Бичлэгийн тоо 497

Бичсэн С.Б.Бат-Эрдэнэ   
Мягмар, 2008 Арванхоёрдугаар сар 02 17:28

 

Үжингийн сэтгэл сэмрэн, бас дахин усан нүдэлхэд том охин нь:
-Ээж минь дээ, арай ч худлаа л байлгүй дээ. Тэр аавын найз гээд байсан Зоригоо чинь захын архичин л болчихсон, тааралдсан танидаг, мэддэг хүмүүсээсээ мөнгө шаналгаад л явж байдаг болсон л байна билээ шүү дээ. Тэгээд л танаас тав, арван цаас шаналгах гэж л олон долоон юм яриа байлгүй дээ гэлээ. Үжин ч түүнд нь итгэхийн дээдээр итгэхийг хүсэвч, учрыг лавлах санаатай Боргиолуу хэд, хэдэнтэй залгахад жаал хэг, ёг хийсэнээ утсаа тасалж орхисоноос хойш өөрөө ч залгаж ярисангүй, бас хэдэн удаа ч залгаад утсаа огт аваагүйг нь бодохоор л "Арай ч дээ, нэг насаараа итгэж, хайрлаж явсан Боргио маань л ингэхээр амьдрал ямар хуурамч, ямар утгагүй юм бэ" гэж бодогдон өөрийн эрхгүй нэрчихээд байгаа билээ. Үжинг энд иймэрхүү байхад тэнд Боргиогын сэтгэл дотор ч бас шуурга шуурч л байлаа. Наймхан настайдаа танилцан нөхөрлөж, арван наймхан насандаа аав, ээж бололцон нэгэн цөм болон гал голомтоо хамт бадрааж, анхны охин үрийнхээ зулайг үнэрлэж явсанаа санахуй дор ингээд хүний нутагт, хүний хүүхний халуухан өвөрт хэвтэж байгаа даа "Нэг л хүний мөсгүй юм ч хийж байнаа даа" гэж сэтгэл нь өвдөхийн дээдээр өвдөж буй бөлгөө.

Тэгэвч, хорвоо дэлхий дээр хохимой толгой, хоёр гар, хоёр хөлтэй, бодож сэтгэж, хайрлаж дурлаж, ханисан жаргадаг хүмүүн биеийг олж төрсөн хүмүүн гээч бодьгал хэзээ ч өөртөө хир халдаах дургүй, өөрийгөө өмөөрдөг тэр л зангаар "Еэ, еэ амьдралаа өөд нь татах гэж харь газар, хүний нутагт өчнөөн жил мал шиг зүтгэж, махаа идэн ганцаардаж явсан нь миний буруу юм уу? Ямар тэр чигтэй аваад суучих гэж байгаа биш, яршиг л байна" гэж өөрийгөө өмөөрөвч Үжинтэй утсаар ярисан тэр л өдрөөс хойш өөрөө ч мэдэлгүй, өөрөө хоёр хуваагдан Боргил гэдэг хүнтэй "Дотор хүн" гээч нэгэн салж хагацахын аргагүй бас нэгэн хүн цаг үргэлж, сэвт сэвээгүй л "Чи хө, Боргилоо! Энэ Сарандэлгэрт хэтэрхий сайн болж байна шүү хө! Дасна, дасна гэхэд хэтэрхий дасч байгаа юм биш биз? Хар нялхаасаа ижилдэн дассан алаг нүдэн Үжээгээ, бас дөрвөн сайхан алаг үрээ "Гарын таван хуруу" киноны Шагдарын адилаар татаад хаясан тамхины иш шиг хаях гээд байгаа юм биш биз?" хэмээн хэрэлдэн байх болсон билээ. Сэтгэлийн их донсолгоондоо автан гурав дөрвөн өдөр дараалан мэгжү шимэн ажилдаа ч явсангүй. Бас Сарандэлгэрт ч юу ч хэлж, ярисангүй огт татдаггүй хирнээ тамхи аван баагиулж, тааз гөлрөн ширтэх мань эрийг яагаад ингээд байгааг нь мэдэхийн дээдээр мэдэж байсан Сараа ч бас ямар нэгэн юм хэлсэнгүй. Өглөө ажилдаа явдагаараа яваад, орой ирдэгээрээ ирэхэд нь мөнөөх л янзаараа мэгжүгээ шимээд л сууж байдаг байлаа.

