Тэртээх долоон жилийн өмнө Сарнай холын хамаатныдаа амьдарч байхдаа тэр бүх бэрхшээл зовлонг даалгүй толгой мэдэн 10-р ангиа төгсөлгүй хаяжээ. Эцэг эх нь ганц охиноо хорвоо дээр үлдээн тэнгэрт хальснаас хойш Сарнай зөвхөн өөрийнхөөрөө л амьдрахыг хүсч, шөнийн цэнгээний газар зөөгч хийж байгаад аажимдаа тайчих үзүүлбэр үзүүлдэг бүжигчин болсноор түүний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Хэдийгээр насанд хүрээгүй дөнгөж 16-хан настай ч түүнд бурхан гоо үзэсгэлэн, янаг тачаангуй дүр төрхийг харамгүй хайрласан ажээ. Сарнайгийн эрх танхи хөдөлгөөн зүйрлэшгүй гоо үзэсгэлэнд шунан дурласан олон харчуудын нэг бол яах аргагүй Буяндорж. Түүнтэй учирснаас хойш Сарнай эд мөнгийг хүссэнээрээ зарж ёстой л тосонд умбаж, торгонд хөлбөрсөн гэлтэй.
Гэвч дөнгөж нэг жилийн дараа 17 настайдаа нууц амраг эрийнхээ үрийг төрүүлж жам ёсны гэр бүл биш ч яахын аргагүй хугас заяат нэгэн өрхийг бүрдүүлээд өдгөө зургаан жилийг ардаа орхижээ. Тэрээр энэ бүхнийг эргэцүүлэн суутал хаалга онгойлгох түлхүүрийн шажигнасан чимээ гарахад учиргүй догдлон үүдрүү гүйн очтол Буяндорж малийтал инээсээр өмнөөс нь тосч
-За миний эрх муужгай, алив нааш ир гэсээр Сарнайг энгэртээ наахад
-Та ядаж амьд мэнд гэдгээ утсаар ч болов хэлчихэж болдоггүй юм уу хэмээн уйлагнан өгүүлэхэд Буяндорж түүний өөдөөс харж хоёр хацраас нь зөөлөн чимхлэн
-За за уучлаарай, миний хонгор. Хэдэн асуудал шийдэх гээд ажлынхаа өрөөнөөс цухуйсангүй. Өнөөдөр л нэг дуусахаар нь гэрээрээ ч очилгүй чамруугаа яараад ирлээ шүү дээ гэсэнд Сарнай жаахан уужирч, түүний үгэнд эргэлзэлгүй итгээд
-Би хоол бэлдчихсэн. Усанд орчихоод гараад ир гэж инээмсэглэн хэлээд цааш гунхан алхахад араас нь харж зогссон Буяндорж
-За тэгье ээ хө гэж хэлэн түүний бүжиглэх мэт уран хөдөлгөөнийг ихэд бахархангуй харж зогсоно. Тэд хамтдаа оройн хоолоо идчихээд хүүгийнхээ зурагт цомгийг үзэж суув. Сарнай Буяндоржийн цээжинд толгойгоо наан
-Хүү маань яаж байгаа бол. Ээж аав хоёрыгоо санаж байгаа байхдаа гэсэнд Буянаа
-Хэ хэ. Миний шар хүү том эр болсон юм чинь чи бид хоёрыг санахгүй байгаа байлгүй гэж хэнэггүйхэн өгүүлэх зуураа сэм сэмхэн цагаа харахыг Сарнай ажиглав.
-Та өнөөдөр энд хонохгүй юм уу? гэж асуусанд Буяндорж тэрхэндээ түгдчин хоолойгоо засч
-Өнөөдөр үү. Өнөөдөр харихгүй бол болохгүй нь ээ хө.
-Тэгээд хэзээ ирэх юм бэ?
