Бичлэгийн тоо 497

ОЮУТАН АХУЙ

Үжин Боргиог сэрээгээд, Готов ах, Пагма эгч хоёрт баярласан, талархсанаа илэрхийлээд буулаа. Хаалганы оньсны сурыг өдийд сугалчихсан байдгийг нь
мэдэхийн дээдээр мэдэх хирнээ сурсан зангаараа нэг тэмтэрч үзсэнээ Боргио руу харвал ганцхан ухасхийн сурамгай гэгч нь хашаа даван ороод хашааны явган хаалга онгойлгох зуурт гэрийнх нь гэрэл асах нь тооноор нь харагдлаа.
Ээж нь орж ирэхэд нь аль хэдийн галаа шилгээн сэргээгээд тогоо тавин цай үйж байснаа:
-Энэ орой болсон хойно юун автобус манайд ирдэг билээ гэж гайхаж байтал Боргиогын хашаа давалт мөөн, мөн... гэснээ үнэхээр чимээ чагнах мэт чив чимээгүй болсоноо:
-Тэгээд л бослоо. Миний гурван хүү яагаа вэ? Ямар орой явах юм, эмээгийн ангаахай зүгээр биз хө? гэж дээр, дээрээс нь урсгалаа. Үжин:
-Охин орой жаал сандаргаад, аг таггүй уйлаад. Ядаж байхад автобусны ч мөнгө байдаггүй. Боргио өнөөдөр шинэ бараа татаад гээд жаал оройтож ирээд хэмээн нөхрөө анх удаагаа архи уусныг нь булзааруулан, хаацайлан худлаа хэлснээ:
-Саяын кондуктор эгч янз нь чихээр нь салхи авхуулчихаж дээ, чих нь өвдөхөөр л нялх хүүхэд ингэтлээ уйлдаг юм гэж байна билээ гэлээ. Үжингийн ээж нь зээ охиноо авах зуураа:
-Бүжээн, миний охин цайгаа аваад, тэр хоол халаа. Боргио маань ажлаасаа шууд яваа юм бол хоол цай идэж амжаагүй л яваа байлгүй. Боргио минь ажил яах вэ, сургууль соёл чинь ямаршуухан байна даа? Боргио:
-Ажил ч яах вэ биш шүү, ээжээ. Хэрэгтэй, ямар насаараа та хэдийгээ зулгаалтай нь биш. Биднийг төрүүлж, өсгөж, өдий хүртэл тэжээчихээд байхад нь бид алийн болгон хүүхдээрээ байж та нарыгаа зулгаах вэ. Эртхэн бие дааж, амьдралд өөрсдөө хөлөө олъёо доо гээд Үжингийн аягалж өгсөн цайнаас ойчлонгоо:
-Хичээл ном ч яах вэ, одооноос аргыг нь олж байна. Эхний хэдэн өдөр нөгөө л арван жилд байдаг шиг "за одоо үүнийг бичээрэй, түүнийг тэгээрэй" гэдэг шиг байх юм бодоод багшын хэлэхийг нь хүлээгээд мангаагайд сууж байснаа бодвол конспект хөтөлж сурч л байна даа. Ерөнхийдөө арга барилыг нь олчихлоо гэх үү дээ гээд хэдийвээр хар ч гэсэн ааг нь ханхалсан шинэхэн халуун хар цайнаас урьд өмнө ууж үзээгүйгээрээ ууж байгаадаа баахан гайхазнан "Ээ дээ, энэ чинь л яг одоо надад жинхэнэ бөөн витамин, нуль травдин болох нь ээ дээ, түрүүн чинь юу, юу болоод өнгөрчихвөө" хэмээн нэг их хэтэртлээ архи уугаагүй ч анхны удаа хуучин ахмад ажилчидаар шахуулан, шахуулан арай ядан ёс болгож гуравхан хундага хоолой давуулснаа санан, санан "За чи муу тэгнэ байхдаа, дахиад чамай мууг хоолой давуулна байгаа даа" хэмээн дотроо заналтай нь аргагүй бодон суух тэрхэн үед хадам ээж нь зээ охиноо шуналтай нь аргагүй хэд, хэд үнэрлэсэнээ:
