Бичлэгийн тоо 497

 
Эр хүн
          Гарт нь зүүсэн гав гарыг нь хайрахаас илүү тэр хүний царайг харна гэдэг сэтгэлийг нь хайрч байлаа. Хянагчаараа харгалзуулан уулзалтын өрөө зүглэн 30 дөнгөж гарч яваа идэрхэн энэ залуу өөрийнх нь төлөө гэж өдий болтол явсных нь хариуд өвгөн эцгээ ингээд хол газар ирүүлж сэтгэлийн тамд унагаж байдаг. Тэрээр уулзалтын өрөө ойртох тусам хөл нь яг л дөнгөлүүлсэн мэт хүнд оргин буцаад явчихмаар санагдахуйд алхаа нь бүр ч удааширлаа.
         Дөнгөж жар гарч яваа гэхэд хэдхэн жилийн дотор нүүрэн дээрх үрчлээ нь улам нэмэгдэж бүр гүн болжээ. Үс нь бууралтан халцарч, нуруу нь бөгтийн, хөл нь ч өвдгөөрөө жаахан нугларч яаж энд ирэв дээ гэмээр ядруу харагдана. Ааваас нь үлдсэн ганц юм нь нөгөө л эр хүн гэхэд дэндүү зөөлөн энэрэл хайр нэвт шингэсэн уярам дөлгөөн харц нь л хэвээрээ. Нүд нь хуурайшин ширгээд дотогшоогоо хонхойж орсон ч дулаан харцаараа хүүгээ инээмсэглэн угтах аавыгаа хараад тэрээр өөрийн эрхгүй дальдчин доош харав.
         Түвшин хэмээх энэ залуу өвгөн эцгийнхээ өмнө хэзээ ч дааж давшгүй нүгэл хурааснаа дөнгөж одоо л ухаарч байдаг. Анх мэдээ орсон цагаас нь эхлээд аав нь л түүний хажууд байдаг байсан. Тэрээр ээж гэж хүнийг мэдэхгүй ч аавынхаа буянд уранхай ноорхой, хиртэй хувцас өмсч үзсэнгүй, хүнээс илүү гарахгүй ч хүний дор орсонгүй өдий хүрсэн. Хэтэрхий зөөлөн аавыгаа зөөлчилж, буруу хүмүүсийг даган алдаж эхэлснээсээ хойш энэ хүнийг хичнээн их зовоосноо бодохоос хажууд нь тогтож сууж чадамгүй мэт өндөлзөнө.
         Алив миний хүү цаг нартай юмыг хоёулаа ингэж суугаад яахав. Аав нь чиний дуртай хуушуурыг хийж авчирсан. Ахиухан хийсээн. Хамар хашааны Дэлгэр эгч нь тусалсан юм. Танай хэдэд хүрчих байх. Цай уу хэмээн үхтэл үр хармын сэтгэлээр сэтгэлээ хатамжлан юу ч болоогүй мэт хоол цай хийж өгнө. Уулзалтын өрөөнд орохын өмнө гавыг нь авсан тул Түвшин
         Аав би өөрөө, харин та хоол цайгаа сайн идэж ууж байгаа юу. Би яахав ээ, ингэж байхдаа ч таарсан хүн. Таныг ч их зовоож байна даа
        За тэр яахав хүү минь, наад цайнаасаа халуун дээр нь уу. Харин өнөөдөр аз болж унаа ирэх таарчихаад аав нь сандарсандаа олигтой юм бэлдэж амжсангүй. Хэдэн тамхи л авчирлаа хэмээгээд нэг хайрцаг " Алтан навч" хэмээх тамхи өгөнгөө хэсэгтээ гайгүй байгаа, тэтгэврийн хэд буудаггүй, за тэр яахав тайван ид миний хүү хэмээн том том үмхлэн хөлсөө арчин хоол цай идэж буй хүүгээ харахад Монтоонд бол одоо хэр нь өнөө л хүн бүрийн хайрыг булаан сэргэлэн нь дэндсэн дэггүй дэлдэн жаахан бор хүү нь харагдана.
       Уулзалтын цаг ч дууслаа. Түвшин аавдаа тонгойж үнсүүлээд баярлалаа гэхээс өөр үг амнаас нь гарсангүй. Монтоон хүүгээ духан дээр нь удаан гэгч үнэрлэнгээ: " Хүү минь эр хүн зовох тусмаа чангарч, эрдэнийн чулуу элэгдэх тусмаа өнгө ордог юм шүү" элдэв хэл ам гаргалгүй хугацаагаа дуусгаад аавдаа ирээрэй. Аав нь амжвал, наашаа унаа тэрэг олдвол ирж байна аа гээд юмаа бөөгнүүлэн өвдгөө тулан өндийлөө.
