-Эмч одоо үзлэгтэй байгаа. Та өрөөнд нь ороод хүлээж бай. Та манай эмнэлэгээр бараг ирэхгүй юм. Ирж бай л даа гэсээр Пунцагийн өрөө рүү дөхүүлэв. Сувилагч охиныг явсаны дараа нөхрийнхөө ажлын өрөөнд орж, орчин тойрныг яг л мөрдөгч мэт сэжиг бүхий нүдээр тойруулан нэгжээд онц гойд юм олж мэдсэнгүй. Гэхдээ л санаа дагаад ч тэр үү энэ өрөөнөөс огт танихгүй үнэр ч мэдрэгдэх шиг санагдана. Бараг гучин минут хүлээсний эцэст Пунцаг их л баяр баясгалантай, инээмсэглэсээр орж ирсэнээ Хандааг харуутаа цочих шиг болж тэрхэн зуур өнөөх инээмсэглэл царайнаас нь ор мөргүй арилав.
-Өө, чи ирээ юу? Ямар нэгэн юм болсон юм уу гэхэд нь Хандаа
-Юу ч болоогүй ээ. Зүгээр л өнөөдөр хамт харимаар санагдаад гэж хариулангаа эр нөхрийнх нь царайд хэн ийм баяр баясгалантай инээмсэглэл тодруулсаныг мэдэх гэж байж ядан суулаа. Пунцаг Хандаа руу дахиж харсан ч үгүй. Ширээн дээрх цаас дэвтрийг онгичингоо
-Чи харьж бай. Охин ганцаараа гэрт байгаа. Би ажил ихтэй. Мөд харихгүй гэж илтээр төвөгшөөв. Хандаа санаа алдаад
-За за, тэгвэл би явъя даа гээд босох зуураа Пунцагийн ширээн дээр үргэлж байдаг жаазтай зураг байхгүйг олж харав. Асуухгүй гарч тэсэлгүй Пунцагийн өөдөөс харж их л тайвнаар
-Чи гэр бүлийн зургаа ширээн дээрээ тавихаа байчихсан юм уу гэсэнд Пунцаг уцаарлангуй
-Жаазыг нь солих гээд түр авчихсан юм. Ингэхэд чи ер нь намайг байцаах гэж ирсэн юм уу гэлээ. Хандаа хариуд нь юу ч хэлэлгүй инээмсэглээд
-Миний өвгөн, эрт хариарай. Би явлаа шүү гэсээр өрөөнөөс нь гарав. Хэдийгээр инээмсэглэн, эелдэгээр энэ үгийг хэлээд гарсан ч Хандаа дотроо нулимсаа тэвчиж, басхүү эр нөхрөө өөр хүнтэй болсонд эргэлзэх юмгүй гэдгийг ойлгов. Өдийг хүртэл юугаар ч дутаагүй аз жаргалтай амьдарч, эр нөхрөө бурхан шүтээн мэт хүндэлж, өөрөө ч төгс сайн эхнэр байх гэж хичээсэн болохоор хэзээ ч амьдралд нь гуравдагч хүн орж ирэхгүй хэмээн итгэл дүүрэн байсан Хандаа яах ч учраа олохоо байлаа. Энэ явдлаас хойш хэд хоног өнгөрлөө. Ажил дээр нь очсоноос хойш Пунцаг улам л ааш муутай, уцаарлангуй бухимдуу болжээ. Хандаа энэ хэдэн өдөрт сэтгэлээр унаж, урьдынх шигээ өнгөлөг жавхаалаг байхаа ч болив. Уруу царайлж, газар ширтсэн амьтан ажил дээрээ ирэх болсоныг нь бүгд л анзаарч гайхацгаана. Хандааг чухам юунаас болж ийм хачин болсныг Туяа л мэдэж байв. Хэдэн өдрийн турш хэлсэн үгэнд нь гомдож урдуур хойгуур нь танихгүй юм шиг зөрсөн ч дотроо өрөвдөж орой ажил тарах үест Хандаагийн өрөөнд орлоо. Бичиг цаасаа цэгцэлж суусан Хандаа Туяаг хараад дуугарсангүй. Ойртож очоод дэргэд нь сууж
-Чи надад уурласан хэвээрээ л байна уу? Уг нь бол би л чамд гомдох ёстой доо гэсэнд Хандаа хариу хэлсэнгүй.
