-Чи юу бодсон юм бэ? Миний чамайг хайрласан хайранд эргэлзээд байгаа юмуу гэхэд нь
-Үгүй дээ. Харин чи надаас өөр юуны ч тухай мэдэхийг хүсэхгүй байна гэж үү. Би ч гэсэн чиний амьдрал, ар гэрийн тухай сайн мэдэхгүй гэхэд Галаа инээмсэглэн
-Миний тухай мэдмээр байна гэж үү. За яахав, би чамд товчхон хэлье л дээ. Харин чи битгий гайхаарай за юу гэхэд Сарнай чимээгүй сонсон сууна. Галаа
-Надад өдийг хүртэл амьдрал гэхээр юм байгаагүй ээ. Жаахан байхад аав маань намайг гадаадад сургах гэж аваачсан. Тэр байнга л ирж намайг эргэж тойрдог байсан ч ирэх болгондоо өөр өөр бүсгүйчүүдтэй зугаацдаг байлаа. Би өсөж том болох тусам аавыгаа үзэн ядаж тэгээд л тангараг тасарцгаасан. Ийм л байна. Харин би чиний тухай мэдэхийг хүсэхгүйдээ биш чамд итгэж байгаа болоод л тэр дээ хэмээн ухаалаг харцаар ширтэн өгүүлэх нь Сарнайд улам бүр биширмээр гайхалтай санагдах аж. Гэсэн хэдий ч түүний өмнө улам хэцүү саад бэрхшээл ойртон буйг тэрээр огт анзаарсангүй. Галаатай хамт Америкийг зорихоор шийдсэн Сарнайгийн хувьд бүх бэрхшээл ард үлдэж, зөвхөн өмнө нь түүнийг хүлээх гэрэлт ирээдүй, аз жаргалтай амьдрал төсөөлөгдөж байлаа. Тэрээр ийнхүү бодож оройн бүүдгэрхэн туяанд гадаах салхивчин доор суутал Заяа салхи татуулан давхисаар ирэх нь тэр. Сарнай түүнийг баяртайгаар угтаж авахад Заяа
-Миний найз юу болоод ингэтлээ баясгалантай байх юм бэ? гэсэнд Сарнай түүнд дарс хундагалан
-Найз нь анх удаа л ийм амар тайван, сэтгэл тэнэгэр байна даа. Би удахгүй Галаатайгаа хамт явах боллоо
-Үнэн үү? Бүр тэгээд явахаар шийдчихээ юу гэж итгэж ядан асуусанд
-Тийм ээ. Би явчихаар чамайг их санах байх даа гэж нүүр дүүрэн инээмсэглэхэд
-За яамай даа. Чи минь өдийг хүртэл сэтгэлдээ байнга айдастай амьдарсан. Одоо ч хүний дайтай амьдрах цаг нь ирсэн бололтой. Алив чамайг найз нь нэг сайн тэврээд авъя. Дахиад уулзахгүй ч юм билүү гэж түүнийг тэврэхэд Сарнай ч түүнийг тэврэн уртаар санаа алдаж
-Уулзахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? өдийг хүртэл чи миний хамгийн дотны, үнэнч найз байсаар ирсэн. Найз нь чамд үнэхээр их баярлаж явдаг хэмээн хар багаасаа биесийнхээ зовлон жаргалыг хуваалцаж ирсэн хоёр бүсгүй ийн ярилцлаа. Сарнай түүнд Галаагийн тухай ярьж суухдаа Заяагийн харцанд нууцхан гуниг тодрохыг анзаарч
-Чамд ямар нэг юм тохиолдсон юм уу. Юу болсон юм бэ? гэсэнд Заяа санаа алдаж хэсэг чимээгүй сууснаа
-Үнэнийг хэлэхэд би чамд атаархаж байна. Миний амьдралд олон эрчүүд байсан ч тэд зөвхөн миний зүс царай, бие бялдарт л шунан дурладаг байсан. Би ч гэсэн энэ амьдралдаа дасч зөвхөн эд мөнгө, шунал тачаалын төлөө хайран залуу насаа үрэн таран хийж явна. Гэхдээ хэзээ нэг өдөр миний амьдралд сайн хүн, сайхан эр учирна гэж найз нь итгэж хулээж явдаг хэмээн ярьж харууслын нулимс дуслуултал Сарнай түүнийг тайтгаруулж