-Үгүй, Юу л даа. Сарнай чи мэднэ ш дээ. Өнөөдөр манай бага охины төрсөн өдөр. Би очихгүй бол болохгүй. Маргааш бид нар гэр бүлээрээ гадаад руу аялалд явна. Долоо хоноод ирэх байх гэж дотроо түгшсэн янзтай өгүүлсэнд Сарнай уураа дарж чадалгүй
-Нээрэн тийм билүү? Яв даа яв. Дахиж битгий ирээрэй за юу гэж учир зүггүй хөөсөөр гарт нь пиджакийг нь бариулаад гарган хаалгаа янгинатал түгжсэнд Буяндорж дэмий л
-Сарнай чи битгий уурла л даа, тэгэх үү гэсээр хоцров. Үнэндээ энэ хэдэн жилийн турш Сарнай түүнийг ийн хөөж гаргасан нь багагүй олон удаатай. Гэлээ ч түүнд нэг мөсөн хөөх сэтгэл төрж байсангүй ажээ. Хаалганы ард хоцорсон Буяндорж Сарнайгийн занг бусдаас илүү андахгүй болохоор машиндаа сууж түлхүүрээ эргүүлэх зуураа сэтгэлд нь нийцэх сайхан бэлэг бариад ирвэл энэ маань эргээд хэвэндээ орчихно гэж бодон гэрийн зүг жолоо заллаа. Маргааш өдөр нь Сарнай уйдаж залхсандаа Заяа руу залган хамтдаа гадуур гарахаар боллоо. Тэд хамтдаа дэлгүүр хэсч хэрэгтэй хэрэггүй баахан юм худалдаж авав.
-Чи ингэж гунигласаар байтал хөгширлөө. Наад царай зүс чинь авах юм алга. Алив хоёулаа хамт гоо сайхны газраар орчихоод орой хуучнаа сэргээж нэг сайхан наргия гэсээр тэд өдрийг ихэд зугаатай өнгөрүүлэн орой нь нэгэн шөнийн клубт орцгоов. Энэ үдэш тэд ханатлаа бүжиглэж, хүйтэн пиво шимэн суухад хоромхон ч гэсэн Сарнайд сайхан байлаа. Хэний ч харцыг булаам хоёр дэгжин бүсгүйг хүмүүс сонирхон ажна. Тэгтэл тэдний дэргэд их л боловсон байрын цэвэрхэн залуу ирж хамт нэг ширээнд суухыг эелдэгээр хүслээ. Үдшийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөх болсондоо Заяа, Сарнай хоёр ихэд баярлаж өөдөөс нь ширтэн ажих хоёр залууг сэмхэн сонжиж суув. Нэлээд өндөр биетэй хирнээ богинохон буржгар үс нь эгээ л жаахан хүүхэд шиг харагдуулах сэргэлэн байрын залуу өөрийгөө Болдоо гэж танилцуулсан нь Заяад тун ч таалагдсан бол энгийн атлаа боловсон байрын залуу болох Галхүү Сарнайд таалагдаж байлаа. Тэд хамтдаа энэ тэрийг ярилцан хөл хөгжөөнтэй цагийг өнгөрөөж шөнө дунд болсон хойно хоёр залуу бүсгүйчүүдийг хүргэж өгөх болсонд Болдоо
-За за. Санаандгүй сайхан танилцлаа. Галаа миний хөгшин Сарнайг хүргээд өгчих юм байгаа биз дээ.Найз нь Заяаг дөхүүллээ гэсэнд Галаа
-Мэдээж хүргэж өгөлгүй яахав. За хоёулаа явах уу даа гэж Сарнайд хэлээд машинаа асаасанд Сарнай дуугүйхэн машинд суух зуураа Галаагийн тухай дотроо тааварлан энэ залуу ч нэлээн хөрөнгөтэй айлын хүүхэд байх. Бас ч үгүй боловсон юм гээч хэмээн тааварлах зуур Галаа
-Яагаад дуугүй болчихов оо. Сайн танихгүй хүнээр хүргүүлэхээсээ айж байна уу? гэж эелдэгхэнээр инээмсэглэн асуухад Сарнай
-Яалаа гэж дээ. Харахад чи итгэл даахаар залуу байна гэж хэлээд чимээгүйхэн урдах замаа ширтэнгээ хэллээ. Гэрийн үүдэнд хүртлээ тэд бага гэлтгүй үг солилцож Галаа түүнд дахин уулзах санал тавьсанд Сарнай ч дуртайяа хүлээн аваад гэртээ орлоо. Түүний толгойноос Галаагийн тухай бодол огт салахгүй байв. Магадгүй энэ сэтгэгдэл ойрын хэдэн жил зугаацаж, эрчүүдээр хүрээлүүлээгүйгээс ч болсон юм билүү. Унтах гэсэн ч нойр нь хүрэхгүй орондоо хэдэн тийш хөрвөөн утас авч Заяа руу залгалаа.
