Бичлэгийн тоо 497

Хархулангийн бөгж,"Амьдрал" 1

Уншсан 10172 vote 0 2010.08.16 23:57:04

Тас харанхуйн дунд унаж яваа морины чих ч хүртэл солбилзон харагдахаа болилоо. Уг нь тэр хагас ч атугай сарны гэрэлд бүр больё гэхэд нүд алдам цэлгэр тэнгэрийн аяар түг түмэн зул гийсэн мэт мяралзаж асан оддын туяанд найдаж явсан юмсан. Гэлээ ч гэсэн Хантай бууж өгсөнгүй. Газрын баримжаа алдагдсан ч түүний сэтгэлийн баримжаа алдагдах ёсгүй гэж залбирч явлаа. Тэртэй тэргүй эзгүй хээр, гэгээн өдөр ч алсын бараа үл харагдах, газарзүйчдын онолын хэллэгээр бол хэнтийн их нурууны бэл болох уулсын дундуур явж алсаас цоройн харагдаж асан цохионы өвөрт сумын төв байрлаагүй юмаа гахэд өвлийг өнтэй давах нөмөх газар бололтой гэж таан малчин айл хаваржаандаа байсаар байх болтугай хэмээн горьдлого өвөртөлсөөр чиглэж явсан юм хойно.

              Өчүүхэн горьдлогын чивчирсэн утас үл тасрана. Одоо бол унаж яваа мориндоо л найдна. Морь бол ухаалаг амьтан гэдгийг монгол хүн болгон мэднэ. Хүн гэдэг амьтан өөрийн эрх сүрээ үзүүлж түүний нуруун дээр мордсон бол, түүний хүсэлд нийцүүлхээс өөр өргөгүй, харин тэр шинэ эзэн  түүнийг залж чиглүүлэх баримжаагүй болсон бол тэр түүнийг хаана хүргэх ёстойг мэднэ. Мэдээж хүмүүс дээр, хамгийн хялбараар нь тэдний айл гэж нэрлэдэг өөрийн хамгийн сайн мэддэг тэр газар л аваачих ёстой. Энэ бол өөрт нь үл таалагдах танихгүй хүнээс ангижрах хамгийн сайн арга. Хантай унаж яваа мориныхоо бодлыг унших мэт тааж байлаа.

Хантай хэдийгээр энэ яваа насандаа идэр хурдыг унаж уралдаж үзээгүй, ирт хурц бөхчүүдтэй торгон дэвжээн дээр тулж үзээгүй хотын хүүхэд ч, ухаан орсон цагаасаа өвгөн эцгийнхэээ харанхуй өрөөнд хурааж үлдээсэн модон эмээлийг шохоорхож, авга нагац хөгшчүүлээр нуруугаа төөлүүлж өссөн хүү билээ. Иймдээ ч тэр зүрх алдан сэтгэлээр унасангүй удахгүй цайран гийх үүрийн туяаг хүлээн тас харанхуйн дунд унаж яваа мориныхоо туурайн нойтон газар буух бөглүү чимээгээр хань хийн явсаар байлаа. Ашгүй шөнө дундаас хойш бороо шамрага зогссон тул одоогоор бодит аюул үгүй санагдана.

Өчигдөр, тунгалаг тэнгэрт нарны туяа тоглон наадсан өглөө тэдний групп жуулчны баазын эелдэг үйлчлэгчдээр үдүүлэн хөдлөхдөө үргэлжлэх асгарсан цасан шамрагад өртөнө гэж даанч санаагүй тул алс газраас зорин ирсэн жуулчдынхаа онгон байгалиас гараагүй байхдаа хайж ирсэн ховор шувуугаа олоод харчих гэсэн сүүлчийн горьдлого тээсэн хүсэлтийг нь хүлээн авч замаас гаран уул руу орсон нь Хантайн алдаа байжээ. Тэртэй тэргүй дахиад 4 хоногийн аялалын хугацаа үлдэн байсан ба Хустайн нуруу руу чиглэх замдаа аялалын тав тухыг бодон Улаанбаатарт нэг хонох хувиартай байсан тул яарах хэрэг байсангүй. Шувуу ажиглагч хэмээх монголчуудын хувьд бол хачирхалтай ч гэмээр байгаль дээрээ байгаа ховор сонин шувуудыг дурангаар харан баясагч эдгээр жуулчдын хувьд хотын тохилог буудалд өнгөрүүлэх ёстой нэг хоног нь алдагдал гэж тооцогдож байлаа.

