Бичлэгийн тоо 497

 
 
- Өгүүллэг -

Бүх бие нь дагжин чичирч, хөндүүрлээд ч байх шиг. Ямар ч тэнхэлгүй болжээ. Нүдэнд нь өнгө өнгийн оч гялалзан, үе үе харанхуйлна. Хүүхэд уйлах нь тодоос тод сонсдов. Бүсгүйн ам ангалзавч дуу гарч өгсөнгүй.
- Тариа хийснээс хойш 20 минут болчихож, эмч ээ... Ийм яриа тээр цаана сонсдох агшнаа дахиад л дайвалзан, харанхуйлаад явчихаж...
Хэдий хугацаа өнгөрснийг ч эс мэдэх. Бүсгүйн бие хөнгөрөөд, зовиургүй болсон байв. Хоолой нь хатан уух юм гэж гуймаар байвч хэсэг зуур нүдээ анин хэвтлээ.
- Ихэр юм байна, Хишигмаа. Эхний чинь хүүхэд охин гарсан. Хар даа, энэ муу амьтныг... гээд эх баригч Жавзан инээд алдан улаан нялзрай амьтан өргөж байсныг нь санав.
- Хэвлийд үлдсэн ураг амьгүй төрж болзошгүй. Бөөрнөөс чинь болоод хүндрэл өгөөд байна. Гэхдээ санаа зоволтгүй, их сайхан тайван байгаарай. Зөвлөх эмч нар ирчихсэн гэж байсан. “Тэгээд яасан бол...” Ийн бодож хэвттэл нэг хүн толгой дээрх хүйтэн жинг нь авчээ. Хишигмаа нүдээ алгуурхан нээтэл их эмч Ундрам, эх баригч Жавзан хоёр зогсч байв.
- Ихэр охин тээж төрүүлсэн азтай ээжид баяр хүргэе... гээд жигдхэн цагаан шүдээ яралзуулан инээх Жавзангийн гарыг Хишигмаа чанга атгаснаа:
- Хаана байна, миний хүүхдүүд гэлээ. Хишигмаа өлгийтэй хоёр хүүхдээ ээлжлэн үнсч, нулимсаа нууж чадахгүй баярлаж суухдаа “Эмээ, ээж хоёр минь их буянтай улс юм даа. Ихрийн удам буян дагадаг юм гэсэн” хэмээн бодов.

... Эхийнхээ хэвлийд бүтэлттэй хоцорчихоод 20 минутын дараа хорвоод мэндэлсэн мөртлөө Энхлин эгч нь. Алтан хэвлийгээс түрүүлэн гарч ирсэн Анирлан дүү нь. Ихэр охин ингэж ээж, аавыгаа баярлуулсныхаа дараа хоёр эрэгтэй дүү жил жилийн зайтай дагуулжээ. Мандахынх гэдэг айлыг ихэр охин, хоёр хүүтэй болгосон Хишигмаа хорвоод тун богино амьдраад бурхны орныг зорьсон байна.
... Аавын асрал, элбэрэл дор өсч өндийсөөр охид насанд хүрэв. Үүрнээсээ эртлэн нисч одох шувуухай адил Анирлан алсын Америк руу явжээ. Том эгчийн хувьд Энхлин ээжийгээ орлож, хоёр дүүгээ асарч, халамжилж, аавдаа тус, дэм болох ёстой гээд ажил, гэр хоёрын хооронд гүйсээр 25-ныхаа жилтэй золгосон байна. Хоёр жил гаруйн өмнө Америк руу явсан Анирлангаас “Сайн байгаа” гэх дам сураг сонсохоос биш өөрөөс нь хэл чимээ авалгүй уджээ. Даргын жолооч аавынх нь цалин амьдралд хүрэлцэхгүй. Сургууль соёлын мөр хөөгөөгүй Энхлин найзынхаа дэлгүүрт худалдагч хийж аавынхаа цалинд жийрэг болдог байсан болохоор тэднийх дулимаг боловч хүнээс гуйхгүй амьдарч байв. Хоёр дүүгийнх нь том Золбоо их сургуульд орж, Зоригоо цэргийн албанд татагдан дор дороо л довоо шарлуулж байцгаалаа. Дүү нараа амьдралд хөл тавиагүй байхад аавыгаа орхиод хүний хүн болно гэдэг санаанд нь багтдаггүй тул Энхлин үеийнхнээсээ ганцаархнаа нөхөргүй хоцорчээ...