-Найзын хувьд үзсэн харсанаа нуулгүй хэлсэнээс өөр юмгүй ш дээ. Би чамд муу санаж атаархах хүн биш гэдгийг чи мэдмээрсэн дээ. Одоо дуугаа хураахаа больж үз гээд мөрөөр нь тэвэрч
-За алив л дээ. Хэцүү байгааг чинь хараад л мэдэж байна. Сэтгэлээ онгойтол ярь, миний найз. гэсэнд Хандаа олон хоног уйлахгүйг хичээсэн болохоор энэ удаад тэссэнгүй асгартал уйллаа. Хүүхэд шиг Туяагийн энгэрт толгойгоо наан удаан уйлав. Пунцагтай амьдралаа холбосноос хойш ингэж уйлсан удаа Хандаад бараг үгүй ажээ. Туяа түүний үсийг илбэн
-За тайвшир даа. Одоо уйлаад яахав. Амьдралд энэнээс ч илүү хүнд үе тохиолдоно. Уйлж урвайлаа гээд чи хожихгүй ш дээ. Чи намайг ямар амьдрал туулж явааг мэднэ дээ гэж тайвшруулахыг оролдов. Хандаа сая л нэг тайвширч гунигтайгаар санаа алдан
-Туяа минь, би одоо яах вэ? Чи надад хэлээд өгөөч. Би чиний хэлсэнээр хийе гэсэнд
-Энэ бол чиний л амьдрал шүү дээ. Нухацтай сайн бодож үзээд ухаалаг шийдвэр гарга.
-Бодоод байх юу байнаа. Сална гээд зүтгэчихье гэж Хандаа зориг муутай дуугарсанд Туяа бүр алмайрч
-Юу? Чи Пунцагаас салж үнэхээр чадна гэж үү гэсэнд Хандаа уруу царайлан дорой дуугаар
-Үгүй л дээ. Салж чадахгүй. Гэхдээ намайг сална гэвэл Пунцаг өөр хүнтэй явахаа болих ч юм билүү гэлээ. Туяа толгой сэгсэрч
-Чи ч тэнэг байна даа. Пунцаг уухайн тас гэрлэлтээ цуцлуулаад тэр хүүхнээ дагаад явчихвал чи яах гээв. “Тоглосон юмаа” гээд араас нь гүйх үү гэж зэмлээд дуугаа арай зөөллөж
-Чи эхлээд нөхөртэйгээ ярилцаад үз. Юу гэхийг нь сайн сонс. Тэгж байж л яахаа шийд гэж зөвлөлөө. Хандаа хэдий толгой дохин дуулгавартай суувч Пунцагтай зэрэгцэж суугаад нууц амрагтай болсон тухай нь ярина гэхэд санаанд нь ер багтахгүй байв.
-Юу юуны духанд хүрэлгүй уйлж унжаад байв даа. Ухаантай байна шүү Хандаа минь. Ийм явдал бүгдэд нь л тохиолддог юм. Тэвчээртэй нь гэр бүлээ авч хоцордог бол тэвчээргүй нь салж сарнидаг юм гэлээ. Туяагийн хэлсэн үгийг ойлгоогүй ч хэзээ нэг өдөр түүний хэлэх энэ хатуу үг үнэнд нийцнэ гэдгийг Хандаа хүлээн зөвшөөрөхгүй гээд яалтай ч билээ.
