Бичлэгийн тоо 497


 


     

Өвлийн эхэн сарын хайруу хүйтэн өглөө. Нар битүү. Уулын жавар үүрээр доошлон үүл хүртэл хүйтэнд тэнгэрт хөшин царцсан мэт хөдөлгөөнүй бараантан байлаа.
Нүдэнд үзэгдэхтэй үгүйтэй жижигхэн жижигхэн ширхэгтэй цасан хялмаа хаялсан энэ өглөө Хонгорзул бүсгүй хөвөнтэй дээл нэвт сийгэх хүйтэн жаварт хага таших хацраа зүүн гараараа нэг илбэн дулаацуулаад баруун гараараа хадмын гэрийн өрхний цантсан оосрыг тас атган нар зөв даялан татж явна. Том улаан халтар хоточ нохой Жангар хүртэл пөөнийсөн их үс даахьтай сүүл, халуун цавиндаа хошуу шургуулан бүлээн хэвтэртээ хоргодох идэр есийн хүйтнээр шинэ өдрийг авчран өрх татдаг хүн арван өртөө алсаас буулгасан энэ бэр бүсгүй билээ.
Өндөр сүрлэг уулсын суган дахь нөмөр нөөлөг энгэрт барьсан чулуун хорооны баруун талд байх хоёр гэр үүрийн тэмдгэрэх төдий гэгээнд дөнгөж ялгагдах төдий цайвалзан бүртийнэ. Өвөлжөөний зүүнтээ хөглийх их уулсын цаадтай хоцорсон унаган нутаг, эцгийн халуун дулаан голомт, ээжийн элбэрэлт дүр төрх, хоёр балчир дүүгийнх нь хонгорхон даахины хонгорхон үнэр бүсгүйн сэтгэлээс үл гарна.
Хонгорзул бүсгүй өглөө бүр ийнхүү өөрийнхөө болон хадмынхаа гэрийн өрхийг татаад аргал хөрзөн хормойлон орж хоёр гэрт гал асаан дулаацуулна. Эрэгнэг дээрх тунхуутай цай зайрмагтсан хөлдөөд хонодог тэсгим хүйтэн өвлийн өглөө халуун дулаахан нэхий хөнжлөөсөө сугарах юутай бэрх. Хэрэв хайрт ээжийнхээ дэргэдсэн бол “Ижий нь галаа түлээдэхье. Охин минь ганц удаа ч гэсэн дулаан гэрт бос доо” гэх байсан болов уу гэж бодохоос хамрын самсаа шархираад явчихдаг байснаа эрхбиш больжээ. Тийм хүйтэн өглөө суга ханцуйд нь жавар хургасан дээл, мөстэй цооног мэт цэл хүйтэн гутлаа угламагц саяхан дулаан хөнжилдээ тавтай амарч асан байсан хамаг биеийнх арьс эгшин зуур даарсандаа бэржийн өөрийн эрхгүй хавжигнатал чичирнэ. Хонгорзул гурван сарын өмнө халхын Засагт хан аймгийн Ёст бэйсийн хошуунаас Ховдын хязгаарын Дайчин гүнгийн хошууны Балдан бичээчийн ганц хүү Дамбажавын эхнэр болж богтлогдон иржээ.
Бүсгүйн эцэг Сүхцоож мал гэх юмгүй шахуу, зүдэг ядуу гөрөөчин эр. Залуудаа хугацаагүй цэрэгт дайчлагдан Ховдод арваад жил алба хаахдаа Балдан хэмээх мянгад залуутай танилцан нөхөрлөжээ.Богд хаант төрийн үед цэргийн алба хугацаагүй байсан ч Балдангийн эцэг Жуурай таван зуун лан мөнгө Ховдын амбанд хахуульд өргөж байж хүүгээ чөлөөлүүлсэн бол Сүхцоож гэдэсний өвчин хүрч хэвтэрт ороход нь бусаддаа халдвар тараахаас түвэгшээсэн цэргийн хэрэг эрхэлсэн түшмэл түүнийг гэрт нь буцаахаар болж билээ.
Ийнхүү хориод насандаа цэрэгт дайчлагдсан ирж, өлсөх цагтаа өлсөн, хааяа цадах цагтаа цадан хорвоогийн олон ч бор хоногийг цугтаа үдэж, арваад жил нөхөрлөсөн хоёр анд эртний заншлаар бүсээ сольж бүслээд хэрэв гал голомт бадраан ойролцоо насны хүү, охинтой болдог юм бол заавал худ ураг бололцох, хоёулаа хөвгүүдтэй болох юм бол анд нөхөд болгохын ерөөл талбиад хоёр тийш салан одсон ажгуу.