-Тэгэлгүй яахав дээ. Хэзээ нэг өдөр чи учрах л болно. Чи бид хоёр бусдын нүдэнд хэн ч байж болох ч зөвхөн өөрөө өөртөө буруугүй л амьдарч яваа. Тэд энэ үдэш олон зүйлийн талаар ярилцаж, яг л эгч дүүс шиг хамтдаа нэг оронд унтаад үүрээр Заяа эртлэн явлаа. Сарнай хэдэн өдөр явах бэлтгэлээ хангаж Галаатай хамт үлдсэн хэдэн өдрийг аз жаргалтай өнгөрөөв. Нэг мэдэхнээ явах өдөр тулаад ирлээ. Ойрын хэдэн өдөр Заяа дахиж ирсэнгүй. Сарнай жаахан гайхаж маргааш түүнийг үдэж өгөхөөр ирнэ биз гэж бодож сууна. Маргааш өглөө нь Галаа ирж Сарнайг аваад онгоцны буудал дээр ирэв. Сарнайгийн сэтгэл гэгэлзэн төрж өссөн эх нутгийнхаа агаараар сэтгэл дүүрэн амьсгалж зогстол Галаа түүнийг ажиглан хэсэг зогссоноо
-За, ямар байна даа. Ингээд явна гэхээр юу бодогдож байна вэ? гэсэнд
-Сайхан байлгүй яахав дээ. Би хүүгээ их санаж байна. Хүү дээрээ очино гэхээс яарч байна шүү. Гэхдээ жаахан гунигтай байна. Эх нутгаасаа гарч, алс хол, хүний нутагт очно гэхээр... гэж санаашрахад Галаа түүний мөрөөр тэврэн
-Харин би маш их аз жаргалтай байна. Миний амьдрал чамаар минь л эхэлж байна шүү дээ. Хүүтэйгээ гурвуулаа сайхан амьдрана аа хэмээсэнд Сарнай
-Тийм шүү. Хамтдаа сайхан амьдарна гэж хэлэх зуураа Заяаг ирээгүйд гайхан, түүн рүү утасдахаар ойролцоох бүхээгрүү очлоо. Заяа руу залгасанд утсаа аваагүйд бүр ч их гайхан басхүү бяцхан гомдох сэтгэл төрөн алхаж явтал Галаа хэн нэг хүнтэй маргалдаж байхыг сонсож, тэр зүг рүү хартал Галаатай Буяндорж эхнэртэйгээ хамт ярилцаж зогслоо. Сарнай нүдэндээ ч итгэлгүй гайхан дахин нэг хараад эргэж алхан буланд нуугдаж зогсов. Булангийн цаанаас Галаагийн
-Би та хоёртой уулзаж яах юм бэ? Тэртээ тэргүй бидний хооронд ямар ч холбоо байхгүй гэж чангаар хэлсэнд Буянаа
-Сайн ч муу ч бид хоёр бол чиний эцэг эх шүү дээ. Чи яаж энд ирчихээд гэртээ очдоггүй байна вэ? гэж зандрахад үүнийг сонссон Сарнай мөн л чихэндээ итгэж ядан хамаг бие нь салганаж зогстол Буяндоржын эхнэрийн
-Чи даанч яав даа хэмээн уйлах нь сонстоход Галаа
-Та хоёр минь надад гомдож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ аав таниас л болж би гэр бүлээ орхисон биз дээ хэмээх нь Сарнайгийн сонссоныг улам баталж орхив. Тэрээр юу болоод байгааг хагас хугас ойлгох аядан
-Бурхан минь. Энэ үнэн гэж үү. Би зүүдлээд байгаа юм уу? гэж өөрөөсөө асууж зогсохдоо гартаа барьсан хоёр аяга кофегоо алдах нь тэр. Энэ чимээнээр Галаа түүнийг хараад гүйж очин
-Яасан бэ? Бие чинь зүгээр үү гэсэнд Сарнай чичирсээр нүүр буруулан юу ч хэлж чадахгүй зогстол Буяндорж тэднийг хараад зог тусч
-Энэ чинь юу болж байна вэ? Сарай чи чинь… энд юу хийж явдаг билээ гэж тэднийг ээлжлэн харж зогстол хаанаас ч юм хоёр цагдаа тэдний дэргэд ирж
-За амрыг эрье. Таныг Сарнай гэдэг үү? гэсэнд Сарнай улам балмагдан хамаг чадлаа шавхан байж
-Тийм ээ. Би мөн байна гэсэнд