-Миний муухай ангаахайг, энэ муу аав ээжшүү хоёр юм нь өвтгөөд байна уу? Муу хоёр золигийг дээ хэмээн зээтэйгээ ярилцан, өхөөрдөн бас дахин үнэрлэсэнээ:
-Муухай амьтан шүү. Боргио аав, ээжийнх нь ажил төрөл, бие хаа нь сайн биз дээ. Аль, аль нь ажил гэсээр ойрд ер уулзалдсангүй. Уг нь энэ өвөлдөө охин чинь нялх байхад аавындаа өвөлжөхгүй дээ гэлээ. Халаасан гурилтай шөл том, том халбагадан хахчихвий дээ гэмээр үнхэлж суусан Боргио амандахаа залгисанаа:
-Тэр дэмий. Аав ч нэг л дуугарсан бол хэлснээсээ ухарч няцна гэх биш. Ээжэд бол ч санаа байсан л даа. Бид гурваас болоод тэр хоёрын хооронд хөөрхөн иргэний дайн болоод авсан шүү хэмээн нилээн ярих шинжтэй болж ирсэнээ гэнэт духаа алгадан:
-Ээ чааваас аа, түрүүнд сандарч байж цүнхээ хаяад гарчихсан байна шүү дээ гээд цагруу нэгэнтээ харсанаа:
-Ядаж байхад маргааш эхний паар зачёттой байдаг, явахаас гээд эрслэн бослоо. Бээлийгүй учир хоёр гараа халаасандаа лавхан шургуулан, хавар намрын хар драпан пальтоныхоо захыг босгон хүзүүгээ нугдайлган, "амины цагаан" хочтой саравчтай малгайгаараа нэг чихээ даран хажуулдуулаад, нөгөө тийшээ гилжийж чихээ пальтоныхоо захруу шургуулан золбин нохойноос болгоомжлохын учир засмал даган гүйх газраа гүйн, алхах газраа алхах зуураа "За байз цүнхээ ажил дээр орхичихсон болов уу, гэртээ авч очсон юм болов уу? Ямартай ч дэлгүүрээр шагайгаад гаръяа, манаач өвгөн өдийд дуг нойрондоо дугжирчихсан болов уу, сэрүүн байгаа болов уу. Ёстой дахиж л энэ архи гээч юмыг яаж ч байсан амсахгүй юм шүү! Галзуу Дууяа эгч, гайтай эрхлэгч авгай хоёроос л холхон явах минь. Ганцхан, ганцхан гэж нэг татуулчихаад араас нь эр хүн найранд гурван дугараатай гэдэг юм, гурав татна шүү гэсээр байгаад гуравхан татуулахад энэ шүү дээ, ёстой больёо чи минь, ёстой аймаар юм байна" гэж өөрөө өөртөө ам тангарга тавьж явлаа.
Ганц, хоёр, гурав, гуравхан хундага... Гуравхан гээд цайны сэнжтэй сиян аяганы талаас арай доохнуур гурав татахад ямар болдогыг ууж үзсэн архаг гарууд, хуучцуул, архагууд л ямар байхыг нь мэдэхээс биш, дөнгөж энэ хавар арваа төгсөн их сургуульд орсон ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй, ёстой амных нь салиа нь ч гүйцэд арилаагүй хүүхдээрээ Боргил маань хэрхэн яаж мэдэх билээ дээ.