Нутагтаа очмогц хошуу тамгын газар бичээчийн алба залгуулах болсон Балдан амьжиргаа сайтай айлын хүү тул андаасаа түрүүлэн гэрлээд жилийн дараа хөвгүүнтэй болж Дамбажав нэр өгчээ. Сар жил хөврөн одсоор Балдан бичээч хааяа нэг залуу цагаа дурсахдаа цэргийн анд Сүхцоожийн тухай бодол орж ирэхэд “Анд минь гэрлэж бараалсан болов уу?Хэрэв Сүхээ охинтой болсон бол хүүгээ томрохоор бэр буулгаж авна даа” хэмээн санаашрах агаад шилбүүр унан давхих нусгай хүү рүүгээ хараад “Энэ бид хоёрын эхнэр авах ч хаа байсан юм” хэмээн сахал дороо мушийдаг байлаа.
Чингэж цэргийн андынхаа тухай марталгүй санаж явсаар нэг удаа сураг тавивал Сүхцоож хошуу нутагтаа эсэн мэнд суугаа. Эхнэр авч, гурван нялх нойтон хүүхэдтэй болсон дуулджээ.
Тэгээд албанаас чөлөөлөгдсөн есөн жилийн ойн дээр Засагт хан аймагт Сүхцоожийн залгаа хошуу руу зарга заальхайн нэхэмжлэгчээр явах далимд нөхрөө сураглан хайсаар оож учирсан нь Хонгорзул бүсгүйн хувь заяаг шийдчихсэн хэрэг.
Залуугийн анд нөхөр нь нас дөч хэвийж шингэхэн шодон гэзэг нь духаараа халзран мах мариа нь шуугдаж, хадан дунд мориноос унахдаа үсэрсэн чулуунд цохигдон духан дундуураа хагас дугуй саран мэт сорвитой болж нэлээд өтөлсөн харагдана. Ярианаас нь үзэхэд малжиж хөрөнгөжсөн юмгүй, ан гөрөө хийж хоногийн хоолоо арай чамай залгуулдаг гэнэ.
Дөрвөн ханатай хуучин гэр нь хогшил тавьц ядруухан ч тоос шороогүй, цэмцгэр цэвэрхэн, дулаан тохитой. Авгай нь гав шув хийсэн ажилсаг янзын бондгор хүүхэн зээрийн мах татан мангиртай бууз хийн, авдрынхаа хөндийгөөс жижиг цагаан ваартай нэрмэл гарган халааж, цагаан тос хайлан гараа гарган дайлсан нь мань эрийн сэтгэлд их л нийцтэй байж.
Их охин нь гэж зургаа хүрч яваа гэх авч аюулын чацархаг, нүд нь гялалзсан хөнхөр бор охин эхдээ туслан аргал хормойлж, дүү нараа чирэн асрах нь Балдангийн нүдэнд шууд өртөж:
-За Сүхээ хоёулаа цэргийн албанаас харихдаа хэлэлцэж тохирсоноо мартаагүй бол хүү, охин хоёроо сүйлье. Манайх амьжиргаа муугүй, нутаг усандаа нэр сайтай айл учир улс охиноо өгөхдөө дуртай, бэр болох бүсгүй захаас аван мундахгүй бий ч шударга, шулуун зантай, хүн чанар сайтайг нь муугүй гадарлах андтайгаа худ ураг бололцох дуртай байна. Хүү минь луутай.Чиний охин хоньтой юу? хэмээн шалснаар дуу цөөтэй, за гэвэл ёогүй Сүхцоожийг ам алдуулж дөнгөж билээ.
Хар нялхаараа байгаа охиноо нутаг ус алс, ёс заншил ялгаатай хаа холын мянгад айлд сүйлнэ гэж эр нөхрөө амлахыг сонсоод галаа ухан цогшсон аргал цуглуулан үнс нурам бужигнуулж суусан гэргий нь цочихдоо шилээврээ алдсан ч сүх шиг хөндлөн зөрүүд зангаараа нутагтаа алдартай гэрийн эзний хөмсөг зангидахыг хараад навтасхийн чимээгүй болж билээ.
