Бичлэгийн тоо 497

ХАРЬД ОДСОН НЬ

Анхлан ирээд л Инчоны нисэх онгоцны буудалд буухдаа аль хэдийн толгой нь эргэж орхиод, ядаж байхад наргүй бүрхэг өдөр байсных аль зүгт харагдаж байгаа нь мэдэгдэхгүй нэгэн өндөрдүү шовх уул нь дөнгөж саяхан, гуравхан цагийн өмнө Буянт-Ухаагаас нисэх гэж байхдаа шуналтай нь аргагүй ширтэн зогссон Сонгино хайрхантай нь тун ч нэг адилхан санагдахад өөрөө ч мэдэлгүй сүүрс алдсанаа "Гэрээсээ гараад л хүний нутагт хөл тавив уу үгүй юу л нутгаа санадаг гэнэ дээ. Одоо ингэж байгаа хүн чинь яваандаа яах юм бол доо" гэж өөрийгөө баахан шоолонгүй бодовч, гол түгшүүр "хил, гаалиар гарч чадах болов уу, яах бол доо"-гоор солигдоход өөрийн эрхгүй Боргиогын ар нуруу луу нь хүйтэн мөсөөр хайраад авах шиг болон хамаг бие нь агзганалаа.

* * * Шугаманд гараад бас ч гэж дасмар аядаж арваад хоночихсон үедээ Хайлаастын эцсийн буудлын диспетчирийн өрөөний жижигхэн шагайвар цонхоор Готов жолооч залуухан диспитчер бүсгүйг үгээр идэн шоглож, шоглочихоод "Ямар өвчтэй хог вэ" гэлгүүлэн аягатай бүлээн цай нүүр лүүгээ цацуулан пү, па па болон тургилж энгэрээ гөвөн, нүүрээ алгаараа шударч арчсаар "Галзуу туучий шүү" хэмээн амандаа үглэн орж ирэн суудалдаа суугаад замын хуудсаа урд саравчиндаа хавчуулах гэтэл саравчинд нь хавчуулсан дээлэн дээр улаан бүч зүүж, дугуй малгай бөмби! йлгөн тавьсан том, жижиг хоёр хүүхдийн хуучирч шарласан фото зургийг хараад өөрөө ч үл мэдэн, хөшөө мэт гөлрөн хэсэг ширтэн сууснаа гэнэт сая ухаан орсон мэт эргэн тойрноо тойруулан харвал нилээн хэдэн хоногийн өмнө, анх удаа нийтийн тээвэрт явсан тэр л өдөр нь хүүхдийн чих өвдөөд гээд сандарч явсан Үжин охиноо тэврэн инээмсэглэн зогсож байлаа. Түүнээс хойш нэг бол Готовын зав болохгүй, нэг бол Үжингийн ээжийнх нь зав болохгүй зөрсөөр байгаад арван нэгэн сарын долоонд л, Аугаа их Октябрийн хувьсгалын яруу алдарт жаран таван жилийн ойн их баяраар л арайхийн Готов шугаманд өглөө хувиартай байж үдээс хойш амраад, ээж нь баярын амралттай байсных сая л нэг юм уулзалдацгаалаа. Үжин ээжийндээ ирэн, том дүүтэйгээ, ээжтэйгээ хоол цай бэлдэн, хоёр бага дүү нь аль өглөөнөөс хойш тэсч ядан өндөлзөн, баярын парад дуусахыг хүлээж ядаж байгаад түрүүхэн айл хэсч бэлэг цуглуулах ажилдаа шууран орж, хавийн айлаар хэсэхээр гаран одсон тэр үед Готов ирлээ.

Анхандаа хэн, хэн нь юу ярих, яах аа мэдэхгүй тулгамдан биеэ барьцгааж байснаа Үжинг авдарнаас зургийн альбом гарган Готовт өгөх зуур ээж нь дөхөн сууж талийгчийнхаа амьддаа амжиж даруулсан цөөн хэдэн фото зургийг "Энэ бид хоёр анх танилцаж байхдаа зуун хорийн барилга дээр авхуулсан зураг", "Аа энэ бол шуудангын хоёрт байхдаа чамайг хайж Увсад очоод авахуулсан зураг байгаа юм", "Харин энэ бол барилгын ажилчин бэлтгэх түр курст байх даа авхуулсан юм" хэмээн тайлбарлан ярих зуур хэн, хэн нь биеэ барих нь ! бага сан тавирч овоо яриа хөөрөө үүсэн хүүрнэлдэж байх үед охин нь сэрэн уйлаганалаа. Үжин охиноо авч хуурайлаад, эмээгийнх нь баяраар зээ охиноо гоёно гэж шинээр оёж өгсөн хөх даалимбан бариувчыг нь өмсгөн, бага дүүг нь төрөхөд аавынхаа өөрийн гараар хийж өгсөн нэхий бойтогыг өмсүүлээд, охиноо эмээд нь өгөн өөрөө хоол цай таваг ширээ янзалхаар бослоо. Готов энэ үед охиныг нь эмээгээс нь аван нэг сайн үнэрлэсэнээ: -Төрлөө таниад байгаа юм байлгүй дээ, бишүүрхэхгүй сайн хүүхэн байна даа гэж өхөөрдөн бас дахин шуналтай нь аргагүй үнэрлээд сонжих мэт өөдөсхөн нүүрийг нь удтал ширтсэнээ, "Манай удмын хүн ч мөн дөө, тэр хамарыг нь хараарай мөн дөө хө" гэж өхөөрдсөнөө, өврөө уудлан хуучирч өнгөө алдан сааралтсан сиймхий самбай хадганд нандигнан боосон өрөөсөн гуулин хонх гаргаж ирэн охиных нь бойтгон дахь өрөөсөнтэй нь ижилсүүлж барьж үзсэнээ доголон нулимс унаган: -Энэ хонхыг муу бүрлээч ах бид хоёр хоёулаа дуугаргаж хүн болсон юм гэнэ билээ. Ахыг хамгийн сүүлд ирээд хот явахад ээж минь бид хоёрт нэг, нэгээр нь салгаж өгөөд: -Миний хоёр хүү, хэн нь ч түрүүлж гэр бүлтэй болж, үрийн зулай үнэрлээ билээ. Ах чинь түшиж тулах ах дүү бүү хэл, огт хүн таньж газар мэдэхгүй хот газар хэзээ хөлөө олж, амьдрал нь цэгцэрч, хэзээ ч эргэж ирж бид хоёрыг дэргэдээ аваа билээ гээд өгсөнсөн.Бодвол гурван бие эргэж уулзахгүйг эх хүнийхээ зөнгөөр мэдээд байсан юм болов уу даа гээд гүн санаа алдлаа.