-За, миний найз одоо харь даа. Энд муухай царайлж суугаад яахав. Чиний тухай амтай болгон л ярьж байна. Дарга хүртэл чамайг яачихсан юм гээд надаас шалгаагаад байна лээ. Чамайг ч олон жил харж, битүүхэн хайрлаж яваа хүндээ гээд Туяа инээвхийлэв. Эр нөхрөө алдах дээрээ тулаад байж юун даргатай манатай. Хандаа огт сонссон шинжгүй урвайж суулаа. Орой болжээ. Ажилчид бүгд тарсан хойно Туяа Хандаа хоёрыг гартал үүдэнд Баянаа даргатай халз таарчихав. Туяа ч угийн уриалгахан найрсуу зангаар дуу шуу болж, инээж ханиан зогсоход Хандаа харцаа буруулсан чигээр түрүүлээд гарав. Баянаа дарга түүний араас зовсон янзтай харахыг нь Туяа анзаарч
-Та чинь эр хүн юм байгаа биз дээ. Тэгээд ч дарга удирдлага нь байж яагаад Хандаагаас айгаад байдаг юм бэ дээ. Тулж зогсоод хэдэн үг солилоо гээд таныг маажаад орхив гэж. хэмээн тохуурхангуй шивэгнэсэнд Баянаа дарга нэрэлхэсэн янзтай духаа илж
-Туяа минь, яагаад ч болохгүй юм байна шүү дээ. Энэ Хандаа надад бүр ясны дургүй байх аа. Тааралдах болгондоо л харцаараа тас шилбүүрдээд өнгөрөхийг нь яана. Зүрх зогсчихоо шахдаг юм гэж үнэнээ хэлсэн нь Туяаг тэсэлгүй инээд алдахад хүргэв. Туяаг тачигнатал инээсэнд Баянаа дарга ичиж байгаа нь илт нүүр нь улаан хүрэн болж
-Чи намайг дооглоод яахав дээ. Тэрнийхээ оронд даргадаа жаахан ч гэсэн тус болооч гэж хэлээд алсран холдох Хандаагийн араас гунигтай харна. Туяа инээдээ барьж
-За яахав, танд л гэж хэлэхэд одоо л Хандаад хэн нэгний хайр халамж хэрэгтэй байгаа. Юунаас нь айдаг юм. Ойр зуурын юм ярьж дотносоод ирвэл таны хайр халамжийг түлхэхгүй шүү гэсэнд Баянаа даргын манигар нүд юу болов гэмээр томорч
-Нээрэн үү. Хандаа яагаав. Нөхрөөсөө салах гэж байгаа юм уу гэж асуулаа
-Үгүй дээ, дарга минь. Хандаа нөхрөөсөө тийм ч амар салах хүн биш. Зүгээр л тэр одоо ганцаардаж шаналж байгаа гэж Туяа товч бөгөөд тодорхой хэлээд явлаа. Хэдийгээр олон эхнэр сольж, залуу халуухан бүсгүйчүүдтэй наргих дуртай Баянаа дарга хамт олныхоо дунд “улаан хөлтнийг урдуураа алхуулдаггүй” хүүхэмсэг эр гэдгээрээ зартай ч Хандааг ажилд авсанаасаа хойш эрс өөрчлөгджээ. Үүнийг нь ч ажилчид нь гадарлахаар барахгүй сайн мэднэ. Жаахан ч атугай нааштай мэдээ сонссондоо Баянаа хүүхэд шиг л баярлаж зүрх нь хүчтэй булиглана. Зуугийн талыг насласан хижээл эр ч бүсгүй хүнийг хайрлах сэтгэл нь цэл залуугаараа ажээ. Хандаа гэртээ ирээд урьдын л адил оройн хоолоо хийлээ. Урьд нь охинтойгоо гангар гунгар хийж инээж хөхрөлдөн тун хөгжилтэй байдаг байсан болохоор дуугаа хураан уруу царайлах ээжийнхээ царайг Тэргэл охин дэмий л дагуулан харж суув. Оройн найман цаг болжээ. Хоолоо аягалаад ширээний ард суухдаа Хандаа ханан дахь цаг руу хараад Пунцагийн хоосон суудал руу харцаа шилжүүлэн уртаар санаа алдав. Аягатай хоолноосоо ганц халбагадаад дурамжхан залгиад дахиж идсэнгүй. Урьд нь хэн нэгний ярианаас “Хоол ч хоолойгоор давахгүй хэцүү байна” гэх үгийг олонтаа сонссон ч өөрөө биеэрээ мэдэрсэн удаа анхных. Нээрэн хоол хоолойгоор давдаггүй юм байна гэж Хандаа бодох зуураа хүүхнүүдийн яриад байдаг шаналал зовлон, гуниг ганцаардалыг өдий олон жил дайрч биш тойрч ирсэн гэдгээ арга буюу мэдэрлээ.