* * *

-Ээжээ, саяын Готов ахыг харахаар нэг л таньдаг хүн шиг санагдаад болдоггүй. Урьд өмнө ер тааралдаж яваагүй хүн байж нэг л таньдаг төрх санагдаад байх юм, сонин юмаа. Аав та хоёртой минь адилхан жолооч хүн болохоороо тэгж санагдсан юм болов уу даа гээд хоймрын орны арын ханын хөшгөнд тогтоосон аавынхаа жаазтай зургийг харсанаа яагаад ч юм нэг их уртаар санаа алдлаа. Ээж нь:
-Хэн гэнээ, Готов гэв үү? гэснээ орон дотроо тохойлдон өндийж:
-Бүжээн, миний охин авдарнаас зургийн альбом аваад ирээч гэснээ эмээгийнхээ эмчилгээнд өвчин нь намдан үнэгчлэн унтах зээ охиноо энхрийлэн үнэрлэсэнээ:
-Миний муу ангаахай чинь төөрсөөр төрөлдөө гэгчээр төрлөө олоод ирээгүй байгаа даа гээд өндийн сууж хэдэн хуудас эргүүлсэнээ эрсэнээ олов бололтой нэгэн хуудас дэлгээд:
-Бүжээн, энэ зурагнууд дотор таньдаг хүний зураг байна уу гээд Үжинд өглөө. Үжин ганцаараа болон олуулаа, хоёулаа, гурвуулаа гээд олон янзаар авхуулсан зурагнуудыг ээлжлэн няхуур гэгч нь харж байснаа тэр доод буланд байх уртаа гэгчийн гонжийсон хөвөнтэй тэрлэгэн дээр улаан бүч зүүн, дугуй хар бритэн малгай бөмбийлгөн тавьсан том жижиг хоёр хүүхдийн зурган дээр өөрийн эрхгүй харц нь тогтлоо. Том нь ч яах вэ, аавынхаа зураг гэдгийг бүр хүүхэд байхын мэднэ. Харин түүний дэргэдэх жижиг хүүхдийнх нь зураг!...
Үжин нэг л итгэл муутайхнаар:
-Ээжээ, энэ хүүхэд чинь л саяын Готов ахтай нилээд төстэй ч юм шиг санагдаад байх юм. Аль эсвэл миний санаа дагаад тэгж харагдаад байгаа юм болов уу даа, бүү мэдээ гэлээ. Ээж нь:
-Аль нутаг усны хүн гэдгээ хэлж, яриагүй биз? гэхэд Үжин:
-Үгүй ээ, ээжээ. Яаж жолооч болсон тухайгаа л яриад явсан юм. Тээврийн жолооч байж байгаад саянаас автобусны жолооч болж, өнөөдөр анх удаагаа шугаманд явж байгаа юм билээ гээд баруун орон дээр ганцаараа унтаж байгаа бага дүүгийнхээ өвөрт орон дүүгээ нэг үнсээд хэвтлээ. Ээж нь гэрлээ унтрааснаа намуухан дуугаар нэгэн бяцхан түүх өгүүлж өгчээ.