* * * Тэр өдрөөс хойш Готов ээжийнхээр нь орж, гаран мэндтэй явдаг байсан бөгөөд жил орчмын дараа нөгөө нүүр лүүгээ цай цацуулдаг диспитчер хүүхэнтэйгээ айл болон, ажилдаа ойртох, бас ч гэж хамаатнаа бараадан ханисахын үүднээс Толгойтод байсан гэрээ нүүлгэн ирж ээжийнх нь хашаанд айлсан бууж билээ. Зах зээлийн тогтолцоонд шилжих эхний хэдэн жилийн хүнд, бэрх үед Боргиотой нийлэн нэг хэсэг наймаа хийж үзээд, чаддаг юм хэмээн анхлан Боргиотой хоршиж хийсэн хэдэн төгрөгөөрөө фургон машин худалдан авч бараан захын шугаманд нэг хэсэг гүйгээд, улмаар сайжруулан солонгосын "BESTA" микро автобус болгон зүтгээд, уг хүн нь угийн авхаалжтай сэргэлэн, хөдөлмөрч хүн байсных "Хан өндөр" гэдэг компани байгуулан хувийн микро автобустай арав гаран хориод жолоочтой нийтийн тээврийн нилээд боломжын хувийн шугам байгуулж хөл дээрээ босч билээ. Боргиог Солонгос руу явсанаас хойш ээжийнх нь, бас Боргиогынх гэдэг айлын ганц түшиж тулах ноён нуруу, ганц эр хүн нь Готов л байсан юм, ямар азаар тэр жил төөрсөөр төрөлдөө гэж их охиных нь чих нь өвдсөн юм бол доо...

* * * Боргио, их сургуулийн найзынх нь уулзуулж өгсөн Солонгос зуучыг даган хэлсэн ярисанаас нь юу ч ойлгохгүй мунгинаж, Инчоноос нисэх буудлын хурдны автобусанд суун, далайн их усан дундуур тавьсан өөгүй дардан асфальтан замаар хурдлах автобусны цонхоор дөнгөж ирсэн хүний сониучхан нүдээр гадагш ширтэн, бас ч гэж хил, гааль гэсэн хамгийн гол даваагаа давсандаа дотор уужран урьд өмнө хэзээ ч үзээгүй их далайн харлан харагдах их усыг сүрдэнгүй ажиж явлаа. Ийнхүү явахдаа огт донсолгоон, чичиргээн мэдэрэгдэхгүйд гайхашран "Үгүй ээ, энэ зам нь ийм сайн юм болов уу, автобус нь ийм зөөлөн явдалтай юм уу... Үгүй тэгээд зөөлөн явдалтай гэхэд салхи шиг л хурдлаад байх шиг, аль эсвэл далайн усан дээр тавьсан зам л ийм зөөлөн байдаг юм болов уу" гэж учрыг ухах гэж гайхширсаар аль хэдийнээ дөч гаран минут давхиад нэг л мэдэхэд Сөүл хотын төвд нэгэн нүсэр билдингийн дэргэд буугаад сониучирхан дээш харваас "Lotte hotel" гэсэн хаягтай сүрлэг байшин байхад нь "Энэ гоёмсог буудалд буух нь дээ" гэж бодтол тэгсэнгүй, урьдчилж тохироод хүлээж байсан бололтой машинд шууд суун цааш явсаар Сөүл! хотын нэгэн дүүрэгт байх Янгүг гэдэг газарт ирлээ. Янгүгт нэгэн төмрийн гунжан (үйлдвэр)-д ажилд орсон нь ашгүй өөр гурван ч монгол байж таарсаных юу юугүй хэлний бэрхшээл мөргөсөнгүй. Боргио "Төмрийн гунжан гэнэ үү, гунжан гэж за байз үйлдвэр завод гэсэн үг бололтой. Түрүүн энэ хүнтэй уулзаад "Анисэёо, сазаним" гэж мэндэллүү, анисэёо нь сайн уу байна гэсэн үг юм билээ, сазан гэдэг нь дарга, эзэн гэсэн үг гэсэн билүү, тэгэхээр сазаним болохоороо манайхаар бол гуайлаад байгаа юмдаг уу даа..." гэж хар багын л ямарваа нэгэн зүйлийг ухамтгай зангаараа дотроо бодсоор нөгөө гурваас нэг асуух гэснээ нутгаас авч гарсан толь бичгээсээ одоохондоо юу ч ойлгож чадахгүйгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа хирнээ, хий л гаргаж ирж хараад л "За байз энэ хангил үсгийг нь заавал сурах хэрэгтэй юм байна даа" гэж бодоод буцааж халаасандаа хийлээ.