Хуучирч орхигдсон нарийн замаар эргэн уул руу гарч модны хаяа даган уулын нуруу дамжин явах зуур модны хаяанд, дөнгөж замын хажуудханд тогос мэт сүүлээ өргөн, бүжих мэт дэгдэн тойролдох өнөөх ховордсон сойр шувууд даруй 6 толгой тааралдсан нь ёстой л нөгөө тэнгэрийн умдаг атгав гэгчийн үлгэр болж бүгд хашгирах шахан баярлалдаж машины цонхоор дурандаж, зургийг нь авч шавиагаа ханатал харцгаалаа. Аргагүй ч юм. Үүнийг л харах гэж монголд бараг 4 дэх жилдээ ирж байгаа гэх бөгөөд өдгөө анх удаагаа л барааг нь харж байгаа нь энэ. Хантай ноднин зун энэ групптэй яваад говь, хангайгаар бүтэн тойроод олигтой ховор шувууд олоогүй билээ. Харин өнгөрсөн намар загасчдын групптэй явж байгаад онон голын дагуух эдгээр уулсад тоодог болон сойр гэсэн хамгийн ховор 2 төрлийн шувууд үүгээр нутагладгийг мэдэж энэ жил тэднийг дагуулан ирсэн нь энэ.

Тоодгийг бол тэд ирснийхээ маргааш өглөө нутгийн хашир газарчнаар замчлуулан хялбархан олж харсан бөгөөд харин сойрыг хайж онон голыг гатлан бараг оросын хил хүртэл гурав хоног яваад олоогүй юм. Харин нэгэнт бууж өгөөд буцах замдаа ийнхүү тааралдсан нь тэнгэр тэтгэж аз дайрсан хэрэг ажгуу. Ердөө л хориодхон жилийн өмнө “тоодог муухай тогоруу хөөрхөн” гэж хүүхдүүд дуулан хонины бэлчээрт дүүрэн байсан тоодог, тэрэлжийн ууланд зөндөө л тааралддаг байлаа хэмээн өвгөн байгаль судлаачийн ярианд хээв нэг дурдагддаг байсан сойр ингэтлээ ховорддог нь хачин хэрэг шүү. Монгол улсын хуулиар агнуурын шувуу гэж тооцогддог амт шимттэй гэж ард олны дунд яригддаг нь эднийг ийнхүү мөхөлд хөтөлж дээ.

Эдгээр тогос мэт сүүлээ өргөн бүжигч сойрнууд эр нь гэх агаад, харин эм сойр модон дотор нуугдан тэднийг ажиглаж байдаг гэнэ. Тэгээд харж харж өөртөө таалагдсан нэгийг нь сонгон аваад хос болон өндөглөхөөр ойн гүн рүү орон алга болдог гэнэ. Үлдсэн золгүй хэдэн эр сойр өөр бас нэг эм сойр тэднийг харж байх болтугай хэмээн залбирсаар өнчин зүрхэндээ цөхрөлтгүй горьдлого тээн хоорондоо хүмүүний нүдэнд бүжиг мэт харагдах амьдралын төлөөх ширүүн тулаанаа үргэлжлүүлсээр үлддэг байна. Орооны хугацаа дуустал ийнхүү нойр хоолгүй тулалдсаар хамгийн сүүлчийн золгүй эрчүүд гаслант хувь заяатайгаа эвлэрэн харанхуй ойд ганцаардан үлддэг гэнэм.