* * *

Үжингийн аав Эрдэнэ нь ээжээс нь дөрөв дүү байсан бөгөөд, хоёр өөрийн эцгийн боловч газар дээр ганц дүүтэй байсан юмсанжээ. Харамсалтай нь хувь заяаны эрхээр дүүтэйгээ хамтдаа байсан цаг хугацаа нь тунч нэг хомсхон байжээ. Эрдэнэ багын өсгөлүүн том биетэй байсан ба ээж хүү хоёрыг харж хандах ах дүү наргүй учир элэг барих хүмүүс, ирж гоочлох нутгийн харчууд ч бага биш байсан бөлгөө. Эрдэнэ өөрийн эцгийг мэдэхгүй, ээжээсээ асуувч цаг нь болоогүй, том болж ухаан суухаар чинь хэлж өгнөө гэсээр ер хэлж өгөөгүй байсаар нэгэн хавар малын хойноос яваад ор сураггүй алга болсон юмсанж.
Зургаатай байх үед нь багийн дарга нь Эрдэнийг хүүхдийн тоо гүйцээх гэж сумын бага сургуульд хөөсөн учраас сумын сургуулийн дотуур байранд суух болсон юм. Арайхийн өвлийг аван, хавар хичээл тарахад сумаас хөдөөлөхөөр нүүж явсан айлын нүүдэл бараадан, хонь малаас нь туулцаж явсаар гэртээ ирэхэд ээж нь хариугүй тулгар биетээ угтсан бөгөөд хэдхэн хоноод амаржиж Эрдэнэ маань доороо дагуулах эрэгтэй дүүтэй болсондоо хөл газар хүрэхгүй баярлаж байсан бөгөөд ээж нь дүүд нь Готов гэж нэр хайрлажээ. Гурав дугаар ангиа төгсөөд суманд дунд сургууль байхгүйн учир аймагруу шилжэн суралцаж мөн л дотуур байранд амьдарсаар дунд сургуулиа төгссөн жилээ л арайхийж гэрийн бараа харсан байна. Харин ингэж ирэхдээ олон жил дотуур байраар явж, хичээл даалгавраа хийсний дараа орой үдшийн цагаар өөр хийх юмгүйн учир том том ах, эгч нарын дэвэн дэлхийн элдэв сонин, солиу гажуу болон хүний амьдралын түмэн ээдрээ, буман нугачаа, элдэв болсон явдал энээ тэрээ гээд есөн шидийн яриа сонссоор байгаад ямарваа нэгэн үйл явдлын учир зүйг тайлах гэж оролддог болсоных, бас ч гэж эр бие өсч арван таван нас шүргэж яваагынх ганц дүү Готов нь хэнтэй адилхан болж өсч байгаа, яагаад яагаа ч үгүй хар нялхаараа сургуульд хөөгдсөнийхөө учрыг багцаалдах болсон билээ. Энэ үедээ суманд нь ажиллаж байсан зөвлөлтийн сургагч мэргэжилтнээр патиараа татуулсан нь ах дүү хоёрын амьдралдаа хамтдаа авхуулсан цорын ганц зураг нь энэ зураг байсан юм.
Тэр намраа нэгэнт хар багаасаа дотуур байраар явж, багаасаа биеэ дааж сурсаны учир хот орж ажил хийхээр шийдэн, ажил төрөлтэй болж баттай хөл дээрээ босохоороо ирж ээж, дүү хоёроо ирж авахаар ярьж тохиролцон ээж дүү хоёроороо үдүүлэн, ээждээ үнсүүлэн, дүүгээ үнсээд салах үедээ ээжтэйгээ ч тэр, дүүтэйгээ ч тэр дахиж уулзалдахгүйгээр салж байгаагаа хэн хэн нь ч тухайн үедээ огт мэдээгүй байсан юм. Сум хүртэл мориор яваад, сумаас аймаг руу, аймгаас хотруу шуудангын машинаар явж бараг хоёр долоо хоног явсаар хотод ирэн "Барилгын мэргэжилтэн бэлтгэх түр курс" гэгчээр барилгын мэргэжилтэй болж тухайн үед ид баригдаж байсан "зуун хорин мянган айлын сууцны хорооллын" хоёр дугаар ээлжийн барилга дээр ажиллаж байхдаа ээжтэй нь танилцаад улмаар нэг гэрт орсон юм байж. Ингээд хотруу явсанаасаа хойш бараг гурван жилийн дараа л буюу Үжинг төрсөн жил арайхийн боломж гаран ээж, дүү хоёроо авчирахаар нутаг явсан боловч Эрдэнийг хот явсаны дараа хавар ээж нь шуурганд уруудсан малын хойноос яваад ор сураггүй алга болсон бөгөөд төрсөн ганц дүүгий нь нутгаас нь өргөж авах айл олдсонгүй, багийн дарга нь баруун аймагруу нүүдэллэж явсан нэгэн айлд өргүүлсэнээр сураг алдарсан юмсанжээ. Эрдэнэ тийм ч учраас ажлаа солин, эхнэрээ дагуулан шуудангын хоёр дугаар баазад хоёулаа дагалдан жолоочоор ажилд орж жинхэлсэн цагаасаа эхлэн аль болохоор баруун аймгуудруу зам аван газар дээрхи ганц дүүгээ хайсан боловч ололгүй байсаар Үжинг тэр жилээс эхлэн бий болсон бэлтгэл анги гэгчид сууж байх үеэр автын ослоор бурхан болсон билээ.
Харин одоо зээ охин нь эмээдээ, бас ээждээ төөрсөөр төрөлдөө гэгчээр төрлөө олж ирсэн болов уу, яасан бол...