Отгон дүү Зоригоо нь цэргээс ирээд удаагүй байлаа. Хайраа илчилж, хэдэн жил ажил, амьдралд нь тус дэм болж яваа Можоо “Хоёулаа хуримаа хийе. Нэг гэрт орж, хүүхэдтэй болъё” хэмээн Энхлинг шавдуулах. Гурвын гурван эр хүн орхиод явж зүрхлээгүй бүсгүй “Золбоо, Зоригоо хоёрыгоо ажил албатай болонгуут амьдралаа бодъё” гээд өөрийн амьдрал, ахуйтайгаа зууралдах нь Можоогийн урмыг хугална.
Үр хүүхэд хүсэмжилж, хайртай залуутайгаа хамт амьдрахсан гэж Энхлин дотроо яаравч араасаа чангаах амьдралын төлөө тэр бүгдийг хойшлуулсаар байлаа. Хүнсний салбарт бизнес эрхэлж, чамлахааргүй үр дүнд хүрч яваа Можоо хайртай бүсгүйгээ баярлуулах гэж Европын орноор хамт явах аялалд урьжээ. Энэ удаа Энхлин зориг гарган зөвшөөрсөн байна. Аав нь “Миний охин яв. Газар үз, нүд тайл. Алийн болгон ингэж айлын зарц шиг явах юм бэ...” гэж.
Можоотойгоо цуг Франц, Герман, Египтээр 10 гаруй хоног яваад ирсэн чинь аав нь царай алдан нэлээд турчихсан, “Золбоо үерхдэг бүсгүйгээсээ салсан, Зоригоо архи уусан” гээд паян, факт ихтэй угтсан нь Энхлингийн гэрээсээ явах сэтгэлийн чагтыг бүр чангалж өгсөн гэлтэй.

... Наадам дөхөөд хүн бүрийн сэтгэл тэнэгэр сайхан үе. Мандахынхан орой гэртээ цуглачихаад зурагтаа тойрон сууцгааж байтал хаалгыг нь тогшжээ. Тогшилт нь танил, дотно санагдаж. Энхлин ухасхийж очоод “Хэн бэ?” ч гэлгүй онгойлготол Анирлан зогсч байжээ.
Мандах дөрвөн хүүхдээ тойруулан магнай тэнэгэр байсан хэдий ч 20 шахам жил хамт амьдарсан сайхан ханийгаа үгүйлэн, баяр гуниг хослуулан суув.
- Зэвхий даасан энэ гэр, орноо өөд нь татахад яасан юм бэ? Аав, ээж хоёр анх суухдаа л авсан модон орыг нь ч сольчихож чадсангүй юу? Одоо тавилга сэлт гэж ийм модны хог хэрэглэхээ больсон. Гаргаж хая. Сайхан хивс дэвсээд хэвтэцгээж байя л даа.
Анирлангийн энэ үг эгчид нь ч, дүү нарт нь ч огт таалагдсангүй. Энхлин дотроо “Аав сонсоогүй нь яамай. “Ханийн минь эдэлж, хэрэглэж байсан юм” гээд хугархай хөлтэй сандлыг ч гаргуулахгүй байхад...” хэмээн бодоод:
- Зүгээр ээ, миний дүү. Цалин мөнгөний хүрэлцээ муу байна. Тэгээд ч ээжтэй анх суухдаа ийм тавилга хэрэгсэлтэй байсан болохоор энүүндээ гар хүргүүлж, хөдөлгөхдөө  аав их дургүй. Яаж ч дуртай байхав дээ. Аав минь энэ бүгддээ дассан, хайр нь шингэчихсэн байгаа шүү дээ гэж дүүгээ аргадангүй зөвлөжээ.
- Монголчууд ийм гажиг байхгүй юу. Новшноосоо ч салж чаддаггүй. Ийм нохойн хороо шиг юман дотор амьдрахад хэцүү л юм байна. Анирлангийн энэ байдал эгчийнхээ сэтгэлийг яаж хөндүүрлэж байгааг анзаарч мэдрэх ухаан түүнд байгаагүй. “Өндөр хөгжилтэй оронд олон жил болсон юм чинь ийм орчин угтахаар хэцүү байгаа байх...”. Энхлин ингэж сэтгэлээ тайтгаруулаад дүүгээ тэгтлээ буруутгалгүй өнгөрч.