       Аав аа, намайг уучлаарай. Та дахин ирээд хэрэггүй...хүү нь сайн хүмүүжигч байж хугацаанаасаа өмнө суллагдаад өөрөө тань дээр очно гэж хэлээд цааш оров. Монтоон хүүгийнхээ энэ үгийг сонсоод хуурай нүдээ арчин овоо доо хүү минь хэмээгээд бөгтөгнөн гараад ирвэл дайгдаж ирсэн хүүхэн хараахан гарч ирээгүй байсан тул хүлээнгээ сэрүүн салхи цээж дүүрэн амьсгалж дээшээ өлийн хэсэг харж зогссоноо  тамхи гарган салхинаас халхлан байж асаагаад алсын бараа ширтэн суулаа.
       Түвшин уйлахгүйг хичээн алхана. Түүний хөл одоо бүр ч хүнд оргин суун тусахад бэлэн борвиороо сөхөрчих гээд дэлхий хүртэл түүнийг даахгүй болсон мэт. Юунаас ч айж ичихээ байсан түүний зүрх яагаад ингэж өнөөдөр зүсэгдэв. Тэрээр урд нь ойлговол ойлгож, ухаарвал ухаарахаар бага наснаасаа л шорон оронгоор явсан хүн. Тэрээр нулимс гэдгийг мартаад удаж байна. Тэгтэл өнөөдөр юу болоод гэнэт сэрсэн хүн шиг ухаан оров. Одоогоос хоёр хоногийн өмнө Түвшин татах тамхигүй болчихоод камер дотуураа нэгжлэг хийтэл тэдэн дундаа хамгийн хөгшнөөс нь мөнгө гараад ирэв. Баярласан гэдэг учиргүй нөгөө мөнгийг нь авах гэтэл Чөдөрөө
        Чи арай дэндэж байгаа юм биш үү, бид байгаа бүхнээ чамд өгсөн, наад хөгшнөөсөө тамхины мөнгөө л авбал болоо биз дээ
       Муу гөлөг минь, сайхан зантай байгаа дээр минь аятайхан байвал аминд чинь өлзийтэй байх шүү
       Чи ер нь дуугай байх тусам давраад байгаарай, би айхгүй ээ чамаас. Адилхан юм байж би зүгээр ялаа нэмэхгүй гэж л тэвчиж яв аа, чамд ч бас анхааруулчихъя! өөрөө араа мэдэж яваарай...ингээд тэр хоёр бие биенээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч арай гар зөрөлдчихөж чадахгүй зогсож байтал нөгөө өвгөн цээжээ даран бөгшүүлэн ханиасаар хүрч ирж тэр хоёрын дунд ороод
      Баярлалаа хүү минь, яахав миний энэ мөнгийг аваад энэ хүү нэг хайрцаг тамхинаас доор гэдгээ харууллаа. Надаас болж та нар муудалцаж янз бүр болоод юүхэв. Угаасаа би хөгшин хонины насгүй болсон хүн энэ мөнгөөр хэдэн өдөр ч гэсэн амьд явах юм олдож юуны магад гэж бодсон юм гээд амьсгаадан зогсоо зайгүй ханиаж ханиад нь цустай гарч эхлэв. Нөгөө хэд орилон хуягийг дуудсанаар өвгөнийг эмнэлэг авч явлаа. Түвшин нэг их анзаарсангүй, худлаа баашилж эмнэлэг бараадлаа хэмээн бодоод нөгөө мөнгөөр нь таньдаг хуягтаа тамхи талх захьсан билээ. Тэгтэл маргааш нь өвгөн өнгөрчихсөн гэхийг дуулаад юу билээ хэмээн тархинд нь зурвас бодол орж ирэхтэй зэрэгцэн өнөөх муудалцаж байсан Чөдөрөө ч нүүрэн дундуур нь дэлсээд авах нь тэр. Түвшин энэ удаа эсэргүүцэл үзүүлсэнгүй. Тэрээр шөнөжин хар даран талийгаач ирж авч явна гээд түүнтэй зэрэгцэн аав нь ирж өгч явуулахгүй хэмээн зууралдаж байна хэмээн зүүдлэв. Тэрээр арайхийн зүүднээсээ сэрээд хөлсөө нэг шударч арчсанаа орон дээрээ дээш харж хэвтэнгээ гэнэт аавыгаа бодон өөрийнхөө өнгөрсөн бүхнийг эргэцүүлсээр арайхийн өглөөтэй золгов. Тэгэхэд энэ л үед яг мэдсэн юм шиг аав нь хүрээд ирсэнд бүр ч ихээр мэгдэн сандарсан нь энэ ажгуу...

