэнэт цочин
-Арай та Буянаа ахыг шөнө дөл болсон хойно наашаа явуулж Сарнайг тийм байдалтай харуулсан юм биш биз гэхэд Мягмар бүр чангаар инээж
-Чи одоо хэр нь ойлгоогүй л байгаа юм уу? Тэнэг ч амьтан бол доо. гэж улам чангаар инээлээ. Заяа юу хийснээ гэнэтхэн ухаарч
-Яаж байгаа чинь энэ вэ? Та тэр хоёрыг салгаж яах гэсэн юм. Арай Сарнайгийн хэлээд байснаар та түүнийг өөрийн болгох гэж энэ бүхнийг сэдсэн гэж үү? гэж асуусанд Мягмар дуугаа өндөрсгөн
-Энэ чамд хамаагүй. Би чиний хүссэнийг чинь биелүүлсэн биз дээ. Өвчтэй ээжийн чинь эмчилгээний төлбөр, бас энэ сайхан шилтгээн. Чи бод л доо. Одоо үед хувийн хауст амьдарна гэдэг хүн бүрийн хүсээд хүрдэггүй хөрөнгө шүү дээ хэмээн тааз ширтэн жаргалтайяа инээхүйд Заяа өөрийн эрхгүй түүнд бас өөрөө өөртөө ой гутаж
-Чи ч ёстой чөтгөр юм даа. Одоохон эндээс зайл гэж хашгичсанд Мягмар тайвнаар
-Хонгор минь, чамайг хөөсөн хөөгөөгүй би явлаа. Харин энэ бол эхлэл шүү. Жүжгийн өрнөл ямар амттай гээч. Харин чи энэ тухай ам ангайвал чамд л муу юм болох байх. Амьдрал чинь тэр чигээрээ миний гарт байгаа гэдгийг битгий мартаарай гэж зэвүүнээр хэлэн гэдрэг алхаснаа эргэж харан
-Аан тийм. Чамд л гэж хэлэхэд чи ч бас амттайхан алим байна лээ шүү гэж ар нуруугаар хүйт оргитол хөхөрсөөр гарч одлоо. Сарнай гэртээ гэм хийсэн хүүхэд шиг өдрийн талыг бөөн юм бодож өнгөрүүллээ. Яагаад ч юм архинд тийм хурдан согтсоноо гайхахын зэрэгцээ толгой нь хоёр тийшээ салах гэж байгаа мэт янгинасаар. Заяа руу залгатал утсаа авсангүй. Үдийн хэрд уйтгарлаж суутал Галаа залгав. Сарнай түүнийг залгасанд баярлаж сэтгэл нь догдоллоо. Галаагийн хэлэхээр хэд хоног агаар салхинд найзуудтайгаа гарах гэнэ. Сарнайг хамт явъя гэсэн ч урд шөнийн хэргээс болж Буянаагаас эмээх сэтгэл төрөн дэмий л худал хэлж үлдлээ. Нэг иймэрхүү нам гүмхэн орчин яагаад ч юм ойртон ирэх гай түйтгэрийг зөгнөх мэт. Сарнай энэ хугацаанд Буянааг аргадаж эргэн хэвэнд нь оруулах санаатай хэд хэдэн удаа залгаж туслахаар нь дамжуулан хайрын үгтэй ил захидал илгээсэн ч нэмэр болсонгүй. Нар дээр мандаж шувууд жиргэсэн нэгэн өглөө Буянаа ухаан жолоогүй гүйсээр орж ирлээ. Зөөлөн буйдан дээр тухлан жимс идэж телевиз үзэж суусан Сарнай босч
-Өө миний хайрт ирэв үү? гэж өмнөөс нь тостол Буянаа аахилж уухилан Сарнайгийн хоёр гарнаас чанга атган сэгсчсэнд Сарнай бүр гайхаж орхин
-Яасан бэ? Юу болсон юм. Чононд хөөгдсөн аятай байх чинь. Алив та жаахан тайвшир гэсэнд Буяндорж нүд нь эргэлдэн
-Чи бушуу зугт. Хурдан гараад гүй. Алив бушуулаач гэж эх адаггүй юм үглэсэнд Сарнай бүр ч их гайхан
-Би хаашаа зугтана гэж. Та чинь юу яриад байгаа юм бэ? Надаар тоглоод байгаа юм уу? гэсэнд Буянаа амьсгаагаа арай ядан дарж