Тэр толь бичиг нь хэдийвээр Солонгос-Монгол, Монгол- Солонгос толь бичиг боловч Солонгос нь шууд л дандаа хангил үсгээр галгилагдсан байсан болохоор мань эр яах ч билээ дээ. Зуучлагч залуу эзэнтэй нь нилээн удаан ярилцсанаа ямартай ч тохиролцов бололтой эргэн тэнд байсан гурван монголын нэгэнтэй нь жаал ярилцсанаа явж одсон нь "Арав хоног цалингүй ажиллуулаад чадаж байвал чинь цаашид ажилд авна гэснийг нь, Зоригоог чамайг миний сайн найз шүү гэснийг нь бодоод ердөө л долоохон хоног тал цалингаар ажиллуулахаар тохирлоо шүү, за хичээгээрэй" гэсэн байлаа. Нөгөө гурав нь ч ирээд тийм ч их удаагүй байгаа ч гэсэн "нэгээр илүү бол мянгаар илүү" гэгчээр ямартай ч эзэн, болон хамт ажилладаг хангүг эрчүүдийн хэлсэн ярисанд нь "еи, нээ, ани, арасимнида, мулаю" (за, тийм, үгүй, ойлголоо, ойлгосонгүй) гээд хариулахтайгаа болчихсон мань хүндээ л ямартай ч ойр з! уурынх нь яриаг ойлгуулахтайгаа болсон байлаа. Ирсэнийхээ маргаашнаас л ажилд орохдоо хамгийн түрүүн эзэн болон хамт ажиллах хангүг ч тэр, монголчуудынхаа ч тэр, амнаас "балли, балли" (хурдан, хурдан) хэмээх ар араас нь угсруулан шавдуулан хэлэх нэгэн үгийг тогтоож авч билээ. Выгуг сарам (гадаадын иргэн) бүү хэл, тэртэй, тэргүй хөлсөө дуслуулан хамаг л хүчээрээ минут, секунд бүртэй уралдан сэвт, сэвээгүй ажиллах хангүг болон монгол ажилчидтайгээ мөр зэрэгцэн хамт ажиллаж байгаа сазаним (эзэн) нь ч, гунжанжаним (үйлдвэрийн дарга, үйлдвэрийн даргын үг бол уг үйлдвэртээ хууль болно) нь ч, саманим (саман- даргын эхнэр болон дарга удирдах ажил эрхэлдэг эмэгтэй хүнийг хэлэн.

Саманим болохоороо мөн л авгайлсан, гуайлсан хэллэг болно) гээд бүхий л хүмүүсийн амнаас гардаг үг нь "балли, балли" байсан нь ийнхүү хурдан түргэн ажиллаж, цаг хугацаа хожин, ихийг амжуулсанаараа л яах аргагүй "Азийн бар" улс болтлоо хөгжсөн байх даа гэж Боргиод бодогдож билээ. Манайхаар бол захын л нэг муу тостой хар жолооч үйлдвэрийн түүхий эд ачиж ирчихээд, тэртэй тэргүй гялалзуулан хар хурдаараа буулгаж байхад нь сазан (эзэн) дээр нь очин шавдуулахад нь эзэн нь "Еэ, еэ!" (За, за) хэмээн бөхөлзөөд л шууд л өөрөө цагаан цамц зангиатайгаа л захны товчоо тайлан, зангиагаа жаахан султгаад л ханцуйгаа шамлаад л хамт дайран орж ачаанаас нь буулгалцахад Боргиогын маань санаанд нь ч багтаагүй билээ. Хэрэвзээ Монголд хэн нэгэн үйлдвэр, компанийн эзэн бүү хэл, нэг муу хурган даргад ингэж шаардлага тавьсан бол өөрөө яг л тэгж дайран орж харагдаач! Өөр хэн нэгнийг хаа нэгтэйгээс дуудуулна л биз дээ. Нөгөө дуудуулсан хүн нь ч жаал азнаж байгаад буулгаад дуусахынх нь хирд л ёсыг бодож хүрч ирэн гар хүргэн домнох мэт аашилдаг болохоор улс орон маань хөгжинө гэж ярихын ч хэрэггүй юм уу даа. Боргио маань багын юм тогтоох ой тогтоолт сайтай, өөрөө ямарваа нэгэн юмыг өөрийн болгож авахаар махран зүтгэдэг тэр л тууштай зангаараа хэдийвээр өдрийн арван гурван цаг ажиллаж, ажиллахдаа яг л машин шиг сэвт сэвээгүй, зогсолтгүй ажиллан шургаж унах шахах боловч өглөө оройд заавал цаг гарган тольбичиг барин, хангил үсгийг нь галиглан цээжлэн, мэрийсээр ирээд хагас жил болоход хэлний хувьд аль хэдийн зүгшрэх янзандаа ороод, нөгөө гурваа холоо хаясан байлаа.