* * *
                   Монтоон хэдий 30 дөхөж яваа ч одоог хүртэл эхнэр авч амжаагүй яваа аж. Тэрээр цэрэгт яваад ирэх хооронд нь нууцхан хайрлаж, анхны хэмээн бодож итгэж хүлээж байсан тэр л хоёр салаа гэзэг нь атганд багтамгүй өтгөн, жаахан бор охиныг мөрөөдөн, мөрөөдөн ирж билээ. Анх л уруул дээр нь хүрч, голын хөвөөн дээр ичээн барин тэвэрч цэрэгт явахын урд шөнө охин насыг нь авсан зүрхний нууцхан охин нь аль хэдийн айлын эхнэр болоод үр хүүхэдтэй болсныг дуулаад нэг хэсэгтээ цэргээс ирсэн нэрээр аархаж хөлчүүрхэж, сархад нилээн зооглох болов.
          Тийн айл хэсч яваад нэг өдөр зориг гарган Ядамын гэрийг зүглэн мордов. Хайртай гэдгээ ч хэлээгүй явсан түүнийг хүлээж ядсан Ядам шинэхэн бэр болоод үрийн зулай үнэрлээд удаагүй байхад нь нэг л өдөр Монтоон ороод ирэх нь тэр. Цай уун дүнсийн найгасхийн суух түүнийг хараад Ядам хий л сандчин цай аяглаж, ааруул ээзгий таваглан өмнө нь тавин орны хөлний тэндээс шинэхэн нэрсэн нэрмэл гарган хоёр гардаж өгөөд, хоол хийхээр бэлдэв. Монтоон ч аягалж өгснийг нь нэг амьсгаагаар хөнтөрч орхиод
         Чи намайг хүлээж тэвчсэнгүй юу?, тэгээд очиж очиж сагсуу Тогмидтой гэрлээд. Ядам юу ч хэлж чадалгүй өөрийн эрхгүй хоёр нүднээс нь нулимс асгах нь тэр. Монтоон үргэлжлүүлэн: Би чамаас нэг л юм асууя, чи Тогмидод үнэхээр хайртай юу?... Ядам угийн бүрэг ноомой нэгэн дээрээс нь хайртай хүн нь гэнэт ороод ирсэнд сандарсан байсан тул хоолой дээр нь нэг юм бөглөрчих мэт болон амнаасаа үг унагаж чадалгүй дэмий л дээлийнхээ ханцуйгаар нулимсаа арчлаа.
          Тэгвэл чи надад хайртай байсан уу? гэм хийсэн хүн шиг одоо битгий уйлаад байл даа хө...гэхэд Ядам нэгэнтээ уртаар санаа алдсанаа дорой дуугаар
         Сагсуу ч гэсэн тэр хүн надад хайртай, охины минь эцэг шүү дээ Монтоон минь
         За ойлголоо...би мэдэж авах гэснээ авчихлаа хэмээгээд өндийн охиныг нь үнэрлээд гарах гэтэл Ядамын нөхөр болох сагсуу Тогмид халамцуу гуйвалсаар ороод ирэх нь тэр.
        Өө нутгийн дүү сайн явж байна уу? Халагдсан сураг дуулдсан, шинэ цэрэг манай муу бор гэрээр багтаж орж ирсэн байх шив. Алив юмаа гарга, хө хө... аль хэдийн гаргачихсан байх чинь... хэмээн дээрэнгүй тушаах маягтай хэлэхэд Ядам ч олон юм ярилгүй хөдөөний бүсгүйн эгэл бүрэг зангаар дуугүйхэн  хоолоо үргэлжлүүлж хийлээ.
        Амар байна уу та...хэмээн тохойлдон золгоод Монтоон ч буцан суув. Тогмид ихэд халууцсан байртай дээлийнхээ энгэрийг задгайлан гараараа өвдгөө тулан завилж суунгаа эрүүнийхээ сахлыг имчин олон юм асууж гарав. Монтоон ч асуусан бүрд нь хариулан сонин содонг дуулгана.
         За тэгээд дүү хүү эхнэр бол бэлэн биз дээ, явахаасаа өмнө манай энэ нармай борыг бас эргүүлж байсан гэл үү гээд ганцаараа хэлсэн яриандаа баясан ихээр хөхрөв. Монтоон энэ сацуу хүмүүсийн хэлж байсан үнэний ортой байж магадгүйг гадарлан өөдөөс нь нэгэнтээ муухай хараад
        Ах хүү арай хардаад байгаа юм биш биз?
        Хэ цэс, энэ бид хоёрыг надаас өөр хэн тоох юм. Хүнтэй суухгүй тоох хүнгүй гиюүрч явахад нь би эмээгээс нь хойш авч суусан. Хөөрхий хөгшин надад мөн хатуу байж билээ, ганц зээ охиноо ямар их харамладаг байв аа мааний бадми хум гэснээ халамцан дахиад л инээд алдлаа.
       Харин ч та хээрийн цэцгийг тасдан аваад хайр гамгүй эдэлж байгаа юм биш үү?
         Хнн хэмээн хамраараа нэгэнтээ дуугарснаа...бид хоёрын амьдрал бусдад, даан ялангуяа чамд бүр ямар ч хүртээл байхгүй. Бас өмөөрөхчөөн аядаж байгаа ухаан нь юм байх даа. Ядам тэр хоёрыг ийнхүү муудалцаад ирэхэд айсан, зовсон аль нь болох мэдэгдэхгүй нүдээр ээлжэн харж халуун уур савсуулсаар хоол аягалж өгөв. Монтоон түүнийхээ нүдийг хараад өөрийн эрхгүй амаа хамхив. Тогмид энэ миний гэр, би энэ айлын эзэн нь яах нь ч миний дур гэх шиг хоймроо таахалзан суун албаар хоолоо дуутай чанга чанга сорон иднэ. Монтоон хооллож дуусаад талархаснаа илэрхийлээд нэмж өгснийг нь хөнтөрчихөөд тэднийхээс гарлаа. Мордохоосоо өмнө гээд холхон хонхорт очин бие засан зогсож байтал харанхуй шөнийн аниргүйн дунд Тогмидын дуун хадан үүнтэй зэрэгцэн битүүхэн пид хийн юм цохих чимээ бүдэг дуулдав. Монтоон ч олон юм бодолгүй том том алхан бушуухан гэрийн нь гадаа очин хаалга татвал цоожтой, Ядам уйлан, Тогмид хашгичин алгадаж байгаа чимээ дуулдав. Түүний цөс нь хөөрчээ ганц угз татан оньсон хаалгийг онгойлгоод нэг мэдэхнээ Тогмидыг өшиглөж унаган багалзуурдаж байх нь тэр. Ядамын нүүрийг даган туг үс сул унжин, саяхан алгадуулсныг илтгэн хацар дээрх гарын хээ нь ч арилаагүй харагдана. Тэрээр Монтооны гараас зууран тавиач ээ хэмээн орилохын сацуу зүүн орон дээр үнэгчлэн унтаж байсан охин энэ их дуу чимээнээр цочин сэрж өндийн суугаад ээжийгээ дуудан уйлсаар. Монтоон сая сэхээ орон Тогмидыг тавиад нэг сайн шанаа өгөн