... Маргааш наадмын өдөр. Энхлин гэртээ эрт ирж, хог шороогоо ухаж, гэрээ цэвэрлэв. Оройхон аав, Золбоо хоёр нь гурил будаа, гэдэс, толгой барьсаар ирлээ. Гэдэс сайхан цэвэрлэж янзлаад шинэ шөл уух, толгойны махаар ахиухан хуушуур хийж идэхээр өрхийнхөө төсвийн хэрээр наадмын хүнсээ базааж байгаа нь энэ...
Шөнө дунд орж ирээд унтсан Анирлан:
- Юун балиар юм үнэртээд байгаа юм бэ гэж хашгиран ам хамраа даран босч ирэв.
- Шинэ гэдэс, цувдай чанаж байна. Чи багадаа гургалдай, гүзээнд их дуртай байсан. Хэвээр биз дээ? Эгчийгээ ингэж хэлэхэд дүү нь:
- Таны мэдрэл зүгээр үү? Юун гургалдай, гүзээ яриад байгаа юм бэ? Наадахь заваан юмаа чанахаа боль... гэснээ цахилгаан зуухыг унтраав. Хэлэх үгээ олж ядан зогсч байсан Энхлин агааржуулагч цацан сүржигнэж байгаа Анирланд хандан:
- Чи ямар сонин болчихсон юм бэ? Америк руу яваад ирсэн нь ганцхан чи юм уу? Өнөөдөр толгойтой бүхэн шахам явж байна. Тэглээ гээд ингэж маяглаж, гайхуулж байгаа хүнийг би лав хараагүй хэмээн хатуухан хэлжээ.
- Америк битгий хэл Эрээн мэдэхгүй байж юун тэнэг юм ярьдаг юм бэ? Баяр, наадам болж байхад чинь юун цувдай чанаж тэнэгтээд байгаа юм бэ... гэснээ Анирлан:
- Зоригоо оо. Дэлгүүр яваад тахиа, загас аваад ир гэж хашгирав.

Хоёр эгчийнх нь ааш зан өдөр, шөнө шиг ялгаатай байгааг Анирланг ирсэн өдрөөс хойш анзаарч, ажигласан хоёр дүү нь гал тогооны өрөөнд зэрэг орж ирлээ.
- Анирлан эгч ээ. Та энэ гэрт байгаагүй, ийм хоол идэж үзээгүй юм шиг юу яриад байгаа юм бэ? Золбоо ахад байр авч өгөх гээд аав, Энхлин эгч хоёр авсан цалингаа хурааж хуримтлуулах гэж ядаж байгаа. Тийм мундаг, яг ингэж ярьж байгаа шигээ тасарч дээшилчихсэн юм бол та дүүдээ байр аваад өгчихөөч. Өөртөө ч толгой хоргодох юм авчихаж чадахгүй л байгаа биз дээ? Бага дүү Зоригоо нь ингэж хэлчихээд угаалгын өрөө рүү орчихов. Бага эгч рүүгээ нүд цавчилгүй ширтэж зогссон Золбоо хэлэх гэсэн үгээ залгив бололтой Энхлингийн дохиогоор цааш эргэлээ.
Ирсэн цагаас нь хойш Анирлангийн гаргаж буй ааш аягт эгдүүцэж байгааг нь анзаарч мэдсэн болохоор Энхлин хоёр дүүгээ аргадаж, аялах гэж бас хэрэндээ ухаан зарж байв. Энэ удаа ч гэсэн Энхлин:
- Миний хоёр дүү Цэнгэлдэх хүрээлэнд очиж наадмын нээлт үз. Наадмын хуушуур авч идээрэй гэж хэдэн төгрөг өгөөд бушуухан гаргажээ.
- Хэдэн жил яваад ирсэн биш та нар амь нэгтэй болоод намайг ам бүлээсээ бараг хасчихсан юм шив дээ. Би нэг их удахгүй ээ. Гэхдээ та чинь хайртай, дуртай гээд нэг хар юм дагаж гүйгээд байгаа юм бол тэднийдээ очооч... гээд нэг биш удаа хэлж байгаа зэвүүн үгээрээ шүршиж, шүршчихээд Анирлан гоёж, гоодож аваад хаалга саван гарчээ.
Нэг гэрт эвтэй дөрвөн амьтан шиг бие биенийгээ үүрч, хөтөлж, тоглож, инээж, уйлж өсчихөөд хэдхэн жил гадаадад амьдраад ирэхдээ төрөл арилжсан мэт хачин болчихсон ихрийн өрөөсөндөө гоморховч Энхлин дотроо хоёр дүүгээ зэмлэх аядаад аяга тавгаа хурааж угаав. Өглөө түр, тар хийгээд гарсан ч орой инээд алдан орж ирсэн хоёр дүү нь аавтайгаа морь, бөх үзэж суулаа. Энхлин махнаас ч амттай гэдсэн хуушуураа хайраад дуустал хонх дуугарч хайртай залуу нь зочлон ирэв.

