Бичлэгийн тоо 497

ЗУЛЦЭЦЭГ

Уншсан 11827 vote 1 2008.07.09 00:03:13

Цэрэндоржийн БАЛДОРЖ

/Тууж/

-Зулцэцэг ээ! Чи тэр хараач! Усны шувуу!
Охин маань миний гарыг дагуулан ширтэж байснаа:
-Аав аа, тийм байна. Манай энд нуур байхгүй шүү дээ. Одоо яанаа гэж дуу алдлаа.
-Манайд нуур байтугай тэнгис, далай ч бий шүү дээ. Яагаав тариан тэнгис…

Охин бид хоёр Угтаалын төвийн баруун хойд Хөшөөт толгой өөд алхаж явлаа. Удахгүй тариа хурааж эхэлнэ. Яг энэ үеэр би энд ирж дадчихжээ. Одоо охинтойгоо ирдэг болсон. Гэвч яс махны минь тасархай энэ өчүүхэн амьтан чухам юунд энд ирдгийг яаж мэдэх билээ. Гэхдээ охин минь чи мэддэг болно. Аав нь чамд бүгдийг ярина. Энэ миний үүрэг. Төрж өссөн газар шороо, хөл дээр чинь босгосон нутгийхнаа хайрлах тэр сэтгэл магадгүй энэ ярианаас ч эхэлж мэдэх юм. Гагцхүү чиний ухаан мэдэг.

Би охин шигээ ийм л жаахан хүү энд ирсэн. Амьдралын мөр хөөн, миний багад энэ нутагт ирсэн аав минь бригадын даргаар олон жил ажилласан. Хэдийгээр эрдэм ном үзээгүй ч амьдралын хар ухаан, махруу зангаараа аав минь тариа тарих ухааныг шаггүй сайн эзэмшсэн юм. Нэлэнхүйдээ ургац алдчихаад байхад Цагаан хөтөлийн бригад их тариа авч, Угтаалынхан “Цагаан хөтөлийн хар Цэрэн хур далладаг шидтэй” гэцгээдэг байж билээ. Шаргын говийн наранд гандан идэр насаа өнгөрөөсөн аав минь ганц түрүү тарианы үнэ цэнийг илүү сайн мэддэгтээ их, дээд сургууль төгссөн эрдэмтэй агрономичаас дутуугүй сайн тариачин байсан байх.

Хаврын хүчтэй хавсарга, зуны халуун нарны алийг нь ч үл тоон, хамаг цагаа талбайд өнгөрөөж, өвлийн дүн хүйтэнд алга хайрам хүйтэн төмөртэй ноцолдож явахдаа аав минь амьдралын жаргалаа эдэлдэг байжээ. Угийн дуу цөөнтэй аав минь хавар, зуны турш алсын зочин хүлээх мэт догдлон, өдөр бүр үүрийн таван жингээр босдогсон.

Хавар, зунжингаа бороо хур даллах шахан тэнгэр өөд хялмалзаж суудаг хүн зун орой болоод ирэхлээр “Энэ усан бороо хэтэрлээ. Ургац оройтлоо” гэнэ. Зарим өдөр радио чагнаж, толгодын орой дамжин явснаа “Өнөө шөнө тийм талбайг хяруу цохих нь” гээд бригадынхнаа цуглуулан сүрэл хомоол бэлдэж шөнөжингөө май тавьж хононо. Одоо бодоход ургац далладаг шид нь ийм л зүйлээс эхэлдэг байж дээ.

Тэр үед Угтаалын төвийн эргэн тойрон байх олон толгодын нэг, бусдаас ялгарах юмгүй энэ ухааг жилийн жилд зорин ирж мэхийн хүндэтгэх ёс төртэй газар болно гэж хаанаас мэдэхэв.

Наймдугаар анги төгссөн зун…
Газар дэлхий өгөөж баян хурын  шимд дэвтэн, уул тал ногоон өнгөөр дуниарч он удаан жил уулзаагүй хүүтэйгээ учирсан эхийн сэтгэл сэргэх шиг гандсан тал амилан ногоо хэнзэлж байсан үе.  Сумын наадмын тухай яриа хөг алдан суларсаар наадмын түрүүг нутгийн охидын сор болсон баян Балбарын тормон нүдэт Бурмаатай аваад талийсан эрийн тухай л амнаас ам, айлаас айл дамжиж байлаа.

Тэр эр хоёрын даваа эхэлчихсэн хойно сарампай “67”-той давхиж ирээд даваа бүрт учраа бөхөө амархан орхисоор үзүүр түрүүд хүрч билээ. Өөрийнхөө “довон” дээр өвдөг шороодож үзээгүй сумын заан Чинбатыг наадмын дэвжээ далибалзтал тонгорчихоод түрүү бөхийн бай хурдан удамтай халиун даагыг биширч харамссан, хөлөрч хөөрцөглөсөн наадамчдын дунд үнэ хаялцуулан зарж байгаа гялалзсан хар үс, бүргэд хурц  хамартай, өндөр бор эр одоо ч гэсэн нүдэнд харагдах шиг…

Хөлчүү зочдын хөөрүү ярианд автан оройхон унтаад нар өндөрлөсөн хойно сэрсэн би “Нөгөө бүргэд хамарт чинь Балбарын охиныг урьд шөнө оргуулаад явчихаж гэнэ” гэсэн яриаг сонсоод ижлээсээ унтаж хоцорсон унага шиг цочин сэрж орон дээрээсээ үсрэн буув. Яагаад ч юм сумын заан Чинбатад учиргүй их гомдон, Халиугчны зам руу ширтэхэд манан татаад юу ч харагдахгүй, дээр хөөрсөн нар л үүлний цаанаас ёлтойн байж билээ.

Би Бурмаад хайртай байсан юм. Надаас гурав эгч тэр охин сургуулиа төгсөөд сангийн аж ахуйн захиргаанд бичээч хийдэг байв.Бурмаа үнэхээр сайхан хүүхэн. Сумын төвийн урьдах сэргэлэн дэнж дээр зусдаг баян Балбарынх руу унаа тэрэг цувж орсон, гарсан хол ойрын залуус айргийнх нь амт, авгайнх нь аашийг магтан шагширдагсан.

Үнэндээ бол Асгатын бэлийн залуу цагаан хус шиг гоолигхон төрсөн Бурмаагийн талимуун харц”, наалинхай аалинд уяран хуурай зомгол шиг дүрэлзэх зуурдын хайранд нь ивээгдэх хүсэлтэй зоримог эрчүүд Балбар гуайнд очдог харгуйг гаргасан юм даа.

Миний өмнө хайр сэтгэл гэдэг өвөрмөц нэг ертөнц нээгдэж, түүн дээр хөл тавин бат зогсож, амтыг нь мэдрэх гэж дүрэлзэж байлаа. Гэвч амьдралын жам ёсоор жолоо хязгааргүй, өгөөмөр баян тэр ертөнц үүд хаалгаа шулуухан нээгээд өгчихдөггүй болохоор барьц алдан тэмтэрч үерийн усанд эргэлдэх бяцхан навч адил хөвж явжээ. Тэгээд ч би олон хүүхнийг шохоорхон харж тэдний ааш ааль, алхаа гишгээг сониучирхан заримыг нь бүр сэтгэл зүрхэндээ хоногшуулчихаад өөрөө өөрөөсөө ичих шиг ч болдог байв. Тэгэхдээ охидыг бус харин өөрөөсөө эгч хүүхнүүдийг догдлуулан хатгасан, өвөрмөц нэгэн хайраар хүндлэн биширч, нөхөрт нь атаархан нууцгайхан дурлаж явлаа.

Үргэлж нүдээрээ инээмсэглэн, тэр хооронд хацар дээр нь хуруугаар дарчихсан мэт хонхорхой гардаг физикийн багш Дариймаа, өдөржин толины өмнө эргэлдэн өтгөн хар үсээ самнаж, дуу аяланхан суудаг хажуу айлын гэргий, өндөр бадриун биетэй Намжилмаа эгч, тэгээд энэ Бурмаа…

Хөлгүй их далайд сэлүүргүй завиар зорчивч зүрх зориг алдаагүй балчирхан үеийн минь утга учиргүй, гэнэн хонгор мөрөөдөл, анхны дурлал авчирсан алдрай бага нас минь эргэж санахад үргэлж сэтгэлд дулаан.