-Байна уу? Сарнай юу? Чамайг залгана гэж мэдээд байсан юмаа. За тэгээд наад залуу чинь ямар санагдав даа гэж тас тас хөхөрхөд
-За боль доо. Сайн мэдэхгүй байж юуных нь таалагдах гэж нэрэлхэсэн янзтай хэлтэл Заяа
-Харин надад Болдоо их таалагдсан шүү. Чи яагаад байгаа юм бэ? Өмнө нь чи бид хоёр ёстой хэд л бол хэдэн эрчүүдтэй танилцаж байсан биз дээ. Одоо л цэрвэдэг болчихоо юу. Гэхдээ л дууны чинь өнгөнөөс тэр Галхүү чамд таалагдсан л байна даа гэж хөхрөн хоёр бүсгүй утсаар баахан ярьж шинэхэн танилцсан залуусынхаа тухай элдэв таамаглал дэвшүүлэн нэлээн ярилцлаа. Шинэ өдөр эхэлж Сарнай гэртээ ганцаар байвч яагаад ч юм сэтгэл гэгэлзэн оройн найман цагийг хүлээж суутал нэгэн санаандгүй зочин ирсэн нь Буяндоржийн дотны найз бас бизнесийн удаан жилийн түнш Мягмар байв. Анх Сарнайг Буяндоржтой танилцахад Мягмар ч бас хамт байсан юм. Бас ч үгүй хөрөнгө чинээтэй энэ эр хүүхнүүдийг ёстой л нэг зангиа шигээ сольдог нэгэн болохоор найзынхаа нууц амраг болох Сарнайд нүд унаган, хөл алдаж өдийг хүрсэн билээ. Мягмар зөөлөн буйдан дээр тухтай нь аргагүй дөрвөн мөчөө тэлэн сууж худлаа инээн
-За, манай Сарнай юу хийгээд байна даа. Буянаа Синга явсан гэл үү? Чи ч ёстой уйдаж байгаа юм байна даа гэж зальтай нүдээр Сарнайг ширтэн инээхэд хамар доорх яг л Гитлерийнх шиг атлаа шингэн, зэвүү хүрэм хэсэг сахал нь хөдлөхөд Сарнай дотроо жихүүцэн арзасхийж
–Харин тийм ээ. Таны ажил сайн л биз дээ?
-Сайн сайн. Ойрд уулзалдаагүй болохоор энэ хавиар явж таарахаар нь ороод ирлээ. Нээрэн та хоёр хүүгээ сургуульд сургах гээд Америк явуулчихсан гэл үү? Ээ дээ, Эрхэс хүү ч аав шигээ мундаг хүн гарна даа гэж хэлэхэд Сарнай хариуд нь юм хэлсэнгүй.
-Ах нь хэд хоног амралтанд яваад саяхан ирсэн. Буянаа хэлж байгаа биз дээ. Бид хэд ёстой нэг сайхан амарсан даа гэхэд Сарнай гэнэт Буяндорж худлаа хэлснийг мэдээд уур нь хүрч байвч ил гаргалгүй
-Өө хэлэлгүй яахав.Буянаа ах надад ярьсан. гэж худлаа хэллээ. Мягмар нэг юм хэлэх гээд болж өгөхгүй байгаа бололтой суудал дээрээ тогтож ядан
-Сарнай чи орой зав гаргаач. Хоёулаа нэг газар сууж жаахан хөөрөлдөе гэсэнд орой Галаатай болзсоноо санаж Сарнай бушуухан
-Уучлаарай, Мягмар ах аа. Би орой завгүй гэж аргалаад өнгөрөөв. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй энэ хачин хүнээс Сарнай салахын түүс болж эгээтэй л улаан цайм хөөгөөд гаргачихсангүй. Мягмар Сарнайгийнхаас гарч явахдаа түүнийг өөрт нь дургүй байдгийг угаасаа мэддэг болохоор шазуур зуун, дотроо ёстой сүрхий хүүхэн шүү. Яахав ээ. Хэзээ нэгэн цагт чи минийх болноо гайгүй гэж өөртөө их л зоримог хэлээд явж одов. Хүсэн хүлээсэн найман цаг болоход Сарнай гүйгээд оччихмоор байвч өөрийн баримталдаг бяцхан дүрмээ санаж арван таван минут хоцроод очтол намуухан хөгжимтэй кафед Галаа цонхоор ширтэн суугаа нь харагдлаа. Сарнайгийн орж ирэхийг харсан Галаа түүнийг ширээнд урьж суулган бас ч үгүй үнэтэй дарс захиалж авчруулан хундага тулгаж танилцсаныхаа баярыг тэмдэглэв. Галаа Сарнайг тасралтгүй ширтэх нь Сарнайд нэг л хачин санагдаж тэрхэндээ ичингүйрэн сандарч
-Яагаад намайг ингэтлээ хараад байгаа юм бэ? Эвгүй байна ш дээ.
