Энэ шөнө гадна бороо асгарч, байшингийн төмөр дээвэрт их дуу хадаан нүргэлэхтэй зэрэгцэн энгүй хорвоогийн нэгээхэн жаргалыг эр эм хоёр хамтдаа эдлэн хонов. Хэдий ганц бие, залуу эр ч охид хүүхнүүдтэй орооцолдож, ор хөнжлийн замбараагүй амьдралаас хол хөндий явсан Жавхаагийн хувьд Хандаа анхны эмэгтэй нь биш ч анх удаа л сэтгэл хангалуун байлаа. Эрчүүд угтаа залуу сайхан охины чилгэр биенд дуртай байдаг бол Жавхаад дэргэд нь бөх гэгч нь нойрсох эгчмэд бүсгүйн булбарай зөөлхөн, яг л торго шиг арьс, эмзэг турьхан бие юу юунаас ч илүү үзэсгэлэн төгөлдөр санагдана.
Үүр цайх үест Хандаа сэрлээ. Бороо хэдийнэ намдаж, дээврээс дуслах усны чимээ анир чимээгүйг сэрээх ажээ.
-Сэрчихэв үү, миний эгчмэдхэн гэж өхөөрдөж эрхлүүлэнгүй асуух Жавхаагийн өөдөөс яг л эрх хүүхэд шиг хошуугаа цорвойлгон
-Битгий ингэж дууд л даа. Эвгүй сонсогдох юм.
-Юу нь эвгүй гэж? -Аль эсвэл чи надад албаар хөгшин гэдгийг минь сануулаад байгаа юм уу? гээд тунирхан, буруу харсанд Жавхаа инээд алдаж
-Яалаа гэж дээ. Хайрлаж хүндэлсэндээ л... гэсэнд Хандаа үгийг нь тасалж
-Эгчийн хувиар уу? гэлээ. Жавхаа түүний араас тэвэрч мөрөн дээр нь үнсээд
-Үгүй дээ. Зүгээр л ингэж дуудахаар нэг л сайхан байдаг юм. Хайрлаж дурлахад нас ямар хамаа байна аа. Хүссэнээрээ хайрлаж, жаргаж байж л энэ амьдралын амтыг мэдэрнэ шүү дээ гэж сэтгэлийнхээ гүнээс хэлж буй нь Хандаад мэдрэгдэж байв. Нар мандтал тэд хоёр биенээ эрхлүүлэн энхрийлж, хайрын үгс шивнэлдлээ. Хандаа гэнэт охиноо санаж
-Би харихгүй бол болохгүй. Охин маань яасан бол гэж шалавлан босч хувцаслахад
-Гайгүй биз дээ. Юунд нь яарсан юм бэ? Тайван бай л даа гэж Жавхаа амьхандаа тайвшруулахыг оролдлоо.
-Би ямар тэнэг юм бэ. Охиноо мартаж л байдаг ийм эх хүн байх уу. Гайгүй л байгаасай. Амьтан хүн айлгаж ичээгээгүй байгаа гэж үглэсээр хувцаслаж дуусав. Жавхаа ч хувцаслаж амжжээ.
-Алив хамт явъя гээд цуг гарах гэтэл Хандаа зогтусч
-Үгүй ээ, болохгүй. Чи эндээ үлд гэж тушаал буулгаж байгаа юм шиг хэлээд, цүнхээ шүүрэн гарч гүйв. Гэртээ очих замдаа элдвийг бодож түгшсээр иртэл ашгүй бурханы авралаар Тэргэл охиныхоо эсэн мэнд байгааг олж хараад сая л нэг санаа амрав.
-Яасан миний охин, айж цочоогүй биз? гэхэд охин нь
-Үгүй ээ. Аав ирж хоносон болохоор айгаагүй гэлээ. Хандаа чихэндээ итгэсэнгүй
-Юу? Аав чинь ирсэн гэнэ ээ?
-Өчигдөр орой ирсэн. Тэгээд таныг хаачсан гээд асуугаад байсан. Шөнөжингөө таныг ирэхийг хүлээгээд унтах ч үгүй суугаад л байсан гэлээ.