Чөдрийн ганц морь, таргийн хоёр үнээ, шөлний хэдхэн хоньтой, онгорхой хар цахиур буунаас өөр гавьтай мал хөрөнгө гэх юмгүй харанхуй цээжтэй , нүгэлт хар гөрөөчин эцэг нь яс угсаа өөр, нутаг алс холын ч атугай бичиг номтой, дунд чинээний хөрөнгөтэй айлд охиноо өгвөл идэх өмсөхөөр дутахгүй, алс хэтдээ төрүүлэх үрс нь удам угсаа сайтай байх юм хэмээн хэтийг харсных бүлгээ.
“Ижий, аав, дүү нартайгаа ганц ч гэсэн уулзах сан. Ижийн минь чанасан цай, хурган мөөгтэй хар шөл хичнээн сайхан амттай вэ.
Аав намайг явахад гэрийнхээ гаднаас саахалтын зайтай даган гаргаж өгөөд:
-Миний охин хадамдаа ачлалтай, ханьдаа халамжтай, айлын сайн бэр, хүний сайн гэргий болоорой. Төрхмөө санагалзан гиеүрдэггүй юм шүү. Угжтай байхдаа манайх, уужаа өмсөөд хүнийх болдог гэж бүсгүй хүнийг хэлдэг юм. Ажилч хичээнгүй, зөөлөн даруу, эртэч байвал хадмынхан нь чамайг ээнэгшин хайрлана хэмээн захиад хоолой нь зангирахад цаашаа эргэмэгц тэр чигтээ явчихсан. Нүүрээ надаас нуусныг бодоход эр хүний харам нулимсаа үзүүлэхгүй гэснийх биз хэмээн бүсгүй бодоод гэртээ орж галаа асаах гэж хэт цахиж нойтон аргалын утаанд нүд хорсгон, хахаж цацан сууж байлаа.
Балдан бичээчийнх гурван зуугаад хоньтой, хориод амбан шар, сүү татуухан ч тарга хүч сайтай арваад үнээ, хориод сарлагтай, хоёр азарга аргамаг сайн адуу, ачлагын хэдэн сайхан аттай, их зургаан ханат гэртэй айл.
Эхнэр нь Мижидцоо гэж гэрт гадаагүй дуу хадаасан хангинуур сүх шиг сүрхий хөнгөн шингэн биетэй, аманцар авгай. Хадам эхийн тэр хангинуур хэлэмгий доломгойг үзээд Хонгорзул галаа ухаж, гэрийн ажлаа дуугүй оролдон сууж, цагийн мөнхөд эцгийнх нь өөдөөс эгцлэн харж чаддаггүй ноомой буурай эхтэйгээ харьцуулан бодож сүрдэн гайхширна…
Энэ айл эрхбиш өнгөн дээрээ эр нөхрийн нэрээр Балдан бичээчийнх гэж дуудуулдгаас биш, хоймрын сийлбэртэй гурван авдрын түлхүүрүүдээс өгсүүлээд, гэр доторх бүх эрх мэдлийг гартаа бүрнээ атгасан хадам эх нь дуугүй дүмбэгэр хүү, холоос буулгаж авчирсан бэрийнхээ хаашаа хөдлөх, юу ярихыг хүртэл зааж заавардана.
...Хонгорзулыг зургаатайд анх гэрт нь айлчлан ирэхдээ аман сүй тавиад буцсан Балдан бичээч арван жилийн хойно гэнэт л зуны эхээр Сүхцоожийнд хөтөлгөө морьтой, эрээн майхан, идээ, ууц, бэлэг сэлт ганзгалан эр эм хоёр хүн дагуулан мянгад ёсоор хадаг тавихаар буужээ.
-За анд минь сайн сууж байна уу? Би багш ламтандаа баранзад хадаг барьж танай охиныг бэр буулгах эсэхийг асууж, “Оюу чулууг нь тавиуллаа”. Бүсгүй хүн хонь жилтэй байх нь номхон дөлгөөн, үржин өсөх буянтайн шинж. Манай ёсоор хүүхний тань жил, мэнгэ, оюу, чулуу тохируулж үзэхэд болж бүтнэ, ивээл өлзийтэй хэмээн айлдлаа. Энэ хоёр маань миний эцгийн талын үеэл ахан дүүс маань. Бэр гуйхад надад хань хамжаар болж яваа юм хэмээн палхийтэл хэлдэг байгаа.