-Ээжээ, таны бие чинь өвдөө юу гэх охиных нь зовонгуй асуулт түүний эрээвэр хураавар бодлыг сарниав. Хандаа инээмсэглэх гэж аядаад
-Ээж нь зүгээр ээ. Миний охин санаа зоволтгүй гэлээ. Тэгтэл гадна хөлийн чимээ гарч төдөлгүй Пунцаг ороод ирэв. Түүнийг ийм эрт ирнэ гэж санаагүй Хандаа баярлаж гадуур хувцасыг нь авч өлгөөд
-Миний хөгшин ядрав уу. Охин бид хоёр дөнгөж сая л хоолоо идчихээд сууж байна гэсэнд Пунцаг Хандаагийн юу ярьж байгааг ойшоосон шинжгүй охиноо хараад
-Миний охин хичээл нь яаж байна. Шалгалт дөхөж байна уу? Сайн бэлдэнэ шүү гэлээ. Хэзээд ганц охиндоо хамгаас илүү анхаарал тавьдаг Пунцагийн энэ мэт үгэнд Хандаа охин хоёр нь дасал болсон билээ. Нөхрийнхөө гадуур хувцасыг өлгөх зуураа үнэрлэж үзлээ. Огт танихгүй сүрчиг хамар цоргив. Урам нь хугарсан хэдий ч тоохгүйг хичээв. Оройн хоолны дараах өнөөх л дүр зураг. Охин хичээлээ хийж, Пунцаг сонингоо уншиж, харин Хандаа хийсэн юмгүй Пунцагийг ширтэн сууна. Шөнийн арван хоёр цаг болж бүгд унтахаар хэвтэцгээв. Хандаагийн нойр нь хулжжээ. Пунцагийг сэрээхгүй гэсэндээ бараг хоёр цаг шахам унтаж байгаа дүр эсгэн хөдөлгөөнгүй хэвтлээ. Тэгээд хөнжлөө зөөлөн сөхөж орноосоо сэмхэн бослоо. Ширээний чийдэн асааж галын өрөөнөөс ус аягалж уух зуураа Пунцагийн сэрүүн эсэхийг ажиглаад пиджак руу нь муур аятай мяраасаар очив. Халааснаас нь хэтэвч түлхүүр, асаагуур, тамхинаас өөр сэжигтэй юм олдсонгүй. Тэгтэл хэтэвчийг нь нээж үзмээр санагдаад орны дэргэдэх зөөлөн сандал дээр суугаад болгоомжтой нээж үзлээ. Урьд нь хэзээ ч хэтэвчийг нь нууцаар үзэж байгаагүй болохоор хулгайч болчихсон ч юм шиг эвгүй санагдана. Ойр зуурын хэрэгцээндээ зарцуулах хэдэн төгрөг бас бус орны ганц нэг бэлгэдлийн чанартай мөнгөн тэмдэгтийг ихэд чамбайлан хийжээ. Хэтэвчин дэх охиных нь зураг, хэдэн карт, үнэмлэхнээс өөр юм олсонгүй. Хандаа босч хэтэвчийг нь халаасанд хийтэл огт хөдөлгөөнгүй буруу харан унтаж байсан Пунцаг
-Яасан? Чи наанаасаа юу хайгаав? гэж асуухад нь Хандаа давхийн цочлоо. Зүрх нь хүчтэй дэлсэж амаар нь гарах шахан салгалж юу ч хэлж чадахгүй зогстол Пунцаг түүн рүү эргэж хараад
-Хайсан юмаа олов уу тэгээд? гэж ихэд хүйтнээр асуулаа. Нэгэнт л баригдсанаас хойш Хандаа үгүйсгэж мэлзээд ч хэрэггүй болсон хойно зоригтойгоор өөдөөс нь харж
-Олсонгүй ээ. Би чамайг дэмий хардсан юм шиг байна. Хүмүүсийн үгэнд итгээд л гэсэнд Пунцаг орноосоо өндийж суугаад ширээн дээрх хайрцагтай тамхинаас нэгийг авч амандаа зуун асаалаа. Урт гэгч нь нэг сороод
-Үнэнийг хэлэхэд би энэ мөчийг ямар их хүлээсэн гээч. Ний нуугүй ярилцах цаг нь болжээ гээд дахин тамхиа сорлоо. Хандаа нэг л ойлгосонгүй. Дөхөж суугаад -Тэгээд ярь л даа. Би сонсоё гэсэнд Пунцаг газар ширтсэн чигээр
-Шуудхан хэлэхэд би чамаас залхаж байна гэлээ. Товчхон бөгөөд дэндүү ойлгомжтой энэ үг Хандаад хүнд тусч нулимсаа барьж тэссэнгүй уйллаа.
