Мотоциклоо унтраан буугаад хана налан суув. Дуулгаа аван бяцхан сэрүүцэв. Яах вэ? Ямар ч гэсэн мотоцоклоо хаяад эндээс холдох хэрэгтэй нь тодорхой гэвч хаачих билээ. Харанхуйд бөртөлзөх мотоциклийг харамсан харав. Морьгүй хүн мохдог гэдэг. Гэхдээ энэ бол эртний ойлголт. Орчин үед бол толгой нь ажилладаг хүн л хүчтэй. Тэр өөрийгөө муугүй толгойтой гэж үргэлж дотроо өөрийгөө хөөргөдөгсөн. Үнэн л байх болтугай...
Япон айлууд шөнөөр танихгүй хүн гэртээ оруулахгүй. Шууд цагдаа дуудах биз . Будааны талбайн усанд Тэмүүжин шиг нуугдвал... тулсан үед л юу юм гэхээс цаг ч тэсэхгүй. Хэсэг амсгээд босох гэтэл бие нь даагдсангүй. Бүх бие нь буларчээ. Хөлөө жийн суутал гутал дотор нь нойтон оргин шалчигнав. Тайлан үзтэл дотор нь шал ус бололтой. Цусны нялуун үнэр хамар цоргиход цочин хуруугаараа тэмтрэн имэрвээс үнэхээр цус ажээ. Өмдөө тайлан үзэв. Зүүн өвдөгнийх нь арьс 2 хуруу хэртэй зад тавьжээ. Ширэн өмдийг нэвтэлж чадалгүй доош урссан байж. Ашгүй тойгны яс нь бүтэн бололтой. Цамцныхаа хормойноос цуу татан чанга боолоо.
Хөдөлгөөнгүй удвал хамаг бие нь хүндрэн хөших янзтай тул ёолон байж .босоод гар хөлөө хөдөлгөв. Хувцсаа өмсөөд ганц найдвар болсон жи-пи-эсээ салгаж аваад мотоциклоо хана налуулан дээр нь гарч хананы ирмэгээс зууран авирлаа. Ноцолдсоор байж эрэг дээр арайхийн гараад амьсгаа даран хэсэг хэвтэв.
Түүнд ямарч төлөвлөгөө байсангүй. Нөгөө 2 машин хоёр талын зам дээр амдаж зогсоо нь лавтай тул одоо байгаа цагаа ашиглан хөндлөн явж аль болох холдох хэрэгтэй байлаа.
Гэнэт сэрхийв. Ач хүү бас дайсан биш гэж үү. Энэ үнэт бөгжний төлөө үхэж буй эмээгээс урвах нь тиймч сүртэй юм бишээ. Бүх хувцсаа сканердсан атал... тэр 2 машин ач хүүгийн хөлсөлсөн хүмүүс ч байж мэднэ.
Хантай өвчнөө мартан ухасхийн өндийгээд буцаж эрэг рүү буув. Жи-пи-эс ээ бяц гишгэн голын ус руу шидээд мотоциклдоо мордон асаалгүйгээр голын уруу аажуухан шааригдлаа.
Хөлөөрөө жийн байж чадлаараа хурдалсаар баримжаагаар 30 км хэртэй яваад дахин эрэг рүү гарч хөндлөн нарийн далан дээгүүр хазганан алхлаа. Алсад хэдэн гэрэл сүүмэлзэн харагдах тосгоноос эсрэг зүг, харанхуй уул руу зөнгөөрөө чиглэн явж байв. Одоо дөнгөж шөнийн 12 болж байх ёстой. Гэгээ ортол түүнд 5 цаг байна.
Задарсан өвдөгнөөс цус шүүрсээр буй бололтой толгой нь эргэн нүд нь харанхуйлж, хамаг бие нь янгинаж байлаа. Хантай шүд зуун алхсаар байлаа. Будааны талбай дуусч газар мэдэгдэхүйц өгсүүр болж ирэхэд урам орон зүтгэнэ. Бүлээн бороо асгарч эхлэв. Тэр үүнийг хүлээж байсан билээ. 10 сард долоо хоногт дор хаяж 2 удаа бороо ордог. Энэ бороо түүний бүх мөрийг баллана. Нохой тавьсан ч... одоо уулнаас түүнийг тэд олохгүй. Сэтгэлд нь гэгээ татах шиг, хүч орох шиг болж цаг хэртэй шамдан алхасаар ой руу орж ирлээ. Одоо бол санаа амарч болно. Дахиад цаг хэртэй ойн гүн рүү мацав. Хэтэрхий гүн орж бас болохгүй. Баавгай таарч мэднэ. Энэ хавьд л зогсоёдоо гэж шийдэх үес тэртэй тэргүй мань эрийн чадал шавхагдсан байв. Нэгэн бүдүүн модыг налан суугаад өвдгөө гаргаж боолтыг аван үзэв. Өвдөгний тойгны нимгэн арьс л язарсан учир цус нь тэгсгээд тогтжээ. Чийглэг энэ газар халдвар орно гэж нэг аюул бий. Борооны усанд угааж үзэв. Цүнхээ уудлав. Замдаа хэрхэхээ бодсоор явсан бөгөөд өөр арга нэгэнт алга. Олон жил хөдөө гадаа явсаар заншсан, цүнхэндээ ойр зуурд хэрэглэнэ хэмээн элдэв юм авч явдаг зан нь энэ удаа түүний аминд орох болж байна. Юун түрүүн спрэй дездорант гаргаж шархаа нэвт шүршив угаав. Шархаа ангайлган дотуур нь шүрлээ. Шарх нь чим чим өвдөвч тэсч болохоор ажээ. Үргэлж авч явдаг викториноксийн жижиг тонгоргоо гаргалаа. Японд ирснээс хойш ганц ч удаа хэрэглээгүй боловч сурсан заншлаараа цүнхнийхээ ёроолд хийгээд бараг мартсан гэхэд болно. Энэ л өдөр ганц л удаа хэрэглэх гэж бүтэн 3 жил авч явсан юм шиг санагдана.