Тэр жил Солонгост ирсэнээсээ хойш өнөөг хүртэл ажил, ажил л гэж явсанаас биш ингэж гурав, дөрвөн өдрөөр ажилгүй суусан нь үгүй билээ. Ургацын баяр гээд бүх нийтээрээ амарч байхад ч аргыг нь олоод арүбает хийгээд л явдаг, нэг ажлаас өнөөдөр гарч байхад маргааш нь гэхэд дараагынхаа ажилд орчихсон гялалзуулж байдаг хүн ингэж хэдэн өдрөөр мэгжү шимэн суухдаа юу эсийг бодсон гэх вэ. Нэг дүгээр ангид орсон эхний өдрийн хамгийн анхны хичээл дээр өмнөө суудал таарсан хоёр салаа гэзэгтэй жаахан охины гэзгийг сандлын түшлэгтэй холбож уясанаас авхуулаад Буянт- Ухаагын олон улсын нисэх буудал дээр хоёр хүү, хоёр охиноосоо хагацаж ядан, Үжингээ сүүлчийн удаа салж ядан үнссэн намрын тэр нэгэн хуйсгануур салхитай өдөр хүртэл, түүнээс цаашлан "Lotte hotel" гэгдэх Сөүл хотод байх гоёмсог буудлын дэргэдэх автобусны буудал дээр Сарандэлгэрийг анх тосч авсан гээд бүгдийг нэгд нэгэнгүй бодон, зүгээр баримтат кино үзэх мэт нүдний нь өмнүүр өнгөтөөр хөврөнхөн байгаа билээ. Сараагын өглөө явахаасаа өмнө хийгээд аягалаад тавьсан хоолонд нь огтхон ч хүрээгүй тэр л хэвээрээ, өдрөөс өдөрт нэмэгдэн шалаар хөглөрөх пивоны хоосон лаазан дунд нөгөөх л хэвээрээ гөлийн суух нь нэг л тиймхэн.

Сараа өнөөдөр ажлаасаа шургаж унах шахсан амьтан орж ирэхдээ архины эхүүн муухай үнэрийг аваад өөрийн эрхгүй хэдэнтээ хий огиж орхиод нэг дуугарах гэсэн боловч хэлээ хазаад дуугүй өнгөрч билээ. Өдрийн алжаалдаа дарагдан нам унтаад өглөө ажилдаа явахаар арайхийн босч иртэл хэдийдээ гараад явчихсаныг бүү мэд, ширээн дээр "Сарандэлгэрээ, би хэдэн өдөр бодлоо. Нийлэх нэгэн өдөр байхад, салах нэгэн өдөр ирэх нь хорвоогын жам. Харин эрт үү, орой юу гэдэгтээ л ялгаа нь байдаг байх. Би чамд муудаа чамаас салахаар шийдсэнгүй. Хожимын хойд өдөр өөрөө үр хүүхэд, эхнэрээ хаян залуу хүүхэнтэй нийлээд талийсан гэгдэхгүйн төлөө, бас чамайг хүний эр нөхөр эхнэр хүүхдээс нь салган авч суусан балиар амьтан гэж хэлүүлэхгүйн төлөө, хамгийн гол нь хар багаасаа ижилдэн дасч, ханисан өдий зэрэгтэй болгосон өөрсдийн амьдралаа нураахгүйн тулд ийм шийд гаргалаа, Сараа минь намайгаа уучлаарай!
Одоо бол чи Хангүг нутагт газардахгүй ээ. Хэлтэй бол хэлтэй, танилтай бол танилтай, ажилтай бол ажилтай, гэртэй бол гэртэй болсон. Тэгээд ч чи өөрөөсөө өчнөөн ах хүн надтай амьдралаа холбосоноос арай залуу, өөрийн үеийн хүнтэй дэр нийлүүлж, амьдралаа холбох нь чамд өөрт чинь хэрэгтэй бизээ. Би чамайгаа хэзээ ч, бүр хэзээ ч шүү! Огт мартахгүй ээ, үргэлж сэтгэл дотор минь мөнхөд байх болно. Яагаад ч мартаж чадахгүй гэдгийг чи минь ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. За ингээд хоёулаа өөр, өөрийн мөрийг хөөе. Чинийхээ амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Нэгэн цагт чинийх байсан Боргил чинь" гэсэн жигдхэн гаргацтай бичсэн зурвасан дээр ягаан илгэнцэр гадартай, бөмбөгөр оройтой, жижигхэн дөрвөлжин хайрцаг үлдээснийг нь задалваас нарийхан боловч цэмцгэр хийцтэй өөд, өөдөөсөө харсан хос хунгийн дүрс бүхий, хоёр хунгийн хоорондох завсар нь зүрхэн хэлбэртэй гоёмсог алтан бөгж байлаа.