-Цаана чинь сүйд болоод байна. Ямар амьтан нь хошуу хүргэчихсэн юм бүү мэд. Одоо манай эхнэр ирж яваа. Чамайг яаж ч мэднэ. Хурдан зугт гэсэнд Сарнай балмагдаж басхүү анх удаа ингэтлээ айж
-Одоо яанаа. Буянаа ахаа би яах вэ? гэж уйлан дуугарсаар хувцсаа өмсөөд гарч гражаасаа гоёмсог улаан машинаа гарган хашааны хаалгаар гарах гэтэл үүдийг нь таглан Буянаагийн эхнэрийн машин хөндөлсөн зогслоо. Сарнай яах ч учраа олохгүй сандран байтал өөдөөс нь Буянаагийн эхнэр сүр бараатайгаар машинаасаа буун түүн дээр ирж
-Хөөх, энэ чинь ямар сайхан тэрэг вэ? Ингэхэд чи наанаасаа гарч ирээд надтай мэндлэхгүй юм уу? гэж хүйтнээр хэлсэнд Сарнайгийн зүрх амаар нь гарчих шахан салганасаар машинаас буун зогстол Буяндорж гэрээс гарч ирэн тэднийг хараад гүйхээгээрээ ирж
-Үгүй хөгшөөн, наад бүсгүй чинь надтай огт хамаагүй ээ. Нээрэн шүү гэсэнд түүний эхнэр халааснаасаа тэдний хамтдаа авахуулсан зургийг гаргаж ирэн
-Энэ бүсгүй тэгээд биш юм уу? гэж хэлээд хамаг хүчээрээ Сарнайг газар ойчтол алгадаж орхив. Буянаа эхнэрээ аргадан Сарнайг өмгөөлөх санаатай
-Ингэж болохгүй ээ. Хөгшөөн. Энэ миний буруу гэсэнд түүний эхнэр Сарнайг өндийж ирэхийг хараад
-За бүсгүй минь, чи сонсож бай. Энэ олон жил хүний хөрөнгөн дээр туйлдаг чи ч адтай шулам юм аа. Одоо чи буцааж өгөх л болно доо. Чамтай шүүхийн танхимд уулзая гэж хэлээд Буяндоржтой хамт машиндаа суун давхиж одов. Сарнай гэнэт цочирдсондоо хөшөө шиг хөшиж орхижээ. Хэсэг зогссонд хоёр хацрыг нь даган нулимс урсаж өөрийн мэдэлгүй гэртээ орон байшингийнхаа бяцхан буланд өвдгөө тэврэн сууж цурхиран уйллаа. Түүний бодож байснаар хэзээ нэг өдөр Буяндоржийн эхнэрт баригдвал тэр чухам өөрийг нь хайр найргүй самардаж хорвоогийн муу муухай үгээр дайрч давшилж цамнаж гарах байх гэсэн ч тэр эмэгтэй тэгсэнгүй. Яагаад гэдгийг мэдэхгүй ч түүний алгадалт бүхий л гэм нүглийнх нь хувьд ухаарлын дохио мэт санагдаж бүтэн зургаан жил нөхрийнх нь нууц амраг байсныг мэдсээр атал тэгтлээ биеэ барьж буйг нь бодохоор үнэндээ Сарнай тэр эмэгтэйн өмнө өөрөөсөө ичиж эмээсэндээ уйлсан нь энэ ажээ. Энэ үдэш, энэ шөнө намрын хамгийн сүүлчийн бороо орж байв. Энэ бороо гурван шөнө, гурван өдөр үргэлжилсэн нь гуниг ганцаардлын нулимстай хослох мэт. Сарнай юу болохыг мэдэхгүй ч айдас хүйдэст автан суутал үл таних нэгэн хүн ирсэн нь түүнд дугтуйтай бичгийг өглөө. Дугтуйг задлахыг хүсээгүй ч аргагүйн эрхэнд чичирч салгалсан гараараа дугтуйтай бичгийг задлан уншлаа. Түүнд бичсэнээр “иргэн Ц.Сарнай хүнд ноцтой залилан хийж бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэрхийлсэн тул шүүхэд дуудсан болно...” гэх бичгийг уншаад цааш нь уншиж чадалгүй газар сөхрөн унаж нүд нь эрээлжлэн ухаан санаа нь орж гарч байв.
