-Чиний бие зүгээр үү? Их ядрангуй харагдаж байх чинь гэсэнд Сарнай түгдчин
-Өө зүгээр ээ. Найзуудтайгаа салхинд гараад сайхан амрав уу?
-Хөдөө ч сайхан байна шүү. Ингэхэд чи яагаад яваагүй юм бэ? Чамайг хөдөө явах юмсан гэж ярьдаг болохоор уул нь хамт явъя гэж бодож байсан юмсан. Би удахгүй буцна. Харин буцна гэхээр нэг л сэтгэл хорогдоод байх юм гэсэнд Сарнай инээмсэглэн
-Эх нутагтаа сэтгэл хорогдож байгаа биз дээ гэж хэлэх зуураа сэтгэлийг нь эзэмдсэн цорын ганц хүн нь удахгүй явна гэхээр энэ хэцүү бүхний дунд улам л өнчрөн ганцаардах мэт. Тэд нэлээд удаан ярилцлаа. Галаа Сарнайгийн гарыг атгаж нүдрүү нь эгцлэн хараад
-Сарнай чи миний гуйлтыг хүлээж авах уу гэлээ
-Юу байдаг билээ. Хэл л дээ.
-Миний бодлоор энэ хугацаанд чи бид хоёр нэлээд удаан бие биенийгээ нууцхан хайрласан байх. Миний хувьд чи амьдралын минь шинэ эхлэл болсон. Чи ч гэсэн надад хайртай тийм үү? гэхэд Сарнай түүний өөртөө бүрэн итгэлтэй ийм л байдалд нь уяран уусч үг хэлэх ч чадалгүй толгой дохив.
-Галаа чи битгий яваач. Би чамд хайртай болсон хэмээхэд Галаа ч мөн түүнийг тэврэн хэлье гэж зүрхэндээ хадгалсан үгсээ хэлж одот тэнгэрийн дор нэгээхэн хайрын зулыг асаах ажгуу. Галаа түүнд хамтдаа Америк явах санал тавьсанд Сарнай юу ч хэлэлгүй өнгөрөөлөө. Өөрийнх нь талаар юу ч мэдэхгүй атлаа юунд итгэж ингэж зоригтой хэлснийг мэдэхгүй. Хоёр хоногийн дараа Сарнай зориг гарган шүүх дээр очтол шүүх хурал болохгүй гэсэн хариу сонсов. Ямар учиртайг нь мэдэхгүй ч гомдол гаргасан тал заргаа буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг сонсоод Сарнай өөрийн эрхгүй баярлан гүйхээгээрээ Заяагийнд очиж учир явдлыг хэлсэнд Заяа ч мөн гайхаж орхив. Үдийн хэрд Буянаа ирлээ. Тэрээр юу ч болоогүй царайлж
-За Сарнай минь, чи бид хоёрыг аз ивээлээ дээ. Одоо чи энэ сайхан байшин, эд хөрөнгөтэйгөө үлдлээ. Би ч ёстой өнөө муу эхнэрийг болиулах гэж үйл тамаа идлээ гэж баахан саймширч аваад явав. Бүх юм эргээд тайван боллоо гэж бодсон ч яагаад ч юм энэ хэргийн цаана ямар нэг учиг байгаа нь мэдрэгдэх ажээ. Сарнай баярлахын зэрэгцээ гайхаж суухад Заяа энэ бүхний цаад учрыг бүрэн мэдчихээд Сарнайгийн гэрийн зүг яаравчлан зорилоо. Сарнай хаалга тайлах зуураа Заяагийн хөөрч догдолсон царайг гайхан харж
-Үгүй, чи чинь юу болоо вэ? Юунд тэгтлээ баярлаж догдолсон юм бэ? гэж асуусанд Заяа хоёр гараа алдлан Сарнайг үг сүггүй тэвэрч
-Миний муу найзыг бурхан олж харсан бололтой. Одоо ч чи минь насаараа баян тансаг байсан ч чадна гэж учир нь олдохгүй юм хэлсэнд Сарнай бүр ч их гайхаж
-Ингэхэд чи юу яриад байна вэ? Ямар учиртайг нь тэгээд мэдэж чадав уу? гэж ахин нэг лавласанд Заяа сая л нэг сэтгэлээ барьж
-Алив чи наашаа суу. Шүүх хурал яагаад болоогүй гэж чи бодож байна? гэж Сарнайгаас сэтгэл дүүрэн асуухад тэрээр
-Түрүүхэн Буянаа ах ирээд явсан. Тэгээд эхнэрээсээ баахан гуйж байж шүүх хурлыг болиулсан гэж байсан гэхэд Заяа
-Иш, чи ч гэнэн байна даа. Би чамд хэлье. Цаад муу хөгшин төгцөг чинь чамайг хуурч, чихэн дээр чинь цэцэг ургуулж байгаа юм. Үнэндээ уг шалтгаан нь ийм юм байна гэж их л чухалчлан яриагаа эхлэхэд Сарнай чих тавин сонслоо. Заяа түүнд