Байгаагаараа ширээгээ дүүргэж, тойрон сууцгаагаад хуушуураа амтархан идэцгээв. Аав нь хүргэн болох гээд хэдэн жил хоёр гэрийн дунд гүйж яваа Можоотой дундаа шил архи тавиад налайн суулаа. Ээж минь тэнгэрээс хараад “Миний охин их сайн хүнтэй учирч” гэж баярлаж байгаа даа гэсэн бодлоор өөрийгөө хөглөн суусан Энхлинд бас л нэг шаналгаа байгааг аав нь ч, хоёр дүү нь ч сайн мэдэж байв.
“Манай нөгөөх орж ирээд нөгөө тэнэг, тэнэг юмаа ярих вий дээ. Тэгвэл ч Можоо ахын нүд орой дээрээ гарах байх шүү. Олон газраар явж их юм үзсэн хүн юм чинь. Заримдаа ч эгчийнхээ ярьж, хэлж байгааг өөр хүн амьтан сонсчих вий гэхээс нүүр хийх газар олдохоо болих юм”. Зоригоог ийн бодож дуусаагүй байтал Анирлан орж ирэв. Зоригоо ухасхийн босч:
- Яагаад оройтов, эгч ээ? Наадмын нээлт ёстой гоё боллоо шүү гээд цүнхийг авч, шаахайг нь дөхүүлж өгөөд чадлаараа ая тал заслаа. Анирлан дүүгийнхээ үгэнд хариу хэлэхгүй байсан мөртлөө:
- Юун шавхайтай гутал энд авчраад тавьчихаа вэ гэж шилбэлзэв.
Машинаас буухдаа борооны ус тогтсоныг анзааралгүй гишгэснээ санан Можоо Энхлин рүү гэмшингүй харав. Зоригоо жижиг өрөөндөө Анирланг хөтлөх шахам оруулаад:
- Можоо ах “Хүй долоон худаг”-аас шууд ирсэн гэсэн. Яахав дээ, шавхай болоо л биз, гадаа бороотой байна. Миний эгч яах гэж заавал ийм хачин юм ярьж, хэлдэг юм бэ? Том эгчид хань болох гээд тусалж, дэмнэж явдаг их сайн ах байхгүй юу гээд хэрэндээ л аргадав.

Хувцсаа солиод ширээнд суусан Анирлан ярвалдаад, наадмын хөгтэй явдал ярьж суусан тэдний уур амьсгалыг дор нь өөрчилж орхив.
“Явъя даа. Дүүд чинь би таалагдахгүй байх шиг байна. Аавыг чинь бодоод шууд ирсэн юм”. Можоог ингэж хэлэхэд Энхлин аргадаж байж хонуулжээ.
... Мандах “Миний охин ийм муухай зан битгий гаргаж бай... гээд Анирлангаа байнга аргадаж гуйдаг байлаа. “Манай энэ хэцүү хүн болж магадгүй. Сайн харж хандаарай. Нөгөө гурав нь дажгүй ээ” гээд хань минь амьсгал хураахынхаа өмнөхөн хэлж байсан юмдаг. Эх хүн ийм холыг харж, үр хүүхдээ ингэж сайн таньдаг байх нь. Ааш нь ингэж эвдрэхийг мэдсэн бол өр ширэнд унан байж яах гэж тэр алсын Америк руу явуулах билээ дээ... За яахав, өдий хүрсэн хүүхэнд өвгөн би юу хэлэхэв. Ухаарч ойлгоно биз. Хүн гэдэг амьтан ч амьдралыг амсч байж мэдэрдэг юм даа...” хэмээн цээжээ хөндүүрлэтэл бодол ээдүүлэх нь олонтаа.
Анирлангийн ааш авираас жийрхсэн үү, аль эсвэл эгч, дүүсийн хооронд эвгүй байдал үүсгэхгүй гэсэндээ ч юм уу Можоо Мандахынхаар орж гарахаа больжээ.
- Хоёулаа тусдаа гаръя. Золбоо, Зоригоо хоёр амиа аваад явчихна. Аавыг чинь хаана ч байсан асарч тойлох үүрэгтэй ш дээ гээд Энхлинг шавдуулах залуу “Ихэр мөртлөө ийм эрс тэс ааш зантай байдаг юм байх даа” хэмээн дотроо Анирланг зэмлэх.