* * *

Тэр өдрөөс арваад хоногийн дараа шинэ ажилд орон, шинэ байр савтай болоод тохижсоныхоо дараа Сараатай утсаар яриад очиж өөрийн гэсэн жаал новшоо авахдаа Сараатай нилээн ярилцаж суусан билээ. Сараа ч нэг л өдөр салахаа мэдэж байсан ч тэгж гэнэтхэн явчих нь чинээ санаагүй гэдгээ хэлээд "Цагаан зээр бүсгүй хүн хоёр нутаггүй гэсэн юм. Тэгээд л нэг хар юм түших л байх даа. Харин тань шиг минь түшигтэй хүн таараасай л гэж бодож байна шүү. Ямар азаар таньтай учирсан юм бол доо" хэмээн доголон нулимстай үлдэж билээ. Боргио тэр үедээ урьд нь Сараатай хамт хоёулаа жил гаран ажиллаж байсан цүнхний гунжанд хамт байсан нэгэн залууг гайгүй залуу шиг санагдсанаа хэлээд түүнийг түшихийг санал болгоход "Харин ээ" гээд тээнэгэлзэнгүй үлдсэн ч сар гарангын дараа нийлсэн дуулдсан ч хагас жил ч бололгүй таарч тохирсонгүй гээд салсан тухай сургаар сонсож билээ. Сарандэлгэр түүнээс хойш хоёр ч хүнтэй нийлээд таарч тохирсонгүй бөгөөд жил орчмын өмнө нэгэн хангуг эртэй суусан гэж дуулдсанаас хойш сураг алдарч билээ. Хүний хувь заяа гэж, сайн л яваа байхдаа гэж найдахаас.
Тэр явдлаас хойш хэдийнээ хоёр жил хагас өнгөрчээ. Сараагаас салж явсаныхаа дараахан угийн хүнээс үг нууж сураагүй, чаддаггүй тэр л зангаараа гэрлүүгээ утасдан Үжинд яг тодорхой биш боловч ойлгомжтойгоор хэлж яриад, Үжингээ нэг сайн уйлуулж аваад нэг их үйл хэрэг амжуулсан мэт болон өөрийнх нь дотор ч бас онгойж билээ. Уг нь тэр үедээ шууд буцдаг ч юм билүү гэж бодсон ч буцах сургаар нь л энд хамт байгаа нөхдүүд нь ч, бас гэрийнхэн нь ч тэр аль аль нь "Монголд хариад юу хийх юм бэ, хүн толгойтой болгон л гадагшаа гарах гэж зүтгэж байхад чинь" гэж ятгаад ямартай ч нэг хэсэгтэй үлдэхээр болсон билээ. Хамгийн гол нь сайндаа ч тэгж хүмүүсийн үгэнд орсонгүй, шууд тэгээд эргээд очно гэхэд, Үжингийн царайг харахад хичнээн халуухан байхыг санахаас ч айдас хүрэхийн учир цаг, хугацаа гээч юманд даатган жаал мартагнуулж байгаад очъёо гээд нэг их яараагүй билээ. Гэхдээ ийм явдлыг хэн хэзээ ч, бүр хэзээ ч ор, тас мартахгүй нь ч маргахын аргагүй үнэн зүйл билээ.
Жил гарангын өмнө зээтэй болсноос хойш монголоо, нутгаа, үр хүүхдүүдээ санах нь нэт болсон билээ. Тэр жил наашаа явах гээд Буянт-Ухаа дээр гаалиар гарчихаад хүлээлгийн танхимд сууж байхдаа түрийвчиндээ хоёр мянган төгрөг үлдсэнийг гэнэт санаад, явна гээд бөөн өр, шир тавиад хамаг л мөнгөө хамаад, нөгөө хэд нь огт мөнгөгүй үлдэж байгааг санасан учир, цонхоор багыгаа дуудаад эргэж хаалган дээр очин гаалийн хүнийг учирлан гуйгаад хөндлөн татсан улаан туузан дээгүүр хүүдээ мөнгө өгөхдөө дахин нэг тэвэрч аван үнсэхэд хүү нь өөртөө өгч байна гэж бодсон бололтой "Баярлалаа, ааваа" гэсэн нь санаанд нь ороход өөрийн эрхгүй цээж өөд нь нэг юм огшоод явчихаж билээ.