-Анх Буяндорж ах та хоёр учирч Эрхэсийг төрүүлэхэд чи 17 настай байсан тийм үү? гэхэд Сарнай
-Тийм гэсэнд
-Энэ чинь л бүх юмны учир зангилаа байж. Хэрвээ шүүхэд хандах юм бол Буяндорж ах насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гээд хэрэг өөрт нь буруугаар эргэх байсан учраас гомдлоо буцааж авсан юм байна шүү дээ. Буяндоржийн эхнэр ийм л учраас амаа хамхиж таг дуугүй болсон юм байна гэсэнд үүнийг сонссон Сарнай бүх учрыг ойлгож дотроо хэргээс мултарсандаа баярлавч өөрөөс нь нүүр буруулсан Буянааг үзэн ядаж
-Арай ч дээ. Би Буянаа ахад ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Тэр яагаад надад үнэн учраа хэлж болоогүй юм бэ? Би ойлгох л байсан шүү дээ. Түр зуурын учрал байсан бол яахав. Сайн ч муу ч хамтдаа зургаан жилийг үдсэн юм байж ингэж яаж чадаж байна аа гэж гомдоллоход Заяа түүний нүдэнд цийлэгнэх нулимсыг хараад
-Чи ингээд л усан нүдэлж, хий дэмий гомдоллоод л байх уу? Ингэхэд Эрхэс хүү чинь чамаар овоглож явдаг юм байгаа биз дээ гэж асуухад Сарнай
-Тийм, яах гэж байгаа юм бэ? гэсэнд
-Яах юу байхав. Одоо чиний ээлж. Хүүгээ бодсон ч тэр. Ямааны мах халуун дээр нь гэгчээр үүгээр нь далимдуулаад тэр баян айлаас ахиухан юм салгаад ав. Одоо Буянаа ах та хоёр нэгэнт салах цаг нь болсон. Ингэх нь чиний эрх шүү дээ гэж гэж хэлсэнд Сарнай давхийн цочиж
-Чи чинь бас юу яриад байгаа юм бэ? Би тэгж чадахгүй ээ. Буянаа ах муу ч гэсэн хүүгийн минь эцэг. Тэгээд ч миний хадгаламжинд багагүй мөнгө хийсэн болохоор илүүгээр яах юм бэ?
-Чи ямар хаашаа хүн бэ? чиний хувьд одоо эрдэнэсийн үүд нээлттэй байна. Тийм болохоор хариугаа авах л хэрэгтэй. Би ч гэсэн одоо Мягмартай тооцоо бодох цаг нь болсон. Ер нь тэгээд хүний амьдралд тэр тусмаа бүсгүйчүүд бидэнд эхнэртэй, баян хөгшин эрчүүд л хамгийн хэрэггүй байдаг юм байна даа гэж ярилцан оройжин яах тухайгаа ярилцлаа. Заяа санасандаа хүрч аваад -За миний найз ингээд шийдчих шив дээ гэсэнд Сарнай
-Тэгэлгүй яахав. Нээрэн бодоод байсан чинь чиний зөв юмаа. Би маргааш Буянаа ахтай уулзаад хэлнээ гэсэнд Заяа
-Зоригтой байгаарай за юу гэж хэлээд явлаа. Энэ шөнө Сарнай орондоо хөрвөөн элдвийг бодож хонолоо. Яагаад ч юм түүнд нэг л эвгүй санагдсан хэвээр байв. Эгэл жирийн аз жаргалтай нэгэн гэр бүлд оролцож, эр нөхрийг нь өөрийн болгон олон жил хуурч мэхэлж явснаараа тэр гэр бүлийн өмнө уучлашгүй гэмтэй, буруутай атал улам ихийг хүсч байгаа нь зөв буруугийн аль нь болохыг хэлэхийн аргагүй ажээ. Сарнай өглөө эртлэн босч сэтгэлээ зоригжуулаад Буянаатай уулзахаар шуудхан ажил руу нь очлоо. Урьд өмнө нь хэзээ ч ийм бардам, зоригтой байснаа санах сөхөөгүй алхсаар Буяндоржийн ажлын өрөөнд явж ортол Буянаа Мягмарын хамт сууж байснаа Сарнайг хараад
-Үгүй, чи чинь энд юу хийж яваа юм бэ? гэж гайхан асуусанд Сарнай ялдамханаар инээн
-Яасан бэ? Тийм сонин байна уу? Тантай уулзаж болно биз дээ гэж дэргэд нь очин биеэрээ үл мэдэг шүргэсэн нь Буянаагийн сэтгэлийг хөдөлгөж
-Аан, юу л даа. Би Мягмартай чухал яриа ярьж байсан юм гэж худлаа инээсэнд Мягмар суудлаасаа өндийн
-Өө, Сарнай бүсгүй айлчилж явна уу? Ойрд уулзсангүй. чи ч улам л гялалзаад сайхан харагдаж байна шүү гэсэнд Сарнай хэдийгээр түүнд хорссон уураа баръя гэсэн ч дийлсэнгүй.