Монголчууд швецарь хутга хэмээн нэрлэдэг энэ тонгоргонд үзүүртээ нүхтэй шөвөг шиг зүйл байдаг ба үүүгээр таар шуудай л үдэж торгодог боловуу хэмээн харж байснаас биш ийнхүү арьсаа үдэж суух юм гэж хэн саналаа
Цамцныхаа цуурхайнаас утас хөвөн тасдаж авсаар овоо хэдийг салгаад имэрч эхлэв. Багадаа эмээдээ утас имрэхэд нь тусладаг байснаа санан сэтгэл нь уярав. Барагцаагаар нолийн утасны хэртэй бүдүүн, төө хэр урттай болгоод дездорантаараа нэвт шүршив. Одоо хамгийн хэцүү нь... утсаа шөвөгнийхээ үзүүрт сүвлээд арьсаа зүүн гарынхаа хуруугаа чанга чимхэн татаж байгаад хатгалаа... гол тасрам өвдөн часхийсэн авч цоорсонгүй. Шүд зуун огцом түлхэвээс нүд нь харанхуйлах шиг болж пүрхийн нэвт гарах нь сонсогдох шиг болов. Одоо бол гар нь салгалан бүх бие нь чичирнэ. Дахин арьсаа цоолох зориг нэгэнт үгүй болжээ. Модоо налан дээшээ харав. Харанхуй тэнгэрээс бороо нүүр рүү нь цутгана. Гэвч өвдөгөө заавал оёх хэрэгтэй, тэгэхгүй бол цаашаа явж чадахгүйгээр үл барам хөлгүй ч болж мэднэ гэдгийг тэр ойлгож байлаа. “Чи ийм арчаагүй эр байсан юм гэжүү. Хэрэгтэй цагт хатан зориг гаргаж чадна гэж өөрийгөө дөвийлгөдөг байсан бус уу? Агуу их үйлс бүтээхээр төрсөн байх ёстой гэж өөрийгөө итгүүлэхийг хичээж, үмх талхны булан хөөцөлдсөн өчүүхэн амьдралаа жигшдэг байсан биш гэжүү? Май тэгвэл, чиний тэр агуу үүрэг чинь энэ байна. Бүх насаараа бие сэтгэлээ бэлдэн хүлээж байсан үүрэг чинь энэ байна. Ганцхан муу бөгж хүргээд өгчихөж чадахгүй юм бол чи юу юм бэ?” ингэж бодогдоход хор шар нь гозойгоод ирэв. Энэ муу арьсыг цооллоо гээд үхэхгүй нь тодорхой. . Шүд зуун байж пүр пүрхийтэл арьсаа цоо цоо хатгав. Швецарь хутганы дөрвөлжин мохоо үзүүртэй шөвөг арьсыг нь биш голыг нь сэмлэн зад зад татах шиг болон, цоолох бүрд нүд нь харанхуйлан ухаан алдах шахна. Нэг амьсгаагаар өвдгөндөө 3 оёдол тавиад бүх бие нь салгалан гийнаж гэдрэг харан ойчлоо. Гэвч бас тайвшрах болоогүй. Намрын ойн битүү унасан навчсыг хонхойлон ухлаа. Санасныг бодвол их зузаан юм... метр хэртэй хонхойлоод дотор нь орж бүх бие толгойгоо битүү навчаар хучаад сэтгэл амрав. Одоо түүнийг баавгайнаас өөр хэн ч олохгүй. Харин баавгай хоттой ойр газар ирэхгүй биз.
Түүнд одоо ямарч эм тариа, хоол унд байхгүй. Нойр л түүний ганц аврал. Унтаж амрах л ганц эм болно гэдгийг тэр мэдэж байлаа. Эцэг эхээс заяасан эрүүл чийрэг бие нь өөрөө өөрийгөө эмчлэх болно.