Анх зээтэй болсоноо дуулаад л урьд өмнө бодож байгаагүй зүйлүүдийг эргэцүүлэн бодож суух болсон бөгөөд өнгөрсөн хавар бага хүү нь хүүтэй болж ачтай болсоноос хойш сэтгэл нь улам бүр гэгэлзэн сав л хийвэл гүн бодолд дарагдан суух болсон билээ. "Харийн нутагт бүтэн арван хоёр жил болжээ. Юу билээ, манай монголчууд чинь хүний насыг жар гэж дундачлаад, түүнийгээ таван үед хуваадаг гэж би чинь хэн нэгнээс сонссон билүү, аль эсвэл энд, тэндээс уншсан билүү. Тэгвэл чинь би чинь бүтэн нэг үеээ харьд өнгрөөчихсөн болж таарч байнаа даа. За байз, миний муу амины хүү чинь хулгана жилтэй. Тэр жил жил нь орж байхад ирсэнсэн. Одоо тэгэхэд дахиад жил нь орж байдаг, цаг хугацаа гэж ямар ч хурдан юм бэ дээ. Үжээтэйгээ айл болоод хорин зургаа дахь жилтэйгээ золгож байгаа бил үү? Тэгвэл мөнгөн хурим хийдэг жилэн дээрээ өвөө, эмээ болсон хоёр юмдаг уу даа" гэх мэтчилэнгийн эхлэл, төгсгөлгүй бодлын гүн далайд уусан суух нь элбэг болсон билээ.
Эдүгээгээс яг таван жилийн өмнө мөн л намрын нэгэн хуйсгануур салхитай өдөр яагаад ч юм бэ бүү мэд, өглөөнөөс эхлээд нэг л сэтгэл нь тавгүйтээд байж сууж чаддаггүй, гарахаар тэнгэр муухай, орохоор сэтгэл үймрээд хийх юмаа олж ядан байтал утас нь дуугарсансан. Худалч хүнд бол утсаа дуугархаас нь өмнө шүүрээд авдаг хүн чинь энэ удаа яасныг бүү мэд, хийх юмгүй гиюүрээд, гэгэлзээд байгаа хирнээ утсаа авахаас нэг л дөлж, цааргалсаны эцэст хэн нэгэнд нь миний хэрэг болоогүй байгаа даа гээд утсаа авсанаар чухамхүү хорвоогын хатуу үнэнтэй эвлэрэхээс өөр аргагүй болсон билээ.

Ирэх нэгэн цаг байхад, буцах нэгэн цаг байдаг буурал хорвоогын жамаар аав нь ханан гэрээ орхиж, хадан гэртээ залрахад ч төрсөн ганц хүү нь хирнээ очиж чадаагүй дээ туйлын харамсавч барашгүй. Аав, ээжтэйгээ гурвуулаа авхуулсан зурагнаас аавынхыгаа таслан томруулж ирээд жаазлан хадгаар бүтээж, Сөүл хотын Сочү дүүрэгт байх Буддын шашны Чонтэжүн Гванмүн хийдэд очин азаар тэр үед нь Монголоос ирсэн монгол лам нартай тааралдан ном уншуулж буяны хурал хуруулж ирэн, төмс таллан ухаж хоног хурааж дуустал нь биш ч долоо хоног зул барьж өнгрөөсөн тэр л өдрүүдээс хойш буцах талаар бодож эхэлсэн боловч тэр жилийн Сараатай хамт амьдарч байснаа бодохоос л Үжээгийн нүүрийг яаж харна даа гэж нэг л халуухан санагдан шамдахгүй байсаар өдийг хүрчээ. Түүнээс гадна өдрөөс өдөрт юмны үнэ талийж, төгрөгийн ханш чимх, чимхээр унан, Монголын амьдрал нэг л бүрхэг байгаа нь ч хүний нутагт шигдээд байх бас нэгэн шалтгаан бөлгөө. Аавыгаа хорвоогын жамаар эргэж ирэхгүй аяндаа мордсон тэр л өдөр бодож үзвээс нутгаас гарсаар долоон жил болоход төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт ажиллаж байсан улсууд гээд ойр дотны хүмүүсээсээ эргэж уулзахгүй болж, эх нутгийнхаа хөрсөнд шингэсэн нь гарын арван хуруунаас аль хэдийнээ хол илүү гарч одсон байхад өөрийн эрхгүй сүүрс алдан "Муу аавынхаа хөлийг нь хучиж өгөх хувьгүй би ямар азгүй хүн бэ" гэж бодохоос л өөрийн эрхгүй нэрж суусан нь саяхан мэт боловч аль хэдийн таван жил өнгөрчээ. Хүний нутагт ганцаардан байх үед иймэрхүү уй гашуудалтай мэдээ сонсоход хичнээн хүндээр тусдагийг харьд ганцаараа өчнөөн жил болсон Боргио мэтийн хүн л мэднэ үү гэхээс биш, нутагтаа төрөл төрөгсөд дотроо байгаа хүнд бол тэгж ч их хүндээр тусдаггүйг эрхэм уншигч авхай нар юу эс андах вэ.

