Спермицид
Спермицид нь хөөсөн, тосон, шахмал зэрэг олон хэлбэртэй байдаг. Бэлгийн хавьталд орохын өмнө спемицидийг үтрээнд хийснээр түүний найрлагад байдаг химийн бодис нь эр бэлгийн эсийг үхүүлж, умайн хөндийд нэвтрэн орохыг саатуулах үйлчилгээ үзүүлж жирэмслэлтээс сэргийлдэг. Ноноксинол-9 агуулсан спермицид нь бэлгийн замын зарим халдвараас хамгаална.
Хэрхэн хамгаалдаг вэ?
Спермицидийн найрлагад ордог Ноноксинол-9, октоксинолын идэвхитэй хольц нь эр бэлгийн эсийн бүрхүүлийг устгадаг. Түүнчлэн Менфегол болон бензалкониум хлорид агуулсан шахмалуудыг дэлхийн олон оронд өргөн хэрэглэдэг. Манайд фарматекс нэртэйгээр хөөс, лаа, шахмал хэлбэртэй байдаг.
Үр дүн:
Дангаар хэрэглэхэд үр дүн багатай. Зарим судалгаагаар зөв, тогтмол хэрэглэвэл 72-97 хувийн найдвартай гэж үзсэн байдаг. Спемицидийг бэлгэвч, үтрээний хаалттай хамт хэрэглэх нь илүү үр дүнтэй.
Давуутай талууд:
- Хэрэглэхэд хялбар
- Бусад эрхтэн тогтолцоонд муу нөлөөгүй,
- жоргүйгээр олж авах боломжтой
- Бэлгэвчтэй хамтран хэрэглэхэд үр дүн сайтай
- Заг хүйтэн, хламид зэрэг бэлгийн замын халдвараас хамгаалдаг
- Үнэ нь боломжийн
Сул талууд:
- Найрлаганд орсон химийн бодис харшил өгч болох талтай
- Зөвхөн нэг цагийн хугацаанд үйлчилдэг тул хугацааг анхаарах хэрэгцээтэй байдаг
- Эвгүй үнэр, амттай байдаг нь тааламжгүй байж болно
- Дангаар нь хэрэглэвэл ДОХ-ын халдвараас хамгаалж чадахгүй
Хэрэглэх арга:
- Бэлгийн хавьталд орохоос 10-15 минутын өмнө үтрээнд хийнэ. Мөн бэлгэвч болон умайн хүзүүний хаалтанд түрхэж хэрэглэнэ.
- Анх хийснээс хойш нэг цагаас илүү хугацаа өнгөрвөл дахин хийнэ.
- Бэлгийн хавьтал хийх бүрдээ шинийг хийнэ.
- Хөөсөн хэлбэртэй бол хэрэглэхийн өмнө савтай нь сайтар сэгсрээд шахна.
- Шахмал эмийг үтрээнд хийхийн өмнө эмийг норгох буюу дээр нь ус дусаана. Шахмал эмийг амандаа хийж болохгүй.
- Бэлгийн хавьтлын дараа үтрээнд үлдсэн спермицидийг угааж болохгүй.
Үтрээний хаалт
Бэлгийн хавьтлын өмнө үтрээнд байрлуулдаг, зөөлөн резинээр хийсэн, гүехэн аяга мэт зүйл юм.
Хэрхэн хамгаалдаг вэ?
Үтрээний хаалт нь /умайн хүзүүний таглавч, өрц, диафрагма гэх мэтээр олон янзаар нэрлэгддэг/ умайн хүзүүний сувгийг тагласнаар эр бэлгийн эс умайн хөндийд нэвтрэн орохыг саатуулна.
Үр дүн:
Зөв тогтмол хэрэглэхэд 82-95 хувийн найдвартай
Давуутай талууд:
- Дааврын нөлөөгүй
- Нэг хаалтыг олон удаа ашиглаж болдог
- Бусад эрхтэн тогтолцоонд муу нөлөөгүй
- Спермицидтэй хамтран хэрэглэхэд үр дүн сайтай
- Нэмэлт арга хэмжээ авахгүй давтан бэлгийн хавьтал хийх боломжтой
Сул талууд:
- Заавал спермицид түрхэх шаардлагатай
- Үтрээнд зөв хийхэд бэрхшээлтэй байж болно
- Хаалтыг сонгоход эмчийн зөвлөгөө хэрэгтэй
- Олдоц бага, харьцангуй өндөр үнэтэй
- Сарын тэмдгийн үед хэрэглэх боломжгүй
- Төрөлт, үр хөндөлтийн дараа умайн хүзүүний хэмжээ өөрчлөгддөг тул дахин тохируулах шаардлагатай
Хэрэглэх арга:
- Эмчээс зөвлөгөө авч, тохирох хаалтыг сонгоно.
- Бэлгийн хавьталд орохын өмнө үтрээний хаалтын гол хэсэгт спермицидээ шахаж түрхээд, хуруугаараа зах руу нь тараана.
- Үтрээний хаалтыг чимхэн барьж нугална.
- Нэг гараараа үтрээний үүдэвчийг нээж, нөгөө гараараа хаалтыг чимхсэн хэвээр нь үтрээнд оруулж, гараа авна.
- Нэг хуруугаа үтрээнд оруулан үтрээний хаалт умайн хүзүүг бүрхэж байрласан эсэхийг шалгана.
- Үтрээний хаалт зөв байрласан бол үтрээнд байгаа нь мэдрэгдэхгүй.
- Бэлгийн хавьталд орсны дараа хамгийн бага нь 6 цагийн дараа түүнийг буцаан авна.
- Хаалтыг авахдаа үтрээ рүү хуруугаа хийж, түүний ирмэгээс татаж гаргана.
- Үтрээний хаалтыг савантай усаар угааж хатаагаад, хуурай, цэвэр газар хадгална.
- Гэрэлд барьж цоорсон эсэхийг шалгах хэрэгтэй. Өчүүхэн жижиг нүх гарсан л бол дахин хэрэглэж болохгүй.
|