* * *

Боргилынх гэдэг айл голомт тусгаарлан гарсаар гурван өвөл өнгөрч, гуравдугаар курс төгсөх хавар нь гэхэд хоёр хөөрхөн охинтой, дөрвөн ам болсон байсан бөгөөд Үжин мөн л жирэмсэн болчихсон байлаа. Үжин маань сүүлийн үед "Хар залуугаараа хүүхдэд дарагдаж, гэрийн авгай болох нь" гээд жаал ааш муутай байх болсон бөгөөд өдөр өнжилгүй л "Сургууль соёл бараадмаар байна, хайран сайхан залуу насаа хүүхэд харсаар өнгрөөмөөргүй байна" гэж үглэхэд Боргио маань "Гайтай ч юм аа даа, тэр эспараал (спираль- ерөндөг) гэдэг юмыг нь чаддагсан бол олоод өгчих юмсан. Өөрөө л календарь яс хөтөлж байгаа л гээд байсан байж, ганц намайг буруутгаад байхдаа ч яах вэ дээ" гэж бодовч түүнийгээ хэзээ ч ил хэлж байсан удаагүй. Сургууль соёлын талаар бодоогүй ч биш бодсон, хөөцөлдөж ч байгаа. Гагцхүү бүтэх эсэх нь эргэлзээтэй учир Үжинд ер дурсаагүй билээ. Боргио маань ерөөсөө хар багын л тийм зантай хүүхэд байсан юм. Ямар нэгэн юмыг хий, хоосон яриад яваад байдаггүй, шууд л ажил хэрэг болгон хэрэгжүүлдэг. Түүнийгээ одоо л боллоо, гүйцэд боллоо гэсэн үед л хүн амьтанд сая л дуулгадаг сонин зантай хүүхэд байсан ба тэр зан нь одоо улам ч бүр тодорсоор байгаа билээ. Боргилыг арав төгсдөг жил Шагдарсүрэн багш Ардын Боловсролын Яаманд реферэнтээр очсон ба ээж нь хуучин сургуулийнх нь захирал багш болж билээ. Уг нь аав, ээжээсээ ямар нэгэн юм гуйхгүй гэж боддог боловч энэ удаа аавынхаа хөлд суусаар ямартай ч Үжинг ирэх намраас поль(Польтехникумын Дээд Сургууль)- д ичнээгээр сургахаар болгоод авсан билээ. Урьд өмнө баттай хариу дуулаагүй байсан бөгөөд өнөөдөр л шийд нь гаран баттай болсоныг мэдэж аваад Үжинд очиж дуулгахаар хөл газар хүрэхгүй яваа билээ. Бас нэгэн давхар тэмдэглэлт үйл явдал бол энэ сараас эхлэн Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан болж байгаа бөгөөд сая л анх удаа нэрэмжит цалин гурван зуун төгрөгөө авчихаад сургуулиасаа шууд их дэлгүүр орон нэмэгдсэн жаран төгрөгөөр нь Үжингийн хүслэн болоод байдаг гурван хавтастай толийг нь аваад явж байгаа билээ. Уг нь ганц байтугай өдий төдий гурван хавтастай тольтой болох боломж байсан ч тэгээгүй л юм. Аав, ээж хоёр нь газар дээрхи ганц хүүгийнхээ хуримыг ёс төртэй хийнээ гэхэд нь "Тэгж ч нэг хотоор нэг хүмүүст нулимуулахгүй юм шүү" гэж тас зөрсөөр хурим хийлгээгүй бөгөөд охиноо төрсний дараа хоёулаа хөтөлцөж очоод л бүртгүүлж билээ. Аав, ээж хоёр нь аашилж нэг үзээд, аргадаж нэг үзээд, Үжинг далдуур ятгаад ч яаж ч чадаагүй бөгөөд харин Боргил маань тэр их хурим хийх гээд илүүдээд байгаа мөнгөөрөө хашаа байшин аваад өгчих гэснийх нь дагуу Хайлаастад хашаа байшин авч өгөн Боргилынх гэдэг айл галаа бадраасаар нэг л мэдэхэд гурван жил болчихсон нь энэ ажгуу.
Анхлан гурван ам нэгдүгээр курсын оюутны степендний зуун наян төгрөгийг яаж ч нарийлаад хүргэхээргүй байсан учир нэгдүгээр курст байхдаа гучин хоёр дугаар хүнсний дэлгүүрт үдээс хойш грушка, мах цавчигч хийх болсон бөгөөд өглөө эхний автобусаар гараад л орой ес хагас гэж орж ирээд л шөнө нэг, хоёр хүртэл хичээлээ бариад суучихдаг байлаа. Хоёртоо курсын нэмэгдэлтэй хоёр зуун хорин төгрөг, гуравтаа хоёр зуун дөчин төгрөгийн степенд авч байсан бол энэ сараас эхлэн нэрэмжит цалин гурван зуун төгрөг гэдэг бол ёстой л тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.
Намар хичээл эхлэхийн өмнөхөн Үжин амаржиж Боргиогын хүслэн болсон хүүг нь төрүүлж өглөө. Хүүгээ харж гэртээ хоёр сар болоод л хоёр багыгаа яслид, том охиноо цэцэрлэгт өгөөд Үжин ичнээгээр хичээлдээ орлоо. Өглөө хүүхдүүдээ хүргээд өгчихвөл завтай болох бөгөөд урд өдөр нь өөрийнх нь захисан ном, сурах бичиг, зарим нэгэн оюутны конспект гээд хэрэгцээтэй бүхнийг нь Боргил нь олоод ирдэг учир бас ч гэж амар байлаа. Ойлгохгүй, мэдэхгүй зүйлийг нь заагаад өгөх Боргио хэмээх бэлээхэн багш дэргэд нь байхад сурахад нэг их хүндрэл байсангүй ээ.