 

* * *
Нэг өдөр зурам хөөцөлдөн урхи тавьсаар үл хэвийсэн хойно гэртээ ирвэл манай хажуу дахь оюутны байрны гадаа гурван машинаар дүүрэн залуучууд ирчихсэн бужигнаж байлаа.Би бушуухан хэдэн аяга хүйтэн хярам залгилаад гар нүүрээ гялалзтал угаан, уранхай цамцаа сольж, аавын хотод хуралд очихдоо авчирсан, наадмаас хойш углаагүй цоорхой шаахайг хүртэл өмсөв.

Оюутнууд пүүгээ саваа буулган бужигнаж, дуу шуу болон, нам гүм байсан манай тариачны сууринг нойрноос сэрээв. Орчин тойрны бүхий л юм өнгөжин, тэр ч байтугай Уушиг уулын шилээр шингэж байгаа цагаан сараар тавьдаг цар шиг том шар нар хүртэл саатан сониучирхах гэсэн аятай жаргаж ядан байлаа.

Би оюутны байр луу гүйх гэсэн боловч зүрх хүрсэнгүй. Оюутнуудыг ямар мэдэхгүй биш. Ялангуяа шинэ оюутнуудыг… Танилцаад удаагүй байгаа ангийнхаа охидын өмнө том эрчүүд болох гэж “найзаа” гэхийн оронд “Пацаан минь”, “жаал минь” гэнэ. Би үүнд нь дургүй.  Хэдийгээр энэ жил дөнгөж арван зургаа хүрсэн ч ангийнхан, ер нь сургуулийнхан дотроо хамгийн өндөр нуруутай нь байсан болохоор тэгдэг байж ч болох юм.

Оюутнууд байрандаа орж чимээ тасарлаа. Энэ нь тэд пүүгээгээ задлан, хувцсаа сольж байгаа хэрэг. Удалгүй замынхаа тоос шорооноос салахаар эхлээд хөвгүүд, дараа нь охидууд баруун талын өндөр худаг руу цувж гарлаа. Нэлээд хожуухан хот газрын бололтой дөрвөн охин ирж хувцас хунараа тайчин тавтай тухтай угааж эхлэв. Тэд оготор эрээн даашинзаа тайлж шидэцгээн хамаг бие нь ил гарсан олон  өнгийн цэцэг адил алаглах усанд ордог хувцастай үлдэн бие бие рүүгээ ус цацан хөгжилдөж бөөн шуугиан боллоо.

Би тийм хувцастай хүүхнүүдийг зөвхөн өнгөт сэтгүүлийн хуудаснаас л харснаас бус ер үзээгүй билээ. Тэдний ийнхүү аглаг зэлүүд тайгын гол, горхинд умбан цэнгэх мэт аашилж байгаа нь хөдөөгийнхний сониуч харцыг соронзон мэт татав. Айл бүрийн цонхны хөшиг ярагдан, гэр байшингийн хаалга нээгдэн, шалдан бор жаалууд тэднийг тойрон шавцгааж дэнгийн эрвээхэй шиг эргэлдэнэ. Гэвч охидуудад энэ бүхнийг анзаарах сэхээ байсангүй. 

Тэр дөрвийн дундаас үсээ задгай тавин мөрөө давуулж унжуулсан, тэгш чигжүүхэн биетэй охин миний анхаарлыг татав.  Сөрвөлзөн бадрах галын дөл дээр өтгөн хөх үүлнээс борооны том том дуслууд бууж байгааг зай завсаргүй эрээлэн зурсан чамин хувцас нь сонин санагдсан ч байж болох юм. Би хэсэг хулгаж байснаа хоёр хувин барин Өлзий багшийн алгебрийн хичээлд томъёо цээжлэлгүй ирчихээд самбарт дуудагдан бантсан аятай худаг руу алхахад бие бадайран чихний үзүүр халуу оргиж байлаа.Ус авч байх зуураа охидууд руу зориг гарган сэм хартал,

 -Эгч нарыгаа ингэж цоо ширтээд байвал алдас болно шүү гэж өнөөх содон бор охиныг хашгирахад бусад нь бэржээхэн бүрээстэй зуны гэр дээр ширүүн бороо орох шиг нижигнүүлэн инээв. Харин тэр намайг зовоочихсондоо эвгүйрхэв бололтой тарааж хаясан хувцсаа цуглуулах зуураа “уучлаарай жаал минь, эгч нь санаандгүй л…” гэсэн зөөлөн харц чулуудаж байв. Тэрхэн мөчид бид хоёр хэзээний танил юм шиг надад дотно санагдан, түүний галтай сэргэлэн нүдний учиртайхан харц л бүх юмыг умартуулан сэтгэл зүрхийг эзэмдлээ.

* * *
 Оюутнууд эхний хэдэн өдөр хийх юмгүй, энүүгээр тэрүүгээр холхиж байшингийн сүүдэрт гитар цохин, хөзөр тоглож зугаацна. Оройн сэрүү орохоор эрэгтэйчүүд нь бөмбөг хөөцөлдөж, эмэгтэйчүүд нь тэднийг харж хэсэг зогссоноо удалгүй уйдан тэнд цугласан хүүхдүүдийг чихрээр шагнан лазан шар хочтой кино механикч Нацагийн хойноос гүйлгэнэ. Хэд дахин элч илгээн эцэст нь аргаа бараад өөрсдөө очиж гуйхаар гар гараасаа хөтлөлдөн дуу аялан алхацгаана.

Тэд түүнийг онгироон “Манай Нацаг мөн сайхан эр шүү” хэмээн цаасан малгай өмсгөж, зарим нь бүр “Би сургуулиа төгсөөд заавал Угтаалд ирнэ. Харин Нацаг минь чи авгай авалгүй тэсч байж үзээрэй дээ” гэхэд тэр бүр хөөрөн “Бурмаа бид хоёр бараг суудгийн даваан дээр больчихсон юм. Балжир гуай надад хурдан зээрдээсээ илүү хайртай шүү” гэж хэнэггүй зална. Охидууд морь мал үргээн хэрэгт дуртай авгайчуудыг гэрээсээ гартал инээлдэцгээхэд Нацаг ч мөн мангардуу зан, булиа биетэй тэр эрд зохимгүй шингэн дуугаар гоо, гоо инээж, ийш тийшээ малилзан хөөрцөглөнө.

Би жилийн жилд энэ бүхэнд оролцон учрыг нь мэдсэн, мэдээгүй охидуудыг даган инээн баясаж тэдний шадар туслагчдын нэг болон гүйдэгсэн. Энэ жил тэднээс яагаад ч юм гэрэвшин зугтааж харин сэтгэл санаагаар тэдэнтэй хамт байлаа. Оюутан охидын дундаас усанд ордог этгээд хачин хувцастай нөгөөх содон бор охиныг эрж хайн, сүүлдээ хаа холоос таньдаг боллоо. Аавын хоёр нүдний дурангаар оюутны байр луу өдөржин харуулдаж, түүний алхах гишгэх бүрийг мөрдөж, зурам хөөцөлдөн, дэмий тэнэхээ ч бараг болив. Орой орондоо орсон хойно элдвийн юм зөгнөн бодож тэр бид хоёр орой улаан буланд кино бүжгэн дээр, аль эсвэл ойн төгөл, голын эрэгт уулзан учирч, ярьж хөөрч байна гэж сэтгэлдээ зураглан унтаж ядна. Унтсан хойноо түүнийг зүүдэлнэ.