           Арчаагүй эр минь, чамайг ийм ч болов уу гэж бодож байсан юм. Нутгийн улс ч ярьж байна билээ. Яасан ичиж зовох, өрөвдөх сэтгэлгүй юм чи. Наад хүүхнээ хайрлаж чадахгүй бол өөрөө зайлаад өгөөрэй. Өнчин ч гэсэн өмгөөлөх хүн байдаг юм шүү. Эрийн муу эмд гэгчээр дахин нэг гар хүрсэн дуулдвал таарсан газраа чамайг өөрийн гараар тонилгоно гэж мэдээрэй гээд ууртай нь аргагүй хаалга саван тэднийхээс гарав. Тэрээр гараад ойролцоо байх найзындаа очин тэднийд хоёр өдөр дараалан ууж идэж, наргиж хоноод сая нэг гэрийн зүг гэлдэрлээ.
           Монтооны аав гэж барагтай бол юм хэлэхгүй ч хурааж байгаад нэг жинтэйхэн авдаг хүн. Тэрээр гэртээ ортол аав нь эзгүй байсанд баахан олзуурхан газраар юм дэвсээд хэдэн өдрийн явсан ядаргаагаа гаргахаар унтаж байтал гэнэт нуруун дундуур нь нэг юм тасхийгээд буух нь тэр. Өвдсөндөө бус цочсондоо огло харайн босоод иртэл аав нь гартаа бууны оосор барьчихсан
          Яадаг яадаг задарсан тархи гэнээ чи. Ингэж эцгийн нэрийг гаргаж, чихийг халууцуулах гэж би чамайг өсгөсөн үү, яасан завхарсан заваарсан тархи вэ чи, ингээд айлын эхнэр эргүүлж, эр нөхрийг нь багалзуурдаж яв чи, танай тэр цэрэгт ийм юм заагаа юу... хэмээгээд хааяа нэг банга хүртээхдээ тэгдэг байсан шиг бууны оосроор цохиж гарах нь тэр. Эцгийн нь далайж байгаа гар хэдий хамаг тэнхээгээрээ мэт боловч буулт нь зөөлөн байлаа. Монтоон сая учрыг ойлгон Тогмидыг алтан хошуу өргөснийг мэдээд ааваасаа худлаа дальдчин өвдөж байгаа дүр үзүүлэв. Оройхон хэрд аавынх нь уур гарсан бололтой хооллож сууснаа
            Миний хүү яах гэж тийм болчимгүй юм хийж явдаг юм, улс амьтан муу хэлэхээс эхлээд, айл амьтан үймүүлээд...Монтоон аавдаа бүх болсон явдлыг үнэнээр нь хэлтэл аав нь нэгэнтээ толгой сэгсрэн: Би ч бас хүүгээ арай ч айлын эхнэр чангаах хүн биш гэж мэдэж байсан юмаа. Яахаараа хүн тийм сүнсгүй худалч болчихдог байна аа за аавыгаа уучлаарай, хөгшин би учрыг нь ололгүй муу хүүгээ арай дэндүүлчихэв үү дээ
            Аавын гар ч хатуу хэвээрээ байна шүү, одоо мөн хорсч байна гэж гээд нуруугаа хөдөлгөн инээснээ би нээрээ маргаашнаас аймгийн төв орж ажил суръя даа, их ч амарлаа
           Тэгж үз хүү минь, ажил төрлөө бодож эхнэр авч эртхэн бид хоёртоо ачийг минь харуулж үз
          За тэр эхнэр ч яамай байна аа, хаана ч яваа юм. Ингээд маргааш нь аймгийн төв ортол цэрэгт байхдаа жолоо барьж сурсны хүчинд дороо ажилд орлоо. Цаг хугацаа өнгөрсөөр. Монтоон ч аймгийн төв дээр дан гэр барин айлын хамар хашаанд буув. Ийнхүү дөрвөн улирал ээлжлэн өнгөрч Монтоон ч ажил гэр хэмээн гүйсээр 1976 оны намартаа золголоо.
              Намрын бүгчим тэр нэг өдөр машиндаа дуу дуулан хадланчдын бригад дээр бэлдсэн өвсөө авахаар цуваагаар жагсан явна. Монтоон өвс ачих хооронд тэднийг ахалж яваа багш нь бололтой бүсгүйг эр хүний нүдээр сониучирхан ажив. Өндөр зэгзгэр нуруутай. Үс нь долгионтон санчигийг нь даган намирч, толгойдоо зангидсан эрээн алчуур нь зохисон гэдэг янзтай харагдана. Түүний турьхан бие, тас хар эргэлдсэн нүд нь яахын аргагүй харцыг нь булаана. Тэгтэл арын машин сигналдахад сая сэхээ орон машинаа асаан хөдлөв. Өнөөх бүсгүйн дүр Монтооноос салахгүй зовоосоор. Монтоон ч эр хүн гэсэндээ элдвээр шалтаглан хадлангын бригад руу гүйдэлтэй болов. Монтоон тэгш цагаан шүд, өндөр чилгэр биетэй, нүдэнд дулаахан хөрслөг биерхүү залуу. Бас их цэвэрч аминдаа арчаатай нэгэн билээ. Ийнхүү гүйсээр Пүрэвдулам хэмээх энэ бүсгүйтэй дотно танилцаж уулздаг болоод авлаа.
            Монтоон тэр өдөр их л дүнсгэр байлаа. Хадлан дуусч оюутнууд буцах гээд нэрэмжит үдэшлэг зохиогдох гэж байна хэмээх зарлалыг улаан булангийн үүдэнд томоор тавьсаныг хараад яагаад ч юм хөнгөн гунигт автав. Тэрээр ажлаа дуусчихаад Пүрэвдуламруу явж байхдаа амнаас нь дуу ч гарсангүй.