-Уучлаарай. Өөрт чинь эвгүй санагдаж байгаа байх л даа. Гэхдээ та нэг л танил дотно санагдаад байх юм.
-Тийм үү? Ингэхэд өөрөө их боловсон яриатай, хотын залуусаас нэг л өөр юм. Гадаадад сурч байсан уу?
-Яг таачихлаа. Би бүр багаасаа Америкт сурч амьдарсаар өдий хүрсэн. Саяхан ирсэн юм л даа. Удахгүй буцна гэхэд Сарнай
-Хөөх, тэгвэл бараг Америк хүн болчихсон юм байна шүү дээ гэж хэлэх зуураа “Миний муу хүү яаж яваа бол” гэж дотроо зовнингуй бодлоо. Тэд энэ үдэш нэлээд сайн танилцаж, сүүлдээ хүндэтгэлийн харьцаагаа орхин хэзээний л найзууд шиг хөөрөлдлөө. Галаа хар багаасаа гадаадад амьдарч бие даан хувийн бизнес эрхлээд чамгүй амжилт олсон ч эх орондоо ирэх болсон шалтгаан нь хайртай бүсгүй нь өөд болоод нэг жил болсон болохоор гэр бүлд нь хүндэтгэл үзүүлэхээр иржээ. Яагаад ч юм төрсөн гэртээ очоогүй буудалд байрлаж яваа нь Сарнайд сонин санагдсан ч асууж зүрхлэсэнгүй. Харин Сарнай өөрийнхөө тухай юу ч ярих билээ. Хүнд хэлэх нь битгий хэл бусдаас нууж амьдрах заяатайгаа ярилтай нь биш. Тэд олон зүйлийг ярилцаж суусны эцэст хамтдаа шөнийн гудамжаар алхасаар нэг мэдэхнээ Сарнайгийн гадна иржээ. Галааг түүнтэй дахин уулзая гэж хэлэх болов уу гэж Сарнай амихандаа хүлээж байсан ч хачирхалтай нь Галаа энэ талаар юу ч хэлэлгүй явлаа. Энэ шөнө Сарнай унтаж чадалгүй хөрвөөж байтал утас дуугарав Сарнай хэн нэгнийг гэж тааварлахаасаа илүү Галааг гэдэгт бүрэн итгэлтэйгээр утсаа автал
-Яасан гайхаж байна уу? Мягмар ах нь байнаа гэх цахиртсан хүйтэн хоолойг сонсоод Сарнай бүр гайхаж
-Юу болоо вэ? гэж асуутал Мягмарын хачин хахир инээд утасны цаанаас тодхон сонстож
-Юу л даа. Ах нь сая санаандгүй танай ойролцоо явж байгаад нэг сонин юм харлаа. Чи арай муу Буянааг маань орхиж байгаа юм биш биз. Уучлаарай уул нь надад хамаагүй л дээ гэж тоглоом шоглоомын аль нь ч биш юм ярихад Сарнайгийн уур гэнэт дүрсхийж
-Та өөрөө энд юугаа шиншилж явдаг юм бэ? Арай намайг тагнасан юм биш биз дээ. Ер нь ч тэгээд би хэнтэй уулзахаа таниар битгий хэл Буянаа ахаар ч заалгахгүй шүү. Би одоохондоо эрх чөлөөтэй хүн гэсэнд
-Үгүй ээ чи битгий уурла л даа. Тийм бишээ гэж учирлахад Сарнай утасаа тасхийтэл тавиад үгүй ерөө энэ хүн өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Сарнайг сайн мэдэхгүй л байна даа гэж бухимдан бүхэл шөнөжин уурлаж уцаарлах, эргэцүүлж бодохын аль алинийг хослуулсаар үүрийн гэгээтэй золгов.