 …Би сумын наадмын гурвын даваанд Бурмааг аваад явчихсан нөгөө бүргэд хамарттай барилдаж хөлсөө гартал ноцолдон арайхийж өвдөг шороодууллаа. Ангийнхан маань намайг дээр дээр шидэн сэрүү оргитол сэвж, сургуулийн захирал “бүргэд хамартыг л давснаас хойш түрүүллээ гэсэн үг” гэж учиргүй их баярлаж байна. Миний хар багын найз, дэлдэн Гочоо “тэгвэл түрүү бөхийн байг өгчихье” гээд улаан хошуутай цав цагаан унага хөтлөн ирэв. Би ихэд сандран “Яалаа гэж, авахгүй. Би түрүүлээгүй шүү дээ” гэж ийш тийшээ харвал унага бид хоёр луу ирж явна.

Би “бид хоёрыг уулзуулах гээд наадамчин олон, захирал багш, ангийнхан маань явчихсан юм байх даа” гэж бодон тэдэнд баярлах сэтгэл төрлөө. Түүний задгай тавьсан урт хар үс салхины аясаар намиран, тэр шаргалтан найгах их тарианы дээгүүр түрүүг нь үл гишгэн хөвөх адил алхална. Хайр булаасан харцнаас нь би өөрийгөө олж харахад харин тэр тоомжиргүйхэн инээмсэглэнэ. Бид хоёр унагаа өхөөрдөн эрхлүүлж хөөцөлдөн наадаж байхад баян Балбар шал согтуу мөлхөж ирээд “Наад унагаа зарчих. Ах нь нас шүд гүйцсэн хоёр сайн морь өгье! гэж учир зүггүй шалав.

Бид хоёр түүнээс зугатан төвийн хойд гүвээ даван унагаа дагуулан хар хурдаараа гүйлээ. Хойноос баян Балбар бүргэд хамартын “67-гоор” гал утаа манаруулан элдэнэ. Гэтэл унага бид хоёр содон борыгоо алдчихаад нэрээр нь дуудан бахардаж унатлаа гүйсэн боловч миний дуу гарахгүй зөвхөн л ам ангалзан байв.

Энэ зүүдний дараа удтал унтаж чадсангүй.

 

* * *
Удалгүй оюутнууд ажилдаа гарч хоёр гурван тогооч охин, тэдний дунд содон бор үлдэж хоол унд зэхдэг боллоо. Тэр үргэлж хажуу дахь худгаас ус зөөн, аавын дурангаар хийдэг ажиглалтын бай болж, хоёр том хувинтай усаа дааж ядан ойр ойр алхан, үе үе амарч туяхан биеэ нахилзуулан нааш цааш  холхино. Би нэг өдөр төмрийн дархан хөршийнхөө усны бидоныг түрдэг тэрэгтэй нь аваад түүнийг худаг дээр ирэхийг тааруулан амдаж очлоо.

 -Та ядарч байгаа байх. Би танд ус зөөж өгөх гээд тэрэг аваад ирлээ.
 -Өө яасан сайн дүү вэ? Чи тэгээд надад өдөр бүр ус зөөж өгч байх уу?
 -Тэгнэ.
 -Бусад маань ажил хийгээд… Би нэг хөөрхөн дүүгээр усаа авахуулаад л өөрөө зүгээр суугаад байх. Зугаатай хэрэг байна. Би юу ч хэлсэнгүй, устай тэргээ түрэн хөдөллөө. Тэр хойноос гүйцэж ирээд,

 -Чамайг хэн гэдэг вэ?  гэв.
 -Бөхмөрөн
 -Яасан хөөрхөн нэр вэ?
 -Ямар ч утгагүй муухай нэр.

 Тэр гайхсан бололтой толгой сэгсрэн инээмсэглэв.
 -Чи хэддүгээр анги вэ?    “Яадаг билээ. Дөнгөж найм төгссөн гэж мэдвэл…”
 -Одоо аравт орно.

Өөрийн эрхгүй тэр үгийг хэлчихсэн даруйдаа эргүүлж засахад хэцүү бэрх алдаа хийснээ ухаарч сэтгэл гонсойв. Явсаар байрных нь гадаа хүрч эгнүүлэн тавьсан олон торхны нэг рүү бидонтой усаа юүлэхээр шүд зуун өргөж хариугүй хийдгийн даваан дээр чинэрсэн гарын булчин сулран мэдээ алдарч, бедон дүүрэн ус сад тавин, туслахаар ухасхийсэн түүнийг шалба норгов.  Түүний дөрвөлжин хээтэй нимгэн эрээн даашинз биеийг нь ороон наалдаж, үснээс нь усны дуслууд бөнжигнөнө.

 -Би-и алд-чихл-аа. Санаандгүй.
 Өөрийн мэдэлгүй шилээ маажив.
 -Би бас санаандгүй сайхан сэрүүцчихлээ.
 Тэр даашинзныхаа хормойг сөхөн нэг мушгиснаа бушуухан буулгаж,
 -Аравдугаар ангийн ах шилээ маажиж байхыг дүү нар чинь харвал юу гэх бол? гээд хоосон хувингаа санжигнуулан байр луугаа яваад өгөв. Би хадагдчихсан юм шиг тэндээ зогсоод л байлаа. Надад бодож санах юм байсангүй. Цээжин дээр тээглэсэн бөөн хар юм хүчтэй цохилох зүрхний цохилтоор томрон хэн нэг хүн “заяагүй хар новш… новш, новш” гэж шивнэж байх шиг санагдана.

Оюутны байрны зүгээс охидуудын эгдүүтэй инээд чих дэлдэн “чи мөн сайн туслахтай болж дээ” гэж хэн нэгний шоолон хэлэх тодхон сонсогдов. Удалгүй тэр хаалга дэлгэн:
 -За чи яагаад урвайчихаав? Наадах хувцасаа хараа! Одоо ээж чинь чамайг загнана даа гэлээ.
 Би тэрэг бидон хоёроо хаячихаад гүйх шахам алхав. Гэртээ оронгуутаа нойтон хувцастайгаа орон дээр түрүүлгээ харан уналаа.

Өөрийнхөө урагшгүйд гомдох, эр чадалгүйдээ харамсахын зэрэгцээ түүнтэй хэзээ ч дахиад уулзахгүй, зүрх сэтгэлээсээ таягдан хаяна гэж шийдлээ. Гэвч төдөлгүй гадаа хоосон бидоны дуу хангинахад ухасхийн босов. Хаалга тогшингууд “хүлээгээрэй” гэж хашгираад нойтон гарынхаа ар өврөөр нүүр нүдээ шудран, шалханаг болтлоо норсон өмдөө явуут солин орныхоо бүтээлгийг эргүүлээд хаалгаа онгойлговол тэр:

 -Уучлаарай чамайг гомдоочихлоо. Би тэргийг чинь аваад ирсэн гээд инээмсэглэв.
 -Та орооч.
 Би түүнд сандал тавьж өгөөд галын өрөөнд орон ээжийн үргэлж надаас нуучихаад байдаг тавагтай чихрийг хайж байтал,

 -Пөөх чи яасан олон номтой юм бэ гэж тэр нөгөө өрөөнөөс дуу алдлаа.
 -Хагас нь ахынх.
 -Үзэж болох уу?
 -Болно.

 Цай аягалж байхад хааяа номын хуудас шажигнуулан эргүүлэх сонсогдож байснаа гэнэт:
 “Галын дөл шиг бадарсан
 Гандаж харвашгүй од билээ
 Шөнийн цэлмэгт гялалзах
 Сүүн цагаан заадлаар
 Шүр, сувд шиг ярайсан
 Сүрэн живаа оддын
 Нэг ширхэг нь
 Нээрээ би билээ…” гэж төрийн шагналт манай нэг найрагчийн “Би газар тэнгэрийн хүү” найраглалаас намбатайхан уншсанаа

 -Чи яруу найрагт дуртай юу? гэв. Би түүнд цай өгөөд:
 -Дуртай гэлээ.
 Хэдийгээр би хичээл номдоо тааруу ч гэсэн харин уран зохиолд үнэн голоосоо дуртай. Сонирхолтой ном тааралдахад олзуурхан, бараг тавилгүй уншин бүхнийг умартаж ээжид загнуулна.
 Тэр хэсэг бодлогоширч барьж байсан номынхоо хавтсан дээгүүр савх шиг нарийхан хуруунуудаараа бөмбөрдсөнөө:
 -Бөхмөрөн, чи… Өө тийм. Тэнэг толгой. Өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Зулцэцэг гээд гараа сунгав.