Гэрийн сүүдэрт ижийнхээ хуучин даалимбан тэрлэгийн хуулгаар хамгийн отгон бүстэй дүүдээ дээл эсгэж суусан Хонгорзулыг аав нь сүртэй гэгч нь дуудахад зүрх нь нэг л хачин ёгхийгээд явчихсан нь тийм учиртай байж.
Бүсгүйг танихгүй, сүртэй олон улсаас цэрвэж, дөлсөөр гэрт ороход ижий нь ногоон даалимбан дээлийн хиртэй нударгаар нулимсаа арчин ёуух агаад, нэрмэлд халж царай улайсан аав нь:
-Охин минь чамайг хүүдээ авч өгөх гэж аавынх нь багын анд хадаг тавьж байна. Энэ ахтайгаа золгож, ирсэн гийчдийн амрыг мэдээрэй гэжээ.
Хүний урманд нөхөр болох хүнийхээ барааг зүсийг ганц ч удаа үзээгүй ч “үгүй ээ, би хаашаа ч явахгүй, гэртээ үлдмээр байна” гээд хэлчих толгойгүй, дөнгөж арван зургаатай бүрэг жаахан бүсгүй чичирхийлсэн хоолойгоор ирсэн хүмүүстэй мэндэлж, хадам эцэг болох гэж буй харь хийцийн хилэн малгай, хөх чисчүү дээлтэй хүнд духаа өгөн золголоо.
-Нүдэндээ галтай охин байна. Дүүд минь сайн хань болох байх. Хүү, хүүхэн хоёрын билгэ дэмбэрэл хувь заяа бүрэлдэж, сайхан айл болохын төлөө худ ураг холбож хадаг тавин бэлэг хүргэж явна гэж хадмыг даган ирсэн дөчөөд насны махлаг бор авгай хэлээд зэс цартай идээ, борвитой архи гарган дээжийг нь галд нь өргөчихөв. Чингээд охиныг эцэг, эх, гадаа тоглож яваад орж ирсэн хоёр дүүгээс нь эхлээд саэр, дээлийн торго гэхчлэн бэлэг сэлт өгчээ.
Нэгэнт аав нь арван жилийн өмнө анддаа худ ураг бололцохын ам өгч, өнөөдөр бурхандаа тавьсан хадаг, барьж ирсэн идээ, бэлэг сэлтийг нь ийнхүү гар дэлгэн авсан тул Хонгорзул охин тэднийхээс есөн өртөө алсад байх мянгад айлын бэр болох зам нь шулуудсан билээ.
Хол нутгаас хадаг тавихаар ирээд хонон өнжин найрласан худууд сарын дараа сүй бэлэг хүргэж ирэхдээ хүргэнийг авчирна гэцгээгээд явахад “Таньж мэдэхгүй газар, ганц удаа нүүр учраагүй хүний эхнэр яаж болно доо. Нөхөр болох хүн минь хэр царайлаг эр бол? Ядаж л сайн хүн байгаасай даа...?” хэмээн бодоод тэр бодлоосоо ичин нүүр улайх Хонгорзул өдөр хоногийг хурдан бүү өнгөрөөсэй хэмээн зүрх алдан бэмбэгнэсээр дараа сартай золгожээ.
Хадмын талаас сураг чимээгүй л байлаа. Бүсгүй “Ингээд л намайг бэр буулгахаа больчихдог бол мөн сайхан аа” гэсэн шиг гэнэхэн юм бодож байтал нэг л өдөр гэнэт хөтөлгөө морьтой хоёр мянгад хар хүн “Бэрийн сүй хүргэхээр явна” гэсээр хүрээд иржээ.
Тэдний нэг, их дуутай шалхгар бор хүн нь түрүүн хадаг тавихад ирсэн хүн гэдгийг бүсгүй хараад л танив. Нөгөөх нь жавхайсан биетэй, алаг нүдтэй, нуруулаг сайхан залуу байлаа.
Энэ хүн арай миний нөхөр биш байгаа даа хэмээн бүсгүйн сэтгэлд горьдлогын оч маналзсан ч :
