Moderator: mgl_300
Хятадын "Synutra International" компанийн үйлдвэрлэсэн сүүн тэжээлээр хооллосон балчир насны охидод хөх ургаж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж байна. Тус улсын зүүн хэсэгт оршдог Хубэй мужид ийм тохиолдол хэдэнтээ давтагджээ. Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр сүүн тэжээл нь хүүхдүүдэд дааврын өөрчлөлт өгч, бэлгийн хөгжил наснаас эрт эхлэх шалтгаан болсон бөгөөд эрх баригчид дуулианы мөрөөр хяналт шалгалт хийж эхэлжээ. Ухань хотод шинээр мэндэлсэн гурван охины эцэгэх хүүхдийнх нь хөх үл ялиг ургаж эхэлснийг мэдмэгц эмнэлэгт хандсан байна.
Эдгээр хүүхдийн том нь 15 сартай, бага нь дөрвөн сартай агаад эмч нарын анхны үзлэгээр эстрадиол, пролактин дааврын төвшин эрс нэмэгдсэнийг тогтоосон байна. Тэдний цусанд уг гормоны агууламж насанд хүрсэн эмэгтэйчүүдийнхээс их байсан гэнэ. Ийм гаж тохиолдол сүүлийн сард Гуандун, Цянси, Шаньси мужид илэрчээ. Эцэг эхчүүдийн яриагаар хүүхдүүдэд гормоны өөрчлөлт орсон нь "Synutra International" компанийн сүүн тэжээлээс үүдэлтэй гэнэ. Учир нь согог үүсээд байгаа охидыг энэхүү тэжээлээр хооллодог байжээ. Тус компанийн удирдлагууд бүтээгдэхүүн нь даавар агуулсан гэдгийг эрс үгүйсгээд байгаа юм.
Циндао хотод байрладаг уг компани бүтээгдэхүүнээ найдвартай, аюулгүй бөгөөд даавар ба, хориглосон ямар ч бодисын найрлагагүй хэмээн мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч компаниас хүүхдүүдийн эцэг эхэд 200 мянган юанийн нөхөн төлбөр санал болгосон сурагтай. Үүний зэрэгцээ шинжээчид хүүхдүүдийн хэвийн бус өсөлтийн шалтгааныг зөвхөн сүүн тэжээлээс бус гүнээс хайх хэрэгтэйг онцолжээ. Өөрөөр хэлбэл, хуурай сүүний түүхий эд болох үнээний сүүнд гормон агуулагдаж байж болохыг тэд үгүйсгээгүй байна. Эдүгээ Хятадын Эрүүл мэндийн яам үүсээд буй нөхцөл байдалд хяналт тавьж, уг хэргийн учрыг олуулахаар сал-бар бүрийн есөн шинжээчийг оролцуулсан ажлын хэсэг байгуулжээ.
Мөн зах зээлд худалдаалж буй сүүн тэжээл болон эл сүүн тэжээлээр хооллодог хүүхдүүдийн гэрээс дээж авсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүнсний аюулгүй байдлын шинжээч Петер Бен Эмбарек хятад мэргэжилтнүүдийн хийж буй шинжилгээний дүнг гарсны дараа дахин судлахаа мэдэгджээ. Дашрамд дурдахад, "Synutra International" нь хүүхдийн тэжээл, хүнс үйлдвэрлэдэг улсдаа томоохонд ордог компани аж. Хоёр жилийн өмнө "Sanly" компанийн үйлдвэрлэсэн сүүн тэжээлд меламин хэмээх хорт бодис агуулагдаж байснаас 300 мянган хүүхэд өв-чилж зургаа нь нас барсан юм.