-Тэгээд хаашаа явчихсан бэ? Ууртай гарсан уу? гэж байдгаараа сандрахад охин нь
-Мэдэхгүй ээ. Өглөө эрт явсан. Намайг цай чанаж өгсөн чинь амсчихаад гарна лээ гэж хэлэхэд нь Хандаа өөрийн эрхгүй дэргэдэх сандал дээр сулбайн хамаг жингээрээ суугаад
-Одоо яах вэ? гэж өөрөөсөө асуув. Пунцагийг гэнэт хүрээд ирнэ гэж бодоогүй болохоор яах ч учраа олохгүй балмагдсандаа хэсэг суулаа. Хамгийн түрүүнд түүний толгойд
-Тэр маань бүгдийг ойлгож ухаараад эргээд гэртээ ирж байгаа юм болов уу? гэх хариулт үгүй асуулт эргэлдсэн ч
-За юу л гэж ийм амархан эргэв гэж. Пунцаг шиг хүн нэг л шийдсэн бол буруу ч бай зөв ч бай тэр л замаараа явдаг хойно. Их юм санаж баярлах хэрэггүй биз дээ гэж өөртөө сануулав. Хандаа өдрийн ундны цагаар л ажилдаа явлаа. Пунцагийн тухай бодол санаанаас нь огт салахгүй байсаар бүр дүйнгэ болчихсон ажлынхаа үүдээр уруу царайтай амьтан явж оров. Хэдийгээр өнгөрсөн шөнийн жаргалд бие сэтгэл нь хөнгөрч, залуужсан юм шиг сайхан байвч Пунцагийн тухай бодол дээрээс нь бул хар чулуу шиг дарах ажээ. Өнөөх л нэгэн хэвийн, залхуу хүрэм уйтгартай ажлын өрөө өөдөөс нь угтав. Юу юугүй бичиг цаастай зууралдахаас залхаж, төвөгшөөнгүй ширээ рүүгээ хялам хийнэ. Толгойгоо сэргээх санаатай халуун кофе аягалж, бага багаар тамшаалан уух зуураа цонхны тавцан дээрх савтай цэцгийг ажин суутал үүд онгойж Баянаа дарга орж ирлээ. Харах царайнаас нь л ууртай байгаа нь илт, нүүрнийхээ арьсыг духан дээрээ овоолчихсон
-За, тайлан тооцоо бэлэн үү? гэх нь тэр. Урьд нь юун энэ талаар сөхөх. Ам ч ангайдаггүй байсан түүний энэ асуулт Хандааг гайхшруулж орхив. Золтой л балгасан кофегоороо өмнөөс нь хахаж цацчихсангүй.
-Юу... бэлэн, бэлэн. Та яг одоо авах уу? гэж зузаан хавтаст багтаж ядах улирлын тайлан тооцоог авч өгөх гэсэнд Баянаа
-Өө, үгүй үгүй. Маргааш авъя гэж хэлсэн үгэндээ бантсан нь илт бушуухан гараад явчихав. Хаалга хаагдав уу үгүй Хандаа тачигнатал хөхөрч
-Хн, арай өвчин тусчихаагүй байгаа даа гэж доогтой нь аргагүй өөртэйгөө ярив. Хэзээд, ямар ч үед ажил нь эмх цэгцтэй байдаг болоод ч тэр үү Хандаа энэ гэнэтийн шалгуурт огтхон ч сандарсангүй. Бас дургүй ч хүрэх шиг,
-Үгүй ер өө. Өөрийг нь хүлээж авсангүй гээд ингэж уураа гаргаж байгаа юм байх даа. Нэртэйгээр нь халчихмаар юм гэж амандаа үглэснээ нэгэн бодлын өрөвдмөөр ч юм шиг түүний царайг санаж
-Арга ч үгүй юм даа. Олон жил намайг сэтгэлдээ хайрлаж хүндэлсэн хүн шүү дээ. Би ч гэж би. Зөвхөн өөрийгөө л бодож энэ хүнд хий дэмий итгэл найдвар төрүүлчихээд доог тохуу хийж байгаа юм шиг орхидог хэмээн бодлоо. Элдвийн юм бодсоор бүр толгой нь эргэжээ. Ийм байдалтай жаахан л удвал галзуурчих юм шиг санагдаж ядахнаа амьтан хүнтэй ярилцаж бодол санаагаа өөр юманд сатааруулах санаатай өрөөнөөсөө гарлаа. Шуудхан Туяагийн өрөөг чиглэн алхсаар, хаалгыг нь тогшилгүй яваад орчихов. Тэгтэл ширээний хоёр талд тун чухал яриа өрнүүлж байсан бололтой уруул амаа нийлүүлчих шахан суугаа Туяа Пунцаг хоёрыг хараад зог туслаа. Тэднийг гайхсан харцаар ээлжлэн харж
-Үгүй, энэ чинь ямар сонин үзэгдэл вэ? гэж өөрийн эрхгүй хэлж орхисонд Туяагийн царай нь хачин болж, инээх гэж аядан нүүр нь эв хавгүй татваганаад
-Өө, чи юу? гэж хоолой нь сааралтан асууснаа
-Пунцаг чамайг хүлээгээд үүдэнд суугаад байхаар нь би цайгаар дайлангаа хууч хөөрөөд сууж байлаа гэж сандран хэлэх нь цаанаа л нэг түгшүүртэй байгаа нь илт байв.
-Аа тийм үү? гээд Пунцаг руу харж
-Миний өрөөнд оръё гэлээ. Ар араасаа цувж алхсаар Хандаагийн өрөөнд орж ирэв.