* * *

Үжинг ичнээгээр суралцсаар нийтийн хоолны технологич болон төгсөх үедээ, "Нийтийн хоолны газруудын техникүүд ба техникийн шинэчлэлт" гэсэн сэдвээр дипломын ажлаа хамгаалахдаа Үжин маань мөн л өнөө маргаашгүй болчихсон тулгар биетэй байсан билээ. Ингээд энэ айл төд удалгүй бүл нэмэн бас дахиад хүүтэй болон хагас жил орчим болоод Үжин маань Нийтийн хоолны трестэд техникч, зааварлагчаар орж ажиллаа. Тэр үед Боргил маань сургуулиа аль хэдийн төгсөөд гурван жил ажиллачихсан туршлагатай багш, лектор болчихсон эргээд сургуульдаа багшлахын зэрэгцээгээр оройгоор Намын дээд сургуульд сурч байсан юм. Престройка, өөрчлөн байгуулалт гээч юм аль хэдийн эхлээд ид хүчээ авчихсан, хуучны юм ул болж, шинэ юм зул болж байсан үе бөгөөд нөхөрлөл, хоршоод байгуулагдаад эхэлчихсэн байсан үе. Дарга, удирдах ажилтнуудад тун ч нэг халтай үе байлаа. Үжинг шинэхэн болохоор нь ч тэр үү ажилчид нь элэг бариад ч байх шиг санагдах боловч угийн дуу цөөнтэй Үжин маань урьд өмнө удирдах ажил хийж яваагүй, туршлага муутай учир доодуулдаа хэмлүүлж, дээдүүлдээ зэмлүүлсээр арай гэж ажлийнхаа арга барилыг олмор аядаж байгаа билээ. Жаахан л ширүүхэн шаардлага тавьчихвал "Битгий захиргаадаад байгаарай" гэж хэгжүүрхэх хуучин ажилчдын өмнөөс юу ч хэлээд нэмэргүй. Дуугарч гэмээж нь нөгөөдүүл нь бүгдээрээ нийлж аваад боорлож өгөх учир аль болохоор ажилчидтайгаа харьцмааргүй санагдана. Гэлээ гээд ажилчидтайгаа харьцахгүй ямар л удирдах ажилтан байх билээ дээ. Нэг өдөр мөн л бөөн зарга, зайлхай болоод арайхийн салан гэртээ ирэн чаддагаар нь нэрж суутал Боргио ирлээ. Гадуур хувцасаа ч тайлалгүй өөрийнхөө урлан хийж тавьсан түшлэгтэй модон сандалд лаг хийтэл сууснаа:
-Энэ ч нэг л юм болно шүү. Энэ цаг үе нэг л бишээ. Хөгшин чинь өнөөдөр нийгмийн ухааны факултетийн гуравынхан, бас ШУКО (Шинжлэх ухаан Ленинизмын онол)-гын дөрөвийн оюутнуудад үхтэл баалууллаа. Хоцрогдсон л гэнэ, шинэ арга барилаар ажилдаггүй хуучинсаг үзэлтэй л гэнэ. Лекцийг оромдож, цаг нөгцөөх төдий уншдаг л гэнэ. Тэгж байтал Гончигоо декан хүртэл нөхдүүдтэй нийлээд авч өгдөг байна шүү дээ. Би уг нь өөрийгөө төгсөөд удаагүй байгаа, цоо шинэхэн гялалзсан, эрч хүчтэй боловсон хүчин гэж бодож явсан юмсан, үгүй ээ юм байна л даа. Ямар ч цаг үе гэж ийм байдаг байнаа. Энэ ч нэг юм болох нь ч болноо гэж Үжинд хэлж байгаа, өөртөө ярьж байгаа нь ч бүү мэд үглэж сууснаа нэг л мэдэхэд хурхирч байлаа. Үжин сэрээгээд хоол цайгы нь өгөх гэтэл архины эхүүн үнэр сэнхийхэд арайтайл огьж орхисонгүй. Тээр жил нэг удаа дэлгүүрийнхэнд шахуулж ууснаас хойш "Биед таардаггүй, эмч хориглосон" шалтагаар ам таглан огт амсдаггүй болсон бөгөөд гурван жилийн өмнө их сургуулиа дүүргээд хөөрч баярласандаа ангийнхантайгаа хонхны баяраар хэтрүүлэн ууж согтон, эрүүлжигдэн баларснаас хойш нөгөөх л шалтагаар ам хаан ер амсаагүй байсан билээ. Харин өнөөдөр чухам юу болоод уусныг нь одоохондоо Боргилоос өөр мэдэх хүн хэн ч байхгүй билээ.
Аав ээжийнхээ адилаар түүхч мэргэжлээр МУИС- ийг дөрвөн жил сурч дүүргээд, эргээд сургуульдаа багшалж байгаа хүний хувьд МАХН, Улс Төрийн Товчоо, Ардын Их хурлын Тэргүүлэгчдээс тухайн үеийн лидрүүд, докторуудаар "БНМАУ-ын нэн шинэ түүх болон, МАХН-ын яруу алдарт түүхэн замналыг шинээр зохиосугай!" хэмээн зарлиг болгон шинээр зохиолгосон зохиомол гоёчолсон түүхийг ягштал цээжлэн, тэр дагуугаа эргүүлэн оюутнуудад зааж байсан Боргио маань нэг л өдөр ийнхүү цагийн шуурганд уруудан, автах юм чинээ хэрхэн санах билээ. Түүнээс хэдхэн сарын дараа Монголын Ардчилсан Холбоо гэгч байгууллага байгуулагдан хөхөө өвлийн хүйтэн цагаар Залуучуудын Соёлын Төвийн гадаа анхны цуглаанаа хийн, улмаар дараа оных нь хавар цагт Монголын түүхэнд урд өмнө байгаагүй өлсгөлөн гээчийг зарлан байж тэр үеийн Улс Төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулан, социализм, коммунизм гэгдэж байсан нэгэн бүхэл бүтэн нийгмийн бүтцийг орвонгоор нь эргүүлэх юм гэж тэрхэн үедээ Боргил маань ч, Үжин маань ч ер тэр үед амьдарч байсан хэнбэ гуай нь ч гэсэн мэдээгүй л явсан бөлгөө.
Эцсийн эцэст хэлэхэд түүхийг хэн нэгэн бичгийн хүн л байгаагаар нь, болж өнгөрсөнөөр нь бичиж үлдээдэг болохоос биш түүхийг хэн нэгэн дарга даамал, эрхтэн дархтаны захиалсанаар гоёчлон шинээр зохиодоггүй л байхгүй юу.