-Хорвоо намайг нэг мөсөн шийтгэх нь энэ үү? Арай ч дээ хэмээн мэгшин уйлахуйд түүний нүдэнд зөвхөн хяхтнан дуугарах зах хязгааргүй гяндангийн төмөр тор л үзэгдэнэ. Түүнийг тайтгаруулж хань болох хэн ч байсангүй. Нойр хоолгүй хэдэн өдөр сэтгэлээр унаж орноосоо өндийгөөгүй Сарнай бие нь сульдаж нүднээс гарах шахжээ. Хатуухан өдрүүд ийн үргэлжилж байтал түүн дээр Буяндорж ирлээ. Цаашид чухам юу болохыг бодохоос ч айж эмээн, ёстой л зүрх нь амаараа гарчих шахаж байсан Сарнайд Буяндорж ирсэн нь жаахан ч гэсэн тайвшрал өгч байв. Буянаа гэрт орж ирсэнээ яагаад ч юм хөндийрхөх шиг үе үехэн суудлаа засахын зэрэгцээ орчныг харцаараа ажин сууснаа
-Чи гайгүй юу? гэсэнд Сарнай дэргэд нь дөхөж суугаад
-Гайгүй ээ. Таныг хараад жаахан ч гэсэн тайвширлаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд би айгаад байна. Эхнэр чинь намайг шүүхэд өгсөн байсан. Та мэдсэн л биз дээ гэхэд Буянаа духаа үрчийлгэн бодолд автаж хэсэг сууснаа
-Сарнай би чамтай нэг ярих юм байна. Чамд ч гэсэн надад хэлж ярих юм байгаа байх. Аливаа асуудлыг ярилцаж зөвшилцөж байж л зөв шийднэ шүү дээ гэж албархаг өнгөтэй хэлсэнд Сарнай
-За тэгээд ярь л даа гэж үгийг нь чагнан чимээгүй суулаа. Буянаа
-Одоо чи бид хоёрын байдал нэгэнт ил боллоо. Миний хувьд харамсалтай л байна. Уул нь ингээд дуугүй шийдчихье гэхээр эхнэр халгаахгүй юм. Тэгэхээр ойлголцдогоороо чамтай л зөвлөлдөхөөс. Чи ойлгоорой. Миний гол хэлэх гэсэн зүйл бол асуудлыг арай хялбараар шийдэх гэсэн юм гэсэнд Сарнай гайхан
-Тэгээд яаж тэр вэ? Шүүхэд дуудагдахгүйгээр яаж шийдэх вэ? гэж асуусанд
-Өдийг хүртэл чамд зарцуулсан мөнгийг тооцвол ихээхэн тоо гарах байх. За тэр яахав. Шуудхан хэлэхэд одоо чамд байгаа бүх эд хөрөнгийг буцаагаад миний нэр дээр болгочих. Бас дансанд байгаа хэдэн цаасаа ч гэсэн. Ер нь нэг ч төгрөг үлдээлгүй бүгдийг нь буцаачих гэлээ. Ганц итгэж байсан хүнийхээ амнаас ийм үг сонсоод Сарнайгийн итгэл найдвар хөсөрдөхөөр барахгүй, гомдмоор санагдаж
-Та чинь юу яриад байна вэ?Та ч гэсэн надаас нүүр буруулж байгаа юм уу гэсэнд Буянаа
-Үгүй ээ үгүй. Чи энэ байрнаас гарч найз нөхдийнхөөрөө түр байж бай. Би хэрэг намжихаар тэр бүхнийг буцаагаад л өгчихнө шүү дээ. Яалаа гэж би та хоёрыгоо гудамжинд гаргах билээ дээ гэж инээмсэглэн Сарнайгаас
-Тэгье гэсэн хариуг тэсэн ядан хүлээж буй нь илт суув. Сарнай юу ч хэлсэнгүй. Буянаа оройжин тайлбар тавьж Сарнайг сэнхрүүлэх санаатай байдаг чадлаараа хичээв. Тэдний дундаас хүү төрсөн талаар Буянаагийн эхнэр мэдэж байсан ч он удаан жил мэхлэгдсэндээ Сарнайг юу ч үгүй хоосолж байж санаа нь амрах хүн. Бүхэл оройжин Буяндоржийн уран үг, цэцэн аргыг сонсож суусан Сарнай түүнийг аль хэдийнэ өөрийг нь хөсөр орхиж баахан уран үгээр сэнхрүүлээд үнсэнд хаясан шалз шиг орхих гэж буйг анзаарчээ. Тийм