Бичлэгийн тоо 497

... Гудамжинд бүлээн бороо шивэрч, ажилаа тараад гэртээ харих санаатай яаран алхлах шүхэр барьсан хүн цувааны урсгал үл тасрах мөрөн гол мэт санагдана. Ийм олон хүн дор бүртээ л өөр өөрийн ажил төрөлтэй, ар гэртэй, бодол санаа хүсэл мөрөөдөлтэй байгаа гэж төсөөлөхөд ухаан санаанд багтамгүй мэт санагдах бөгөөд ёстой л нөгөө хүн сүрэг гэдэг нь энэ байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдох нь аргагүй л хүнгүй хээр талд багшрах мал сүргийн бараа харж өссөн хүний бодол гэлтэй.

Тэрээр Үэно экигийн зүүн хаалганы ойролцоох гүүрэн доор гадагшаа лангуу гарган зассан ил уушийн газруудын нэгний бүхээгт суугаад ганц пиво өмнөө тавьж хааяа шимэсхийн бодлоо цэгцлэх санаатай тамхиа асаав.

Эзэнтэй хийсэн тохироо ёсоор бөгжийг 20 сая иенд багтаан худалдаж авах ёстой бөгөөд өөрийн ажлын хөлс нь 2 сая иен байх юм. Дээр нь замын зардал 200 мянган иен. Гэвч хамгийн гол нь хэдэн сая долларын үнэ хүрч мэдэх тэрхүү гэр бүлийн үнэт өвийг хуурамч дүрээр салгаж аван хүний үнэргүй наймаачдын гарт атгуулахын тулд Эмгэний сэтгэлийн утсыг хөндөж, эх орон нэгт монгол хүмүүст хайртай тэр нэгэн гэр бүлийн үе дамжсан халуун сэтгэлээр тоглох ёстой байгаа нь түүний сэтгэлийг хамгийн ихээр хорсгож байлаа. Тэр бөгж бол зөвхөн тэр нэг гэр бүлийн өв ч биш түүхийн нэг хэсэг...

Энэ бодлын үзүүр хаа хүртэл үргэлжлэхийг тэр мэдэж байлаа. Өөрийгөө хүндлэх бардам сэтгэлдээ захирагдан хохирол гомдлыг ч үл тоон тэргүүнээ бардам өргөж өдий хүртэл явсан тэрээр эцэст нь ийм балчигт хутгалдана гэдэг ёстой л нөгөө давахгүй гэсэн даваагаар гурав давна гэчийн үлгэр.

 "Эр хүн олзонд, эрвээхэй зуланд гэгч энэдээ” гэж бодоод тамхиныхаа ёзоорийг үнсний саванд дарж унтраагаад, төлбөрөө хийх зуур мотоциклоо тавьсан зогсоолын талоноо түрийвчиндээ байгаа эсэхийг нүдний үзүүрээр нягтлаад бослоо.

Күникотой уулзахаар Икэбүкүро руу дэншагаар явахаар шийдсэн байсан ба маргааш нь шууд Аомори яваад 3 хоногийн дараа болзсон ёсоор Үэнод ирнэ.

Дэншагийн бүх вагонууд битүү хүнтэй, ажлаа тараад заншил ёсоор хүртэцгээсэн халамцуу албан хаагчид хөл гишгэх зайгүй чихцэлдэж, архины эхүүн үнэр нэвт ханхална.

Замдаа тэр гар утснаасаа нетэд орж маргаашийнхаа зурлагыг харав. Тэнд бичигдсэн зүйл түүнд таалагдсангүй тул ярвайсхийгээд утсаа хаав. Дэншанаас бууж, бусадтай чихэлдэн байж экигээс гараад болзсон газар руугаа яаран алхав.

Уушийн газар, төрөл бүрийн дэлгүүрүүд ярайтал эгнэсэн бум бужигнасан гудамжаар өгссөөр нэгэн байшингийн үүдний лифтэнд орж 3 давхарт гарч барны хаалгаар ороход Би-Жис ийн танил аялгуу намуухан уянгалах нь чихэнд наалдацтай сонсогдоно.

Японд хааяагүй байдаг америк стиль гэж хэлэхэд буруудхааргүй бүдэгхэн гэрэлтүүлэгтэй жижигхэн барны буландахь 2 хүний өндөр ширээний дэргэдэхь текний гозгор сандал дээрээс хөлөө савлуулан гараа гозгонуулах нь аргагүй Күникогийн дүр.

Күнико рүү ойртох зуураа түүний баясгалантай инээх царайг хараад тэрээр өөрийн эрхгүй сэтгэл тавирч мишээсхийв.

-Би өнөөдөр ёстой азтай, сайн дурынхны багт бүртгүүлчихсэн.

-Баяр хүргэе. Гэж хэлэхдээ тэр дотроо Күнико зөвхөн түүний сэтгэлийг л сэргээх гэж худлаа хэлж байгаа юм биш биз гэж бодов. Энгийндээ тэд баранд бараг ордоггүй, ихэвчлэн шинэ киноны нээлтийн үеэр албан ёсоор болздог, жирийн үед тэр өөрийн завтай үедээ Күникогийн ажил тарах үеэр утсаар ярьж уулзаад гудмаар зугаалж хоол идээд прокатнаас кино авч бүсгүйн амьдардаг өрөөнд очдог юм. Күнико сэтгэл тогтворгүй үедээ дискод орох юм уу, автомат тоглоомын газар орохыг уриалдаг бол мань эр хааяа сэтгэл хямарсан үедээ бол уух юм аваад гэртээ бүгэх эсвэл баранд уулздаг.

Бүсгүйн хөгжилтэй яриаг сонсох зуураа тэрээр 4 хундага текилла уучихаад ахиад 4-ийг захив. Күнико ерөөсөө архи ууж чаддаггүй ч түүнийг хэтрүүлэн уухад зэмлэдэггүйд нь мань эр дотроо талархдаг байлаа. Бүсгүй түүнийг яагаад чимээгүй дүнсийчив, юу болчив гэж асуух нь бүү хэл гутарсан үед нь түүний сэтгэлийг нь өргөх санаатай янз бүрийн юм зохион барин ярих нь өхөөрдмөөр ч юм шиг.

2 дахь ээлжийн 4 дахиа уучихаад ахин 4-ийг захих үедээ тэрээр өөрийн асуудлыг бүрэн мартаж сайн дурын багт орж ажиллахын ач холбогдлын талаар бүсгүйтэй чин сэтгэлээсээ шүүн ярилцаж авай.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3470251/fcd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
배너신청
자생병원

배너신청