Нэгэн амарсан өдрөө Түндэмунд байдаг монгол хоолны газар хамт ажилладаг залуутайгаа хоолонд орчихоод харих замаараа айлаас баахан хуучин сонин аваад гэртээ ирэн чухам л өнөөдрийн цоо шинэхэн сонин мэтээр эргүүлж тойруулан уншиж ганц нэг мэгжү шимэн суутал нэгэн нийтлэлийн "...Би ясаа тавих эх оронтой, цусаа булуулах газар нутагтай хүн..." гэсэн мөр нүдэнд нь содон харагдахад тэр жил баривчилгааныхнаас мултрахын тулд хураалттай хөнгөн цагаан хийц дээрээсээ нураан гэмтэж ухаангүй эмнэлэгт хэд хоносноо, хэвлэхээр дагнан ягаарч байхдаа өмссөн халатных нь хормой туузан дамжуурганд хавчуулагдан эргэж ороогдож эхлэхэд азаар амжиж тайлж хаян үлдэж байснаа санахдаа, тэр жил Боргиог эрсдэл үүрэн хөнгөн цагаан хийц дээрээсээ нураахад төмөр тасдагч машины зоргодос, үртэс ордог бачуухан төмөр авдарт нуугдаж үлдсэн, анх ирсэн жилээсээ л ижилдэн нөхөрлөж, харийн нутагт түшч, тулж явсан Баяраа анд нь таван жилийн тэртээ үйлдвэрийн ослоор гучин долооны жилэн дээрээ харийн нутагт ясаа тависан нь өөрийн эрхгүй санагдахад "За больёо, ерөөсөө л харьдаг хэргээ хө, гүйцээ!" гэсээр эрс шийдэж билээ.
Тэгээд босч юмаа онгичих зуур "Тиймээ, арван хоёр жил... нэг бүтэн үе...бүтэн арван хоёр жил! Бага хугацаа гэж үү?... Миний Үжээ ухаантай хүн юм чинь, намайгаа ойлгох л ёстой...Ойлгохгүй ч гэсэн дүүрсэн хэрэг, дүнхийсэн хар толгой, хүний нутагт насыг баралтай нь биш... Ер нь ч тэгээд хэдий хүртэл харийн нутагт барлагдаж амьдрах билээ дээ... Хүний ганц хүү байж ганц муу аавыгаа бүрлээч болоход ч очиж чадаагүй, одоо хоёр муу ээжийгээ амьдад нь очиж өргөе дөө... Амьд хүн аргатай гэсэн юм, амьдарч л таараа... Харьж ач, зээгээ ч харъяа байз...Ерөөсөө маргааш л Сөүл ордог хэргээ хө..." хэмээн амандаа үглэх зуураа эрсэнээ олсон нь энэ хугацаанд хоёронтоо ч сунгуулаад авсан гадаад пасспорт нь байлаа.
Тиймээ, Боргио ч, би ч, та ч, эрхэмсэг уншигч авхай нар та бүхэн ч тэр, бид бүгдээрээ ясаа тавих эх оронтой, цусаа булуулах газар нутагтай хүмүүсээ...