Өглөө найм гучид ажилдаа гаран сэвт сэвэээгүй хөдөлсөөр өдөр арван хоёр гуч хүргээд, сая цайндаа орон ганц цаг амраад эргэж ажилдаа орон орой зургаа хүртэл зүтгүүлээд хагас цаг амраад эргэж ажилдаа орон найм хагас хүртэл ухнадаад сая л нэг юм ажлын өдөр дуусна. Өдрийн ганц цагийн, оройн хагас цагийн амралтаараа ч өглөөд толь бичгээсээ түүвэрлэн бичиж авч гарсан хэдэн үгээ цээжлэнгээ хоол цайгаа идэж уухад нь нөгөө хамт ажилладаг гурав нь "Энэ аягүй л бол шөнө зүүдэндээ хичээл хийдэг байхаа" гэж цаашлуулахад Боргио огт тоохгүй "Би ч бурхан болчихоод бурханы оронд ч шинэ хичээл үзэх сэнтэг хүн дээ" гээд дүйвүүлээд л өнгөрнө. "Чи гай болж тамд оччихвол яана" гэхэд нь "Тэгвэл тамын хэдэн чөтгөрт чаддагаар нь хичээл заахгүй юу" гээд л тэрүүхэн хооронд бяцхан хөгжилдөөд л авцгаана. Боргиогын хийдэг ажил нь хэвлэгдээд гараад ирсэн төмөр эсгүүрүүдийн цутгуурын баас, өөг цахилгаан гуранз болон хуурайгаар хуурайдан засах, бэлэн болсоныг нь хуванцар тавиур дээр заасан тодорхой хэмжээнд хүртэл өрж хураах ажил бөгөөд анхлан хоёр гарынх нь алга нь бараг л тэр чигээрээ цэврүүтэн хагарч, өвдөж хорсч байснаа бодвол аль хэдийн эвэршин нэгэнт ажилдаа даджээ. Анхны сар тохирсон ёсоороо сая таван зуун мянган воны цалин авчихаад "Гамсахамнида. Жонин илжарига ёлшимэ хальсү иссоёо" (Баярлалаа, би ажлаа маш сайн хийнээ) гэж хэлэхэд нь эзэн нь ч, хамт ажилладаг гурав нь ч маш их гайхаж билээ. Чи чинь яг л хангүг хүн шиг аяглаж байх шиг вэ, сая чи юу гээд хэлчихвээ, бид "Гамсахамнида" (Баярлалаа) л гэж хэлж цалингаа авдаг шүү дээ гэхэд нь Боргио: - Би ажлаа маш сайн хийнээ л гэлээ дээ. Энэ үг чинь, чиний толин дээрээс л харсан үг шүү дээ. Баяраа, чиний толь чинь хэлц үг олонтой сайн толь байна билээ. Дан үг цээжилсэнээс иймэрхүү хэлц үгийг өөрийн болгон ярьж сурвал бас их зүгээр шүү гэсэнсэн.

Анхлан ирж байхад нь Баяраа хэмээх махлагдуу лагс биетэй ноцолддог байрын гуч эргэм насны залуу: -За яаж ажиллахаа л чи өөрөө мэд, яаж цалинжуулахаа сазан юм уу гунжанжан хоёр л мэднэ, өөр хэн ч мэдэхгүй. Ерөнхийдөө гунжанжан (үйлдвэрийн дарга) л мэднэ дээ, тэр ч байтугай ажил ихтэй бачимдсан үедээ гунжанжан, сазаныг ч орилж чарлан загнаад авах тохиолдол ч байдаг юм шүү. Тийм болохоор аль, алинд нь тоогдохын тулд яг л цагийн механизм шиг жигдхэн, алдаагүй хирнээ "балли, балли" л байх хэрэгтэй дээ. Үнэхээр сайн ажиллаж чадаж гэмээ нь жил болж байж цалинг чинь жаахан нэмж байж ч мэдэш, харин сэтгэлд хүртэл ажиллаж чадахгүй бол ч "byе, byе! л болно доо гэхэд Боргио сөргүүлэн: -Ажиллаж чадахгүй бол шууд л халчихдаг хэрэг үү? Би ч үзэг барихаас өөрийг хийж үзсэн биш тэр халуулдагт нь л орж балрах байхаа даа гэхэд Баяраа: -Өө "Уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлав" гэгчээр тэгж ч амархан санаагаар унахгүй шүү хө. Би ч адилхан үзэг барьдаг, цагаан халаат угалдаг эмч хүн л дээ. Одоо энд ингээд л төмөрчин болчихоод таваргаж л байна даг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн юм, чиний л мэдэх хэрэг шүү дээ! Гэхдээ энэ олны олон дотор мөнгө хийх гэж биш юм үзэж зугаацахаар ирсэн юм шиг аашилдаг гарууд ч бас мэр сэрхэн, тийм ч цөөн биш боловч байдаг л юм. Нэг ажлаас гараад л, нөгөө ажилд ороод л явдаг улсууд бас би шүү гээд гар дахь мэгжү (пиво)- нээсээ хоёр сайн балгасанаа тамшаалаад, цааш нь үргэлжлүүлэн: -Чи архи уудаг уу? гэж асуусанаа, өөрөө өөртөө хариулах мэтээр: -Одоо энэ цаг үед ч архи уудаггүй хүн ч гэж хэн л байв гэж. Харин чи эхнээсээ л сөжү ууж сурахын хэрэггүй шүү! Тэгсэнээс шээлгэдэг ч гэсэн шингэцтэйгээр нь мэгжүгээ шимж байсан нь дээр дээ.