-За, тэгээд ямар хэргээр надтай уулзах гэж ирээв? гэж янзгүй асуусанд Пунцаг өөдөөс нь сэжигтэй ширтэж
-Чи урд шөнө хаана хонов? гэж их л цухалдуу асуув. Ингэж асууна гэдгийг мэдэж байсан ч юу гэж хариулахаа бодож амжаагүй байсан болохоор тулгамдаад болдоггүй.
-Чамд хамаагүй биз дээ. Битгий миний хэрэгт хошуу дүр гэж өөртөө итгэл муутай дуугарав.
-Залуу хархүүтэй болсон гэл үү. Чиний өнөө дэг журамтай гэрийн эзэгтэй царайлаад байсан чинь яасан гэж дуу нь чангараад ирлээ. Сая л Туяа ямар учиртай гэлбэлзэж, хачин царайлаад байсныг ойлгов. Юу юуны духанд хүрэлгүй Пунцагт хов хүргэж, хэлэх үггүй болгосонд нь Туяад зэвүү нь хүрч
-Туяа чамд хэлээ юу. Тийм ээ, тэгээд юу гэж. Над руу хашигчих эрх чамд байхгүй шүү.
-Өө, бүр цагаандаа гарчээ чи. Харанхуй шөнө нялх охиноо хаяад завхайрч явдаг чам шиг эх хүн байх уу?
-За боль доо, Пунцаг минь. Нялх охиноо одоо л санав уу? Чи орон гэрээ орхиод залуухан хүүхэн дагаж явчихаад намайг завхай зайдан гэж хэлж яаж чадаж байна аа гэж мөчөөгөө өгөлгүй хорон үг чулуудтал Пунцаг байж ядсандаа амьсгаа нь давчдаж, нүүр нь улаан хүрэн болчихсон өрөөн дотуур холхиж
-Чи чинь эмэгтэй хүн, эх хүн биз дээ гээд хэлэх үг нь олдохгүй байгаа бололтой шуухитнав. Хандаа түүнийг дагуулан харангаа ширээн дээрээ ирмэгдэн сууж, ихэмсэг нь аргагүй хоёр хөлөө солбиод элгээ тэвэрч
-Эр хүн болохоор өчнөөн жил ханилсан эхнэрээ хаяад өөр хүүхэнтэй зугаацаж болдог, эмэгтэй хүн тэгж болдоггүй хэрэг үү. Би энэ олон жил чиний хувьд хэн байсан юм бэ гэж гомдлолтойгоор хоолой нь зангираад
-Биш ээ. Би хэн ч биш, юу байсан юм бэ? Хоол хийж, гэр цэвэрлэдэг гэрийн үйлчлэгч үү, угаалгын машин уу? Чи хариулаач
-Битгий дэмий юм яриад бай. Тэр залуу чинь хэн юм бэ? Яахаараа айлын авгайтай зууралдаж явдаг юм гэж Пунцаг өөрийнхөөрөө зүтгэж, мунагласан хэвээр Хандаагийн хэлэх үгийг огтхон ч ажрахгүй байв. Хандаа толгой сэгсэрч
-Хн, Чи хэзээ ч ойлгохгүй юм шиг байна. Би чинь хүн, хүн шүү дээ. Хажуу дахь эр нөхрөөсөө зөвхөн хумсын төдий хайр халамжийг л хүссэн. Энэ тийм их хүсэл гэж үү. Яагаад би өөр бусдаар хайрлуулж болдоггүй юм бэ? Яадгийм би хүссэнээрээ амьдармаар байна гэж бараг л байшин цуурайттал чанга дуугаар хашигчиж орхилоо. Пунцаг жаал зөөлөрч ая тал засах гэсэн янзтай
-За за тайвшир. Надад чамайг загнах эрх байхгүй ээ. Гэхдээ чи охиноо бод л доо. Харанхуй шөнө ганцаараа гэртээ байж байгаад янз бүрийн юм болбол яана гэж аргадмаар аядав. Хандаа ч дахиж орилж хашигчихыг хүссэнгүй. Уураа дарж, тайвшрангаа Пунцагийн өмссөн хувцсыг ажив. Өнөөх л саарал цув. Гэртээ байхдаа цэмцийж толийсон байдаг атал өлөн хир суугаад үрчлээтсэнийг бодвол хэдэн өдөр мөрнөөсөө мултлаагүй бололтой. Өмдөнд нь өвдөг сууж, цагаан сорочкон цамцны нь зах хир болсоныг үзвэл өнөө залуухан хүүхэн нь угааж өгдөггүй нь илт байв. Арга ч үгүй дээ. Гоёж гоодохоос өөрийг мэддэггүй тиймэрхүү хүүхэн юу боллоо гэж хөгшин эрийн хиртэй хувцасыг угааж, хоолыг нь аманд нь хийж өгөх вэ дээ. Үнэхээр ч арван хэдэн жил сайн эхнэрийнхээ буянд царай алдаж, үрчлээтэй хувцастай явж үзээгүй Пунцаг л гэрийн тэжээвэр амьтан аятай болсон болохоор сүүлийн хэдэн сар ёстой л юмаа үзэж яваа ажээ.