-Хүргэн маань бэрийг мордуулах өдөр хадмындаа ирнэ. Энэ хархүү манай нутгийн нэртэй сайн бөхийн хүү,танай худгуйнхны талын хүүхэд байгаа юм гэж нөгөө их дуут хөлсөө урсган халуун цай ууж, ээжийнх нь тавьсан өрмийг хаман идэнгээ хэлсэн нь урмыг нь хугалчихаж билээ.
Хожим хадмындаа очсон хойноо мэдэхнээ мянгадууд өрөм загсаадаггүй учраас тэр сүй хүргэсэн хар хүн ээжийнх нь тавагласан өрмийг тийнхүү хомхойрон идэж байжээ.
Хадмын талаас ирсэн хоёр хүн цайлж, зуншлага, малын тарга тэвээрэг мэтийн тухай хэв ерийн хэдэн үг солиод, хөгшин хар хүн нь хуучин хилэн нударгаа буулган, мянгад тоорцгоо тэргүүндээ асааж хоолой засаад:
-Зэ, бид танай охины сүйд мянгад уламжлалын дагуу найман дээлийн торго, эмжээрийн арван ам хоргой, гутлын эсгий, тавин лангийн мөнгөн ембүү нэг, ижийд нь “экийн сүүний мал” нэг байдас өргөж байнаа гээд бэлгээ давхарлаж өрж, сайр хадаг хэмээх хоёр үзүүрийнх нь цацагт бяцхан шүр сувд тэргүүтнийг уясан цэнхэр хадгийн хамт өргөснөөр Хонгорзул эгнэгт тэр aйлын бэр болох нь зайлшгүй болж билээ.
Охиныхоо сүй бэлэгт ирсэн тэр жаахан эдийг үзээд аав нь нэг их эрдэнэс хүртэж буй мэт сандчин, хуучин сармай дээлийнхээ ханцуйг буулган, толгой дээрээ хиртэй цууямбуу алчуураа тавьж хоёр гардан авсан бол хөөрхий ижий нь аанай л галаа ухангаа нулимсаа арчиж суусан сан.
Сүй хүргэж ирсэн улс тэднийд өдөржин найрлаад унтсан хойно зочдын авчирсан ганзай архинд нам согтсон эцэг нь баруунтайх намхан модон орон дээгүүрээ унаад өгч билээ. Харин хөөрхий ижий нь охиныхоо өтгөн гэзгийг самнан суухдаа “Муу охиноо харь хол газар хадамд мордуулчихаад юугаа бодож суух хүн юм бол доо? Ганц мөнгөн ембүү, дээлийн хэдэн торгоноос охиноо өгчих гэж...Бүсгүй богино жолоотон бидний аль насандаа хийсэн үйлийн үр энэ юм бол...?” хэмээн шугшран уйлж сууж билээ.
Гал дээрх цай даргилан буцалж, гэрийн жавар хөөгдөн бүлээцэхэд бүсгүй хадмынхаа мөнгөн бүслүүрт том хар домбонд цайгий нь юүлж дуусахдаа санаандгүй хөлийнхөө шагай руугаа асгачихаад өвдсөндөө цочин хашгирлаа.
-Чимх нойр авахуулахгүй хар өглөөгүүр хашгичаад байгаа заяагүй эм бэ! хэмээн нэхий хөнжил дотроос нөхрийнхөө зандчих дуунаар бүсгүй бондгосхийтэл цочиж, халуун цайнд шалзартал түлэгдсэн хөлийнхөө өвчинг тэвчин шүд зуун босч, хадмындаа оруулж өгөхөөр гарлаа.
Буцлам халуун цайнд түлэгдсэн баруун хөлийнх нь шагай тэсэхийн эрхгүй хорсовч хадмындаа орж домботой цайгаа тавиад галыг нь сэргээж, хэдэн хөрзөн хийж дөнгөлөө. Тэгээд доголсоор гэр рүүгээ явж оронгуут эрэгнэгийнхээ өмнө өөрийн эрхгүй өвдөг нь нугаран суун туслаа.
...Мянгад заншлаар сүй хүргэсний дараахан, ”Бяруут хурим” гэж бага хурим хийж, сүйнд өгөх малыг зургаан хүн, нэг бярууны хамт тууж очоод найрладаг ёстой ч нутаг хол, халх айлтай заншил ондоон тул тэр ёсыг алгасан шууд, хагас сарын дараа хүүхнээ мордуулахаар ирнэ гэж нөгөө их дуут хар хүн яриад сайхан залуугаа дагуулан одсон билээ.