Нэг л "ногоон шилтэй юм" -анд толгойгоо мэдүүлчихвэл өөрийгөө тэгээд л дууслаа гэж мэдээрэй хэмээн намуухан боловч тод дуугаар мартахын аргагүйгээр сануулах мэт хэлсэнийг нь хожимын хойно олон ч хүн дээр өөрийн нүдээр харж үзэж, үнэмшиж билээ. Сөжү архийг ууж сураад дадал болсон нилээн хэдэн Монголчуудтай хамт ажиллаж, амьдарч, мөн хамт архидаж ч явс! ан ба ерөнхийдөө сөжү уудаг цөөн боловч байдаг тэр хүмүүс нутаг нэгтнүүддээ ер нь л нэр муутай байдаг нь анзаарагддаг л байлаа. Үнэндээ ч "ногоон юм"-анд толгойгоо нэг л мэдүүлсэн хүмүүс цаг үргэлж л түүнийгээ үгүйлэх бөгөөд зарим нь хий юм үзэн, ганцаараа ярьж, инээн солиорох нь ч бий. Эцсийн ганц мянган воноороо ногоон юмаа авч гударчихаад өчнөөн км хол гэрээдээ явган таваргаж харихаас өгсүүлээд Сөүлийн гудамжинд тасарч унаад осгож үхсэн улсууд ч зөндөө байдаг болохыг хожмын хойд өдөр өөрийн нүдээр үзсэн л юмдаг.

* * * Боргио маань махран зүтгэсээр, ажилдаа ч дадлагажсаар, хэл ус ч овоо болон зүгширч байлаа. Нэгэн удаа цалингаа авахдаа хамт ажилладаг Монгол хүүхэн нь, мөн л тэр хүүхэнтэй хамт ажилладаг Хангүг эмэгтэйгээс өндөр цалинждагийг мэдээд маш их гайхаж билээ. Монгол эмэгтэй сая воны, харин хангүг эмэгтэй найман зуун мянган воны цалинтай байсан хэрэг, үнэхээр гайхаж билээ. Солонгос ажилчид биднээс өндөр л цалинждаг байж таараа гэж бодож явсан бодол нь тэгвэл эрчүүд нь хэдийг авдаг болоо-гоор солигдож билээ. Харин энэ үед эзэн нь нөгөө гуравтаа нь биш Боргиотой илүүтэй их харьцдаг болсон нь манай хүний хэл сурах гэж махруун зүтгэж, ажилдаа ч гологдохгүйгээр сайтар дадлагажсаных байсан бөлгөө.

Яг цалин буусны маргааш өглөө нь ажилдаа ороод ажил ид жигдэрч байтал үйлдвэрийн хаалгаар энгийн хувцастай хоёр ч хүн орж ирэхэд нь урд орой нь тоолдогоо авцгаачихаад ганц, хоёр мэгжү шимж суух үедээ яагаад, хэн нь анх эхэлснийг бүү мэд бөөн л баривчилгааны тухай хөөрөлдөөн болоход ингэж "энгийн хувцастай хүмүүс хоёроороо орж ирдэг"- ийг сонссоных эргэж нөгөө хэдээ харвал Баяраа хаашаа орсон нь мэдэгдсэнгүй бараа ч байсангүй бөгөөд, нөгөө хоёр нь цонхоор гарч байхыг харсанаа нэг ухасхийх гэсэн ээ, тэртэй тэргүй гадна талаас бүсэлчиxээд ордог гээ биз дээ гэж тээнэгэлзэх зуур "Хөөгдөж, зугтааж яваад гай болж машин тэргэн доогуур ч ордог юм уу, аль эсвэл өндрөөс унаад ч юм уу, үсрээд хөл гараа ч хугалаадахдаг ч юм уу, ер нь бэртэж гэмтээтэхвэл харин шууд л эргээд явчихдаг юм даа" гээд өөрөө нэгэн удаа зугтааж яваад машинд дайруулан хөлөндөө хоёр, гурван ч хагалгаа хийлгэсэн гээд хөлийнхөө шархны сорвийг үзүүлж суусан Баяраагын царай харагдах шиг болоход түрүүхэн хурааж эхлээд бараг тавиур дүүрч байсан усан онгоцны хитгэний хэсгийн хөнгөн цагаан бэлдэцүүдийн хамгийн доод талаас нь шийдэмгийгээр санаа дгүй мэтээр сугалан авч нураахдаа "Ааш, шибалаа" (Ээ балар аа) гэж солонгосоор уулга алдаад дээрээс нь нуран орж ирэх хөнгөн цагаан хийцэнд дарагдан түүнээс цааш юу болсоныг ч мэдсэнгүй ээ... *

* * Үжин нөгөө нэг, Боргиогын МУИС хамт төгссөн найзаар нь Солонгосын виз гаргуулахаар хөөцөлдсөөр бараг л бүтэж байгаа тул дөрвөн хүүхдээ том бага хоёроо ээжийндээ, дунд хоёроо хадмууд дээрээ үлдээхээр ярьж тохироод, битүүхэндээ явах бэлтгэлээ базааж байсан тэрхэн үеэс үе, үехэн тодорхой учир шалтгаангүй өөдөөс нь "мэдэж байна", "яачихаад байгаа юм", "чадахгүй" хэмээн хэдэрлэж, ярдаглах болсон хоёр том охиноо яагаад байгааг нэг л ойлгож ядан гайхшираад, яахаа мэдэхээ болиод байлаа. Аавыгаа л санаад байгаа юм болов уу даа, одоо намайг явчихаар яана? гэж бодож байсан тэр нэгэн өдөр бага хүү нь хичээлээсээ орж ирсэнээ сургууль дээр ажилтай гээд гарахаар завдан тольдон зогссон том эгчийгээ "Болзоондоо явах нь уу?

