Moderator: mgl_300
НҮБ-ын Монгол дахь баг, Монголын эрэгтэйчүүдийн холбоо, "Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын үндэсний сүлжээ" олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эрчүүд, эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе" сэдэвт аяныг өчигдөрөөс зохион явуулж эхэллээ. Энэ талаарх мэдээллийг НҮБ-ын суурин төлөөлөгч Дебора Комини, "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-ны ерөнхийлөгч Я.Пүрэвдорж, "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-ийн холбогдох хүмүүс хийлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн онд дэлхийн нийт, хүн ард, засгийн газрууд эвлэлдэн нэгдэхийг уриалж, эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох аяныг эхлүүлсэн. Уг аян нь Мянганы хөгжлийн зорилтуудтай салшгүй холбоотой бөгөөд 2015 он хүртэл үргэлжлэх аж. Дэлхий нийтээр өрнөж буй аяны хүрээнд манай улсад зарим ажлууд зохиогдож байгаагийн нэг нь дээрх аян юм.
Аяны хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход эрчүүд, эмэгтэйчүүд хамтран ажиллах уриалга гаргаж, телевизээр хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Мөн залуусын дунд ярилцлага зохион, урлагийн тоглолт хийж, үзэсгэлэн гаргана.
Хүчирхийлэлд өртсөнөөс болж эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирохоос гадна амьдралд нь тооцоолж боломгүй сөрөг үр дагаврыг авчирдаг байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр 1998 онд 150 гаруй хүн үйлчлүүлж байсан бол өнгөрсөн онд 700 гаруй болж нэмэгджээ. Тус төвийн хамгаалах байранд хоргодсон хүний ихэнх нь ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл авсан байжээ. Эдгээр тоо баримт нь нийгэмд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийлэл улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.