.... Шинийн гурванд Золбоо тусдаа гарч, өрхийн тэргүүн болсноор Энхлингийн ачаа хөнгөрөөд иржээ. Авга ах нь Зоригоог Канад руу сургуульд явуулсан болохоор аавыгаа алган дээрээ бөмбөрүүлэх амархан санагдсан хэрэг. Тэгээд ч Анирланд бага ч гэсэн ачаа үүрүүлж, амьдралын зах зухаас мэдрүүлье хэмээн бодож...
Можоо, Энхлин хоёр хуримаа хийгээд удаагүй байлаа. Дарсны эх орон Францаас оруулж ирсэн дарсныхаа сурталчилгааг компанийнхаа шинэ байрны нээлттэй хамт хийхээр шийдэж Можоо урилга тараалгасан байна. Нээлтэд ирсэн зочид дотор урилгагүй зочин нэг байсанд Можоо эхэндээ эгдүүцэж байснаа сүүлдээ “Ирэх ёстой хүний нэг” гэж боджээ. Босоо хүлээн авалтын ширээ тойрсон зочдодоо талархал илэрхийлж, ширээ ширээнд очиж явсан Можоо Анирлантай харц тулгарав.
- Танилцахад таатай байна. Миний хамгийн дуртай “La Porto” дарсыг танайх оруулж иржээ. Лос-Анжелесын хамгийн том рестораны орлогын бараг 40 хувийг энэ дарс оруулдаг гэсэн. Тийм болохоор таны бизнес улам сайн байна гэдэгт итгэлтэй байна.
Адсага адил авирлаад байсан бүсгүй ийм ялдамхан үгээр угтсанд баярлах шиг болж Можоо:
- Баярлалаа. Энэ дарсыг монголчууд сайн мэдэхгүй. Харин та их сайн мэдэх юм байна... гээд түүнийг үл таних дүр эсгэжээ.
Нүүр тулж ганцхан удаа уулзсанаас хойш Анирлан хүргэн ахтайгаа огт тааралдаагүй байна. Тийм болохоор “Дажгүй бизнес бариад авчихсан гайгүй залуу шив. Өмссөн, зүүсэн болоод үг ярианаас нь харвал овоо юм үзсэн эр бололтой. Ойлголцож болмоор санагдлаа” хэмээн бодоод Анирлан түүнээс харцаа салгасангүй. Нээлт, сурталчилгааны ёслолын албархуу шинжтэй арга хэмжээний дараа зөвхөн алдарт “Porto”-г сурталчлах шоу үргэлжлэв. Хаана ч байсан хүрч ирж ойртоод байгаа хадам дүүгээ “Тийм ч муухай ааштай, тэнэг хүн биш бололтой. Ажлыг минь ойлгож сэтгэлээ дэмжиж байна. Хөгжилтэй оронд хэдэн жил ажиллаж, амьдарсан юм чинь толгой нь хоосонгүй байх аа”. Можоогийн дээр үеийн гоморхол, зэвүүцэл ийнхүү арилж Анирланг арай өөрөөр үнэлж эхэлжээ.

Халуун дарс амтлуулсан шоу сурталчилгаа цаг гаруй үргэлжлээд өндөрлөх тийшээ хандаж байтал Анирлан:
- Хоёулаа тохилог газар тухтайхан уулзах уу? Танай дарсны борлуулалтад тустай санал хэлэх гэсэн юм хэмээн Можоогийн чихэнд шивнэжээ. Можоо бүр гайхаж, нүдээ том болгож ирснээ “Юу гэх, яахыг нь үзье” гэж бодоод:
- Дуртай зөвшөөрч байна. Манай ажилд туслах гэж сэтгэл гаргаж байгаа чинь сайхан хэрэг гэсэн албархуу хариулт өгөв.
... Таван одын зэрэглэлд хүрсэн цөөн зочид буудлуудын нэг “Романтик”-ийн VIP өрөөнд тухалсан хоёрын хэн хэн нь ам нээлгүй хэсэг сууснаа:
- Намайг Анирлан гэдэг. Хоёулаа дахиад танилцчихъя гээд бүсгүй Можоогийн өөдөөс цоо ширтэв.
“Янз үзэх гээд байгаа юм болов уу? Үнэхээр танихгүй байгаа хэрэг үү?” гэсэн ацан асуултад ээрэгдсэн Можоо дуртай дургүй,
- Эрхэм гэж жинхэнэ нэрээ хэлээд өөр үг дуугарсангүй.
... Цаг шахам сууж дэлхийд алдартай улаан дарсны тухай яриа сонсч завсар хооронд нь өөрийнхөө тухай магтаалын, гайхуулсан аястай үг хавчуулах Анирланг өөрийг нь танихгүй байгаа юм байна гэдгийг Эрхэм мэдэж авчээ.
Давхар хаалганы цаана байх өргөн буйдантай өрөөг онгойлгосноо,
- Хоёулаа ийшээ оръё гээд Анирлан Эрхэмийн гараас татав. Бүх бие нь зарсхийж, дургүй нь хүрсэн хэрнээ том том юм ярьж тэнгэрээс бууж, цэцэгнээс дэлбээлэнгүүтээ Америкийн том хотын төв гудамжинд өсч торниод буурай Монголд байх газар олдохгүй байгаа юм шиг царайлдаг бүсгүйн янзыг үзэж, хөрсөн дээр нь буулгаад яахыг нь харахаар шийджээ.