Болзоот хархүү чинь гудамжны үзүүрт бээвийгээд осгож үхэх гэж байна, түргэлээч" гэж хэлээд эгчдээ нэг сайн чимхүүлэн орь дуу болон, "Ээжээ, энэ аниагаа хараа чимхээд байна шүү!" гэсээр үлдлээ. Үжин "Юу гэнэ вэ? Болзоо гэнэ үү?" гэж гайхашран бодсоноо тээр жилийн нөгөө нэг ангийн хурал санаанд нь орон цүнхээ барисаар өөрийг нь чиглэн ирж ширээнд нь суусан Боргио нь яг л тэр янзаараа, хүүхэд ахуй нхаа төрөхөөр нүдэнд нь харагдах шиг болоход л сая "Шилжилтийн нас!!!" хэмээн өөрийн эрхгүй дуу алдлаа. Тиймээ, хүүхдүүд нь өсч аль хэдийн шилжилтийн насандаа хүрчихжээ. Энд л асуудал үүсэх нь дээ. Ядаж байхад том хоёр нь охин хүүхдүүд, одоо л ээжийнх нь гол анхаарах цаг шүү дээ! Тиймээ, харж хандах хүнгүй охин хүүхэд ч, хүү хүүхэд ч ер нь аль нь ч гэсэн өдий насандаа хаашаа ч хальтирч болох гэмтэйн учир олон улсын ярианы картны үлдэгдэл хэдэн нэгжээрээ Боргиоруу залгалаа. Төд удалгүй утасны харилцуурын цаанаас Боргиогын ядруудуухан сулхан дуу гарч: -За сайн уу, хөгшөөн? Хөгшинийх нь бие өнөөдрөөс овоо дээрдэж байнаа, маргаашнаас эмлэгээс гардаг юм уу, тэгэхгүй бол төлбөр нь талийж өгөх нь... Үжин: -Тэр мөнгө яах вэ, Боргио минь. Эрүүл, саруул явбал болох л байлгүй дээ хө. Харин нэг асуудал гараад байнаа, найз нь очихоо болихоос, болохгүй болоод байна. Хүүхдүүдийн маань шилжилтийн нас нь эхэлчихжээ, зан ааш нь хувираад ааш, авир нь дийлдэхээ байлаа... гэж үлдэгдэл жаахан нэгжэндээ амжуулж ярихаар дээр, дээрээс нь дуржигнуулан урсгалаа. Боргиог эмнэлгээс гараад бие нь ядруухан байх тэр үед ээж нь "Энэ их сайн юм гэнэ билээ, бие тэнхээ сайжруулдаг, их л ид шидтэй эм юм гэсэн" гээд хатуу цаасан хайрцаганд хийж битүүлэн скочдон наасан юм Үжинд өгч Боргиод карго-гоор илгээсэн нь тэндээ зүгээр л нэг байж л байдаг энгийн хэрэглээ баахан вакус витамин байж манай зохиолын гол баатрыг "Халхаас захиж вакусддаг" гэж хамт байсан хэдэн Монголчуудынх нь дунд бас ч гэж хөөрхөн онигоо болгоод авч билээ.

* * * Чих нь шуугин, битүү дүнгэнэн, аньсагных нь цаанаас гэрэлтэн байвч зовхио ч нээж үл чадан, ямартай ч амьд л байгаа юм байна гэж бодсоноо дахин ухаан алдлаа. Боргиог тавиуртай хөнгөн цагаан бэлдэцүүд санаандгүй мэтээр нураан өөрөө дарагдахад, баривчлахаар выгугсарам хайж орж ирсэн баривчилгааны хоёр үнэхээр ум хумгүй эргэж яаравчлан гарч одсоноор төмөр тасдагч машины зоргодос, үртэс ордог бачуухан төмөр авдарт нуугдаж үлдсэн Баяраа энд, тэндээ бага зэрэг халуун төмөрт хайрагдаж, түлэгдсэнээс өөр гарзгүй үлдэж, харин цонхоор гарч зугтаасан хоёр нь гадаа амдаад байж байсан баривчилгааныханд баригдан нутаг буцсан билээ. Түүнээс хойш Боргио маань нилээн хэдэн ажил сольсон бөгөөд цагийн зөрүүгээрээ арай аюулгүй юм болов уу гээд бүтэн дөрвөн жил ягаарсан нь ч бий. Ягаарах гэхээр эрхэм уншигч авхай та гайхаж байж ч магадгүйн учир бяцхан тайлбар өгүүлвээс, Хангүг нутгийнхны хэллэг бөгөөд энэ нь шөнийн гэсэн утга агуулна. Ягаан гудамж гээд Тай, Филлифин голдуу хүүхнүүд, мэр сэр Орос, бүр Монгол хүүхнүүд ч харагдах бүхэл бүтэн гудамж ч бий. Тэдний ямар ажил эрхэлдэг нь тэнэг л биш бол хэнд ч ил агаад, харин туужын баатарын маань хувьд бүтэн дөрвөн жил ягаарсан! гэдэг нь дандаа шөнийн цагаар л ажиллаж байсан болохоос дээрхи ягаан гудамжны ягаан хүүхнүүдээс тэс өөр байсан юм. Баривчилгаа голдуу өглөө ажил цуглаж, бүх ажилчид ажилдаа гаран жигдэрсний дараа гунжан, хиэса (компани)-г гэнэдүүлэн бүсэлж, баривчилгааны хоёр хүн орж шалган баривчилдаг болохоор, тийм баривчилгаанаас амиа алдахаас наахнуур салж үзсэн хүнийхээ хувьд, цаг бусаар буцчихгүйн тулд тэгж шөнийн ээлжийг сонгон, гэхдээ дандаа арүбаетаар Илсан хотноо хэвлэх үйлдвэрүүдээр дагнан ягаарч бүтэн дөрвөн жилийг барж билээ.