Миний бүхий л бие сэтгэлийг Зулцэцэг гэсэн ганцхан үг эзэмдэн олон хоногийн турш зохион олдог байсан хэдэн арван, зуун… нэрнээс өөр нэртэй байжээ гэсэн бодол зурсхийв.
Би одоо болтол түүний гарыг атгасан хэвээр байгаагаа гэнэт ойлгон цахилгаан гүйдэлд цохиулсан юм шиг цочин гараа суга татан авав.

 Зулцэцэг гайхсан бололтой мөрөө хавчихад хацар нь ягаарч харагдлаа.
 -Би чамайг яруу найрагт дуртай. Тэгээд бас өөрөө шүлэг бичдэг байх гэж бодсон юм. Яг таасан байгаа биз гэж тэр хэлэв.

Үнэндээ бол шүлэг бичдэггүй хүүхэд гэж ховор байдаг болохоор би ч гэсэн оролддог л байлаа. Тэгэхдээ голцуу хайр дурлал, уул усныхаа тухай бичнэ. Харин тэр шүлгүүдээ хүнд уншуулах нь байтугай хүний нүднээс нь далдлан номныхоо шүүгээнд хол гэгч нь нуудагсан. Би Зулцэцэгийг ингэж тааж хэлсэнд самгардан, тэр миний шүлгүүдийг олоод уншчихсан мэт эвгүйрхэв.

 -Би ч гэсэн шүлэг бичих дуртай.  Тэгэхдээ хүүхдийн шүлэг. Би чамд уншиж өгөх үү? гэлээ. Тэгээд хариу хүлээлгүй:

 Аавын бэлэглэсэн машин
 Ээжийн өгсөн хүүхэлдэй
 Алийн чинь ч гэсэн би
 Эвдэлгүй гамтай тоглоно
 Дүү надад баярлана
 Айхтар нямбай охин шүү гэж
 Аав  ээж ч баярлана  гэж уншив.

Бид хоёр хэсэг чимээгүй суулаа. Дараа нь Зулцэцэг “Дахиад намайг ирвэл чи надад шүлэг уншиж өгөөрэй. Би явъя. Өнөөдөр манайхан анхны тариа хүлээж авсан.  Баяр  хөөртэй ч ядарч ирэх байх. Сайхан хоол хийхгүй бол горьгүй” гэв.

Би Зулцэцэгт дахин ус зөөж өгөхийг зүрхэлсэнгүй. Харин дахиад түүнтэй уулзахдаа уншиж өгөх ядахдаа дөрвөн мөр ч болов шүлэгтэй байхыг хичээнэ. Гэвч санааны зоргоор болохгүй байлаа. Би Зулцэцэгтэй дахиад уулзатлаа олон сайхан шүлэг, бүр найраглал бичнэ гэж өөртөө ам өгсөн юм. Гэвч арван зургаан насандаа ам өгөх амархан ч хэлэх үг, хийж бүтээх хоёрын хооронд алд дэлэм зайтай байдгийг хараахан ухаарч чадаагүй л явж дээ. Бичсэн бүхэн сэтгэлд тохирохгүй, голж шилсээр арай дээр боллоо гэсэн хэдэн шүлгээ нямбайлан хуулж, үргэлж авч явдаг болов. Зулцэцэг манайхаар ирэхгүй л байлаа.

Гэтэл нэг өдөр дэлдэн Гочоотой дугуйгаар давхиж яваад Зулцэцэгтэй тааралдчихав. Тэр нэг залуутай тороор дүүрэн нөөшилсөн загас дамжлаад дэлгүүрээс буцаж явлаа. Өвдөг, бөгсөн дээрээ нөхөөстэй хөх өмд өмссөн, сэгсгэр үстэй дуучин эрийн дүрс бүхий цагаан цамцтай тэр залуудаа Зулцэцэг намайг танилцуулан “Сэргэлэн хүү. Мопассаныг хүртэл уншсан” гээд магтаж байна.

Цаадах нь ер тоосон шинжгүй манай муу хөгшин цагаан үнээ шиг эрүү амаа мурийлган бохь зажилж явна. Над руу ганц нүдээрээ ч харсангүй. Миний дургүй хүрэн бас хардаж ч байх шиг. Зулцэцэг бид хоёр руу ээлжлэн харснаа нүүр нь улайн газар ширтчихэв. Гочоо маань “Үхсэнээ хийгээд наад хоёроо дагаад яваа юм бэ? Салхи сэнгэнэтэл хурдалъя” гэсэн шиг эргэн эргэн харж, халуу шатаж, хиншүү ханхлах замаар дуртай дургүй урагшлан сажилна. Гэвч би явмааргүй байлаа. Тэр залуутай нь хэрэлдмээр, аль эсвэл би түүнээс дутуугүй гэдгээ үзүүлмээр санагдаад байв.

Би “Зулцэцэг ээ, миний шүлгийг унших уу” гэлээ. Зулцэцэгийн нүд сэргэн “Тэгье” гэв. Би “Эх орондоо өргөх дуу”, “Угтаал сайхан нутаг”, “Би тариачны хүү” зэрэг хэд хэдэн шүлэг бичиж, дундуур нь дөрөв нугалсан тууш шугамтай дэвтрийн хэдэн хуудсыг түүнд өглөө. Зулцэцэг нэлээд анхааралтайгаар амандаа шивнэн уншиж явснаа “Аятайхан болж шүү. Ханын сонинд гаргана” гээд шүлгүүдийг маань авчихав. Би юу ч хэлж чадсангүй. Харин нөгөөх залуу нь жуумалзан над руу тун сүрхий харахад түүний харцанд атаархлын өчүүхэн гал гялалзах шиг болов.

Шүлэгтэй хуудаснуудын нэгнийх нь доод талд жижиг үсгээр “Зулцэцэг ээ! Намайг уучлаарай. Би энэ жил найм төгссөн” гэсэн хэдэн үг байсныг Зулцэцэг харсангүй.  Эсвэл харсан ч гэсэн үзээгүй юм шиг дүр гаргасан юм уу, юу ч хэлсэнгүй.

 …Хэд хоногийн дараа оюутнуудын гаргасан  ханын сонинд миний хоёр шүлгийг тавьж дор нь “Угтаалын  найман жилийн сургууль төгссөн Ц.Бөхмөрөн” гэж бичсэн байхыг оюутнуудыг ажилд гарсан хойгуур хулган зовсоор очиж үзээд хэдийгээр ганцаараа байсан ч нүүр халуу оргин, баярлах гайхах хосолж билээ.
   *  *  *
 
* * *
Зулцэцэг надтай тун ойрхон мөртөө маш хол байлаа. Миний сургуульд явах цаг     ойртсоор… Би Зулцэцэгээс өөр бараг юуны ч тухай бодохоо болив. Би урьд нь хэд хэдэн хүүхний тухай бодож сониучирхан шохоорхож тэднийг харьцуулан цэгнэж, чухам хэн нь илүү сайхан хүүхэн болохыг тааж ядан ийнхүү олон хүнд зэрэг дурлаж болдог юм болов уу гэж гайхдаг байв.

Үнэнийг хэлэхэд Бурмааг сайхан хүүхэн гэдэг дуулианд нь болоод ч тэр үү арай онцлон харж, илүү их шохоорхдог байж билээ. Гэвч энэ бүхэн дурлал биш байжээ. Зулцэцэгийг харсан тэр цагаас хойш Бурмааг бараг санахаа больж хүний нүд булаам хээрийн хээнцэр ганган цэцэг хоромхон зуур гандах адил тэр миний зүрх сэтгэлд байргүй болж билээ.