           Чи өнөөдөр яасан дуу муутай байх юм. Ажил чинь бүтэмж муутай байгаа юу?
           Үгүй ээ, зүгээр чамайг яваад өгөхөөр их л санах байх даа
           Харин тиймээ, энэ хэд хоногт чамд их дасжээ
          Чи өнөөдөр манайд очоод хоночихож болохгүй юмуу?
           Улс амьтан мэдчихвэл юу гэх юм бэ
          Тэд ямар хамаатай юм, би чамайг өглөө эрт дөхүүлээд өгчихье, чи надад сайн биз дээ
           Тийм нь ч тийм л дээ тэгэхдээ...хэмээн хэсэг бодсоноо хоёулаа эднийг унтахаар явъя болно биз дээ. Монтоон баярласандаа түүнийхээ духан дээр үнэрлээд биедээ ойртуулан лав тэврэн суулаа. Тэр шөнөдөө залуу улсын цэнгэлийг эдлэн биесээ жаргаан хоноод хар үүрээр өнөө муу хуучин машинаа салж унатал нь тоос татуулан давхисаар Пүрэвдуламыг хүргэж өгөв. Иймэрхүү байдалтай шөнөдөө авч үүрээр хүргэж өгсөөр нэг л мэдэхэд юм гэдэг хугацаатай хойно буцах өдөр хаяанд ирж үдэлтийн үдэшлэг болов. Монтоон Пүрэвдулам хоёр огтхон ч салалгүй тэр оройжин хамтдаа байж битүүхэн санаа алдан бүжèнэ.
            Пүрэвдуламаа, чи надтай гэрлээд энд үлдэж болохгүй юмуу?
           Би айлын ганц хүүхэн, ээж аавыгаа орхиод энд ирж чадахгүй. Чи харин хотод хүрээд ир л дээ
           Над шиг мэргэжил боловсролгүй хүн тэнд чинь хийх юм олдох болов уу. Би зүгээр л нэг хөдөөний мангар хар залуу гэдгийг чи минь эрх биш мэдэж байгаа биз дээ
          Чи надад хайргүй юм байна...ингэж хэлээд энгэрт нь мэгшин зөөлөн уйллаа. Монтоон сандран
           Битгий уйлал даа чи минь, хоёулаа сайхан аажуу уужуу ярилцúя, болохгүй юм байхгүй гол нь хоёр биендээ сэтгэлтэй байхад учир нь олдоно. Тэндээсээ гараад хоёулаа одод түгсэн намуухан шөнө зөөлөн найгах мододтой хоршин хөтлөлцөн Монтооны гэрийг зүглэн элдвийг хүүрнэн алхлав. Удтал ярилцсаны эцэст Монтоон ажил төрлөө хүлээлгэн өгч ижий аавдаа дуулган энэ дэх ажлуудаа цэгцлээд хойноос нь очихоор болж, Пүрэвдулам эцэг эхдээ урьдчилан хэлж түүнийг хүлээж байхаар тохиров.
                Пүрэвдуламыг явснаас хойш Монтооны сэтгэл нэг л эзгүйрч юм бүхэн утгагүй мэт санагдах болов. Тэрээр ажлаа өгөх гэтэл орны хүнийг бэлдтэл хэсэг байж бай. Яг ид ажлын үеэр улсын ажлыг дур мэдэн хаяж явж цалгардуулах гэлээ хэмээн даргадаа бангадуулсан тул яалт ч үгүй хүлээхээс өөр аргагүй болж туслах жолоочийг дагалдуулан сургаж эхэллээ. Тэрээр амралтаа ч авах эрх байсангүй. Пүрэвдулам яваад даруй 5 сарын хугацаа өнгөрчээ. Түүнээс ямар ч сураг ажиг байсангүй, Монтоон хоёр ч удаа захиа бичсэн боловч хариу ирсэнгүй. Өдөр бүр шуудан зөөгч охиныг харуулдан битүүхэн чимээ тавьдаг нэг ажилтай боллоо. Түүний дотор Ядамыг орхиж явснаас тэрээр өөр хүнтэй суусан түүнийг хүлээж чадаагүй, одоо Пүрэвдулам ч мөн адил түүнийг мартсан байх нь гэдэг бодол орж ирэхийн сацуу битүүхэн хардлага төрөөд салах биш. Сүүлдээ тэрээр: " Бүгд л адилхан юм, яахаараа ийм тэвчээргүй байдаг байна, хар нялхаасаа үерхэж дотноссон Ядам нь ингэж байхад үзэгдээд өнгөрөх үүлэн чөлөөний нар шиг  хэсэгхэн хугацаанд хамтдаа байсан хотын сайхан бүсгүй Пүрэвдулам арга ч байж уу " хэмээн бодоход хүрэв.
                Нэг удаа тэрээр уртын тээвэрт гарч гэрийнхээ ойролцоох сумдаар явах ажил гарсан тул ойрд хариагүй байсныг хэлэх үү аав, ээж хоёртоо жаал жуул юм бэлдэхээр гэрээс гараад явж байтал шуудан зөөгч охин амьсгаадсаар гүйгээд ирлээ. Монтоон ах минь таньд яаралтай цахилгаан ирсэн байна энэ хэмээн хуудас цаас түүнд сарвайхад тэрээр бушуухан авч харлаа: " Сайн байна уу? Монтоон минь. Чи бушуухан хүрч ирэх хэрэгтэй боллоо. Ямар уддаг юм бэ, аль эсвэл намайг мартаа юу. Чи аав болох нь чамайгаа хүлээж сууя Пүрэвдулам " гэсэн хэдхэн үгийг уншаад сэтгэл нь хөөрөн тэрүүгээр нэг би аав болох нь хэмээн хашгирч тогтож ядан догдлов. Монтоон ч хөөрсөн сэтгэлээрээ давхисаар дарга дээрээ орон цахилгааныг үзүүлээд ажлаас халагдах өргөдлөө бичиж өгөх гэтэл дарга нь өөдөөс нь инээмсэглэн аядуу тайван дуугаар яаралгүйхэн