Мэдээжийн хэрэг хэвлэх үйлдвэрээр, дан арүбае таар дагнасан гээд бодохоор Боргио маань солонгос хэл, бичигт аль зэрэг гаргуун болсон нь эрхэм уншигч авхай нарт тодорхой болох буйзаа. Ийнхүү янз бүрийн ажил хийж, арүбаетаар дагнаж явахдаа "үйлдвэрлэлийн дадлагажигч" буюу гэрээнийхэнтэй ч хамт ажиллаж байсан нь ч бий. Хараар байгаа хүмүүсийг бодвол баригдчихвий энээ, тэрээ гэж санаа зовних асуудалгүй боловч дарга эздийнхээ өөдөөс "А" ч гэж дууграх эрхгүй боол шиг зүтгүүлэх нь өрөвдөлтэй. Хангамж, хөдөлмөр хамгаалал, цалин мөнгө энээ, тэрээ гээд асуудал тавивал эзэн нь монгол за! хиралдаа ханд л гэнэ. Харин тэд нь "Солонгост авчирлаа болоо юм биш үү? Чадахгүй бол буцахгүй юу" л гэнэ. Тийм болохоор оргож харласан гэрээнийхэн ч бас л их бий. Ингэсээр 2002 онд хороололд гурван өрөө байр худалдаж авч гэрийнхнийгээ оруулж, хөл дүүжлэх шинэвтэр "Аксент" маркийн машин ачуулж ар гэрийн амьдрал төвхнөж, бас ч гэж овоо хэдэн ногоон төгрөг банкинд хадгалуулсан тэр л үеэс одоо яавал ч яаг, ер нь яасан ч яадаг юм, харихнаа ч яах вэ дээ хэмээн боддог болсон тэр л цагаас хойш бүгээнээс гарч ягаан амьдралаа орхин өдрийн ажилд орж билээ. * * * -Сараа, миний хайраа!

... Тиймээ, ийм үг хэний амнаас уначихваа? Боргиогын амнаас гэж үү? Арай ч дээ, худлаа байлгүй дээ? гэх гэж байна уу? Эрхэм уншигч авхай нар минь. Тэгвэл ийм үг унадаг болоод бас ч гэж чамгүй хугацаа өнгөрчээ. Харин энэ бүхэн ингэж эхэлсэн юм. Боргиог анх Со-руу гаргаж байсан их сургуулийнх нь найз, наашаагаа хүн чирч гаргаж байсан шугам нь ямарваа нэгэн зүйл эхэлсэн бол төгсдөг тэр л жамаар хаагдсан тэр үед өөрөө хамгийн сүүлчийнхээ ирэлтээр эндээ харлан үлдэж Боргиотой нэг хэсэг хамт ажиллан уламч дотносон нөхөрлөсөн б! илээ. Хүлгийн сайныг унаж мэднэ, нөхрийн сайныг ханилж мэднэ гэгчээр Зоригоог тэр л үедээ үнэхээр итгэж, түшч тулж болох залуу гэдгийг танисан юм. Гэхдээ сайн хүнд ч муу зан байх нь ёс бөгөөд, өндөг шиг өөгүй хүн байдгүйн учир Зоригоод ч бас муу зан байлаа. Тэр нь архи, хүүхэн хоёрт нугасгүй. Нугасгүй гэхэд дэндүү нугасгүй. Үүн дээр л хоёр найз сэтгэл нийлдэггүй байлаа. Архины хувьд бол Боргио маань харийн нутагт ганцаардаж, хань ижил, үр хүүхдүүдээ санахын эрхэнд хаяадаа нэг хэдэн лааз мэгжү балгах үедээ балгачихдаг болсон ч, хэзээ ч ажла! а алдан архидаж байсан удаагүй. Ха! гас ��айны орой ажлынхантайгаа кароэкэ дуулан, уулгын газарт муудатлаа уун, эзэнтэйгээ би, чи болон найзархаж байвч маргааш өглөө нь ажил дээрээ ирэхэд л өчигдөр оройны тэр дотно уур амьсгалаас ер юу ч үлдээгүй, бүр дусалхан ч, чимххэн ч үлдээгүй огт танихгүй хүн мэт хөндий хүйтэн царайлан ажлаа хийдэгт дасал болоод аль хэдийн долоо, найман жил өнгөрчихжээ. Харин Зоригоо бол овоо хэдэн гайгүй, гайгүй ажлаас архи уугаад л хөөгдөж байсан ч ер тоохгүй. Хэлтэй, танилтайдаа бардан Боргио мянга хэлээд, үглээд ч нэмэргүй. Харин архи ууж ажил таслаагүй үедээ бол ажлыг жинхэнэ хуйхлах шиг л болно. Заримдаа хэдэн хоногоор ч архи, хүүхэн эргүүлээд алга болно.