Сүй тавьсан тэр өдрөөс хойшхи хэдхэн хоногт бүсгүй ижийнхээ дэргэд мартагдахын аргагүй нуруу тэнийн жаргаж дээ. Хөөрхий ижий нь холын газар хадамд мордох охиныхоо “ясыг амраана” гээд үхэр тугалд барагтай бол явуулахгүй, өрөмтэй шүүсэн тараг, ээзгий хольсон тос, борцтой мөөгтэй шөл гэхчлэн дуртай хоолыг нь хийж өгөн, өглөөд “миний охин дахин хэзээ ч бүтэн нойртой хонох юм билээ, хэвт хэвт” гээд дүү нарыг нь шуугиулахгүй гэж хөөн гаргаад л, унтаж байхад нь ирж магнайг нь сүү саалинд зөөлөрсөн гараараа илбээд л хичнээн сайхан байгаа вэ. Ижийнхээ тэр зөөлхөн гарыг санангуут ийнхүү хадмын гэрт, хар элгийн хүмүүсийн дунд хөлийн шагайгаа шалзалчихсан байхад нь “яав?” гэх хүнгүй суугаагаа санасан бэр бүсгүй нулимсаа барьж дийлсэнгүй. Хоёр хацры нь даган бөмбөрөх нулимсаа ч арчилгүй гутлаа тайлан түлэгдсэн хөлөө үзэв. Буцлам халуун цайнд шаз түлэгдсэн шагайны нь арьс зумарч, хуучин монгол гутлын эсгий оймсонд наалдсан нь салгахын аргагүй болсон байлаа. Тулганд аргалын гал асч, дулаахан гэрт нөхөр нь дугжирсаар л байлаа.
Хонгорзулыг арьс нь хуурч улаан нялга болсон хөлийн шархыг нь эврээх санаатай ил гарган, аяга цай оочлон сууж байтал “Хөөе, Хонгорзул! Айлын бэр ухаантай юм бол аавынхаа морийг эмээллээдэх. Өглөө өрх татсан болоод, халуун хэвтэртээ үд болтол буцаад хэвтэх нүү, энэ чинь?” гэх хадам ээжийн хахир дуугаар бүсгүй арьс нь хуурч нүд халтирам болсон хөлдөө ширүүн эсгий оймстой гутлаа өмсөнгүүт ухасхийн гарлаа.
...Ижийнхээ дэргэд өнгөрөөх охин хонгор насны сүүлчийн өдрүүд хоромхоноо дуусч, тэртээгээс бөөн тэмээн ачаа, олон морьтнууд намрын эхэн сарын халуун өдрийн тэнгэрт тоос манаруулсаар нүүгэлтэн айсуйг отгон дүү нь эхлэн харснаар бүсгүйн сэтгэлд түгшүүр дэлдэж билээ. Хадмын талынхан түүнийг мордуулахаар ирсэн нь тэр.
Арваад тэмээ хөтлөн, баахан архи, цагаан идээ, хятад пүүсний маатан чихэр, танзуур боов, ваартай архи, таван ханат гэр ачаалан ирсэн арав гаруй хүний түрүүнд хурдан буу үүрсэн, налчгар хамар, өтгөн хөмсөг, жижигхэн нүдтэй, хавчиг цээжтэй нүдэнд хүйтэн залуу ирсэн нь бүсгүйн нөхөр эцэнхий Дамбажав байсан юм. Хуримынхаа өдөр л тийнхүү анх нүүр тулан уулзсан эр нөхөр нь бүсгүйн сэтгэлд огтхон ч нийцсэнгүй.
Мянгад заншлаар бэрийн эцгийн гадаа нүүж очин, шинэ гэрээ барьж ”Хавчигийн найр”-наас эхлээд хэдэн өдөр найрласны эцэст, хүргэн хүү хадам эцгийн галд мөргөснөөр олон хоногийн тээртэй ёслол дуусч, хөөрхий бүсгүйн нүүрийг цагаан эдээр бүтээгээд сүй хүргэж ирсэн сайхан залуугийн эцэг “суйлдаг” Сугар хэмээх тэнхээтэй эрд дүүрүүлэн хөдлөхөд Хонгорзул “Ижий,аав аа!Намайг битгий явуулаач дээ” хэмээн зүрх зүсэм дуугаар чарлан уйлсаар мордож билээ...Харин тэдний муу уяан дээр нэгэн зээрд байдас нутгийн хүмүүстээ хоргодох шиг тогтож ядан үүрссээр хоцорсон нь хагас сарын өмнө бэрийн сүй бэлгэнд амлаж байсан “Экийн сүүний мал” нь байсан юм.