-Та ч мэргэжлээ сольчихоод их л зугаатай байгаа гэл үү. Тэгээд хүмүүсийн мууг үзэж, улыг нь шагайх ямар байна даа гэсэнд Мягмарын царай нь тэр дороо хувирч
-Чи юу л яриад байна даа. Муу ахыгаа тоглоом болгож яах нь вэ? гэж инээх аядахад Сарнай улам зэвүүцэн
-Ах минь. Би таниар тоглоод яах ч билээ дээ. Би хожоотой тоглоомоор л тоглодог гэсэнд Мягмар хоолойгоо засан царай нь бүр ч их зэвхийрч -За даа, чи бид хоёр болохгүй өдрөө тааралдсан бололтой. Би ч явъя даа гэж хэлээд бушуухан гарч одов. Буяндорж тэдний ярианаас юу ч ойлгосонгүй дэмий л Сарнайд саймшран
-Чамайг энд ирнэ гэж бодсонгүй шүү. Яасан юу болсон юм бэ? гэхэд Сарнай шуудхан -Асуух шаардлага байгаа юмуу. Та ч намайг юу ч мэдэхгүй тэнэг хүүхэлдэй гэж бодсон бололтой хэмээн яриагаа эхлүүллээ. Сарнай сэтгэл дүүрэн Буянаагийн өрөөнөөс гарч явахад Буянаа хий дэмий хөшин зогсоно. Түүнийг гэртээ иртэл Заяа үүдэнд нь хүлээж зогсов. Болсон явдлыг түүнд ярихад Заяа ихэд нухацтайгаар бодолхийлээд.
-Чи тэгээд 7 хоногийн хугацаа өгсөн байх нь ээ. Уул нь гурав хоног ч юм уу цөөхөн хоног өгсөн бол зүгээр байсан юм. Гэхдээ яахав хэргээ бүтээж л байвал боллоо гэсэнд Сарнай
-Арай их юм нэхчихсэн юм биш байгаа даа. Эхнэрийнх нь дургүйг хүргээд дахиад хэрэгт орчих юм биш байгаа гэж зовиноход Заяа
-Яалаа гэж дээ. Тэр авгай нөхрөө тиймхэн хөрөнгөнөөс болж хэрэгт хийх хүн биш. чиний үгийг сонсохоос өөр арга байхгүй шүү дээ гэсэнд Сарнай
-За энэ яахав, болох байх. Ингэхэд чи Мягмарын хэргийг яасан бэ? гэж асуусанд Заяа
-Би яахаа мэднээ. Ямар ч байсан эхлээд тэр муу өвгөнийг баталгаатай болгох хэрэгтэй байна гэж ярьж суутал утас дуугарлаа. Сарнай утсаа авсанаа нэг л өөр болсонд Заяа гадарлан инээмсэглэж суув. Сарнай ярьж дуусаад Заяад
-Би чамд хэлсэн билүү?
-Юу байдаг билээ?
-Нөгөө Галаа бид хоёрын дунд нэг асуудал үүсээд гэж жаахан хүүхэд шиг ичингүйрсэнд Заяа
-Тийм үү, тэгээд ярь л даа гэхэд
-Хамтдаа Америкт очьё гээд байх юм. Үнэндээ би түүнд хайртай болчихсон юм шиг байна гэсэнд Заяагийн нүд нь орой дээрээ гарах шахан
-Нээрэн үү? Миний найз үнэхээр хүнд хайртай болчихсон хэрэг үү гэж баярлан асуусанд
-Тийм ээ. Би гэж хүн хайр гэж байдагт итгэдэггүй байж дээ. Одоо л би сэтгэл доторх хоосон зайгаа халуун дулаан хайраар бялхаж байгааг мэдэрч байна гэж аз жаргалтайгаар өгүүлэхэд Заяа
-Тэгээд үнэхээр чамайг дагуулж явъя гэсэн юм уу. Эрхэсийн тухай мэднэ биз дээ гэсэнд Сарнай
-Харин энэ л хэцүү байна. Би түүнд хэлэхээсээ ч эмээж байна даа. Сая утасдаж шийдээ хэлээч гэж байна. Би түүнтэй хамт явж хайртай хүнийхээ дэргэд баймаар байвч үнэндээ би түүний амьдралыг, тэр миний амьдралыг мэдэхгүй болохоор энэ их итгэл сэтгэлийг нь хөсөрдүүлэх вий гэж эмээх юм
-Чи үнэхээр л түүнд хайртай юм бол юунаас нь айсан юм бэ? Галаа чамайг хайрласан юм чинь хүүг чинь ч хайрлана. Тийм болохоор үнэнийг хэлж хайрынхаа төлөө зүтгэ гэж зоригжууллаа