Хачин юм. Би Зулцэцэгтэй ердөө хоёрхон удаа уулзаж ярилцсан. Гэтэл Зулцэцэг шиг ойр дотно, элгэн халуун хүн энэ хорвоод үгүй мэт. Түүний ааш төрх, дөлгөөхөн тунгалаг харц, сэтгэл гижигдэм хөөрхөн инээд, дух руугаа унжих үсийг хоёр хурууныхаа хооронд хавчин хойш болгож, ярихдаа үгээ бараг таслалгүй дуржигнуулчихаад ойлгов уу, үгүй юү гэсэн шиг толгойгоо гилжийлгэн цогтой харцаар ширтэх нь хүртэл хэзээний дотно байх юм.

Гэтэл үнэндээ би түүний нэрнээс цааш тодорхой юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд бас надаас эгч… Өдөр хоног өнгөрөх бүр, Зулцэцэгийн тухай бодох тусам би түүний дотоод ертөнцийн хосгүй баян чанарыг  зөн увьдсаараа нээн олж Зулцэцэг энэ хорвоогийн хосгүй сайхан бүсгүй гэж санах боллоо. Хүн хүнээ билгийн харц, бие сэтгэлээрээ мэдрэн танина гэдэг нь энэ юм болов уу? Зулцэцэгийг харсан тэр өдрөөс хойш бүх юм өнгөлөг, амьдрал жигтэйхэн баян тансаг, хүн амьтан ч илүү сайхан ааш зантай болчихсон юм шиг санагдах боллоо. Сэтгэлээс минь Зулцэцэгийн тухай бодол салахаа больж түүний цогтой сэргэлэн, учиртайхан харц нүдний өмнө үргэлж тодорно. Би Зулцэцэгт  хайртай болжээ.

Оройд номоо үзэж байна гэж худал хэлэн алгебрийн номны завсар цаас хавчуулан хайр дурлалын тухай шүлэг бичдэг боллоо.
 Оюутны байрны олон цонх
 Одоо ч гэсэн гэрэлтэй байна
 Хонгорхон чиний зүүдийг сахин
 Хөөрхий би ч сэрүүн л байна гэх мэт.

Бичсэн шүлэг маань санаанд хүрэхгүйд дээгүүр нь чагтлан зурж шинэ хуудас шажигнатал эргүүлэхэд ээж “Хүү минь аяар. Тооныхоо номыг урчихав даа” гэж үглэнэ.

Би арваад өдрийн дотор таван төгрөгийн зузаан бор дэвтрийг дүүртэл шүлэг бичлээ. Янз бүрийн яруу найрагчийн шүлэг, найраглалын санаа, уран гоё үг, зарим мөрийг хүртэл хуулан дуурайж, эцэст нь миний бичсэн шүлэг гэхэд итгэмээргүй юм ч бий болно. Гэвч би ганц ч хуудас урж тасдаж хаясангүй. Яагаад гэвэл үг үсэг бүхэнд нь миний анхны гэнэн хонгор, үүлгүй тэнгэр шиг сэвгүй ариун дурлалын минь сэтгэл шингэсэн байв.


  * *  *
Тэр үед би мөн л энэ толгой дээр гарах дуртай байсан даа… Өдөржингөө наранд шарж хэвтэх, хязгааргүй уудам цэнхэр огторгуйг ширтэн, элдвийн юм мөрөөдөж хэвтэнэ гэдэг жаргал байсан юм.

…Арав, эсвэл хорин жилийн дараа би ямар хүн болох бол. Хүн бүр шүлэг, найраглалыг нь цээжээр уншин, дууг нь дуулдаг яруу найрагч болбол ямар гоё вэ? Тэгвэл Угтаалынхан “энэ чинь нөгөө бригадын дарга байсан хар Цэрэнгийн хүү шүү дээ” гээд хичнээн шуугих бол. Тэр үед Бурмаа ямар хүүхэд байсныг эргэн санаж чадах болов уу? Тэр ч үгүй биз дээ.

Би яруу найрагч болбол тариачин хүний тухай найраглал заавал бичнэ. Тэгэхдээ маш гоё. Нэр нь… “Хүн тариа хоёр”. Ёстой догь! Эсвэл Алтанхүү баатрыг, аавыгаа дуурайгаад тариачин болдог юм билүү? Тэгвэл ерөнхий механикч Энхтайван гуайнд эртээр номон дээр харсан “К-700” гэдэг гоё цэнхэр трактор манай аж ахуйд лав ирнэ дээ. Мөн ч хүчтэй эд гэсэн дээ. Бас тэгээд хурдан.

Тракторчин болоод аавынхаа бригадад очно. Шөнөжингөө газар хагалан, үүр манхайн цайхад хөдөлгүүрээ унтраан кабинаас гарч зогсоход хичнээн гоё гэж санана. Их тал анир чимээгүй нойрсон, эртэч болжморын шогшроо уяхан хөгжим шиг сонсогдоно. Өчигдөрхөн шар байсан талбай тос даан бараантана. Энэ бүхнийг би хийсэн юм шүү дээ гэж санахад их талын эзэн хүний сэтгэл эрхгүй төрнө.

Чухам энэ мөчид л газрын амьсгалыг сонсож болмоор сайхан даа. Эсвэл намар тариа хураах цаг. Болц нь гүйцэж, түрүүгээ дааж ядан үл мэдэг гудайлгасан буудай шингэх нарны туяанд шижиртэн, ойртон ирэх комбайны нүргээнд үл мэдэгдэм чичигнэн байснаа гэнэт усны эргүүлэгт хумигдах мэт хуйлран унана. Төдөлгүй түрүүндээ нуугдан байсан алтан шаргал тариа үерийн урсгал шиг шаагин машины тэвш дүүрээд ирэхээр талхнны үнэр сэнхийн, тарианаас ялимгүй пургих шороо нь хүртэл талхны үнэртэй мэт санагдана.

Адуучин эр дөрөө жийн жигүүрлэх шиг хүчирхэг комбайны залуурыг бат атган суудлаасаа босч хязгааргүй шаргал тэнгист сэлүүр эргүүлэн дуу исгэрч явах шиг жаргал энэ хорвоод бий болов уу?
Хүсэл мөрөөдлийн ид шидэнд автагдан халуун наранд мансуурч хэвттэл дэмий тэнэж явсан дэвхрэг гэдсэн дээр сархийн бууж сүрхий цочиж босон харайлаа. Нэг хэсэгтээ толгой эргэн нүд харанхуйлж золтой л уначихсангүй. Нүдээ хэсэг аниад нээвэл эргэн тойрон ногоон өнгийн торгон дээр том том шар цэцэг өнгө хослон алаглаж, хойд тасгаас аж ахуйн төв ордог шулуухан замаар чиргүүлтэй улаан “Белорус” трактор шингэн цэнхэр утаа олгойдуулан жирийлгэж яваа үзэгдэнэ.

Аавын маань бригадынхан өдийд бүх комбайнаа эгнүүлэн жагсаачихсан удахгүй эхлэх их ажлын гараанд бэлдэцгээж байгаа даа. Аав өчигдөр бригад руугаа явсан. Намайг сургуульд явахад л нэг ирнэ гэсэн. Ер нь шөнө дөлөөр ирчихээд өглөө үүр цүүрээр дуг нойрондоо дугжирч байхад явчихсан байдагсан. Өглөө сэрэхэд аавын минь дотно танил үнэр, татсан тамхиных нь утаатай холилдон байхад өнөө маргаашгүй эргээд ирэхийг нь мэдсээр байвч хаа хол явчихсан юм шиг санагдан унтаад хоцорчихсондоо харамсах сэтгэл төрдөгсөн.

Уржигдар аавтайгаа хойд тасгийн төв оччихоод явган буцаж явтал Цээлийн бригадын дарга Осорпунцаг гуай мотоциклтой дайрчих шахам хажуугаар өнгөрлөө.

Би ихэд гайхан аав луугаа бүлтийтэл харвал аав “ажил хийж чадахгүй хэвтэж атаархах санаатай” гээд замын хажуунаас тариан түрүү шүүрэн алган дээрээ имэрч зажлангаа “маргаашнаас дахиад л орох нь энэ тэнгэр” гэж билээ. Юм гэдэг хачин юм. Ажил сайтай гээд атаархаж, жөтөөрхөх гэж. Миний аавд хүн атаархах юу байх билээ дээ? Угийн үг дуу цөөтэй, том хамар, өтгөн хар хөмсөг, майга хөлтэй хүрэн хар эр. Ямар сайндаа “хар Цэрэн” гэж хочлох вэ дээ? Ажлын төлөө бол үхэн хатан зүтгэнэ.