Хонгорзул шагайгаа түлснээ хэнд ч хэлсэнгүй. Түлэнхийн шархандаа шаналан, доголсоор буй бүсгүйн зовлонг доожоо муутай атал дээрэлхүү зантай нөхөр нь ч, хийсэн бүхнийг нь голж өдөржин хангинах хадам эх нь ч хүний урманд анзаарсангүй. Нэгэнт хүний хүмүүс хөөрхий бэр бүсгүйг гадаа гэртгүй л зарахаа мэдэх тул Хонгорзулд шалз түлэгдсэн хөлөө арчилж тойглон эмчлэх за вдал ч үл гарна. Тийнхүү өглөө бүхэн босч гал түлэн, цай чанаж, хонины ээлжинд өдөр алгасалгүй явсаар хөөрхий бэр бүсгүйн шархтай шагай эдгэх нь бүү хэл улам ч идээлэн хүндэрсээр , нэг л өдөр шархны халуун болж халууран дэмийрч эхлэхэд л хадмынхан нь сандран үймэлдлээ.
“Хөлөө түлснээ хэлэхгүй яагаав?” хэмээн хадам эцэг нь бэрээ зандраад хойлгийн мах өгч, хошуундаа зартай маарамбыг залан түлэнхийд сайн хятад эм тан өгч, хэд хоног хэвтүүлснээр бүсгүйг хазганаад ч болов явдаг болох үед нь цагаан сар дөхсөн байв.
Хонгорзул нэгэн өдөр багш ламдаа бараалхан ирэх жилийн өнгө, зүг чиг гаргах тухай асуухаар мордох гэж байсан хадам ааваасаа биеэ гайгүй болонгуут төрхөмөө эргээд ирж болох эсэхийг асуув.
Бүсгүйн хөлийн түлэнхийгээс болж бэрдээ санаа тавьсангүй хүйтэн хандлаа хэмээн яншаа авгайгаа зэмлэн, ёсолж авсан эхнэрээ халамжил гэж хүүгээ зандрах зэргээр өөрт нь хамгаас илүү халуун дулаан сэтгэл гаргаснаар нь хадам эцэгтээ л зүрхлэн ам нээж чадсан нь тэр.
Чонын арьсан зузаан хүрэм өмсөн дулаалаад мордох гэж байсан Балдан бичээч минжин малгай дороос хөөрхий бэрээ өрөвдсөн харцаар харсан боловч хоромхон зуур хөмсөг зангидсанаа ”Болохгүй ээ. Охин минь ёс ёмбогор,төр төмбөгөр. Хадамд гарсан бэр ирснээсээ хойш гурван өвлийн цас хайлж, төрхмөөсөө наашилсан мөр нь угаагдан арилтал эцгийндээ очдоггүй номтой” гэчихээд яваад өгчээ.
Хонгорзулын хөлийн шарх хаврыг хүртэл бүрэн эдгэрсэнгүй. Бүсгүй хүний үйлийн үр дуусах биш. Цагаан сарын дараахнаас махан хоолны үнэр авахаараа огин, хонинд явахдаа үргэлжид нозоорон үүрэглэх болсон нь бие шалтгаантай болсных байжээ.
Бэрээ хөл хүндтэй болсныг хахир хатуу хадам эх нь анх ажиглан мэдмэгц, “Бие тулгар болсноо эртхэн хэлэхгүй яасан юм!” хэмээн Хонгорзулыг ханцуйгаараа нэг ороолгож авснаа, духан дээр үнсэж, орой нь нөхөр, хадам эцэг хоёрт нь дуулгаснаар гэр дүүрэн баяр хөөр болж билээ. Энэ нь хөөрхий бэр бүсгүйн хувьд хадам ээжээсээ халуун дулаан үг сонсч, хүн шиг үзэгдсэн анхны тохиолдол, хадамд гараад үзсэн хамгийн баярт өдөр нь байсан юм.