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

За ингээд уран зохиолын ертөнцөөр бие, сэтгэлээрээ аялан Боргиотой найзлан, Үжинтэй маань үерхэн өнгөрсөн зууны тавиад оны харанхуй үед төрөл төрөгсдөөсөө төөрч будилан, жараад оны их зантай байцаагч түшмэдээр нэрээ хасч тануулан, далаад оны үеийн хүүхдүүдтэй ижилдэн бужигнаж, наяад оны залуустай хайрлан дурлалцаж, сурч ажиллан, ерөөд оны үеийн шилжилтийн хүнд бэрх үед ч хамтдаа хөлөө олох гэж зүтгэцгээн, шинэ зуун гарсаар харийг зорьцгоон өнөөдрийн энэ өдрийг хүргэсэн даян дэлхийн дайдаар нэг тархсан нутаг нэгтнүүд, эрхэм уншигч авхай та нарт баярлалаа!
Уг туужид маань үнэн юм ч гэж байсангүй, бас худлаа ч юм гэж байсангүй. Үнэн юм байгаагүй гэдэг нь мэдээж Боргил ч гэж, Үжинлхам ч гэж хүн үнэн хэрэг дээрээ амьдрал дээр байсангүй. Бас худлаа ч юм гэж байсангүй гэдэг нь уг туужид гарч байгаа үйл явдлууд нь их, бага гэхгүйгээр бүгд бодит амьрал дээр, миний эргэн тойрны таниж мэдэх ах дүү, төрөл төрөгсөд болон найз нөхдүүдийн амьралд тохиолдсон бодит түүхүүд болохын учир уран зохиолын "баримтат тууж" гэсэн төрөл жанрт зоригтойгоор оруулсан билээ.
Анх энэхүү туужынхаа санааг "Хөндүүр сэдэв" нийтлэлээсээ авч билээ. Харин "Хөндүүр сэдэв"-ээ бодит амьдралаас сэдэвлэн амьдрал дээр байгаа бодит сэдвийг хөндөж бичсэн юм. Үнэмшилтэй болгохын үүднээс нэгэн "насан багын анд"- тайгаа чааталж буй маягаар бичихдээ ухаантнууд л өөрийн хувийн амьрал дээрээ хамгийн том тэнэглэлүүд гаргадыг л тусгах гэсэн хэрэг л дээ. Манайхтай ойрхон ирж очдог байсан нэгэн хамтрагчидаас эхтэй гэхүү дээ. Залуу нь маш их ухаалаг, яриа хөөрөө сайтай улс, төр эдийн засгийн арвин их мэдлэгтэй, банкир залуу байсан юм. Одоогын энэ дэлхийн банк санхүүгийн хямралыг жил гарангын өмнө зөгнөөд ярьж байсан, энэ зуны сонгуулийн дүнг урьдчилаад ер нь л ханатай тууж байсан хүн гээд бодоорой доо. Японд хоёр жил болоод буцсан юм. Хамтарч байсан хүүхэн нь энд долоон жил болоод баригдаад буцахад нь араас нь дагаад буцчихаж байгаа нь тэр л дээ. Энд байхдаа хоёр хүүхэдтэй авгайгаасаа салж байгаа, энэ хэнтэй сууна гээд ярихад нь хүмүүс зүгээр л энэ хэнийг хошгоруулж, ашиглаж байгаа юм гэсэн ойлголттой байтал шал эсэргээр эргэсэндээ хөөрхий гэж. Үнэхээр их ухаантны ухаангүй тэнэглэл энэ л байсан юм. Яг ийм жишээ нэмээд хэдийг ч дурьдаж болно л доо.
За ингээд олныг үл нуршин Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Галсангийн Жамьян гуайн хэлсэн "Би ясаа тавих эх оронтой, цусаа булуулах газар нутагтай хүн" гэсэн үгээр энэхүү туужаа өндөрлөсөн маань эрхэм уншигч авхай нарт нэгийг бодуулах бизээ.

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-10-17-оос 11-р сарын 24


profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317148/523/trackback

Itgelxvv

2009.04.26 11:29:41
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

П. Пүрэвсүрэн. Арван жилийн дараа.

minii amidral

  • maxji
  • 2009-01-11
  • Уншсан 10852

duunii ugend mini aya hiij tuslaarai [2]

  • maxji
  • 2009-01-11
  • Уншсан 9651

Бид ялав file [1]

ЧОНО [1]

  • HENZA
  • 2009-02-07
  • Уншсан 9568

Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2]

Ч. Лодойдамба, Шаргачин [1]

Ц. Түмэнбаяр, Буруу энгэртэй дээл [2]

П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2]

Нутгийн шувуу нуурандаа очиноо [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-3 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-4 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-5 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1]

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1]

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1]

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1]

НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1]

Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1]

배너신청
자생병원

배너신청