-Үнэн байх нь ээ. тэр чинь хэн юм бэ? Яагаад, юу дутлаа гэж. хэмээн гомдоллосонд Пунцаг
-Би өөр хүнтэй болоогүй шүү дээ. Чи чинь юу яриад байгаа юм бэ гэж хэлэх нь Хандааг гайхаж эргэлзэхэд хүргэв. Хэлсэн үгэнд нь итгэхийг үнэхээр хүсч
-Үнэн үү. Үнэхээр чамд өөр хүн байхгүй гэж үү? Тэгвэл чи яахаараа амралтын газар хүүхэн хөтлөөд явж байдаг юм бэ. Чамайг харсан хүн байгаа шүү. Нуух гэж оролдсоны хэрэггүй гэж хэлсэнд Пунцаг хариуд нь
-Хүн андуурсан л юм байгаа биз. Намайг хүүхэн хөтлөөд явахыг нь хоёр нүдээрээ хараагүй байж ийм итгэлтэй хэлж болж байгаа юм уу? гэлээ. Хандаа тэрхэн зуур бүх эргэлзээгээ таягдан шуудхан л эр нөхөртөө итгэж
-Нээрэн ч нүдээр харсан биш дээ гэж гэмшингүй амандаа бувтаналаа. Маргааш өглөө нь Хандаа урьдын адил сэтгэл санаа өөдрөг сэргэлэн байв. Ажилдаа ирэхэд нь түүнийг Туяа бөөн асуултаар угтлаа.
-Юу болов? Пунцаг юу гэж байна. Та хоёр ойлголцчихоо юу? гэхэд нь Хандаа харц дээгүүр
-Манай нөхөр арай ч тэгэх хүн биш ээ. Ийм амархан хэл амаа ололцоно гэж бодоогүй шүү. Би шал дэмий юманд санаа зовсон байна лээ гэж хэллээ.
-Пунцаг чамд өөр хүнгүй гэдгээ бүр батлаа юу? -Баталсан ч гэж хэлж болох л юм. Би эр нөхөртөө итгэж байна. Туяа түүн рүү ихэд нухацтай ширтээд
-Байзаарай. Чи өөрөө эхэлж асуусан юм биш биз гэж сэжиглэнгүй асуув. Хандаа инээд алдаж
-Мэдээж асуусан л болоод Пунцаг хариулна биз дээ гэлээ. Туяа толгой сэгсэрч
-Хн, чи ч тэнэг байна даа. Чамайг өөр хүүхэнтэй болчихсон юмуу гэж асуухаар нөхөр чинь чиний өрөвдөлтэй царай руу эгцэлж хараад “тиймээ миний ханиа. Би өөр хүүхэнтэй цагийг зугаатай өнгөрөөдөг болсон” гэж хариулах уу гэж зэмлэлээ. Хандаа гайхсан янзтай басхүү өөртөө эргэлзэн эг маг хийж
-Гэхдээ Пунцаг худлаа хэлэх хүн биш гэдгийг чи мэднэ ш дээ. Намайг асуунгуут л “юун хүүхэн. Юу яриад байгаа” юм гээд их уурлангуй байсан гэсэнд Туяа элгээ тэврэн өрөөн дотуур холхиж
-Хоёулаа өнөө орой нөхрийг чинь тагная. Тэгээд үнэхээр сэжигтэй юм мэдрэгдэхгүй бол чи нөхөртөө итгэ гэлээ. Яагаад ч юм Туяа эр нөхрийнх нь араас ингэтлээ анхаараад байгаа нь Хандаад сонин санагдлаа. Арай бид хоёрыг салгах гэж бодоод байгаа юм биш биз хэмээн бодож Туяагийн алхаа руу ширтэж суутал түүний бодлыг уншсан юм шиг Туяа Хандаа руу ойртож ирээд
-Чи намайг буруу ойлгов доо. Юмыг эрт дээр нь тодруулах хэрэгтэй. Хожимдсон хойно нь амаа бариад ч нэмэргүй байдаг юм ш дээ. Үнэхээр Пунцагт нууц амраг байхгүй бол сайн л биз дээ тийм үү гэхэд Хандаа томоотой нь аргагүй толгой дохилоо. Оройн зургаан цаг болов уу үгүй юу Туяа Хандааг дагуулан Пунцагийн эмнэлэг рүү явлаа.