               За ямар ч байсан баяр хүргье эхлээд. Би чамайг шууд халагдах өргөдлөөр чинь халахгүй. Харин сайн ажилтны чинь хувьд нэг сарын чөлөө олгоё. Чи яваад эр хүн байна даа эхнэрээ дагуулаад хүрээд ир. Харин энэ өргөдлийг чинь би хадгалж байя. Дараа хэрэг болбол хэзээ ч хожимдохгүй гээд түүнтэй гар барилаа. Монтоон ч баярлаж талархсанаа илэрхийлээд гэртээ очин бушуухан энэ баярт мэдээг аав ээждээ дуулгахыг яаран зогсохыг мэдэхгүй давхисаар сая нэг гэрийн бараа харлаа. Хавар дөнгөж соёолж буй нялх ногоод хүртэл одоо түүнд нэгийг өгүүлэх мэт нялхамсуу бөгөөд энхрий харагдана. Урд нь хэзээ ч энэ бүхнийг анзаарч байгаагүйгээ санаад тэрээр инээмсэглэн явав. Ээж нь битүүхэн нулимсаа арчин түүний юмыг бэлдэн, бас шинэ айлд очих гэж байна хэмээн хэдэн ааруул хурууд ч боож өгөв. Аав нь гаансаа нэрэнгээ духаараа харан чимээгүй сууж байснаа сая нэг ам нээн
                За хүү минь хаана ч явсан хүн шиг л явдаг юм шүү. Ачтай болох нь гэдгийг дуулаад баярлаж байна. Гэвч эр хүн өөрийн гэсэн бодол, байр суурьтай байх хэрэгтэй. Уг нь нутгаасаа ойрхон юм аваад суусан бол ядаж л эцэг, эх удам судрыг нь мэдэх болохоор санаа амар байх байлаа. Тэгэхдээ залуу улсын сэтгэл зүрхний асуудлыг хорих эрх одоо бидэнд байх биш. Ээжийг чинь нутгийнх нь хөгшин юмтай суулгах гэж байхад нь аав нь жин тээж яваад таарч оргуулж авч энд нутагтаа ирж суурьшсан. Уг нь тэр хүүхэн чинь чамайг л гэж байгаа бол энд дагаад ирвэл сайнсан.
             Аав минь одоо цаг өөр болж байна, тэгэхдээ би болбол аваад ирэх санаатай явж байгаа. Дарга ч надад өглөө хэлсэн
               Та нар ч дээ нэг л их том толгойлсон улс. Эрэгтэй хүн айлд хүргэн орно гэдэг ч дээ. Бодолтой л яваарай даа хүү минь. Амьдрал гэдэг хатуу олон даваа гүвээтэй шүү, нэг эргээд эргүүлэгтээ оруулчихаар улам л доошоо чангаагаад байдаг лүд байгаа юм. Түүнтэй тэмцэж, сөрж яваарай. Хүний дор оролгүй байж, аливаад хэт шунан дурлаж биеийг тоолгүй, бусадтайгаа эвтэй, хүн чанар, хүнлэг сэтгэлээ гээлгүй, аливаад чин сэтгэлээсээ хандаж явахад тэгээд болдог юм. " Санаа зөв бол заяа зөв " гэдэг үгийг санаж, хар амиа хоохойлж зөвхөн өөрийгөө бодож явах бус түмнийхээ төлөө байж тэднийхээ итгэл найдварыг дааж явах нуруутай байгаарай хүү минь...хэмээгээд өөр олон юм ярьсангүй. Монтоон ч гэртээ хоёр гурав хоноод аймгийн төв орж ажлуудаа амжуулаад хотын зүг залуу хүний гэгэлхэн сэтгэлээр гэгэлзэн яаран яаран явлаа.
                   Тэрээр хотод шөнө орж ирээд улам сайхан болсныг нь магтан явна. Очсон даруйдаа нутгийн хүний хамаатныд хоноод маргааш нь Пүрэвдуламын өгсөн утасруу яриуллаа. Пүрэвдулам ч хэлэлгүй хүрээд ирэх юм хэмээн эрхлэнгүй дуугарч байгаа нь ярианы нь өнгөнөөс нь илт. Тэрээр Монтооны байгаа айлын хаягийг заалгаад өдөр ирж авахаар тохирон харилцуураа тавьлаа. Монтоон биеэ барин учраа олохгүй дэмий л цонхоор их хотын орчин тойронтой танилцан хэдхэн жилийн дотор их өөрчлөгдсөнийг нь харан нүдээ бэлчээн зогсоно. Хийх юмаа олж ядан бачимдаж байн байн цагруу хяламхийсээр. Хүн хүлээнэ гэдэг ямар хэцүү болохыг тэрээр одоо л мэдрэв, цаг хугацаа түүнээр тохуурхаж буй мэт өнгөрч өгөхгүй улам зовоох мэт. Тэрээр хэсэг харж зогссоноо цонхноос холдон газар хэвтэн зүүрмэглэж байтал үүдний хонх жингэнэн дуугарч айлын эзэгтэй хэн бэ гэсээр хаалга тайлах дуулдав.
                 Сайн байна уу? энд Монтоон гээд Архангайгаас ирсэн залуу бий болов уу? хэмээх түүнийхээ дууг сонсоод Монтоон ч яг л жаахан хүүхэд шиг огло харайн босох нь тэр. Тэрээр том өрөөнөөс гараад ирвэл өмнө нь тэс өөр Пүрэвдулам зогсч байв. Нүүр нь бага зэрэг сэвхтэн харлаж, гэдэс нь цодойн халууцсаных уу, нэгэн бөгөөс гэнэт түүнийгээ хараад ичингүйрсэнийх үү хацар нь тэрүүхэндээ ягааран улам хөөрхөн харагдсанд  бушуухан барьж аваад үнсчихмээр санагдав. Айлаас гараад Монтоон тэсгэлгүй Пүрэвдуламыг барьж аван удаан гэгч нь үнэрлэхэд Пүрэвдулам нэгэнтээ санаа алдсанаа хөөрхөн нь аргагүй инээмсэглэлээ. Хоёулаа явсаар сая нэг хотын зүүн захад байх тэдний гэрт ирэв.  Хөдөөний болхи түүнд ширхэг ч тоосгүй цэмбийсэн цэмцгэр айлд яваад орох эвгүй байлаа. Пүрэвдулам нь алчуур өгөөд усанд ор хэмээв. Ээж, аав хоёр нь эзгүй байсан тул тэрээр бушуухан усанд орчихоод түүнийгээ эрхлүүлмээр санагдаад болох биш. Санасан гэдэг ч тоймгүй байсан тул яаран яаран тэмүүлж байлаа. Яагаад ч юм өөрийнх нь үр хүүхэд, мах цусны тасархай бойжиж байгаа гэж бодохоор хайрлах сэтгэл бүр ч их ундарна.