... Дарсанд согтсон бүсгүй өрөөний гэрэл унтрааснаа Эрхэмийг тэврэн авснаа “Чи маш их таалагдаж байна” хэмээн тачаадсан амьсгаагаар хэлснээ шууд үнсээд авчээ. Эрхэм сандарч “Би хувцсаа тайлъя” гээд Анирлангаас холдож буйдангийн өнцөг бараадан суув. Эхнэрийнх нь ихрийн өрөөсөн бүсгүй хувцсаа алгуурхан нэг нэгээр нь тайлсаар хөхөвч, дотоожтойгоо үлдэв. Тэгснээ “Би чамайг хүсч байхад чи яагаад суугаад байгаа юм бэ?” гээд Эрхэмийн хүзүүгээр тэврэн авчээ. Огло харайн боссон залуу гэрэл асааснаа:
- Анирлан, чи өөрийгөө ч танихгүй байгаа юм биш үү? Би ихрийн чинь өрөөсөн Энхлингийн нөхөр байна гэж чанга гэгч нь хэлэв. Эрхэм хаалга саван гарахад Анирлан буйдангийн булан мөргөж уйлсаар хоцорчээ.
...Цалингийнхаа дээжээр Эрхэм ээждээ сүү, гэртээ гурил, будаа авчихаад хайртай Энхлиндээ гоёмсог улаан ноолууран цамц бэлэглэжээ. Гал улаан өнгө бүсгүй хүнийг дэгжин атлаа ихэмсэг харагдуулдаг. Тэгээд ч миний хайр улаан өнгөнд дуртай хэмээн билэгдсэн аж. Гэтэл хоёрхон хоногийн дараа Энхлин дуугаа хураачихсан, хачин царайтай юм орж ирснээ “Можоо, уучлаарай...” гэснээ уйлчихжээ. “Яав, юу болов?” гэж Эрхэм зөндөө аргадаж тайвшруулсны дараа “Анирлан ийм болгочихсон” гээд цүнхнээсээ урж тасчсан нөгөө ноолууран цамцаа гаргаж иржээ. Дүүд нь зэвүүцсэнээ нууж Эрхэм “Яахав, яахав. Миний хайр битгий тоо. Хайр нь дахиад аваад өгье” гээд Энхлингээ энхрийлэн үнсч тайтгаруулсан байна.
Эрхэм гэр рүүгээ явж байх замдаа хэдэн сарын өмнө болсон энэ явдлыг санаж “Миний Энхлингийн цамцыг урж чадсан шигээ өөрийнхөө сэтгэлд жаахан ч гэсэн шалбархай авч үзэг л дээ. Цамцандаа ч гол биш. Хорвоо дээр хүн болохдоо эхийнхээ хэвлийд ихэрлэн тээгдэж ирчихээд эгчийгээ эс тоодог нь зэвүүн байхгүй юу...” хэмээн боджээ.

... Эрхэмийнх хоёр хүүтэй, өнөр ам бүл болчихсон, Энхлин аз жаргалтай байв. Гэвч архинд орж, орон гэртээ ирэхгүй орц хонгилд очтолоо доошоо орсон Анирлан дүүдээ Энхлин төдийгүй Эрхэм санаа зовж, сэтгэл дүүрэн байх аргагүй байв. Хүргэн ахынхаа жинхэнэ нэрийг мэдэхгүй авгайлгаар нь Можоо гэдэг хэмээн ойлгоод ганц удаа харсан болохоор түүнийг танилгүй сээтэн хаяж өөрийгөө гутаасандаа ичиж, эгчийнхээ нүүрийг харж чадахаа больсон Анирлан архинд толгойгоо мэдүүлж гудманд гарчээ. Аав, хоёр эрэгтэй дүү гээд хайртай бүхэн нь түүний араас явж аргадаж гуйгаад тусыг эс олж.
Энхлинг яаж шаналж байгааг мэдрэх тусам Эрхэмийн сэтгэл зовниж, гэмшил тээн Анирлангийн араас явсаар байв... Анирлангийн “баг”-ийнхан цуглардаг газрыг тэрбээр олсон байна. Ажил цуглахаас ч өмнө эртлэн ирдэг тэднийг амдахаар Эрхэм гэрээсээ яаран гарчээ. Усан хаван гүйсэн нүдтэй, уруул ам нь хавдартай, үлбийсэн царайтай Анирлан ийш тийш харуулдан зогсч байв. Тэрбээр хүн хүлээж байгаа нь илт. Удалгүй хос жийнсээр гангарсан биерхүү залуу ирснээ халааснаасаа шилтэй архи гаргалаа. Архи амаар нь хөнтөрцгөөх тэднийг харж суусан Эрхэмийн дотор муухайрах шиг болов. Дулаацаж, дотор нь онгойв бололтой нөгөө залуу Анирланг тэвэрч, тэр хоёр үнсэлцээд жигтэйхэн дотно аж. Төдөлгүй газрын гаваас ухаад гаргаж ирэв үү гэмээр өрвийсэн царайтай хоёр залуу ирснээр тэдний “баг” бүрдэв бололтой. Халаасаа тэмтэрцгээн мөнгөө нийлүүлж эхэллээ. Анирлантай үнсэлцээд байсан залуу дэлгүүр явах замд Эрхэм тосч уулзав.