Боргио нэг удаа ингэж яваад ирэхэд нь: -Зоригоо минь, найз минь. Чи аан гээд уун гээд сонсож бай. Нас ер нь дөч дөхлөө шүү. Миний найз алийн болгон ингэж хүүхэн, хүүхэнлүү үсчиж явах вэ. Чи нэг сайн бодооч хө. Нас яваад байдаг. Ер нь нэг сэтгэлд нийлсэн юм олж аваад ханилвал яасан юм бэ? Хүүхдийн хувьд ч яалт ч үгүй оройтож, хэнздэж байна шүү дээ гэхэд Зоригоо: -Найз нь бодоогүй биш бодсоон хө. Эндээс бол аваад суучихмаар санаанд таарсан юм олдохгүй байна шүү дээ. Харин хөгшин нь Ар Халхаас нэгэн бүсгүй татах гээд хөөцөлдөж байгаа, ер нь ч одоо хариу нь бараг л гарч байгаа болов уу гээд нэгэн хорин, долоо наймтай болов уу гэмээр залуухан бүсгүйн зураг үзүүлсэнийхээ дараахан, хэдхэн хоноод Түндэмүнд архидаж яваад баривчилгаанд өртөн нутаг буцаж билээ. Зоригоог "тортой буудал"-д тарвалзаж байх тэр л үед нөгөө бүсгүй нь ирсэн бөгөөд тосч аван, хөлийг нь олж өгөх үүрэг Боргиогын толгой дээр бууса! н билээ. Ингэж анх Сарандэлгэртэй учирч, нэг л мэдэхэд хар амьдралын, хар жамаар хамтран амьрагсад болсон байлаа. Харийн нутагт хар амьдралаар хамтарсан хоёрт жаргал нь ч нэг, зовлон нь ч нэг байсан бөгөөд нууж хаах адилхан ганц гэмтэй байсан нь Боргио Үжингээс, Сараагын хувьд Зоригоогоос, чухамдаа бол хоёулангынх нь хувьд Зоригоогоос нуух нэг л нууцтай байлаа. Боргио маань хэл ус сайтайнх Зоригоогын сайн танил нэгэн Солонгос зууч хүүхнийг гуйж, бас ч гэж чамгүй ногоон төгрөг атгуулж байж "Сарааг хаа байсан Бусан хотод триконы үйлдвэрт ажилд оруулсан" гэж Зоригоод хэлүүлж авч дөнгөсөн ч цаагуураа л нэг сэтгэлийн дарамттай. Хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг зүйл нь өчнөөн жил үй зайгүй үерхэж, найзлаж, нөхөрлөж явчихаад адаг сүүлд нь авна, сууна гэж байсан бүсгүйтэй нь өөрөө ч мэдэлгүй нэг л мэдэхэд өвөр түрийндээ орчихсондоо маш их гутарч, сүүлийн үеэс балгах нь ч бас нилээд ихэссэн билээ.

Цаг хугацаа гээч хэнбэ гуайг ч хэзээ ч хүлээдэггүй, цаг үргэлж л цаашлан одож, торолгүй урсч байдаг нэгэн зүйл жамаараа өнгөрсөөр нэг л мэдэхэд Боргио, Сараа хоёр хамтарсаар гурван жил өнгөрчээ. Хүн хүндээ дасдаг хорвоо хойно, энэ хооронд хагацаж салж чадахааргүй ижилджээ. Энэ нь ч мэдээжийн хэрэг, аль аль нь ар гэрээсээ, ах дүү, амраг садан, аав ээжээсээ алс холд харийн нутагт хоёулханаа амьдарч гаравч, оровч хамт байхын учраас тэр л дээ. Харин энэ үед муу явдал модон улайтайн үлгэрээр ямартай ч Зоригоогын чихний үзүүрт хүрч орхисоноор а! мгалан байсан нуурын мандал атриатан долгиотох шиг манай хоёрын аль алиных нь сэтгэл дотор долгилон донсоллоо.

Үргэлжлэл бий.


profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317087/262/trackback

Itgelxvv

2009.04.26 11:30:40
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

П. Пүрэвсүрэн. Арван жилийн дараа.

minii amidral

  • maxji
  • 2009-01-11
  • Уншсан 10852

duunii ugend mini aya hiij tuslaarai [2]

  • maxji
  • 2009-01-11
  • Уншсан 9651

Бид ялав file [1]

ЧОНО [1]

  • HENZA
  • 2009-02-07
  • Уншсан 9568

Чөтгөрт худалдмаар Валентины өдөр [2]

Ч. Лодойдамба, Шаргачин [1]

Ц. Түмэнбаяр, Буруу энгэртэй дээл [2]

П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2]

Нутгийн шувуу нуурандаа очиноо [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-3 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-4 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-5 [1]

Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1]

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1]

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1]

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-9 [1]

НУТГИЙН ШУВУУ НЬ НУУРАНДАА ОЧНОО-Төгсгөл [1]

Б.Шүүдэрцэцэг : 180 хэм [1]

배너신청
자생병원

배너신청