Заримдаа агрономичтай зад зөрөн “чиний үзсэн номоор бол Цагаан хөтөлөөс ургац авна гэж горьдохын хэрэг алга” хэмээн хаа сайгүй үрэлгээ эхэлчихээд байхад ганц ч трактор хөдөлгөхгүй гөжөөд суучихна. Тэр үедээ бол хүнтэй үг зөрөх нь байтугай хоол унд ч идэх нь ховор. Бригадынхан ч түүнийхээ аяыг дагаад өөр хүний үг авна гэж хол хэвтэнэ. “Цэрэн царай нь хар ч сэтгэл нь цагаан шүү” гэж ярихыг олонтаа сонсоод аавыг минь гунхсан сайхан нуруутай гоолиг төрсөн эр гэж магтсан юм шиг баярладагсан…

Аж ахуйн төв яг алган дээр тавьчихсан мэт. Оройн таван цаг болсон бололтой, оюутнууд байр луугаа цувж байгаа харагдана. Гэдэс өлсөж байна. Гэвч яагаад ч юм гэртээ харимааргүй байлаа. Дахиад л шүлэг бичиж эхлэв.

Амттаны дээд
Бал бурам  билээ
Амьдын жаргал
Зулцэцэг билээ
Бал бурманд эргэлдэх
Алаг хөөрхөн эрвээхэй
Зулцэцэгийг мөрөөдөх
Бөхмөрөн сэрвээхэй…

Удалгүй оюутнууд хоол цайгаа ууж идээд бөмбөг тоглож эхэллээ. Гэтэл нэг хүн намайг чиглэн айсуй… Зулцэцэг! Дэмий юм мөрөөдсөөр байгаад нөгөө хий үзэгдэл гэдэг нь болж байгаа юм болов уу? Нүдээ анилаа. Нээлээ. Гараараа арчлаа. Үгүй… Яриангүй мөн. Зугатаалтай биш. Дэвтрээ цамцныхаа дотуур нуучихаад хүлээж суув.

-Сайн уу? Бөхмөрөн
-Сайн.
-Чи өдөр бүр шахам энд ирэх юм. “Ямар ажигч юм бэ. Аль эсвэл ганц намайг онцгойлж хараад байна уу? Арай ч даа… Тэнэг толгой…”

Зулцэцэг миний дэвтэр нуучихаад сууж байгааг мэдчихвэл дотор нь юу бичээстэйг бүгдийг цээжээр хэлчих юм шиг санагдан нуруу руу хүйт оргин чимээгүй суусаар байв. Тэр толгой нь үл мэдэг шарласан урт ногоо таслан тас тас хазалж хэсэг бодлогошрон сууснаа.

-Танай нутаг сайхан юм. Тэгэхдээ би хотоо санаад байна гээд уйлчихав.
-Би мэл гайхан уйлсан дүүгээ аргадах чихэр олох гэж сандарсан ах шиг учраа олж ядав.
Зулцэцэг дорхноо нулимсаа арчин тайвширсан бололтой үсээ мөрөө давуулан шидээд алсыг ширтэн,
-Чи бас удахгүй том болоод сургууль гээд нэг тийшээ явахаараа нутгаа, гэр орон, аав ээжээ санана даа.

-Саналгүй яахав.
“Том болоод гэнэ шүү”. Би энэ үгэнд гомдлоо. Зулцэцэг сэтгэлээ тэнийтэл хууч дэлгэх гэсэн юм шиг зөндөө их юм ярьж гарлаа.

Тэр аравдугаар ангиа хоёр сайнтай төгсөөд эдийн засгийн дээд сургуульд орсон гэнэ. (Би түүнийг монгол хэлний ангийнх гэж боддог байсан юм). Аав нь хотын нэг үйлдвэрийн газарт инженер, ээж нь хүний их эмч. Гурван дүү, нэг ахтай. Бага дүү нь түүнтэй их адилхан, цэцэрлэгт явдаг жаахан охин бий гэнэ.

-Би тэр дүүдээ хэнээс ч илүү хайртай. Дүү минь надаас ерөөсөө салж үзээгүй, дандаа өвөрт минь унтдаг. Хичнээн ч оройтсон ганцаараа намайг хүлээгээд шомбойтол сууж байна. Сангийн аж ахуйд явах өдөр учиргүй их уйлан хамт явна гэхээр нь эгч нь орой буцаад ирнэ гэж худлаа хэлээд үлдээчихсэн. Яасан их санаж байгаа бол гээд дахиад л уйллаа.

Зулцэцэг урьд өмнө нь хотоос гарч үзээгүй гэнэ. Би түүнийг сонсоод их гайхлаа. Урьд нь хотын хүүхэд малын бараа хараагүй гэхийг сонсоод “хотын цагаан гартан” гэж дургүйцдэгсэн. Би Зулцэцэгийн яриаг сонсоод л хүн бүр ижилгүй, хүлэг болгон жороогүй” гэж үнэн юм даа гэж бодлоо. Жишээ нь Бурмаа.

Хэдийгээр тэр Угтаалын унаган хүүхэд, малчин айлын охин ч гэлээ сургууль төгсөв үү, үгүй юу нүд, амаа будан, багш нартайгаа ч бараг мэндэлхээ больсон. Үргэлж гоёж гангалан эцгийн хөрөнгөөр туйлан өөдтэй бүхнийг олж өмсөнө. Залуучуудыг дагуулан хуйлруулж, том алаг нүдээ сэрвэлзүүлэн алхаж гишгэх нь хүртэл өөр шүү. Хөнгөн зантайдаа л нөгөөх бүргэд хамартыг дагаад явсан даа. Гэтэл Зулцэцэг шал өөр. Энэ хоёр насаар бол яг адил даа.

Би Зулцэцэгт Угтаал нутгийнхаа тухай баахан ярив. Харин энэ яриа маань яагаад ч юм тарианы, тал нутгийн эзэн тариачдын тухай яриа болж хувирлаа. Болдогсон бол Зулцэцэгийг аавынхаа бригадад аваачихсан. Их ажлын дараа урт ширээний ард зэрэгцэн суугаад хооллож байгаа тариаланч эрсийн хөгжүүн яриаг сонсож, тэдэнтэй хамт шинэ талх, шинэ ногооны шөлийг нь амтлан суухад хичнээн сайхан гээч. Тариан талбайд бол бүр ч гоё. Комбайны гишгүүр дээр зогсон бариулаас нь чанга атгаж замын нугачаанд дэндэгнүүлсээр талбайн зах руу ороход гэнэт хүчит сэлүүр эргэлдэн тариан түрүү шаагина. Эхлээд аймаар сүртэй гэдэг нь жигтэйхэн. Дасаад ирэхээр гарын атгалт сулран, хөлөрсөн бие тавигдаад бахархах сэтгэл төрнө.

Тарианы өндөр нам, өтгөн шингэн, газрын нугачаа бүрд аварга хөлгийнхээ хурд хүч, анги хэсгийнх нь эргэлт бүхнийг тохируулан яваа тариачин эрийн хурдан шалмаг хөдөлгөөнийг бишрэн хүндэлнэ. Тэгэхдээ энэ бүхнийг сонсох биш нүдээрээ харж, бие сэтгэлээрээ мэдрэхэд л ойлгоно доо..
Зулцэцэг намайг техник мэргэжлийн сургуульд сурахаар хот орох гэж байгааг сонсоод Улаанбаатарын тухай, тэр ч байтугай хотын залуучуудын дунд одоо ямар дуу их дэлгэрч байгаа тухай хүртэл ярив. Тэгснээ.