“Германд суралцаж байгаад сургуулиа хаясан. Буурлуудын буянаар тоглоод дуусч байх шив дээ. Эхнэр, хоёр хүүхдэдээ байраа өгсөн болохоор Дамбадаржаа дахь хашаа, байшин л үлдсэн. Хоолны мөнгө хэнээс гуйхав гэж бодоод түүнийгээ хоёр оюутанд хөлслүүлдэг юм...” гэснээ өөрийгөө Аянга гэж танилцуулсан залуугийн хоолой зангирав. Энгэрийнхээ халааснаас ганц ширхэг хугархай янжуур гаргаж асааснаа:
- Архинаас өөр ханьгүй болохоор хаа хамаагүй хоноод явж байна. Хүн л юм болохоор хайрлах сэтгэл минь хөрж, устдаггүй юм байна аа. Анирлангаа аваад сайхан амьдрах юмсан гэж бодох болсон. Нуугаад яахав. Гэхдээ хэн хэн нь архигүйгээр байж чадахгүй л байна... гээд нүүрээ хүчтэй гэгч нь хэд шударснаа алсыг бодлогошронгуй ширтэв. Эрхэм дэлгүүр орж, идэх уух юм, нэг шил “Алтан түрүү”-тэй авч өгөөд “Миний хэлсэн, ярьсныг ойлгосон биз дээ? Тийм болохоор хоёулаа нэг их удалгүй сайхан уулзана аа” гээд Аянгатай эр хүний ёсоор, итгэл шингэсэн сэтгэлээр тэврэлцээд салжээ.
Гэвч Эрхэмийн бодож, төсөөлсөн шиг Анирлан эргэж ирж, хэвийн амьдралдаа орсонгүй. Хэвлийдээ гурав дахь хүүхдээ тээж яваа Энхлин дүүгээ өдөржин хайгаад олоогүй болохоор орой урам муутайхан харьсан байна. “Чамайг эгчийгээ гэж боддоггүй юм чинь чиний үгэнд орохгүй ээ” гээд Анирлангийн араас явахад нь дургүйцдэг байсан нөхөр нь “Хоёулаа өглөө эрт гаръя. Очдог газар, ирдэг цагийг нь би мэдэж авсан. Анирлан уг нь тийм ч муу биш залуутай учирсан юм билээ. Даанч хоёулаа нийлээд лонхны нүхэнд орчих юм даа” хэмээн Эрхэмийг хэлэхэд Энхлин “Манай энэ бас эрж хайж, олж уулзсан байх нь...” гэж бодоод нөхөр рүүгээ хайр, энхрийллийн зөөлөн харцаа илгээн шагнав. Эрхэмээр газарчлуулан явсаар Энхлин ихрийн өрөөсөнтэйгээ уулзлаа. Зүс царай, өмссөн, зүүсэн гэж авах юм алга. Юун Америкаас ирсэн гэдэс, толгой иддэггүй дэгжин хүүхэн... Ул мөр ч үгүй болжээ. Эгч, дүү хоёр уйлалдан уулзаж, хоёр биеэ ямар их санаж, бэтгэрснээ мэдрэв...