Цаст Алтайд хавар оройтдогийг хэлэх үү. Хаврын дунд сар гарсан ч үе үе цасаар шууран тэнгэр муухайрч, тасхийм жавартай салхиар ороолгодог нь хэвээр. Энэ өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа Хонгорзулын хонины ээлжтэй өдөр гэнэт цасан шамрага тавьж гарах нь тэр. Бүсгүй шуурга уруудан уулын уруу зүтгэх хонио хадны нөмөр бараадуулах санаатай морио давиран энд тэнд нь гарч хашгирч, гуугачин явтал нойтон цасанд норсон мөлгөр хаданд морь нь халтирч эзнээ хоромхон зуур эмээл дээрээс хийсгэн унагачихав. Дагзаараа хадны ирмэг мөргөсөн бүсгүйн ухаан балартжээ. Намрын ууланд татсан манан мэт ээдий бүүдий болсон ухаан санаа нь цэлмэх шиг болоход бүсгүй алсад хоцорсон төрсөн гэрээ олж харав. Ижий нь гэрийнхээ гадаа охиноо хараад инээмсэглэн зогсч, отгон дүү нь “Хонгороо эгч ээ!” гэсээр өөдөөс нь сөөсгөр үсээ хийсгэн гүйж явна. “Ижий! Миний дүү!” Сэтгэлд дэндүү дотно төрсөн гэрийнх нь тооноор аргалын шингэн цэнхэр утаа гарах нь тодхон үзэгдэнэ. Бэр бүсгүй төрсөн гал голомт, хайрт ижий дүү нараа үзэн баясч, нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулсаар алсын аяндаа оджээ.
Тээр орой болсон хойно нөхөр нь хадны ёроолд осгосон хөөрхий бүсгүйг олж авчрахад Хонгорзул хэдийнээ ертөнцөөс хальсан байлаа.
Гэтэл маргааш нь үүрээр уяан дээр адуу үүрсэх шиг болоход нь давсагаа суллах гэж гарч явсан Балдан бичээч гайхан дуу алдав.
-Хөөе самгаан нөгөө “Экийн сүүний мал” нутгаадаа гүйгээд ирж гэм!” гэхэд бэрийн амьсгал хураасны дараахь уйт энэ өглөөний жаварт гал хөсөө асаах гэж тунтганаж байсан Мижидцоо тулганыхаа өмнө суугаа чигээрээ нулимсаа арчин мэгшиж “Хөөрхий бэр охин. Төрөл төрхөмдөө айлчилж, ижийдээ ганц үнэрлүүлж ч амжилгүй талийчихсан байтал нүүрэндээ үстэй энэ адгуус нутагтаа гүйгээд ирдэг. Ээ хөөрхий, ээ хөөрхий” хэмээн халаглаж байлаа.
Хөөрхий бүсгүйн хорвоогоос буцсан том том хадтай тэр энгэрт дараа зун нь бэр цэцэг хөл тавих зайгүй ургасан гэдэг.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8040901/ed6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Цэнхэр бүсгүйн хилэгнэл (өгүүллэг)

Амьдрал тоглоом биш

Ухаан суухыг нь хүлээсээр...өгүүллэг

Т.Бум-эрдэнэ / Нурам /- 1 (тууж)

Эжий аав хоёрыг энх байхад энэ хорвоо бүтэн байдаг

Хайрын захиа Сургамжит өгүүллэг

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 7 (тууж)

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 9 (тууж)

Эр хүн

Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө

Б.Шүүдэрцэцэцэг "Бэр"

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 8 (тууж)

Т.Бум-эрдэнэ/Нурам/- 4 (тууж)

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 6 (тууж)

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 5 (тууж)

Нэг мөчирт багтаагүй навч

Бөөгийн толь /Өгүүллэг/

Аав ирлээ /өгүүллэг/

Т.Бум-эрдэнэ/Нурам/ - 3 (тууж)

Ганц улаан навч өгүүллэг

배너신청
자생병원

배너신청