Пүрэвдуламын аав гэж насаараа удирдах ажил хийж байгаа хүн. Ээж нь гэж мөн л насаараа сувилагч хийсэн гав шав хийсэн ааштай байрын шар авгай. Монтоон анх хараад нилээн сүрдлээ. Орой хооллож суухдаа хэн ч юм үл дуугарах аж. Пүрэвдулам энэ байдлыг эвдэх санаатай хоолойгоо застал аав нь духаараа нэг харснаа
             За хүүгийн нутаг ус хаана вэ? Миний охины нөхөр болох хүн одоо эндээ суурьшиж, ажил төрөл хийн амьдрал ахуйгаа бодох юм байгаа биз дээ хэмээн хүнгэсэн дуугаар сүрдмээр тайван удаан асуув. Монтоон хамаг хөлс нь цутган нэг л хүлэгдчихсэн аятай биеэ барин цомцойн суусаар. Тэрээр өөрийгөө болон эцэг эхээ товч танилцуулсны дараа асуусан харцан доор юу хэлэхийг нь хүлээн ширтэх нүднээс дальдчин хэсэг бодолхийлж сууж байснаа:
              Үнэнийг хэлэхэд би энэ хоёрыгоо аваачих гэж ирсэн. Манай ээж, аав ч тэгж хүсч байгаа, ажлаас ч гарахыг зөвшөөрөөгүй чөлөө л өгсөн...хэмээн арайхийн хэллээ.
              За тэгэхээр ийм байна аа хүү минь. Нялуунаас шулуун гэдэг. Нэгд би охиноо хөдөө хөхрөөж гадаа гандааж явж чадахгүй, хоёрт энэ хүний амьдрал энд л байгаа. Чиний ажил төрлийг би эндээс зохицуулчихъя
              Ээ дээ хэлээд юу гэхэв. Юу боллоо гэж ганц охиноо таньж мэдэх нэг ч хүнгүй тэр хол газар явуулчихаад юугаа бодож суухав. Тэгээд ч нялх нойтон биетэй амьтныг, хүнээр хүн хийнэ гэдэг тийм санаан зоргоор гэж бодоо юу...хэмээн эхнэр нь хажуунаас нь уулга алдахад Монтоон арга мухардан аргагүй байдалд орлоо. Орой нь орондоо орсон хойно л сая нэг санаа нь амарч уртаар амьсгаа авснаа Пүрэвдуламыгаа энхрийлэн тэвэрч удаан гэгч нь зулай дээр нь үнэрлэн үнссэнээ санаа алдчихав. Пүрэвдулам түүндээ тэврүүлэн хэвтэж байснаа
               Монтоон минь одоо яая гэхэв дээ. Би ч гэсэн үнэндээ хөдөө амьдарч чадахгүй. Үгүй дээ л бие засах, усанд орох ч газар олдохгүй. Би сая үгээ хэлж ирсэн. Чи надад хайртай хүүхдээ бодож байгаа бол энд үлдэхээс өөр аргагүй. Би эцэг нь байсаар байтал эцэггүй хүүхэд гаргамааргүй байна шүү
               Пүрэвдулам минь, уг нь хүн өөрөө хичээвэл болдог юм шүү дээ. Би юу гэж та хоёрыгоо орхиж явж чадах билээ. Ааваас жаахан эмээж байна. Хөөрхий хоёр хөгшин минь хөл нь газар хүрэхгүй хүлээж суугаа даа
                 Зунаас дулаарахаар очиж болно биз дээ. Чи наана нь намайг төрсний дараа нэг яваад ирэхгүй юу. Хоногтоо л орчих газар чинь хэмээн жаахан уцаарлангуй аястай шивнэв. Монтоон ч за болно биз гэхээс өөр юм ярьсангүй.
Маргаашнаас нь хадам аав нь бүх асуудлыг цэгцэлж Монтооныг ярьсаар нэг албан газарт даргын жолоочоор оруулж өгөв. Юу хийсэн нь мэдэгдэхгүй цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрсөөр хаврын адаг сарын тэр нэг сайхан нартай өдөр орчлон дээр дуугаа хадаан бадриун биетэй мантгар цагаан хүү хорвоод мэндэллээ.
             Гэдсэндээ өтөлчихсөн улаанаа хүү маш тайван бөгөөд хэр барагтай уйлахгүй. Монтоон хүү гарсанд юу юунаас илүү баярлан хөл нь газар хүрэхгүй шахам гүйнэ. Улаанаа хүүд нэр өгөх боллоо. Бүгд л өөрсдийн нэрийг  өгмөөр байсан тул будаанд хийн шигшив. Тэгтэл Түвшин хэмээн Монтооны нэр таарах нь тэр. Ийнхүү ээж нь хүүгийнхээ чихэнд Түвшин хэмээн гурвантаа шивнэн улаанаа хүү албан ёсны нэртэй болох нь тэр. Түвшин хүү өсч өндийсөөр хүн бүхний хайрыг булаасан эгдүүтэй сэргэлэн хүү болон бойжсоор. Хүүг төрөхөд хөдөөнөөс эмээ өвөө нь ирж худуудтайгаа албан ёсоор танилцан хурим найрын асуудал ярилцан өдөр хоногоо тохирох гэтэл Пүрэвдулам ээж аавтайгаа тохирсон уу яасан тэднийх нэг их дуртай хүлээж авсангүй. Монтоон ч худуудаа бас ч гэж бага зэрэг мэдэхтэйгээ болсон болохоор аав ээждээ дараа хүүг жаахан томрохоор болъё гээд аргалаад өнгөрөөв.
            Монтоонд үнэхээр хэцүү байлаа. Хадмынхаа хаяанд бараг бүтэн жил амьдарсан тэрээр одоо хүү нь ч овоо болсон болохоор хашаа байшинд ч хамаагүй тусдаа гаръя хэмээн шийдээд ажлынхаа хүнтэй ярин тэдний хашаанд буухаар тохиров. Орой нь тэр тухай хэлтэл Пүрэвдулам хавьтуулсангүй.
               Би чадахгүй ээ, тэр гэр хороололд чинь амьдарч яасан ч чадахгүй
              Чи яахаараа дандаа өөрийнхөөрөө зүтгэдэг юм, би чинь эр хүн хадмын хаяанд суугаад байж чадахгүй нь. Би амьдралаа өөрөө босгож өөрийнхөө гэрт тааваараа байхыг хүсч байна
           Энд чи юугаар дутаад байна. Бүх юм нь бэлэн байхаар даврах нь шив дээ. Тэгвэл чи өөрөө тэр хашаандаа очиж суу, бид хоёр л лав чамайг дагаад явж чадахгүй. Гэнэт Монтооны уур нь хүрч тэр шарандаа өөрийн гэх хэдэн гутал хувцсаа аваад хүүгээ нэг үнсчихээд тэднийхээс гарлаа. Ажил дээрээ хөөцөлдөж байж давхар бүрээстэй дулаан гэр олон өдөр ажлынхаа хэдэн нөхдийн хамт дор нь босгоод сайхан цэвэрлээд энд тэндээс өгсөн тавилга гэх нэг нарийн цагаан ор, жижиг ширээ, мөн гал тогооны шүүгээ зэргээ байрлуулан нэгэнтээ гүйлгэн харснаа хоосон ч гэсэн өөрийнх гэхээр цаанаасаа л сайхан...бүхнийг босгоно доо хэмээн өөртөө хэлэн урам зориг итгэл дүүрэн хайртай хоёроо авчирхаар явтал ийнхүү халуун сэтгэлрүү нь ус цацах нь тэр. Тэрээр орон дээрээ хэвтэн хүүгээ бодон санана. Ааваасаа салдаггүй хүүгийнх нь үнэр одоо түүнд бүр ч содон үнэртэх шиг. Тэрээр анх удаагаа Пүрэвдуламыг бодлоо: Ингэхэд би тэр хүнийг хэр сайн мэдэх билээ. Хэдий хугацаанд дотносоод одоо ингээд сууж байна. Аав явахдаа юу гэлээ ...аан тийм: " Чи ч зовох нь дээ, эр хүн байна ухаантайхан, бодолтой байгаарай..." энэ үг л үлдсэн байх шив. Би гэж хүн хөөрөөд тэр үед юу хэлснийг ч тухтай ухаж ойлгосонгүй. Пүрэвдуламын ааш аягийг таньж мэдэх хугацаа өнгөрлүү. Бүх юм хоромхон зуурт болж өнгөрчээ.