- Аавынд очихгүй юм бол манайд оч. Можоо чамайг ойлгоно. Миний хань хүртэл чиний төлөө ямар их шаналдаг гээч. Энхлинг ингэж хэлэхэд Анирлан толгойгоо сэгсэрч, асгарах нулимсаа үл анзааран, нүдээ ч цавчихгүй суусаар байлаа. Тэгснээ:
- Аянга хүртэл надаас зугтсан. Би хэнд ч хэрэггүй хүн... гээд эхэр татан уйлав...
- Уруул нь омголтож, үс гэзэг нь сэгсийж, ширэлдчихсэн дүүгээ сэтгэл шимшрэн харж суусан Энхлин эрэгтэй хүнийх бололтой томдсон ноосон цамцных нь цаанаас түрэн ирсэн гэдсийг нь хараад орхиж явамгүй санагдавч “Үгүй” гээд байгаа хүнийг чирч, гулдралтай биш, эргэж харж чадалгүй машиндаа суусан байна.
Эхнэрийгээ гэртээ хүргэж өгчихөөд Эрхэм Аянгатай уулзахаар шийджээ. Германы Элчингийн булан тойртол тэдэнтэй хамт байдаг хоёр залуу зогсч байв. Дэлгүүрээс нэг шил архи аваад Эрхэм тэр хоёртой уулзлаа.
- Аянга архи уухаа больсон. Анирлан үгэнд нь орохгүй, архи уугаад байгаа болохоор ирэхээ болиод удаж байна аа. Гэтэл хүүхдийг нь тээчихсэн энэ хүүхний гэдэс томроод байдаг...
Хөл алдаж, жингүйдээд унахдаа нэг цэг дээр бууцгаасан болохоор санаа зовох л юм. Халамцуухан эр ингэж ярьжээ. Эрхэмийн итгэл хөсөрдөн, яахаа мэдэхгүй хэсэг сууснаа ажил руугаа явав...
... - Дүү чинь төрөх гээд ирчихлээ хэмээн эх баригч, их эмч найз нь Энхлин рүү ярьжээ... Анирлан хоёр килограмм 800 грамм эрүүл, саруул охинтой болов.

Ойр зуурын юмыг нь шөл, цайтай өгчихөөд зогсч байтал гаднаас өндөр бор залуу орж ирснээ:
- Анирлангийн бие гайгүй юу... Төрсөн үү гэж постон дээр суух сувилагчаас яарч догдолсон аястай асуув.
Тэрбээр охинтой болсноо сонсоод нүдэндээ нулимстай эргэтэл ард нь Эрхэм инээчихсэн зогсч байлаа.
- За, баяр хүргэе, Аянга аа. Би чамд итгэсэн юм аа. Одоо та хоёр минь сайхан амьдраарай гээд гартаа барьсан цэцгийн баглаагаа өгөв. Тэднийг харж зогссон Энхлингийн царайд инээд гэрэлтээд иржээ. Улам гоо үзэсгэлэнтэй харагдах эхнэрийгээ Эрхэм өхөөрдөн энхрийлэн тэвэрч үнсээд, тэр хоёр хөтлөлцөн гарлаа.
- Нэг цэг дээр унасан ч тэр цэг дээрээсээ амьдрал цэцэглүүлдэг л юм байна. Манай Анирлан одоо их сайн ээж, сайхан эзэгтэй байх болно оо, харж байгаарай. Ухаарлынх нь үрийг услаад өгөх сэтгэл, итгэд Аянгад байгаа. Тийм болохоор энэ гуравтаа сайхан байр авч өгье гээд Эрхэм эхнэр рүүгээ инээмсэглэн харав. Энхлин толгой дохин, хөөрхөн алаг нүдээрээ мишээл тодруулан инээлээ
- See more at: http://www.wikimon.mn/content/54256.shtml#sthash.pSYZvTdy.dpuf
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8119253/117/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
477 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 3 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2633
476 Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 2 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2551
475 Т.Бум-эрдэнэ / Нурам /- 1 (тууж) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-29 2872
474 МИНИЙ ААВ МИНИЙ БАХАРХАЛ нэвтрүүлэг ээжүүдэд зориулан Миний ээж Миний шүтээн нэвтрүүлгүүдийг захилгаар хийх ажлыг PORTAL studio эхлүүлж байгаа file PORTAL studio 2014-10-12 2471
473 Диваажинд байгаа миний ээжид ... Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 3239
472 Эцсийн нулимс Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 3536
» Нэг цэг (өгүүллэг) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-24 3237
470 Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 3676
469 Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 2940
468 Амьдрал тоглоом биш Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-20 3170
467 Заставын бэр /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-05-09 3782
466 Хойд эх... /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-25 3755
465 Эмээгийн нулимс / хүүрнэл өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-25 3034
464 Эр хүн Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-22 2782
463 Бөөгийн толь /Өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-19 2690
462 Б.Шүүдэрцэцэцэг "Бэр" Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-12 2772
461 Цагаан сүүний домог /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-04-09 2596
460 Цэнхэр бүсгүйн хилэгнэл (өгүүллэг) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-03-24 3007
459 Аав ирлээ /өгүүллэг/ Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-03-20 2642
458 Хорвоогийн хорлонтой тоглоом (өгүүллэг) ***12-р***сар 2014-02-03 3078
배너신청
자생병원

배너신청