-Чи бүжиг хийж чадах уу гэлээ.
-Үгүй гэвэл тэр ухасхийн босч ганцаараа амандаа дуу аялан бүжиглэж гарав.
-Алив босоод ир! Би чамд зааж өгье. Би дахиад “үгүй” гэлээ. Гайтай дэвтэр ардаа нуусандаа саяхан гэрийн гадаа хадаасаар тэлээд татчихсан хэдэн зурмын арьсыг маань Данигаа хөгшний зөнөг халтар талхлаад хаячихсанаас илүү харамсав.

Зулцэцэг урам нь хугарсан бололтой өвдгөө тэвэрч суугаад алсыг ширтэв. Тэр чухам юу бодож суугаа бол? Энэ мөчид Зулцэцэг надаас хоёр гурав эгч, амьдралынхаа анхны алхмыг хийсэн оюутан биш, миний дүү жижигхэн охин мэт санагдав. Тэгээд түүнийг өөрийнхөө хайртай дүү шиг өхөөрдөн хайрлаж хөхөөн баясгамаар санагдлаа. Гэвч надад эмэгтэй дүү, тэр ч байтугай эгч ч байхгүй болохоор чухам хэрхэн энхрийлдгийг би төсөөлөхгүй байлаа.

Ийнхүү Зулцэцэг бид хоёр өөр өөрийнхөө бодолд автан удтал сууснаа анзаарсангүй. Гар бөмбөгийн талбайд “цохь, хаалт” хэмээн тоглоомондоо улайрсан оюутнуудын огцом дуу намжин саамандаа оройтож тугалдаа яарсан үнээний хаа нэг мөөрөх, хоол цай, гэр орноо мартан тоглоомондоо умартсан хүүхдээ дуудах эх, эцгийн дуугаар үдшийн бүрийд умбах үед бид буцаж алхлаа.

Энэ мөчид Зулцэцэгийг цоморлогоо нээсэн цэцэг шиг нас бие гүйцсэн хөөрхөн хүүхэн гэж тооцон, түүний гоолиг тэгш нуруу, томбогор хоёр хөх, шөнтгөр хөөрхөн хамар, эрүүн дээрх жижигхэн хар мэнгэ тэргүүтнийг нь санан санан мөрөөддөг тэнцвэргүй дурлал маань хамгаас ойр дотно ах, дүү, хүүгийн сэтгэлээр хайрлан, үргэлж хүндэтгэн, түүний төлөө юу ч хийхэд бэлэн итгэлтэй хүн маань гэсэн хачин хайр хүндэтгэлтэй давхцан, тэмцэн догдолж байв.

Тэдний байр луу дөхөж ирсэн хойно дулаан биеийн бүлээн амьсгал шингэсэн дэвтрээ суга татан,
-Зулцэцэг ээ! Би чамд үүнийг … гээд сарвайлаа. “Зохиосон юм” гэсэн үг хоолойд тээглэн үлдэв. Дэвтэр гараас дөнгөж хөндийрмөгц зүрх догдлон, харсан зүг рүүгээ эрчээрээ хурдалмаар байвч “чи эр хүн шүү дээ” гэсэн далдын нэг хүч намайг арай ядан барьж байв. Гэртээ ирээд би удтал тайвширч чадсангүй. Нүүр халуу шатан, зүрх цээж дэлбэ татах гэсэн юм шиг хүчтэй цохилж ичих, догдлох хослон нойр хулжлаа.

 

* * *
-Босоорой? Бос хүү минь.
Нар дээр хөөрчээ. Нүд гялбам хурц туяа цонхоор гийгүүлнэ. Яагаад ингэж унтсаныхаа учрыг олох гэж нүдээ нухлан суутал аав:
-Хурдан бос, юмаа бэлд. Сангийн аж ахуйн Рагчаа жолооч сэлбэг авахаар хот орох гэнэ. Аваад явъя гэсэн гэв.

Би хувцсаа өмсөөд шуудхан оюутны байр луу гүйлээ. Дөхөж ирсэн хойноо зог тусав. Өчигдөр оройны явдал сэтгэлд зураг мэт зурайн бууж, Зулцэцэг рүү ингээд шуудхан яваад оччих эрхгүй юм шиг санагдлаа. Эргэлээ… Надад бас уулзалгүй явчих эрх байхгүй шүү дээ. Хайр сэтгэл гэдэг гагцхүү жаргал биш бас зовж шаналахын нэр ажээ. Ороод юу гэж хэлэхээ бодлоо. Юу ч гэж хэлсэн шал тэнэг, ямар ч утга учиргүй болох юм шиг санагдана.

Зулцэцэг өглөөний сэрүүнд жихүүцсэн бололтой хэлхгэр, хар өнгөтэй хөвөнтэй цамц өмсөж, улаан ноосон алчуураар толгойгоо битүү ороочихсон гал зууханд ганцаараа төмс арилгаж суув.
-Зулцэцэг ээ би өнөөдөр явлаа.

Тэр юу ч хэлсэнгүй. Доош харан төмс арилгасан хэвээр л сууна. Дараа нь арилгасан төмсөн дээрээ ус хийн пийшин дээр тавьчихаад нойтон гараа удаан арчив. Би зогссоор байв.
Энд маш удаан, бүр өдөржингөө зогссон мэт болж, сэтгэл давчдан болдогсон бол гараад л толгой хандсан зүг рүүгээ гүйчихмээр байлаа. Гэхдээ тэгэхгүй. “Хамаагүй зогсоод бай, хэдий болтол зогссон ч хамаагүй” гэж нөгөө далдын ухаантан шивнэх шиг.

-Өнөөдөр үү?
-Тийм ээ.
-Би ч бас сонинтой. Маргааш тогооч хийхээ больж, үтрэм дээр ажилладаг болно. Хийж үзээгүй ажил сонин шүү дээ гэснээ “Алив би чамайг үнсье” гэв.

Би доошоо харлаа. Тэр намайг эг маггүй, эв хавгүй атлаа халуун дотноор хацар нүүрийг минь дахин дахин үнсэв. Түүний үнсэлтэд зөвхөн эгч хүний энхрий хайр л байсан… Би түүний цээжинд толгойгоо наахад бүх биеийн гижиг хүрэх шиг болж нүдэнд нулимс эргэлдэв.

 * * *
Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Би нэртэй цуутай найрагч, алдраа өргөсөн тариаланчийн аль нь ч болсонгүй. Гэвч би хааяа тэмдэглэлийнхээ дэвтэрт шүлэг бичдэг л юм.

Аав минь надад “Миний хүү ямар мэргэжилтэй хүн болох нь хамаагүй. Хүний хүсэл жолоогүй гэдэг. Аяыг нь дагаарай. Тэгэхдээ өсөж өндийсөн газар шорооноосоо холдож болохгүй” гэж ярьдагсан. Тэр үед би энэ үгний нарийн учрыг олдоггүй байжээ. Үнэндээ бол хооллож ундаалж, хүний зэрэгт хүргэсэн өгөөж баян энэ нутгаасаа битгий яваарай гэж захиж байсан хэрэг. Би аавынхаа захиасыг биелүүлсэн.

Техник мэргэжлийн сургууль төгсөж гагнуурчин болоод Угтаалдаа буцаж ирсэн. Арван жил ижил дасал болж занг нь андахаа больсон гагнуурын муу “САК” мотортойгоо тааралдсан унаанд дайгдан олон хавар, олон намрыг ардаа хийж Аадгайн даваа, Талын уул, Бор хужир, Цээл, Ятуут гээд сангийн аж ахуйн тасаг, бригад, талбай бүхнийг хэрэн замын нугачаа, газрын өө сэвийг хүртэл андахаа больж дээ.

Аавыгаа өөд болсон жил тракторчин болно гэж зүтгэсээр Цагаан хөтөлийн бригадад очлоо. Сангийн аж ахуйн дарга нар эхлээд дориун сайн гагнуурчнаа бригадад өгөөд яахав гэж нэлээд дургүйцсэн боловч нэг их хориглоогүй шүү. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэг гэж бодоо биз дээ. Өнгөрсөн жил хөдөө аж ахуйн дээд сургуульд эчнээгээр орсон. Оройгоор арав төгсөн, тэгээд ч сургууль номын мөрөөс хөндийрчихсэн болохоор хэцүү л байна. Гэвч ааваасаа дутахгүй тариаланч болъё гэж зүтгэх юм даа.