Ийнхүү тэднийг сойрын тулааныг харж баяр цэнгэлдээ мансууран, басхүү эр сойрнуудын хатуухан тавиланг дотроо битүүхэн хуваалцаж байх хооронд тэнгэрт харанхуй үүлс асар хурдтайгаар хуримтлагдан цугларч байжээ. Хэдхэн хоромын дотор тэнгэр бүрхэн улмаар харанхуйлж, цас бороо холилдон орж эхэлхэд сэхээ орцгоож даруй эргэн уулнаас бууж замдаа орох шийдвэр гаргахаас өөр аргагүй болжээ. Газар норж эхлэхтэй өрсөн халтиргаа багатай байх хооронд өрсөн өндөрөөс бууж амжсан нь тэдний зол болж. Уулын уруу шарваж орохгүйн тулд бүх хүндрүүлэгч мостоо залгасан машин ээрэн мөлхсөөр хамгийн эгц урууг амжин бууж уулын бэл рүү орж амжсан боловч газар тэнгэр аль аль нь улам улам муудсаар байлаа. Тэнгэр пад хар болон хувираад газар дэлхий цагаан цасаар хучигдан цасан шуурга маналзан, газар норж зам гэдэг зузаан шавар болоод машины дугуйн аяар зуурагдан гулсамтгай болж байв. Хэдийгээр өндөр хэцээс бууж амжсан боловч гол замд ортол дахиад хоёрын зэрэг намхавтар уулыг давах ёстой байв. Хашир жолооч завсар зайгүй жолоогоо мушгин араагаа сольж зүтгүүлэвч, үзэгдэх орчин ердөө л 5 метр дотор, зам цасанд хучигдан мэдэгдэхээ больжээ. Хажуугийн болон арын цонхнууд аль хэдийн шаварт хучигдан юу ч үл харагдана. Баримжаагаар арваад км явж байтал хэдийгээр замын хажуугийн эрүүл газрыг барьж явсан нойтон шаварт шарван гулссаар гүнзгий ховилд орж явчихав бололтой. Доогуураа хаа нэг газар тэгнэгдсэн болотой 4 дугуй диффереэциаль түгжээтэй ч хий эргэн нам зогслоо. Хантай жижиг хүрз барин бууж талдаа хүртэл шигдсэн дугуйнуудын урд хойно нь ухаж, машиныг мөрлөн түлхэж ядахдаа жоохон ч гэсэн холхиулахыг хичээн зүтгэлээ.

Дээрээс нойтон шамрага асгаран, дэргэдээс нойтон шавар дугуйн эргэлтээр нүүр нүдгүй цацагдаж, хүчээ шавхан зүтгэсээр хар хөлсөө шавхаж ганцхан цагийн дотор усан хулгана болтлоо нэвт норлоо. Нүдрүүгээ завсар зайгүй урсах шавартай усыг гараараа арчин зүтгэж байхдаа японы ойд бүтэн 2 хоног усан бороон дунд өнжихдөө л ингэж нэвт норсноо гэнэт санав. Тэр явдал одоо бол түүнд зүүд зөнгийн, бүр урд насных нь явдал байсан мэт санагдана. Гэтэл тэр цагаас хойш дөнгөж 2 жил гаруй л өнгөрсөн байх ажээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3531397/3dd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107131
417 ЧОНО-2 natural88 2011-08-10 11030
416 ЧОНО natural88 2011-08-10 12719
415 USA IRGEDTEI TANILTSAJ NAIZ, GER BUL BOLHOD ENE DATE SITE -RYY file nara.harris 2011-06-19 12501
414 Аз жаргал solongol 2011-06-10 10925
413 hair ba amjilt [2] solongol 2011-06-10 10184
412 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-03-02 10936
411 Гайхамшигт 100-н адал явдал esuihen 2011-02-20 11673
410 Гайхамшигт 100 адал явдал esuihen 2011-02-15 11038
409 Гайхамшигт зуун адал явдал esuihen 2011-02-13 12169
408 шинэ зохиол esuihen 2011-02-13 12349
407 Д.Хатанбаатар-Ээждээ захидал бичээрэй(Уншсан Х.Доржпалам) bigbomb 2010-11-06 20076
406 Was this mean to be? Chapter 2 AnkoRBP 2010-10-02 15295
405 Was this mean to be? Chapter 1 [2] AnkoRBP 2010-10-02 15666
404 Хархулангийн бөгж,7-р бүлэг."Хөшиг",1 [5] 1932 2010-09-03 10882
403 Хархулангийн бөгж,Тэд,7 1932 2010-09-03 11420
402 Хархулангийн бөгж, Тэд,6 1932 2010-09-03 11210
401 Хархулангийн бөгж,Тэд,5 [1] 1932 2010-08-17 10858
400 Хархулангийн бөгж,Тэд,4 1932 2010-08-17 11490
399 Хархулангийн бөгж, Тэд,3 1932 2010-08-17 11314
398 Хархулангийн бөгж, Тэд,2 1932 2010-08-17 11019
배너신청
자생병원

배너신청