Үргэлжлэл бий.

 


profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1317069/fb3/trackback

Itgelxvv

2009.04.26 11:31:39
*.25.23.158

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131

Нутгийн шувуу нуурандаа очиноо-2 [1]

П. Дэлгэржаргал. Тэр нэгэн шинэ жилийн өдөр [2]

Таван жилийн дараа. 3 [1]

Журамт гэргий-5 [2]

Бороо дагасан хайр - I хэсэг [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 12 [2]

ЯАРАЛТАЙ ХЯМДХАН ЗАРЛАА ШҮҮ !!!

  • Accord
  • 2013-05-12
  • Уншсан 7564

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 7 [2]

аалзны тор-4 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 7616

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-7 [1]

аалзны тор-3 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 7635

ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 9)

  • Levi`s
  • 2008-12-24
  • Уншсан 7719

Нутгийн шувуу нуурандаа очиноо-6 [1]

Амттай зугаалга

  • Accord
  • 2013-05-12
  • Уншсан 7783

Нутгийн шувуу нь нуурандаа очиноо-8 [1]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 2 [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 9 [1]

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-XIX бүлэг [2]

Амьдрал тоглоом биш....үргэлжлэл 4 [1]

аалзны тор-5 [1]

  • finepix
  • 2009-03-18
  • Уншсан 8128
배너신청
자생병원

배너신청