-Уучлаарай! Таны найз Заяа хэд хоногийн өмнө бусдын гарт амь насаа алдсан байна. Та бидэнтэй хамт явахгүй юу. Таниас хэдэн зүйл тодруулах гэсэн юм гэж хэлээд түүнийг үг сүггүй сугадан аваад явахад Галаа, Буяндорж бас түүний эхнэр баахан будлиан дунд хоцров. Сарнай цагдаагийн газар ирээд найзыгаа хэн нэгэнд алуулсан гэдэгт сая л итгэж байцаалт өгөөд гэртээ харив.Түүний бодол санаа дэн дун байтал утас дуугарлаа. Сарнай утсаа авсанд утасны цаанаас Галаагийн дуу гарч
-Сарнай чи яагаад надад ингэж хатуу хандаж байгаа юм бэ? хэмээсэнд түүнийг бүх зүйлийг мэдсэнийг ойлгож Сарнай юу хэлэхээ ч мэдэхгүй
-Намайг уучлаарай. Би чиний өмнө буруутай гэж нулимс дуслуулан хэлсэнд Галаа утсаа тасаллаа.Хий дэмий Галаагийн нэрийг дуудан цурхиран уйлж
-Хорвоо чи намайг шийтгэж ханаагүй гэж үү. Цорын ганц найзыг минь булаачихаад намайг хайртай хүнээс минь салгалаа гэж үү хэмээн бүхэл шөнийн турш нулимсаа ширгэтэл уйлсаар... Жил жилийн намар ээлжилсээр Сарнай 5 жилийг хүүтэйгээ хамт, нам гүмхэн өнгөрүүллээ. Энэ хугацаанд Заяагийн үхсэн шалтгаан ч тайлагдлаа. Тэдний хамтдаа Буяндоржийн сейфнээс хайж олсон Мягмарын бичиг баримтыг Заяагийн гарт орсныг мэдсэн Мягмар хэрвээ тэр бичиг баримт цагдаа нарт мэдэгдвэл насаараа гянданд суух байсан учраас Заяаг хөнөөсөн ажээ. Гэлээ ч хийсэн хэргийнхээ хариуд Мягмар бүх насаараа хоригдохоор болсон аж. 5 жилийн тэртээд тэр нэгэн уйтай өдөр Сарнай хамгийн сүүлчийн удаа Галаагийн дууг утасны цаанаас сонссоноосоо хойш ахин хэзээ ч холбоо барьсангүй. Талийгч болсон найзынхаа 49 хоногийг ч дуусгаж амжаагүй байхад Буяндоржийн эхнэр ирж Сарнайг хэлэх хэлэхгүй үгээр дуудаж баахан цамнаж аваад явсан билээ. Түүнээс хойш Сарнайгийн амьдралд нэг ч эр хүн орж ирсэнгүй. Бүхэл бүтэн таван жилийн туршид зөвхөн газар дээрх ганц хүүгийнхээ төлөө зүтгэж, ажил хийхийн зэрэгцээ өнгөрсөн амьдралынхаа бараан толбыг дахин хэзээ ч давтахгүйгээр сэтгэлдээ олон зүйлийг бясалган бас ч үгүй энэ хугацаанд амьдралынхаа ихэнх насыг барсан мэт намба сууж үс нь шингэрээд, үзэсгэлэнтэй царайд нь хаа нэгтээ үрчлээ суусан ажээ. Тэрээр жил бүрийн уйтай намруудын нэг энэ л намар бас л уйтгарлан гэрийн зүг алхаж явтал хажууханд нь
-Сарнай... гэх танил дуу сонстлоо. Түүнийг эргээд хартал анхны гэгээн хайрынх нь эзэн болох Галаа зогсож байв. Сарнай түүнийг хараад сэтгэл дотроо хичнээн их баярласан ч түүнийхээ өмнө уучлашгүй гэмтэй болохоор дэмий л нүүрээ буруулан зогстол Галаа түүний дэргэд ирж
-Сайн сууж байв уу? Чи минь час улаахан, үзэсгэлэнтэй Сарнай байсан юмсан. Яагаад ингэтлээ гундчихаав дээ хэмээн гараас нь атгаж
-Би чамдаа эргээд ирлээ. Миний амьдрал чи болохоор би чинь өөрийн эрхгүй хүрээд ирлээ гэсэнд Сарнай гомдлол баярын нулимсаар хайртынхаа энгэрийг мялаан
-Чи намайг уучилсан гэж үү хэмээн итгэж ядан аяархан асуухад
-Тиймээ. Уучилсан,чи минь буруугүй гэлээ. Энэ хэдэн жилийн турш цээж мөрөн дээр нь дарж, сэтгэлийг нь зовоон тарчлааж байсан хүнд ял тэрхэн зуур ор мөргүй арилав.