            Монтоон хүүгээ санаж байсан ч гүрийхээр шийдлээ. Тэгтэл түүнээс таван өдрийн дараа даргаа хүлээнгээ  машинаа цэвэрлэж байтал нэг хүн дуудах нь шиг болов. Гайхан харвал хадам аав нь зогсож байдаг байгаа. Жаахан эмээж байсан ч өөрийнх нь зөв болохоор түүнд хулчийгаад байх шаардлага байсангүй.
           За хүү минь сайн уу? Та хоёрын хооронд юу болсныг би мэдэхгүй. Пүрэвдулам юу ч хэлэхгүй юм. Чи бас оргуул босуул шиг байхгүй хооронд яваад өгчихсөн байна энэ чинь юу болж байна айн!
          Би оргож босч яваагүй ээ. Тусдаа амьдаръя, алийн болгон хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг та хоёрт нэрмээс болж явах вэ л гэсэн. Харин Пүрэвдулам надтай хамт явахыг хүсээгүй
           Аан тийм юм болсон юмуу. За би орой очоод цаадахтай чинь яръя, чи маргаашнаас нэг ирнэ байгаа. Хүү нь чамайг санаад байх шиг байна шөнөдөө уйлагнаад ер унтахаа байлаа
           За тэгье ээ, би ч бас муу хүүгээ их л санах юм. Та нэг сайн хэлээд ойлгуулаад өгөөрэй.
           Монтоон хадам аавтайгаа уулзсаны дараа сэтгэл нь бага ч атугай онгойн маргааш болохыг тэсч ядан хүлээв. Батсүх орой нь гэртээ харин охинтойгоо энэ тухай ярьтал Пүрэвдулам уйлан байж
           Та намайг тэгээд түлээ нүүрс зөөж, гал түлж амьдар гэж байгаа юм уу?, энэ жаахан амьтныг өглөө оройдоо хүйтэн жавар хургасан гэрт байлгахыг хүсээд байгаа юм уу
           Дуу чи, яасан цамаан юм, чиний өөрийн чинь сонгосон нөхөр, энийгээ мэдсэн юм бол наад биеэ олигтойхон захирч явахгүй яасан юм
           Чи арай ч дээ, төрсөн охиноо ингэж хэлдэг эцэг чамаас өөр байна уу, болохгүй бол болино л биз. Манайд жил гаран амьдрахдаа юугаар гийгүүлсэн юм тэр бид хоёр
          Хөгшин залуу та хоёр тэгж байж нэг л өдөр амаа барих вий. Чамд гэж хэлэхэд Монтоон шиг нөхөр олдохгүй шүү. Битгий та нар ингэж даварч байгаарай зүгээр.
Маргааш нь аавыгаа ажилдаа явсан хойгуур Пүрэвдулам ээжтэйгээ хэрхэхээ шийдэн ярилцав.
             Ээж ээ, үнэндээ би Монтоонд хайргүй, хүүхэдтэй болчихсон болохоор аав та хоёроос айгаад суучихсан
            Би тэрийг чинь аль эрт гадарласан. Нялх хүүхэд биш жаахан бодолтой байхгүй дээ. Одоо нэгэнт өнгөрсөн юмыг яахав ээж нь тэгж байгаад эцэгтэй чинь ярьж чамайг хойшоо сургуульд явуулахыг бодъё. Чи харин хүүгээ жаахан гарын ая даатал цаадахтайгаа аятайхан байж үз. Эвий муу хүү минь ямар муухай гээч
           Яамаар ч юм бэ дээ ээж минь. Би хүүдээ хайртай, орхиод явж чадах болов уу. Сая хэд хоног Монтоон байхгүй мэдэгдэж байна шүү. Улаанаа маань ядаж аавдаа надаас илүү юм, санаад байх шиг байнаа
            Хүний үр хүрэн бөөртэй гэж тэгэлгүй яахав. Өнөө орой ирэх юм аав чинь хэлнэ лээ. Аятайхан байж үз. Хэд хоног очоод амьдраад үзэхгүй юу. Цаадах чинь ажилтай юм хойно чамайг элдэв юманд хүргэхгүй байлгүй
           Тэгье дээ. Хүүгээ л бодох юм, би нээрээ юу хийчихэв дээ. Одоо түүнтэй хамт байх нэг л сонин байдаг болж
            За харж л бай охин минь. Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг юм. Ямартаа ч жаахан шахаад үзье. Аав чинь ядаж хир халдаахгүй шинжтэй шүү. Насаараа удирдах ажил хийчихээр хүнийг хараад л мэддэг болчихдог юм байлгүй...хэмээн элдвийг ярилцан хоёр биенийхээ нууц төлөвлөгөөнд сэмээрхэн орохоор тохиров.
         Монтоон орцны хаалгаар орж байхдаа зүрх нь багтаж ядан оволзоно. Тэр ч бас Пүрэвдуламтайгаа эвлэрэхийг бодож яваа билээ.

Үргэлжлэл бий...
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8061494/285/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Цэнхэр бүсгүйн хилэгнэл (өгүүллэг)

Амьдрал тоглоом биш

Ухаан суухыг нь хүлээсээр...өгүүллэг

Т.Бум-эрдэнэ / Нурам /- 1 (тууж)

Эжий аав хоёрыг энх байхад энэ хорвоо бүтэн байдаг

Хайрын захиа Сургамжит өгүүллэг

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 7 (тууж)

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 9 (тууж)

Эр хүн

Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө

Б.Шүүдэрцэцэцэг "Бэр"

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 8 (тууж)

Т.Бум-эрдэнэ/Нурам/- 4 (тууж)

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 6 (тууж)

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 5 (тууж)

Нэг мөчирт багтаагүй навч

Бөөгийн толь /Өгүүллэг/

Аав ирлээ /өгүүллэг/

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 3 (тууж)

Ганц улаан навч өгүүллэг

배너신청
자생병원

배너신청