ч болохоор тэр юу ч хэлсэнгүй үдэж явууллаа. Эр хүн тэр тусмаа Буяндоржийг бодохоос хорсож, Сарнайд гуниг гэмшил хослон гагцхүү хүүгээ бодохоос л зүрх нь шимширч суулаа. Маргааш өдөр нь гэнэтийн зочин болох Заяа ирлээ. Ганц найзынхаа өмнө гэм хийсэндээ өөрийгөө ч уучлахгүй яваагаа түүнд хэлтэл Сарнай бүгдийг ойлгож богинохон хугацаанд болсон үйл явдлуудыг ярьж өглөө. Буяндоржийн эхнэрт хошуу хүргэсэн хүн яах аргагүй Мягмар болж таарав. Бас Мягмар Буянаа Сарнай хоёрыг албаар эвдрэлцүүлж ийм байдалд хүргэсэн аж. Заяа Сарнай хоёр бүхнийг дэс дараалан бодож суутал Заяа гэнэт нэг юм сэдсэн бололтой ухасхийн
-Нээрэн саналаа. Буянаа ахад Мягмарын нэг бичиг баримт байдаг гэсэн. Тэр нь Мягмарыг сүйрүүлэхээр их ноцтой зүйл юм шиг байна лээ. Чи тэрнийг олж чадах уу? Хэрвээ олчих юм бол эхлээд хоёулаа Мягмарыг замаасаа зайлуулъя гэсэнд
-Тэглээ гээд яах юм бэ? Би Буянаа ахад хаягдчихаад байна шүү дээ гэж уйлсанд Заяа -Ямар ч байсан Мягмарын тэр амин судсыг олоод атгачихвал дахиж гай болохгүй шүү дээ. Шүүх энэ тэрийн талаар би хүн амьтнаас асууя гэж Сарнайг тайвшрууллаа. Буяндорж ихэнх албан бичгээ энэ байрныхаа дээврийн өрөөн дэх хэдэн том төмөр сейфэнд хадгалдаг аж. Түлхүүрээ Сарнайгаас нууж шалан доорх жижигхэн хайрцганд хийдгийг Сарнай нэг удаа санаандгүй харчихжээ. Тэр хоёр түлхүүрийг авч бүх сейфийг онгойлгон Мягмарын гэх баримтыг хайлаа. Сарнай олон юм бодож самгардан хайсан хайгаагүй хоёрын хооронд бөөн цаасан дунд булагдаж
-Заяа минь, эндээс олдохгүй байх аа. Яалаа гэж тийм чухал юмыг энд хийх юм бэ? гэхэд Заяа их л идэвхтэй эрж
-Найз минь, олох л хэрэгтэй дээ. Чи зүгээр суугаад хүний хоол болмоор байгаа юм уу. Тэмц. Тэмцэх л хэрэгтэй шүү. Би ч гэсэн тэр муу Мягмарыг хорломоор байна. Бүх бичиг баримтыг нэгд нэгэнгүй шалгана. Үүрийн таван цаг боллоо. Эрэл мухардаж хоёр бүсгүй ч сульдан цаас хөглөрсөн шалан дээр хэвтэцгээн уртаар санаа алдан байв. Сарнай сулхан дуугаар
-Олдохгүй гэж хэлсэн биз дээ. Одоо тэгээд яанаа гэж гасалсаар гартаа атгасан хавтсыг нүүрэн дээрээ тавьтал Заяа түүнийг хараад шүүрч аван
-Олчихлоо, олчихлоо гэж чангаар хашгичсаар хоёул тэврэлдэж хосгүй нандин эрдэнэ олсон аятай элгэндээ наасаар доошоо буун хавтсыг нээж уншив. Сарнай энэ тал дээр маруухан учир дэмий л Заяагийн юу хэлэхийг хүлээтэл Заяагийн нүд нь орой дээрээ гарах шахан Мягмарын хууль бус үйлдлүүдийг нотолсон баримтаас гадна хүний аминд хүрч хэрэгтэн болчихоод хэргээс хэрхэн бултаж хээл хахуулийн хүнд ноцтой хэргүүдийг үйлдсэн талаарх баримтууд байв. Заяа үүнийг аваад бушуухан цагдаагийн газар очих гэснээ азнаж түр зуур байдлыг ажихаар болов. Харин Сарнайгийн шүүхэд дуудагдсан талаар мэргэжлийн хүнтэй уулзахаар явахад Сарнай гэртээ суун Буяндоржийг хүлээнэ. Ингэж байтал Галаа утасдлаа.