-Ингэх хэрэг байгаа юм уу даа. Туяа би айгаад байна гэж замын турш аяархан үглэх Хандаагийн үгийг Туяа огт сонссон шинжгүй давхина. Эмнэлгийн гадна ирээд машинаа унтрааж цагаа харсанаа
-За, хоёулаа хэргийг газар дээр нь илрүүлнэ дээ хө гэ¥ж сурамгай гэгч нь суудлаа засан суулаа. Хавар цагийн жихүүн салхи машины онгорхой цонхоор сийгэж бага зэрэг жиндэнэ. Хоёр цаг хиртээ тэд эмнэлгийн үүд рүү ширтэж суув. Хандаа байж ядан энд цагаа дэмий үрж суухаар хариад охинтойгоо хоолоо хийгээд сууж байсан бол гэж бодов. Бас бус олон ч юм амжуулах байсан даа. Пунцагийн маргааш ажилдаа өмсөх цамцыг индүүдэх ёстой юмсан. Амралтын өдөр иднэ гэж авсан өнөө жаахан ногоогоо амталж даршилсан бол... гэж ар араас нь урсган бодож, яасхийж Туяад хэлье дээ гэж суутал
-Хүүе, гараад ирлээ, гараад ирлээ гэх Туяагийн сандарсан чанга дуунд давхийн цочиж Туяагийн заасан зүг рүү харав. Яах аргагүй хажуудаа залуухан, гуалиг бүсгүйгээр сугадуулсан эр нөхрөө хараад Хандаа хөшиж орхив. Мөрийг нь давсан шулуун хар гэзгээ шидлэн, айлгүй гэгч нь инээд алдаж Пунцагийн мөр рүү налах тэр бүсгүйд тэрхэн зуур атаархах сэтгэл төрөв. Угтаа бол тэр хүүхнийг эрхлүүлж ядан намилзах эр нөхөртөө уурсамаар атал юунд ингэтлээ үл таних бүсгүйн гоо үзэсгэлэнд атаархаснаа ойлгосонгүй. Туяа түүнийг хажуунаас нь ёворч
-Алив ээ, юугаа бодоод суучихав даа. Хурдан гараад очооч.
-Яах гэж? Би очоод яах юм бэ гэж Хандаа дорой дуугарав. Туяа чимээгүй болсоноо -Нээрэн ч яах юм билээ гэв. Тэгтэл Хандаа ухасхийн машинаас бууж тэдний зүг хурдан хурдан алхлаа. Туяа яаж ч чадалгүй
-Юу л болдог болдоо. Хандаа минь, ухаантай л байна шүү гэж амандаа хий үглэнэ. Пунцаг өнөөх бүсгүйтэйгээ машиныхаа дэргэд хүрч очиход нь хэдхэн алхамын зайтай ард нь явсан Хандаа
-Пунцагаа гэж дуудлаа. Зэрэг зэрэг эргэж харсан тэдний баяр жаргалтай царай дорхноо хувирлаа. Хандаа өөдөөс нь дөхөж очоод нөхрийнхөө барайсан царай руу юу ч болоогүй юм шиг эгцлэн харж
-Ажил чинь тарчихсан юм уу? гэж асуулаа. Тэгтэл Пунцагийг сугадсан хэвээр Хандааг их л сониучирхан харах өнөөх бүсгүй Пунцаг руу
-Энэ хэн юм бэ? гэсэн янзтай харлаа. Пунцаг гараа алгуурхан татаж аваад юу ч хэлэлгүй зогссонд Хандаа инээмсэглэж өнөөх бүсгүйд хандан
-Гайхах хэрэггүй ээ. Би энэ хүний эхнэр нь байна гэж хэлтэл царай нь хувхайрсан бүсгүй толгойтой үснээсээ зулгаалгуулах гэж байгаа юм шиг хойшоо нэг алхан түгдэрч
-Өө тийм үү гэснээ Пунцаг руу харж
-За за, эмчээ би явъя даа, баяртай гэсээр сүүлээ хавчин зугтах гөлөг шиг хурдан хурдан алхсаар холдлоо. Пунцаг дуугүй чигээр харцаа буруулан зогсов. Яагаад ч юм Хандаагийн уур хүрсэнгүй. Харин ч үнэнийг хоёр нүдээрээ харж, эргэлзэх юмгүй болсондоо сэтгэл нь онгойгоод явчихлаа.