Сайн тариаланч болоход дадлага туршлага, эрдэм мэдлэгийн аль аль нь хэрэгтэй. Тэгэхдээ газар шороогоо, ургуулж байгаа тариа будаагаа хайрлах онцгой хайр бүр их хэрэгтэй. Аавын минь энэ хайр хүнийг хайрлах ариун хайраас нь ундардаг байсан юм.

Хүний амьдралд олон юм өөрчлөгдөх ажээ. Зан араншин, нас үс, ажил төрөл, явдал суудал нь хүртэл. Бүлээн салхи үлээсэн зуны сүүл сарын тэр нэг орой Зулцэцэгтэй хамт ярилцан суусан энэ л толгой дээр би жил бүрийн намар тарианд гарахын өмнө гарч, удаан сууж элдвийг эрэгцүүлэн боддог юм даа.

… Охин маань талын анхилуун цэцэг зөндөөнийг түүгээд хөшөөний дэргэд очлоо. Тэр өөрөөс нь өчнөөн өндөр тэр хөшөөн дээр товойлгон хийсэн охидын дүрсийг харан зогссоноо “нэг, хоёр, гурав … зургаа … бишээ” хэмээн цэцгээ өлмийд нь нандигнан тавиад дахин өлийн зогсоод тоолж гарлаа.
Арван жилийн өмнө энэ толгойг зорьж ирдэг хүн ховор байсан. Одоо энд хүн, машины хөлөөр зам гарчээ.

Талд ургасан цэцэг шиг өнгөжин жавхаажиж, өргөжин тэлсэн Угтаалын төв өнгө хослон байна. Заримдаа өөрөө эрийн цээнд хүрсэн эцэг хүн биш нөгөө л мөрөөдөмтгий зантай сургуулийн сурагч, надтай хамт бас оюутан охин Зулцэцэг өвдгөө тэврээд алсыг ширтэн бодлогоширч суух шиг санагдана. Шинэ барьсан үтрэмийн хажууд оюутнууд бөмбөг тоглон, тэртээ урьд дэнж дээр Балбар гуайнх бас л гүү барьчихсан, том цагаан гэрийнх нь хаяа сөхөөстэй харагдана.

Гүүний зэлнээс баруунтай нэг эмэгтэй хоёр хүүхэд дагуулаад тугал эргүүлж явна. Сумын наадмын дэвжээ, Угтаал нутгийг доргиулсан бүргэд хамартыг дагаад явсан хөөрхөн хүүхэн Бурмаа намайг техник мэргэжлийн сургууль төгссөн жил дагуул хүүхэдтэй буцаж ирсэн.

Түүнийг тэр жил оргоод явчихад нь би бараг үзэн ядаж байсан байх. Одоо бол Бурмааг өрөвдөх юм. Залуу насны омголон сэтгэл, гоё сайхандаа шатаж явахдаа Бурмаа амьдралын том алдаа хийсэн. Хэдийгээр олон жил өнгөрсөн ч тэр сайхан хүүхэн хэвээрээ. Харин түүний хөнгөн зан ор сураггүй алга болж намба төрх суужээ. Бурмаа одоо болтол хүнтэй суугаагүй. Анхны гал халуун, гашуун дурлалаа мартаж чаддаггүй юм болов уу даа?

Зулцэцэг. Би одоо түүний хөшөөнийх нь дэргэд сууж байгаа шүү дээ. Толгойн орой дээр уужим тэнгэрийг баганадаж Халиугчин, Заамар, Хар, Цагаан чулуут, хаанахын ч замаар Угтаалыг зорьсон хүнд хамгаас түрүүнд харагддаг өндөр сүрлэг хөшөө бий. Энэ бол тэр жилийн намар улангассан их түймрээс арвин их тариаг хамгаалан амьдрал жаргал, амтат талхны дээд алтанхан түрүүг цээжээрээ халхлан унасан эрэлхэг хонгорхон, булбарай баатарлаг охидын дурсгалд зориулсан хөшөө.

Угтаалд болсон их түймрийн тухай Улаанбаатарт анх очсоныхоо дараахан сонсоод Зулцэцэг зүрхэнд харван орж, өдөр хоног урагшаа ахихаа больж билээ.

Уужим тал хөр цасанд дарагдан, шарх сорвио нууж, амгалан тайван нойрсон байсан тэр өвлийн дүн хүйтэнд мөн л энэ толгойг зорин сэтгэл зүрхэндээ уйлж, уур манан савсуулсаар толгой нүцгэн гүйж ирэхэд өвлийн сүүмгэр тэнгэртэй чац булаалдах гантиг чулуун хөшөө, Зулцэцэг, хөөрхий охидын нэр, ертөнцөд мөнхөрсөн он “1966” гэсэн тоо, тэдэнд зориулсан эх орон, үеийнх нь нөхдийн халуун сэтгэлийн үгс… энэ бүхэн аймшигт нэг түүхийг өгүүлэх мэт болсон юм.

…Үхлийн өөдөөс сөрж яваагаа үл мэдэн дуу дуулан, сайхан үс, нимгэн алчуураа дэрвүүлэн машин дээр яваа  охид… Гал утаа… Үхлийн муухай халуун… Давчидсан сэтгэл… Сүүлчийн мөч… бараан тэнгэр… Дараа нь… дараа нь уй гашуу, үер шиг их нулимс, гашуудлын хөгжим…Мартагдашгүй сургамж…
Энэ бүхнийг олон хүний амнаас эвлүүлэн сонсож санаандаа ургуулан дүрсэлж, зүрхэндээ, оюун ухаандаа хоногшуулжээ…

Ай эх орон минь! Зулцэцэг шиг, энэ охид шиг хүний дээд эрхэм үйлстэн ард олны маань дунд олон бий. Тийм хүмүүсийг санан дурсаж, хайрлаж явна гэдэг сайхан юм.

-Аав аа! Явъя.
Охин маань гараас чангаан зогсч байлаа. Тэнгэрийн хаяа улайран, шувууд тогтуун шулганан жиргээд маргааш сайхан өдөр болох нь ээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/495788/0e9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
37 Ulaan harganiin togol ojab 2008-07-20 12171
36 Onigoo gej... [1] 장미 2008-07-18 11140
35 Nutgiin ah ojab 2008-07-16 42121
34 TOGLOOM [1] ~~~*oGoGo*~~~ 2008-07-13 14978
33 zohiomj-3 [1] pitty1 2008-07-09 11172
32 zohiomj-2(sonsoh) pitty1 2008-07-09 12838
31 zohiomj-1(sonsoh) pitty1 2008-07-09 12282
30 Харь нутгийн бvсгvй pitty1 2008-07-09 13738
29 "zovolgoo" lhagvasuren(sonsoh)ineedtei shuu [1] pitty1 2008-07-09 10923
28 "bolovsroliin terrorizm" asii(sonsoh) pitty1 2008-07-09 11061
27 "duu huuriin olgii nutag" jujigchin Batzorig(sonsoh) [1] pitty1 2008-07-09 11512
26 "ergelzee" hurlee(sonsoh) pitty1 2008-07-09 16375
25 "eleglel"chapi(sonsoh) pitty1 2008-07-09 16676
24 "Zuir tsetsen ug"dorjsuren(sonsoh) [2] pitty1 2008-07-09 21196
23 "reclamnii mangas"jujigchin ambii (sonsoh) [1] pitty1 2008-07-09 11122
22 Tsendiin Dorjgotov"Tsoodol"hoshin oguulleg(sonsoh) [1] pitty1 2008-07-09 22719
21 Нөхөн үржихүйн багш(oguullegiig sonsoh) [1] pitty1 2008-07-09 14208
» ЗУЛЦЭЦЭГ pitty1 2008-07-09 11827
19 Хэлний бузар file [1] pitty1 2008-07-09 11852
18 Араар тавьдаг эрийн тухай хvvхнvvдэд зориулсан 9 санамж [1] pitty1 2008-06-30 15350
배너신청
자생병원

배너신청